Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 73

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2017/0075/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

      

          Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга

           Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов     

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Гангантөгс, Г.Баярсайхан

           Шүүгдэгч: П.Ариунцэцэг, Д.Лхагвасүрэн нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ариунцэцэг, Д.Лхагвасүрэн нарт холбогдох 201723000099 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 8-16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Боржигон овогт Пүрэвжавын Ариунцэцэг /РД:СЮ86102668/

Сүхбаатар аймгийн Наран суманд 1968 оны 6 дугаар сарын 19-ны өдөр төрсөн, эмэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Банкны байр л59-1 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Балжир овогт Дамдинжавын Лхагвасүрэн /РД:ЖЮ68061901/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Ариунцэцэг, Д.Лхагвасүрэн нар нь 2017 оны 4 дүгээр 1-ны өдөр 20 цагийн орчим Т.Билгүүний жолоодож явсан “Ниссан Авдан” маркийн 21-68 ХЭҮ дугаартай таксигаар үйлчлүүлэх үедээ уг автомашины зөв талын арын суудал дээр байсан Д.Батцэцэгийн цүнхтэй, эд зүйл, бэлэн мөнгийг бүлэглэн хулгайлж 778.845 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүгдэгч П.Ариунцэцэг, Д.Лхагвасүрэн нар нь 2017 оны 4 дүгээр 1-ны өдөр 20 цагийн орчим Т.Билгүүний жолоодож явсан “Ниссан Авдан” маркийн 21-68 ХЭҮ дугаартай автомашинаас иргэн Д.Батцэцэгийн цүнхтэй эд зүйл, бэлэн мөнгийг бүлэглэн хулгайлж 778.845 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

 

