Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/22

 

                          

 

Э.Э-д холбогдох

                                                    эрүүгийн хэргийн тухай           

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Тулга,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/3799 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Тулгын бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 108 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Эрдэнэдалайд холбогдох 2006000002389 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э. Э  1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Премиум бьюлдинг материалс” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ял эдлэж дууссан;

 

Э.Э нь 2020 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн Б.Г, Э.М нартай “Автомашинд зам тавьж өгөхийг хүсэхэд зам тавьж өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдаж Б.Г-н нүүрэн тус гараараа цохисон ба улмаар түүнийг явуулахгүй гэж автомашиных нь хамар дээр гарсан Э.М, Б.Г нарыг буулгахаар автомашинаа хөдөлгөж Э.М, Б.Г нарыг газарт унагаж Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас:

Э.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Хохирогч Б.Г нь хавтас хэргийн 13 дугаар талд хохирогчоор 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...би холдооч гэж хэлэхэд тэр машинаас хоёр залуу бууж ирээд нэг залуу нь миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгсэн дахиад нэг залуу миний үснээс зулгааж шанаанд гараараа 2-3 удаа цохисон. ...тэгтэл нөгөө машин буцаж ирээд манай эхнэрийг мөргөхөд эхнэр газарт унасан. Тэгэхээр нь би дахиад тэр машины хамар дээр нь үсэрч гараад шил арчигчнаас нь барихад намайг авч давхихдаа намайг унагаах гэж огцом тооромзлоод байсан. Тэр үед машиных нь шил арчигч хурагч би газарт унасан. Намайг газарт унахад тэр машин миний зүүн хөлийн шагайн хэсэг дээгүүр гараад тэр чигээрээ явсан.” гэсэн мэдүүлэг,

хохирогч Э.М хавтас хэргийн 8 дугаар талд хохирогчоор 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Дараагийн эргэлтэн дээр би шидэгдэж газарт унасан. Би машинаа унаад нөхрийнхөө байгаа зүгт алхаад явж байхад нөхөр өөдөөс ирсэн. ...Тэгтэл нөгөө машин дахиж ирээд өөдөөс хурдаа нэмээд давхихад манай нөхөр хажуу тийш унасан. Би тэр машинаас зугтаж чадалгүй мөргүүлсэн. Тэр машин тэр чигт давхиад явсан.” гэсэн мэдүүлэг өгч байхад мөрдөгч “2020 оны 9 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө юу болсон талаар тодорхой ярина уу?” гэж хохирогч нараас мэдүүлэг авсан нь буруу;

Мөн хохирогч нар нь тухайн автомашин нь яваад буцаж ирээд санаатайгаар хохирогч нарыг мөргөөд зугтаасан талаар мөрдөн шалгах ажиллагаанд хоёул мэдүүлсэн, мөн хохирогч Б.Гантөмөр нь хоёр хүн эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн атал мөрдөгч нь энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй;

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Э нь 84-27 УНЯ улсын дугаартай Киа Оптима маркийн автомашин унаж явахдаа санаатайгаар хохирогч Б.Г, Э.М нарыг дайрч бие махбодид нь хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулан, хэргийг газрыг санаатай орхиж зугтаасан үйл баримт хэрэгт авагдсан байна. Гэтэл мөрдөгч, прокурор нь дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрүүдийг нотолж тогтоож ирүүлээгүй;

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу;

Түүнчлэн Киа Оптима маркийн 84-27 УНЯ улсын дугаартай автомашиныг ашиглан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг анхаарах;

Иймд дээрх нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр Э.Э-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Тулга бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” ба “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг” нь гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийн улмаас учирч буй хохирол, хор уршигт хандаж буй гэмт этгээдийн сэтгэхүйн харьцаа, цаашлаад гэмт үйлдлийн шинж чанар зэрэг олон хүчин зүйлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзэж, тэдгээрийг ялган зүйлчлэх учиртай.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл яллагдагч Э.Э нь тухайн цаг хугацаанд өөрийн хийж буй ухамсарт үйлдэл, түүний улмаас учрах хохирол, хор уршигт шууд санаатай хандсан, эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой байна.                                                                                ,

Тодруулбал, хохирогч нартай маргаан үүсгэж, улмаар өөрийнх нь жолоодож буй автомашины хамар дээр гарсан байгааг мэдсээр байж, тэдгээрийг унагах, буулгах санаа зорилгоор автомашинаа хөдөлгөж, улмаар хөдөлгөөний явц дунд тэдгээрийн эрүүл мэндэд нь санаатайгаар хохирол учруулж буй нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/3799 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Прокуророос Э.Э-г “...2020 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Г, Э.М нартай “автомашинд зам тавьж өгөхийг хүсэхэд зам тавьж өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдаж Б.Г-н нүүрэн тус гараараа цохисон ба улмаар түүнийг явуулахгүй гэж автомашиных нь хамар дээр гарсан Э.М, Б.Г нарыг буулгахаар автомашинаа хөдөлгөж Э.М, Б.Г нарыг газарт унагаж Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг тус тус учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар заасан ба гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нотлох ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийж, хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлож, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт заасан “Гэмт хэрэгт хамтран оролцох” хэлбэрийн аль нэг нь байгаа эсэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нэг мөр шалгаж хэргийг зөв зүйлчлэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүгдэгч Э.Э нь тухайн өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон байдал, хохирогч нарын биед гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг тодруулж шалгах;

Харин анхан шатны шүүхийн “...Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллаагааг хийх шаардлагагүй байна.  

 

Иймд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2006000002389 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/3799 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЗ/3799 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Тулгын бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 108 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                          

                                   

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

                             ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                 ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