Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/MA2017/0338

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2017/0338

Улаанбаатар хот

 

Т.Нуржин, Д.Пүрэвдорж, П.Энхмэнд, Н.Цагаандорж нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Нуржин, Д.Пүрэвдорж, П.Энхмэнд, Н.Цагаандорж нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Нуржин, Н.Цагаандорж, Д.Пүрэвдорж, П.Энхмэнд нарын “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тоот тушаалын “И Жи Интер” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, Т.Нуржин, Д.Пүрэвдорж, П.Энхмэнд, Н.Цагаандорж нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: 1. Иргэн М.Нармандах нь 2004 онд Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх авсан байх боловч газар эзэмших 5 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул Газрын тухай хуульд заасны дагуу иргэн М.Нармандахад олгогдсон газар цуцлагдах бүрэн үндэслэлтэй болсон байсан юм.

2. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд байсан н.Батцэрэг нь 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр сайдын А-265 дугаартай тушаалаар иргэн М.Нармандахын дээрх хуулийн дагуу автоматаар цуцлагдах болсон газрыг хууль бусаар сэргээн түүнийг “И Жи Интер” ХХК-д эзэмшүүлэхээр болсон нь хууль бус байна.

3. Иргэн М.Нармандах нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд өргөдөл гаргахдаа бичиг баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тодорхой байгаа бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь иргэнд олгогдоод цуцлагдах болсон газрыг түүний хүсэлтээр өөр компанид шилжүүлэн сайд тушаал гаргаж олгож байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл болж байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудыг харахад эхлээд тушаал гараад дараа нь газрын байр зүйн зураг хийгдсэн нь хууль зөрчиж байж газрыг албан тушаалын хүчээр олгосон нь илт байна. Уг нь бол эхлээд байр зүйн зураг хийгдсэний дараа сайд тушаалаа гаргах ёстой юм.

5. Иргэн М.Нармандах нь 2004 онд болон 2012 онд олгосон газрын координатууд нь зөрүүтэй тул нэг газрыг үргэлжлүүлэн олгож байна гэж үзэх үндэслэлгүй болно.

6. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч иргэдийн амьдардаг газар нутагт хүч хэрэглэн халдаж үлэмж хэмжээний хохирол учруулсанд нэхэмжлэгч нар анхан шатны шүүхэд нотлох баримтуудаар гомдол гаргаад байхад анхан шатны шүүх түүнд үзлэг хийсэн хирнээ шийдвэр гаргасангүй.

7. Хариуцагч нь зөвшөөрөлгүйгээр маш их хэмжээний газрыг сэндийлэн өчнөөн куб метр газар шорооны ажлыг хууль бусаар хийсэн байхад анхан шатны шүүх байгаль орчны хохирлын хэмжээг тооцсонгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь газар ухах ямар ч зөвшөөрөлгүй атлаа их хэмжээний газар ухаж, байгаль орчинд ямар их хэмжээний ноцтой хохирол учруулсныг анхан шатны шүүх тогтоосонгүй.

8. Иргэн М.Нармандахын газар эзэмших хугацаа нь дуусгавар болоод гурван жил болж байхад Богдхан уулын дархан цаазад тусгай хамгаалалтын газрын дарга н.Намхай болон сайд н.Батцэрэг нар иргэн М.Нармандахын гаргаж өгсөн хууль бус баримтуудыг үндэслэн сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаартай тушаалаар иргэн М.Нармандахын хүсэлт гэгчээр “И Жи Интер” ХХК-д Зайсангийн тусгай хамгаалалттай газар нутагт газар олгож байгаа нь хууль бус, хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

9. Нэхэмжлэгч нар шүүхэд асуудлыг шийдвэрлүүлж байхад Байгаль орчны сайд н.Оюунхорол зайсанд амьдардаг иргэдэд “бичил эко” төслийн дагуу газар эзэмших эрх олгосон болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаартай тушаалын “И Жи Интер” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, иргэн Т.Нуржин, Д Пүрэвдорж, П.Энхмэнд Н.Цагаандорж нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянахад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Нуржин, Д.Пүрэвдорж, П.Энхмэнд, Н.Цагаандорж нар нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тушаалын “И Жи Интер” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, Т.Нуржин, Д.Пүрэвдорж, П.Энхмэнд, Н.Цагаандорж нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохыг даалгах” шаардлага гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцжээ.

Хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анх иргэн М.Нармандах нь “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаартай гэрээгээр Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор 0.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болж, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 1/41 дүгээр гэрчилгээг авчээ. Дээрх гэрээнд зааснаар түүний газар ашиглах хугацаа 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1/41 гэрчилгээнд зааснаар 2009 оны 06 сарын 11-ний өдөр дуусаж байна. Дээрх хугацаа дуусах үед иргэн М.Нармандах нь гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй байх бөгөөд харин сүүлд 1 жил 5 сарын дараа 2010 оны 11 дүгээр сарын 15-нд гэрчилгээний хугацааг сунгасан тухай тэмдэглэл хийгдсэн байна. Үүний дараа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тушаалаар “И Жи Интер” ХХК-д уг газрыг ашиглах зөвшөөрөл олгосон байна. Анх ашиглуулж эхэлсэн хугацаанаас нь эхлэн тооцож үзэхэд иргэн М.Нармандах болон түүний “И Жи Интер” ХХК тухайн газрыг 13 дахь жилдээ ашиглаж байгаа байдал тогтоогджээ.

Нэхэмжлэгч Т.Нуржин, Д.Пүрэвдорж, П.Энхмэнд, Н.Цагаандорж нар 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тушаалын “И Жи Интер” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулж, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан.

 Анхан шатны шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэргийн эцэслэн шийдвэрлэсэн байна.

 Учир нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 1/41 тоот гэрчилгээний хавсралтад бичигдсэн газрын координатын солбицол нь анх иргэн М.Нармандахаас газар ашиглах хүсэлт гаргахдаа хийлгэсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний координатын солбицол нь зөрүүтэй байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “....“2004 оны болон 2012 оны “И Жи Интер” ХХК-ийн нэр дээр шилжүүлж аваад дараа нь хийлгэсэн зургийн солбицлууд зөрүүтэй, талбай нь томорсон” гэж давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байна. Иймд үүнийг тодруулж, холбогдох бусад баримтуудыг цуглуулах нь хэргийг нэг мөр, эргэлзээгүй, үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн анх газар ашиглуулах үед үйлдсэн “Эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицол тодорхойлсон тухай акт” гэх баримтаар маргаж буй газрын хэмжээ өөр, зөрүүтэй тусгагдсан байна.

Түүнчлэн хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 189 дугаар хуудсанд “И Жи Интер” ХХК болон нэр бүхий 4 иргэний газрын давхцлыг харуулсан баримтаас үзэхэд Т.Нуржингийн маргаж буй газар нь “И Жи Интер” ХХК-ийн газартай давхцаагүй, харин нэр бүхий 3 иргэний маргаж буй газартай хэсэгчлэн давхацсан болох нь харагдаж байна. Гэтэл 3 дугаар хавтасны 94 болон 95 дугаар талд авагдсан зургаар зөвхөн 2 иргэний газартай давхацсан мэт зураг авагджээ. /Түүнчлэн 1 дүгээр хавтасны 102 дугаар хуудас/ Шүүхээс үзлэг хийсэн боловч дээрх байдлыг тодруулаагүй байна. Энэ байдлыг хөдөлбөргүй тогтоосноор Иргэний хэргийн шүүхэд хянагдаж байгаа гэх газар чөлөөлүүлэх маргааныг шийдвэрлэхэд ч ач холбогдолтой төдийгүй захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргаж буй эсэхэд үнэлэлт өгөхөд ач холбогдолтой болно.

Түүнчлэн нэр бүхий 4 иргэний Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/235 дугаар тушаалын дагуу тухайн газраа ашиглах эрх авахын тулд боловсруулсан Бичил эко төслүүд гэсэн баримтад кадастрын зураг хавсарган ирүүлсэн байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч Т.Нуржингийн тухайд газар нь “И Жи Интер” ХХК-тай давхцалгүй, харин 3 иргэний орц гарцыг хаасан” гэж дүгнэжээ. Гэвч шүүх нэхэмжлэгч 3 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул тухайн 3 иргэний /газар ашиглагч, эзэмшигчийн/ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй болохыг анхаараагүй нь буруу байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан “хариуцагч нь нэхэмжлэгч иргэдийн амьдардаг газар нутагт хүч хэрэглэн халдаж үлэмж хэмжээний хохирол учруулсанд нэхэмжлэгч нар анхан шатны шүүхэд нотлох баримтуудаар гомдол гаргаад байхад анхан шатны шүүх түүнд үзлэг хийсэн хирнээ шийдвэр гаргасангүй”, “хариуцагч нь зөвшөөрөлгүйгээр маш их хэмжээний газрыг сэндийлэн өчнөөн куб метр газар шорооны ажлыг хууль бусаар хийсэн байхад анхан шатны шүүх байгаль орчны хохирлын хэмжээг тооцсонгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь газар ухах ямар ч зөвшөөрөлгүй атлаа их хэмжээний газар ухаж, байгаль орчинд ямар их хэмжээний ноцтой хохирол учруулсныг анхан шатны шүүх тогтоосонгүй” гэх зэрэг иргэнд болон байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоолгох агуулгатай үндэслэлүүдэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв. Нэхэмжлэгч өөрөө хүсвэл энэ талаарх хүсэлт, нэхэмжлэлээ харьяаллын дагуу гаргах эрхтэй болно.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР