Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2021/01169

 

2021         05         28  

         182/ШШ2021/01169

    

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, Б.Тын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, байранд байрлах, ЧДЗДТГт холбогдох,

 

2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор 1.453.261 төгрөг, 2020 оны 3, 4, 5 дугаар саруудын цалин 1.122.398 төгрөг, нийт 2.575.659 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.                                                                                          

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Б.Т миний бие нь ЧДЗДТГрын даргын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн Дугаар . тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн .-д галч, сахиулаар 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс ажилласан. Ажилд томилох тушаалын дагуу тус ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа би ямар нэг ажлын алдаа дутагдал гаргалгүй, үнэнч шударга ажилласан. Би 2020 оны 06 сарын 02-ны өдөр хүртэл ажлаа хийж явсан бөгөөд 2020 оны 06 сарын 02-ны өдөр намайг ажлаас халсан талаар хэлж, 2020 оны 06 сарын 08-ны өдөр надад ажлаас халсан тушаал өгсөн. Гэтэл тус тушаал нь бүр 2016 оны 05 сарын 11-ний өдөр намайг ажлаас халсан тушаал байсан. Миний хувьд анх ажилд орсноос хойш 2020 оны 06 сарын 02-ны өдөр хүртэл ажлаа тасралтгүй хийж явсан. Миний нийгмийн даатгал ч мөн төлөгдсөөр явсан тул миний хувьд ажлаас халагдсан талаар огт мэдээлэлгүй явсан юм. Ажлаас халагдсан талаараа би мэдмэгцээ МХХ-ны гишүүн өмгөөлөгч К.С гэгч өмгөөлөгчид хандан гэрээ байгуулж, шүүхэд нэхэмжлэл гаргуулсан. Миний гаргасан нэхэмжлэлийг шүүх нэхэмжлэлийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж гаргасан. Би дахин нэхэмжлэл гарган ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгох, ажилласан хугацааны цалин хөлсөө гаргуулах талаар хэлсээр байтал өмгөөлөгчийн зүгээс дахин нэхэмжлэл гаргалгүй, дүүргийн Тамгын газрын даргатай яриад асуудлыг шийдэж өгнө хэмээн намайг өдий хүртэл худал үнэн ярьж байлгаснаар миний ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох хуулийн хугацааг үгүй болгоод байна. Би нэгэнт ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох боломжгүй болсон тул ажиллаж байсан үеийн цалин хөлсийг гаргуулахаар хандаж байгаа болно. Иймд 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор 1.453.261 төгрөг, 2020 оны 3, 4, 5 дугаар саруудын цалин 1.122.398 төгрөг, нийт 2.575.659 төгрөг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Тын нэхэмжлэлтэй ЧДЗДТГт холбогдох иргэний хэргийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах . нь түүхий нүүрсээр галлагаа хийдэг байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч түүхий нүүрсийг түлэх боломжгүй болсон тул 2020 оны 02 дугаар сараас нэхэмжлэгч Б.Тыг ажиллуулах боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Б.Т 2016, 2017, 2018, 2019, 2020 оны ээлжийн амралтын мөнгө буюу 1.453.261 төгрөгийг “Тамгын газраас нэхэмжилсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1”Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно”, 79 дүгээр зүйлийн 79.4.”Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно” дээрх зохицуулалтаар харахад ээлжийн амралтын хугацаанд тухайн жилдээ амрах юм уу эсвэл олговор авах боломжтой байсан байна. Ээлжийн амралтын мөнгийг нөхөж олгох хуулийн зохицуулалт байхгүй. Б.Тыг ажлаас чөлөөлсөн тушаал дээр ээлжийн амралтын болон санхүүгийн холбогдох тооцоо хийж дуусгахыг газрын ахлах нягтлан бодогч Н.Ад даалгасан бөгөөд тушаалын дагуу холбогдох тооцоог хийж дуусгасан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч ЧДЗДТГт холбогдуулан 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор 1.453.261 төгрөг, 2020 оны 3,4,5 дугаар саруудын цалин 1.122.398 төгрөг, нийт 2.575.659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно”, 79 дүгээр зүйлийн 79.4. “Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно” дээрх зохицуулалтаар харахад ээлжийн амралтын хугацаанд тухайн жилдээ амрах юм уу эсвэл олговор авах боломжтой байсан байна. Ээлжийн амралтын мөнгийг нөхөж олгох хуулийн зохицуулалт байхгүй. Б.Тыг ажлаас чөлөөлсөн тушаал дээр ээлжийн амралтын болон санхүүгийн холбогдох тооцоо хийж дуусгахыг газрын ахлах нягтлан бодогч Н.Ад даалгасан бөгөөд тушаалын дагуу холбогдох тооцоог хийж дуусгасан гэх тайлбарыг гаргасан байна.

  

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Т нь хүүхэдтэй эцэг, эхчүүдийн .-ийн сахиул, галчаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 380.100 төгрөгийн цалингаар ажиллаж байсан болох нь ажилд томилсон тухай тушаал, Б.Тын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цагийн бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон зохигчийн тайлбараар нотлогдсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 4 сарын цалин 1.773.116 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор 1.453.261 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Т нь хүүхэдтэй эцэг, эхчүүдийн .-ийн сахиул, галчаар ажиллаж байх хугацаандаа ээлжийн амралт огт аваагүй тул 1.453.261 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн тайлбарлаж нотлох баримтаар ажилд томилсон тухай тушаал, Б.Тын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цагийн бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т нь 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор олгоогүй гэх боловч ЧДЗДТГраас 2016 оны 01-12 дугаар саруудад цалин /сар бүр/ 380.100 төгрөг, нийт 4.561.200 төгрөг, 2017 оны 01-12 дугаар саруудад цалин /сар бүр/ 380.100 төгрөг, нийт 4.561.200 төгрөг, 2018 оны 01-12 дугаар саруудад цалин /сар бүр/ 380.100 төгрөг, нийт 4.682.104 төгрөг, 2019 оны 01-12 дугаар саруудад цалин /сар бүр/ 443.279 төгрөг, нийт 5.319.348 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 478.742 төгрөг, 2 дугаар сард 327.713 төгрөг, нийт 806.455 төгрөгийг тус тус авсан болох нь Б.Тын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 6-9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Б.Т нь 2020 оны 3,4,5 дугаар саруудын цалин 1.122.398 төгрөгийг хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлүүдэд заасны дагуу нэхэмжилж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 3 сарын дотор буюу 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байтал 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж байсныг хөөн хэлэлцэх хугацааны дотор хандсан гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Б.Тын 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор 1.453.261 төгрөг, 2020 оны 3,4,5 дугаар саруудын цалин 1.122.398 төгрөг, нийт 2.575.659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,128 дүгээр зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан ЧДЗДТГраас 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын ээлжийн амралтын олговор 1.453.261 төгрөг, 2020 оны 3, 4, 5 дугаар саруудын цалин 1.122.398 төгрөг, нийт 2.575.659 төгрөг төгрөг гаргуулахыг хүссэн Б.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ДАВААСҮРЭН