Хохирогч Д.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 сарын 01-ний өдөр манай цэцэрлэгийн ажилчид ... малчдын хорооллын дунд хэсэгт байрлалтай даргын гэрт дарга Оюунгэрэлийг гаргаж өгөх үдэлтийн цайллага болоод ... би нөхөр Түмэнжаргал, хүү Билгүүний хамт очсон ... 20 цагийн үед цайллага дуусч тэндээс Хэрлэн сумын 4 дүгээр баг, цагдаагийн байранд байдаг манай дуу хөгжмийн багш Хонгорзулынд ирэх гээд ... хүү Билгүүн 21-68 ХЭҮ дугаартай Ниссан Адван маркийн машинаа бариад ... Билгүүний хажуу талын суудал дээр манай нөхөр Түмэнжаргал, арын суудал дээр нь би суугаад явж байсан ... Хонгорзул багшийн гэрт цуг очих манай ажилчид ар талд машинтай явж байсан болохоор би арын машины хүмүүстэй холбоо барих гээд машиныхаа багажнаас цүнхээ гаргаж ирсэн. Манай машин комби загварынх болохоор би ар талын суудал дээр сууж байгаад машин дотроосоо суудлаа давуулаад багажны хэсгээс гар цүнхээ авсан. Тэгээд цүнхэн дотроосоо LG маркийн гар утсаа гаргаж ирээд ... ярьчихаад гар утсаа цүнхэндээ  хийгээд гар цүнхээ ар талын суудал дээр зүүн талын хаалганы орчим тавьсан ... Цагдаагийн байрны гадаа очоод нөхөр Түмэнжаргал, бид хоёр бууж үлдсэн. Манай хүү Билгүүн машинаа аваад гэр лүүгээ харина гэж яваад 30 орчим минутын дараа эргэж ирээд "Та машинаас цүнхээ авсан уу? Таны цүнх машинд байхгүй байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас цүнхээ авч буугаагүй шүү дээ гэж хэлээд Билгүүнээс хаагуур явсан юм гэж асуусан чинь Билгүүн гэр лүүгээ харих замдаа киномонтажын зам дээрээс 2 эмэгтэй хүн аваад аймгаас Улаанбаатар хот руу гардаг замын хажуу талын шинэ "Элит" зоогийн газрын хажуу талд буулгасан гэж хэлсэн ... Би машинаас буухдаа гар цүнхээ гэртээ очоод гэр лүүгээ оруулаад үлдээчих гэж хүүхэддээ хэлээд машинд орхисон ... Миний алдсан цүнх цайвар цэнхэр өнгөтэй, богино оосортой, шар өнгийн цахилгаантай дотроо 3 тасалгаатай арьсан цүнх байсан ... Цүнхэн дотор цагаан өнгийн LG маркийн VIVA загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн LG маркийн PRADA загварын гар утас 1 ширхэг, түрийвч, дотор нь бэлэн 20000х1=20000, 5000х2=10000, 1000х16=16000, 100х40=4000 төгрөг нийлээд 50000 төгрөг, ХААН банкны виза карт 1 ширхэг, дансанд 195000 төгрөг байсан. Мөн гоо сайханы хэрэгсэл уруулын будаг 2 ширхэг, нүүрний пудр 1 ширхэг, орифлэймийн үнэртэй ус 1 ширхэг, нүүрний тос 1 ширхэг байсан ... Би өөрийн эд зүйлээ эргүүлэн олж авсан болохоор ямар нэг гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч Т.Билгүүний мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аав Түмэнжаргал, ээж Батцэцэг нарын хамт малчдын хороололд ээжийн ажил буюу 8 дугаар цэцэрлэгийн захирлын гэрт нь очиж ... цайллаганд оролцсон. Орой 20 цагийн орчим цайллага тараад буцаж явахдаа аав Түмэнжаргал, ээж Батцэцэг нар бага зэрэг архи уугаад халамцуу байсан болохоор би аавын 21-68 ХЭҮ дугаартай Ниссан Адван маркийн машиныг барьж миний хажуу талд аав суугаад ар талын суудал дээр ээж суугаад ... ээжийн ажлын дуу хөгжмийн Хонгороо эгчийн гэрт нь очно гээд аав, ээж бид 3 түрүүлээд хөдөлсөн ... Аймгийн төвд орж ирсэн чинь араас явж байсан машинтай хүмүүс харагдахгүй байхаар нь аав ээжийг утсаар холбоо барь гэж хэлээд ээж утсаар хойд талын машины хүмүүстэй ярьсан ... Тэгээд цагдаагийн байр болох А26 дугаар ... байрны гадаа очоод аав, ээж буугаад Хонгороо эгчийн гэр лүү орсон. Ээж машинаас буухдаа намайг машинд байгаа юмнуудаа гэр лүүгээ оруулаарай, цүнхээ үлдээлээ гэж хэлсэн. Тэгээд би тэндээс хөдлөөд ... Мандах дэлгүүр өнгөрөөд шар өнгийн авто худалдааны сэлбэг зардаг нэг давхар барилгын зүүн талд замынхаа хойд талд 3 эмэгтэй гар өргөөд зогсож байхаар нь ... хажууд нь очоод зогссон чинь 2 эмэгтэй нь суугаад 1 эмэгтэй нь буцаад явсан ... Би тэр 2 эмэгтэйгээс - Эгчээ хаашаа явах вэ гэж асуусан чинь тэр 2 эмэгтэй дугарахгүй байхаар нь би дахин хаашаа явах вэ гэж асуугаад "Эгчээ ар талын суудал дээр юу юу байна, надад хэлээд өгөөч" ... гээд хальт эргэж харахад тэр 2 эгч суугаад сайн юм харагдахгүй байсан ... Тэгсэн тэр 2 эгч юм байхгүй байнаа, цагаан цаас байна, өөр юм алга гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж цүнхээ машины багажинд хийсэн юм байх даа гэж бодсон. Тэгээд тэр 2 эгч хороо явъя гэхээр нь би замаараа чигээрээ явсаар байгаад Хишиг супермаркетын гэрлэн дохиотой 4 зам дээр ирсэн чинь тэр эгч хороо орохоо болилоо, Өргөө явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Өргөө рүү явж байсан чинь болилоо Элит орно гээд аймгийн төвөөс Улаанбаатар хот руу явах замын хойд талд байдаг Элит зоогийн газрын урд талд очоод надад таксины 1200 төгрөг өгөөд тэр 2 буусан. Тэндээс би шууд гэр лүүгээ яваад хашаандаа очоод машины ар талаас юмаа оруулж байсан чинь ээжийн цүнх байхгүй байсан. Тэгэхээр нь би тэр дор нь цагдаагийн байр луу очиж Хонгороо эгчийн гэр лүү ороод ээжид таны цүнх машины ар талд байхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн ээж машины ар талын суудал дээр үлдээсэн шүү дээ гэж хэлээд аав надаас хаагуур явсан талаар асуухаар нь би явсан газар, замаасаа авсан хүнээ хаана буулгасан талаар аав ээж 2-т хэлээд бид 3 Элит дээр очиж камер шүүж үзэхэд харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Тэр 2 эгч машинд явж байхдаа нэгнийгээ Ариунаа гэж дуудаад байсан болохоор аав, ээж бид 3 гурав киномонтажын ойр хавиар Ариунаа гэдэг хүн хайж явсаар байгаад тэр өдөртөө ололгүй гэр лүүгээ харьсан ... Тэр 3 эмэгтэй гартаа цүнх барьсан харагдаагүй. Машинд суусан эмэгтэй хүний нэг нь хар өнгийн савхитай байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/

Гэрч О.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай эхнэр Батцэцэг ... 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг, Малчдын хороонд захирлынхаа гэрт нь цайллаганд очно, гэр бүлээрээ ирээрэй гэсэн гээд хүү Билгүүн бид 3 очсон ... Орой 20 цаг өнгөрч байхад даргынх нь гэрээс гараад тэдний ажлын дуу хөгжмийн багшийн гэр лүү нь бөөнөөрөө очно гээд хөдөлсөн. Манай хүү Билгүүн машинаа жолоодож би хажууд нь суугаад эхнэр хойд сандал дээр сууж явсан, нөгөө хамт очих хүмүүс маань өөрсдийнхөө машинтай араас явж байгаад харагдахгүй байхаар нь би эхнэрийг утсаар яриад асуугаадах гэж хэлээд эхнэр утсаар ярьсан ... Хэрлэн сумын 4 дүгээр баг, цагдаагийн байрны гадаа очоод ... эхнэр бид 2 бууж үлдээд хүү Билгүүн машинаа унаад гэр лүүгээ явсан. Тэгээд бид нар Хонгорзулын гэр лүү орсноос хойш 30 гаран минутын дараа манай хүү ... ээж машинаас цүнхээ авсан уу, байхгүй байна ... гээд орж ирсэн ... Эхнэрээсээ асуусан чинь цүнхээ машины ар талын суудал дээр үлдээгээд хүү Билгүүнд "ээжийнхээ цүнхийг гэр лүү оруулаарай" гэж хэлсэн гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 22-24-р хуудас/

Гэрч Б.Болор-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 04 сарын 01-ний өдөр Хэрлэн сумын 2 дугаар баг, Алаг барс худалдааны төвд ... ажил дээрээ байж байгаад 19 өнгөрөөгөөд ... лангуугаа хаачихаад гэр лүүгээ харьсан чинь манай гэрт ээжийн 2 найз Лхагваа, Ариунцэцэг гэх хоёр хүн ирээд ээж тэр 3 том савлагаатай 2.5 литрийн пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би "Та 2 юу хийж явж байгаан" гэж хэлсэн тэр 2 юм хэлээгүй. Тэгээд удалгүй Лхагваа, Ариунцэцэг хоёр явлаа гээд манайхаас 20 цагийн орчим гарсан ... тэд манай гэрээс гарахдаа ямар нэг гар цүнхгүй байсан, манайд ирэхдээ ч гар цүнхгүй ирсэн байсан ... Ээж тэр 2-ыг гаргаж өгнө гэж цуг гарч яваад 10 орчим минут болоод буцаад ганцаараа ирсэн. Тэгээд гэртээ байж байсан чинь орой 22 цагийн үед байх ... гаднаас Лхагвасүрэн, Ариунцэцэг хоёр ... Ариунцэцэг нь гартаа цэнхэр өнгийн эмэгтэй хүний гар цүнх барьсан орж ирээд энэ цүнхийг гаднаас оллоо гэж хэлсэн. Тэгээд тэр цүнхийг Лхагвасүрэн, Ариунцэцэг нар нийлээд ухаад байсан. Тэр цүнхэн дотроос эмэгтэй хүний будаг шунх, нүүрний тос, хүрэн өнгийн түрийвч, хар өнгийн Прадо маркийн гар утас 1 ширхэг гарч ирж байсан ... Тэр цүнхэн дотроос Ариунцэцэг үнэртэй ус, уруулын будгыг нь авч байсан ... мөн Ариунцэцэг гадуур хувцасныхаа халааснаас гаргаж ирсэн цагаан өнгийн Вива маркийн гар утсыг зарах гэсэн юм  гэхээр нь би тухайн үед утасгүй байсан болохоор хэдээр зарах гэж байгаан гэсэн чинь 35000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө дараа өгөхөөр тохирч худалдаж аваад байж байсан ... Тухайн үед Ариунцэцэг нь гадуураа бараан цэнхэр өнгийн богино куртка өмссөн байсан, харин Лхагвасүрэн нь богино хар өнгийн савхитай явж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/

Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-13-р хуудас/ 

Хулгайд алдагдсан эд зүйлсийг үнэлсэн Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд хөрөнгийн үнэлгээ, хохиролтой холбоотой бусад баримтууд /хх-ийн 17-18, 107-р хуудас/

П.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “... 2017 оны 04 сарын 01-ний өдөр ... Лхагвасүрэн эгч бид 2 Нина эгчийнхээс 20 цаг өнгөрч байхад гараад киномонтажын зам дээр ирээд таксинд гар өргөсөн чинь цагаан өнгийн /марк дугаарыг нь мэдэхгүй/ суудлын машин ирж зогссон. Тэр машины ар талд би эхлээд суугаад дараа нь Лхагвасүрэн эгч суугаад Нина эгч бид 2-ыг суулгаж өгчөөд гэр лүүгээ явсан. Тэгээд намайг түрүүлээд суухад таксины ар талын суудал дээр эмэгтэй хүний гар цүнх, хажуу талд нь нэг утас байж байсан. Тэгээд бид 2 таксины жолоочид баруун тийшээ явъя гээд замаа зааж явж байгаад аймгаас гардаг засмал зам дагуу байдаг Элит цайны газрын хажуу талд очоод буусан. Буухдаа би тэр цүнхийг нь ... Лхагваа эгчид та энэ цүнхийг аваад буучих гээд өгсөн. Лхагваа эгч тэр цүнхийг тэврээд буусан ... Харин би гар утсыг нь аваад гадуур хувцасныхаа халаасанд хийгээд буусан ... Тэгээд би таксинд 1000 төгрөг өгч буугаад такси явсны дараа Лхагваа эгч бид 2 өөр такси бариад Нина эгчийн гэрт нь очоод эхний таксинаас авч буусан цүнхээ хартал цэнхэр өнгийн эмэгтэй хүний гар цүнх байсан. Тэгээд цүнхийг нь Лхагваа эгч онгойлгож үзсэн би онгойлгож үзээгүй. Лхагваа эгч цүнхийг онгойлгож үзээд дотор нь гар утас байна, түрийвч, будаг шунх байна гэж байсан ... Тэр дундаас нь би үнэртэй ус, уруулын будаг 2-ыг нь аваад тэр цүнхийг Нина эгчийн гэрт нь үлдээгээд Лхагваа эгч бид 2 гэр лүүгээ явсан ... Бид 2 таксинд суухдаа 2-улаа гар цүнхгүй явж байсан ... Тэр такси буруу талдаа жолооны хүрдтэй машин байсан. Би жолоочийн эсрэг талын суудалны ар талд ... цүнх байсан талд нь сууж явсан ... Лхагвасүрэн миний баруун гар талд сууж явсан .. Би тэр үед согтсон байсан болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ цаас байна гэж хэлээд жолоочид өгч байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49, 52-р хуудас/

Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “... 2017 оны 04 сарын 01-ний өдөр ... Нина Ариунцэцэг бид 2-ыг Киномонтажын урд талын зам дээрээс ... цагаан өнгийн /марк дугаарыг нь мэдэхгүй/ таксинд суулгаад буцсан ... Таксины хойд талын суудал дээр ... эхлээд Ариунцэцэг суугаад дараа нь би суусан. Тэгсэн Ариунцэцэг цаашаа хараад нэг юм ухаад оролдоод байсан ... Таксины жолооч ар талын суудал дээр эд зүйл байна уу гэж асуухад Ариунцэцэг юм байхгүй байна гэж хэлж байсан ... Тэгээд Ариунцэцэг баруун тийшээ явъя гэж таксины жолоочид хэлж явж байгаад аймгаас гарах зам дагуу байдаг Элит гуанзны хажуу талд ирээд таксинаас буух гэтэл Ариунцэцэг надад Лхагваа эгчээ энийг аваад буучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр цүнхийг нь бариад буусан. Ариунцэцэг миний араас буугаад бид 2 буцаад Нинагийн гэр лүү такси барьж яваад Нинагийн гэрт нь ороод эхэлж суусан таксинаас авч буусан цүнхээ хартал цэнхэр өнгийн эмэгтэй хүний гар цүнх байсан. ... Нинад гар цүнх оллоо гэж хэлсэн ...Цүнхийг онгойлгож дотор талыг нь үзэхэд цүнхэн дотор 1 ширхэг LG маркийн гар утас, түрийвч, нүүрний будаг шунх байсан ... Мөн Ариунцэцэг гадуур хувцасныхаа халааснаас цагаан өнгийн маркыг нь мэдэхгүй, дэлгэцтэй гар утас гаргаж ирээд зарна гэж хэлсэн. Тэгсэн Нинагийн том охин Болор-Эрдэнэ тэр гар утсыг нь үзээд худалдаж авахаар болсон. Тэгээд Ариунцэцэг бид 2 тэр цүнхийг нь доторх эд зүйлтэй нь хамт Нинагийн гэрт үлдээгээд гэр лүүгээ явсан ... Ариунцэцэг бид хоёр таксины ар талын суудал дээрээс хүний гар цүнх хулгайлж буусан нь үнэн ... гэм буруугаа ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56, 58-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Ариунцэцэг, Д.Лхагвасүрэн нарын бусдын эд зүйлийг бүлэглэн хулгайлж 778.845 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийг улмаас хохирогч Д.Батцэцэгт 778.845 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Боржигон овогт Пүрэвжавын Ариунцэцэг, Балжир овогт Дамдинжавын Лхагвасүрэн нарыг бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч П.Ариунцэцэгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил хорих, шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Ариунцэцэгт оногдуулсан 2 жил, Д.Лхагвасүрэнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч П.Ариунцэцэгт оногдуулсан 2 жилийн хорих, Д.Лхагвасүрэнд оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг тус тус тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж тэдний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Ариунцэцэг Д.Лхагвасүрэн нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ГАНЗОРИГ