Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2427

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/02969 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т ХХК-д холбогдох

16 238 505 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, НӨАТ-ын баримт гаргуулах, автомашин чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: С.Ганхуяг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Оюунбадам

Хариуцагчийн төлөөлөгч: Б.Ганболд

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Мядагбадам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Т ХХК-ийн захирал Б.Ганболд манай байгууллага дээр ирсэн. Тэрээр манайхаас нийт 15 000 000 төгрөгт цэвэр усны сав хийхэд зориулагдсан бэлдэц худалдан авах саналыг тавьсан. Ингээд бид хариуцагч талаас тавьсан хүсэлтийг хүлээн авч нийт 14 858 880 төгрөгийн үнэ бүхий цэвэр усны сав хийхэд зориулсан бэлдэцийг хүлээлгэн өгсөн. Нийтдээ 90 шуудай бэлдэцийг хүлээлгэн өгч захирал Б.Ганболдоор гарын үсгийг нь зуруулсан байгаа. Хариуцагч бэлдэцийн үнийг 2017 оны 11 дүгээр сараас эхлэн 5 хувааж төлөхөөр болсон. Тэрээр сар бүрийн 27-30 өдрийн хооронд мөнгийг төлнө, төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргээс 0.1 хувийн алданги төлнө гэж өөрийн гараар бичиж өгсөн. Гэвч бэлдэцийг манайхаас авснаас хойш хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлж мөнгөө төлөөгүй. Иймд бидний зүгээс хариуцагч Т ХХК-иас дараах зүйлийг нэхэмжилж шүүхэд хандсан. Үүнд: 90 шуудай усны савны бэлдэцийн үнэ 14 858 880 төгрөг,  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож алдангид 1 379 625 төгрөг, нийт 16 238 505 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Нэгэнт хариуцагч компанийн захирал нь өөрөө 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн албан бичигтээ “...тухайн сарын төлбөрийг сар бүрийн 27-30 гэхэд дуусгах ба хугацаа хоцорсон хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө” гэсэн тул бидний хувьд алданги шаардах эрх үүссэн. Бид гэрээний алдангиа 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тооцож эхэлсэн. Хариуцагч тал манай Ц ХХК-иас 10 558 080 төгрөгийн НӨАТ-ын баримт гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Т ХХК-ийн захирал Ц.Ганболд манайхаас цэвэр усны савны бэлдэц авахдаа өөрийн өмчлөлийн “Бенз спринтер” /benz sprinter/ маркийн  04-42 УНН улсын дугаартай автомашиныг барьцаанд үлдээсэн. Одоо энэ тээврийн хэрэгсэл нь манай компанийн хашаан дотор байгаа. Өнөөдөр хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн маргаан шийдвэрлэж байгаа ба Б.Ганболд хувь иргэнийхээ хувьд энэ талаар нэхэмжлэл гаргаагүй учир нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй гэжээ. 

