2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/374

 

 

 

 

 

 

 

 

 

   2025       02          04                                      2025/ШЦТ/374

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, 

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ст холбогдох эрүүгийн “2411 01768 1892” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.С

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ... Г.Гтэй тухайн үеийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, мөр хэсэгт нь хөлөөрөө 3 өшиглөсний улмаас баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

- Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14 дэх тал/,

- Гэрч М.Дий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

- Гэрч П.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №8679 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 47-48 дахь тал/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч М.С нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ... Г.Гтэй тухайн үеийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, мөр хэсэгт нь хөлөөрөө 3 өшиглөсний улмаас баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн ... тоотоос гараад явж байгаад үл таних хоёр эрэгтэй явж байхаар нь би тэр хоёр эрэгтэйгээс гал байна уу гэж асуусан чинь шар царайтай 20 орчим насны эрэгтэй нь над руу уурлаад байхаар нь би чи яагаад уурлаад байгаа юм бэ гэсэн чинь би ингээд байвал ахыгаа дуудна гэхээр нь за тэгвэл дууд гэж хэлээд хүлээгээд 2 минут орчим болсон чинь гэнэт нэг цэнхэр өнгийн хувцастай эрэгтэй шууд миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиод авахаар нь би нүүрээ дарсан ба хойноос нөгөө хэдэн хүмүүс шууд намайг зодож цохиод эхэлсэн. Тэгсэн гэрээс манай эхнэр Д, хүү Г.Н нар гарч ирээд манай хүү эхнэр хоёр салгах гэсэн чинь хүчрэхгүй манай хүү рүү нөгөө хэдэн залуучууд дайраад эхлэхээр нь би салгах гээд нөгөө залуучуудтай зодолдсон юм. Тэгээд бид нар салцгаагаад нөгөө 5-6 залуус шууд зугтаачихсан ба манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн зодооны дараа миний уруул хэсэг хавдсан байгаа бөгөөд баруун мөр эгэм хэсэг хөндүүрлээд байсан болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Би тухайн өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр яг юу болсон талаар нь нарийн сайн санахгүй байгаа бөгөөд ямар ч гэсэн эхлээд ирсэн гэх Х гэж дууддаг эрэгтэй нь миний биед халдаж зодож байсан ба тэрнээс хойш юу болсон гэдгийг санахгүй байгаа юм. Гэхдээ би сүүлд эхнэр Дээс асуухад намайг газарт унасан байхад Х нэмээд зодоод цохиод байсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14 дэх тал/,

- Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай найз болох М.С нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн орчимд ажил дээр байхад уулзъя гэж залгасан. Тухайн үед би ажил дээрээ байна хариад залгая гэж хэлээд салгасан. Тэгээд орой 21 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн ... тоот гэртээ байж байхад манай найз М.С дахин над руу залгаад цагаан байранд байна уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хайлаастад хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн удалгүй гэрийн гадаа ирчихлээ гэж хэлсэн бөгөөд би өөрийн эхнэр А хамт гарсан. Тэгээд машинд суугаад замаар явж байгаад Ж орж зогссон. Тэгээд байж байсан чинь Д гэр рүүгээ орчоод ирье гээд машинаас буусан. Тэгээд удалгүй А Х ах гээд орилсон. Тэгсэн чинь манай найз М.С машинаас буугаад А дээр очсон, Тэгээд удалгүй бөөн орилоон чарлаан болоод байхаар нь би эхнэрийнхээ хамтаар очиж байхад манай найз М.С манай гудамжны үл таних ахтай барилцаад зогсож байсан. Тухайн үед үл таних ахын хүүхэд нь ирж байсан. Тэгээд байж байсан чинь эхлээд М.С үл таних ах хоорондоо барилцаж аваад бие биенийгээ цохиод байх шиг байсан. Тэгээд салгаад байж байсан чинь үл таних ахын хүүхэд нь ирээд М.С ирээд цохиж авсан. Тэгээд Ж ирээд М.С, А хоёрыг авч явах гэсэн боловч үл таних ахын эхнэр нь орилоод М.С, А хоёрыг явуулахгүй байсан. Тэгээд бид нар тухайн үед аль болох салаад явах гээд уучлалт гуйгаад явах гэсэн боловч явуулахгүй байсан. Ж тухайн үл таних ахтай бас хоорондоо цохилцоод байсан. Тэгээд байж байгаад удалгүй еалсан бөгөөд А М.Сын нүүрийг нь угаах гээд авч яваад буцаж ирээд бид нар машинд суугаад дэлгүүр орчоод буцаад ирсэн чинь гудамжны хүүхдүүд цагдаа хайгаад байна гэхээр нь төв зам дээр байж байсан чинь цагдаа нар ирээд бид нар тус цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би ямар нэг байдлаар бусдад зодуулж цохиулсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

- Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн орой 21 цагийн орчим нөхөр Г.Гийн хамт гэрийнхээ ойролцоо буюу Чингэлтэй дүүргийн ... явж байхдаа хажуугаар өнгөрсөн зүс таних Ш гэдэг залуугаас гал байна уу гээд асуусан чинь нөгөөх нь байхгүй гэсэн ба манай нөхөр чи тамхи татаад байгаа юм биш үү гэсэн чинь Ш надад гал байхгүй гэж хэлсэн ба электрон тамхи татаж байсан болж таараад тэгээд бага зэргийн маргаан болчхоод салаад явах гэсэн чинь Ш ардаас байж бай наанаа гэж орилоод эхэлсэн ба хэсэг хугацааны дараа цаанаас миний зүс таних Х гэж дууддаг залуу гарч ирээд манай нөхрийн ардаас нь өшиглөөд газарт унагаасан ба Х шууд манай нөхрийн газарт унасан байхад Х хэд хэдэн удаа цээж, нуруу, мөр зэрэг газрууд руу нь өшиглөөд эхэлсэн. Тэгсэн чинь цаанаас манай 17 настай хүү Ныг гэрээс гарч ирээд аавыгаа нөгөө хоёр залуугаас салгасан бөгөөд манай хүү Ш танил болохоор хоорондоо эвлэрээд байж байсан чинь дахиад өөр газраас О гэж дууддаг өндөр махлаг залуу нэлээн согтуу ирээд манай хүүг нэг удаа цохиж аваад намайг хэл амлаар доромжлоод байсан Ог манай нөхөр хэд хэдэн удаа цохиж авсан тэгээд тэнд дахиад манай нөхөр хүүхэд болон О, Ш, М.С нарын хооронд ахиад зодоон болоод бужигнаад эхэлсэн ба би тэнд нь салгах гэж байсан болохоор нэг их анзаараагүй. Гэхдээ О манай нөхрийн биед халдаж зодсон эсэхийг нь мэдэхгүй, Намайг харж байхад бол нөхрийг цохиж зодсон зүйл байхгүй. Харин манай хүүг нэг хоёр удаа алгадаж цохиж аваад байсан. Тухайн өдөр эхлээд Ш ганцаараа явж байхад нь манай нөхөр гал асуугаад тэгээд хоорондоо үл ойлголцоод салах гэсэн чинь Х хүрч ирээд тэгээд манай нөхрийг шууд ардаас нь өшиглөж унагаагаад зодоод эхэлсэн. Тэгээд манай хүү гарч ирээд салгасан. Эхлээд Х өшиглөж унагаагаад зодсон бөгөөд тэгээд хүү маань салгасны дараа нөхөр босож ирэхэд уруул амнаас нь цус гарчихсан. Баруун мөр өвдөөд байна гээд мөрөө бариад байсан юм. Би одоо харвал таних болно. Тухайн эрэгтэй нь манай нөхөр Г.Гийн биед халдаж зодсон эрэгтэй мөн байна. Нэг гудамжинд амьдардаг зүс таних хүмүүс болохоор сайн таньж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №8679 дугаартай “...Г.Гийн биед баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.

            Шүүгдэгч М.С нь тухайн үеийн таарамжгүй харилцаанаас болж хохирогч Г.Гтэй маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, мөр хэсэгт нь хөлөөрөө өшиглөсний улмаас баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Г.Гийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч М.Сын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

Шүүгдэгч М.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч М.Сын хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэх тул шүүгдэгч М.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ст оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч М.С нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Г.Гийн цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