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “Цэц  зам пласт” ХХК-иас 14 858 880 төгрөгийн бэлдэц авсан. Энэ үнийн дүнгээс хадгалах хугацаа дууссан барааны үнэ болох 4 300 800 төгрөгийг хасахад 10 558 080 төгрөг болно. Иймд нэхэмжлэгч Ц ХХК-иас 10 558 080 төгрөгийн барааны НӨАТ-ын баримтыг гаргуулж өгнө үү. Т ХХК-ийн захирал иргэн Б.Ганболд өөрийн өмчлөлийн  “Бенз спринтер” /benz sprinter/ маркийн  04-42 УНН улсын дугаартай автомашиныг “Цэц  зам пласт” ХХК болон Т ХХК-иудын хооронд үүссэн гэрээний үүрэгт барьцаалсан. Хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн маргаанд хувь хүн болон Б.Ганболдын автомашин ямар ч хамааралгүй тул нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс энэхүү автомашиныг албадан гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Т ХХК-ийн захирал Ц.Ганболд миний бие “Цэц  зам пласт” ХХК дээр очиж 15 000 000 төгрөгийн хэмжээнд цэвэр усны сав хийхэд зориулагдсан бэлдэц худалдан авах, мөнгийг хуваан төлөх саналыг тавьсан. Нэхэмжлэгч миний хүсэлтийг хүлээн авсан. Гэхдээ манай компанийн албан бичгээр хүссэн 15 000 000 төгрөгт биш, харин 14 858 880 төгрөгийн үнэ бүхий цэвэр усны сав хийхэд зориулсан бэлдэцийг өгсөн. Миний зүгээс компаниа төлөөлөн “...сар бүр мөнгийг төлнө, төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргээс 0.1 хувийн алданги төлнө гэж өөрийн гараар бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ нэгэнт манайх 15 000 000 төгрөгийн бараа аваагүй учраас нэхэмжлэгчийн шаардаад байгаа алдангийг төлөхгүй. Нэхэмжлэгч манай байгууллагаас 90 шуудай усны савны бэлдэцийн үнэ 14 858 880 төгрөгийг шаардсан. Гэтэл бидэнд өгсөн 90 шуудай бэлдэцийн 28 шуудай бэлдэцийн хугацаа дууссан байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 14 858 880 төгрөгийн бэлдэц нийлүүлснээс 4 300 800 төгрөгийн бэлдэцийн хугацаа дууссан, биет байдлын доголдолтой байсан. Шүүх хуралдааны өмнө бид 14 858 880 төгрөгөөс хадгалах хугацаа дууссан барааны үнэ болох 4 300 800 төгрөгийг хасаад үлдэх 10 558 080 төгрөг дээр эвлэрэх саналыг тавьсан боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй. Иймд манайх нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манайх нэхэмжлэгч “Цэц  зам пласт” ХХК-иас 10 558 080 төгрөгийн барааны НӨАТ-ын баримт гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаснаасаа татгалзаж байна. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Т ХХК-ийн захирал Ц.Ганболд миний бие Ц ХХК дээр очиж бэлдэц авахдаа өөрийн өмчлөлийн “Бенз спринтер” /benz sprinter/ маркийн 04-42 УНН улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Одоо миний хувийн автомашин нь нэхэмжлэгч компанийн хашаан дотор барьцаанд байгаа. Хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн маргаанд иргэн Б.Ганболдын автомашин ямар ч хамааралгүй тул нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс энэхүү автомашиныг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 14 858 880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 379 625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц ХХК-иас авсан 10 558 080 төгрөгийн барааны НӨАТ-ын баримтыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа Т ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Бенз спринтер” /benz sprinter/ маркийн 04-42 УНН улсын дугаартай автомашиныг Ц ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 143 төгрөгийг, хариуцагчаас 153 963 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 232 244 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо: “...Ц ХХК нь 90 шуудай хүнсний түүхий эд, бэлдэц нийлүүлснээс 28 шуудай 4 300 800 төгрөгийн үнэ бүхий хадгалах хугацаа дууссан бэлдэцийг хольж хийсэн байсан. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Манай компанийн худалдаж авсан бэлдэц дотор хадгалах хугацаа дууссан бэлдэц хольсныг огт мэдээгүй, Хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д зааснаар хүнсний түүхий эд, бүтээгдхүүнд тавигдах шаардлагад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдхүүн гэж үзнэ гэсэн заалт бий. Иймд манай компани Ц ХХК-ийн хугацаа хэтэрсэн 28 шуудай хүнсний түүхий эд, бүтээгдхүүний бэлдэцийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна гэж үзэн буцааж өгье гэхэд зарагдсан барааг буцаахгүй гээд аваагүй. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс татан авна” гэсэн заалтыг зөрчсөн. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Хүнсний сүлжээ" гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.3.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Гэтэл Ц ХХК нь энэ хуулийн заалтыг зөрчин манай компанид хугацаа хэтэрсэн, хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг мэдэгдэлгүй нийлүүлсэн. Энэ байдлыг Ц ХХК нь хуулиар хориглосон хүнсний түүхий эд, бүтээгдхүүнийг манай компанид худалдсан нь ноцтой зөрчил гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 4 300 800 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж. зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан 16 238 505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, НӨАТ-ын баримт гаргуулах, “Бенз спринтер” маркийн 04-42 УНН улсын дугаартай автомашиныг Ц ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14 858 880 төгрөгийн үнэ бүхий цэвэр усны сав хийхэд зориулсан 90 шуудай бэлдэцийг хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагчийн зүгээс уг барааны төлбөрийг 5 хувааж буюу 2018 оны 03 дугаар сард төлж дуусахаар харилцан тохиролцсон гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх 8, 9/

 

            Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбон дүгнэлт хийсэн нь зөв байна.

 

            Хариуцагч компани нь “хүлээн авсан барааны үнийн хэмжээ, түүнийг төлөөгүй талаар маргаагүй, харин нийлүүлсэн бэлдэцээс 28 шуудай буюу 4 300 800 төгрөгийн барааны доголдолтой буюу хэрэглэх хугацаа хэтэрсэн байсан гэж хариуцагч тайлбарлан маргажээ.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Хэрэв худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлахыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

            Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагчийн хувьд уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заажээ. Хариуцагч компани нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 90 шуудай бэлдэцийг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд тухайн үед барааны зарим хэсэг буюу 28 шуудай бэлдэц хугацаа хэтэрсэн гэх нөхцөл байдлын талаар хариуцагч баримтаар нотолж чадаагүйгээс гадна, давж заалдах шатны шүүх хуралдаанд “шуудай дээрх хугацааны талаарх баримт баримт бий” гэх тайлбараас үзэхэд барааны хэрэглэгдэх хугацааны талаар мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Хариуцагчийн зүгээс хугацаа хэтэрсэн гэх нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид хандан гомдол гаргаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар хүлээн авсан бэлдэцийн зарим хэсэг доголдолтой байсан талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 14 858 880 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

            Түүнчлэн, хариуцагч Т ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн албан бичгээс үзвэл талуудын хооронд алдангийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэг заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй тул шүүх алданги 1 379 625 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

            Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулж 10 558 080 төгрөгийн барааны НӨАТ-ын баримтыг гаргуулах, мөн Т ХХК-ийн захирал иргэн Б.Ганболдын өмчлөлийн “Бенз спринтер” маркийн 04-42 УНН улсын дугаартай автомашиныг Ц ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад НӨАТ-ын баримтыг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

            Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараас үзэхэд “Бенз спринтер” маркийн 04-42 УНН улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгчийнх бус, харин Б.Ганболдын өмчлөлийн зүйл болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх автомашины хууль ёсны өмчлөгч нь хариуцагч компани биш гэх үндэслэлээр холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөв хэрэглэжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/02969 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Түшээ гүн ундрага” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН