2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/409

 

 

 

 

 

 

 

 

   2025       02         06                                       2025/ШЦТ/409

 

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч П.Даваасүрэн /томилолтоор/,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Цолмон /ҮД:2970/ нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ээд холбогдох эрүүгийн “2409 01644 1976” дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь согтуугаар 2024 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... гадаа “найз У.Б зодсон” гэх шалтгаанаар Б.Оийн зүүн гуя, өвдөг рүү нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн ... урд талд тодорхой шалтгаангүйгээр хохирогч Ц.Ций нүүр рүү мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16, 27 дахь тал/,

- Хохирогч Б.Оийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/,

- Гэрч У.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 12010 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

- Хохирогч Ц.Ций мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь тал/,

- Гэрч У.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11767 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 195-196 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал/, шүүхийн хэлэцүүлэгт шинээр гаргасан хохирол төлбөр төлсөн 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

            Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             А. Шүүгдэгч Ч.Э нь согтуугаар 2024 оны 5 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... гадаа “найз У.Бг зодсон” гэх шалтгаанаар Б.Оийн зүүн гуя, өвдөг рүү нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... хамгаалагч хийдэг М гэх нэртэй найзтайгаа уулзахаар ирсэн байсан. Тэгээд би М уулзаад текэн дээр нь хамт сууж байх үед би өөртөө 100 грамм захиалаад авч уусан. Тэгээд би гараад хажуу талд байрлах ...н нэртэй каракед М ороод 2 дугаартай өрөөнд ороод 0,700 граммтай архи аваад ууж байх үед М руу М залгаад байхаар нь дуудсан. Тэгээд удалгүй М нь Б хамт ороод ирсэн. Тэгээд бид 4 бааранд ороод ширээн дээр суугаад байж байх үедээ би Б гэнэт муудалцаад гадаа гарсан. Тэгээд би сайн санахгүй байгаа гэнэт хажуу талаас хутга орж ирээд би ухаан ороод хутгатай хүнийг болиоч ээ гэж хэлэхэд болихгүй дайраад байсан. Тэгээд би сайн харахад танил О гэх хочтой эрэгтэй ирээд миний баруун мөр рүү цагаан саарал иштэй ойролцоогоор 25 см орчим хутгаар 2 удаа зоосон. Тэгээд би аль болох зугтаад хойшоогоо ухраад байж байх үед зүүн гуяндаа нэг удаа хутгаар зүсүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16, 27 дахь тал/,

- Хохирогч Б.Оийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/

- Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...М миний урдаас тэврээд араас О миний нүд хэсэг рүү бараараа 1 удаа цохихоор нь чи найзаараа бариулаад намайг цохичихлоо гэх үед манай найз О залгаад байхаар нь гар утсаа автал би ойрхон байна, одоо очлоо гээд хүрээд ирсэн. Тэгээд О ирээд бид хоёр ... баарны үүдэнд О хайж байгаад байхгүй болохоор нь ... бааранд хайгаад байж байх үед хамгаалагч нар нь гадаа хүн хутгалуулаад байна гэхээр шууд гараад очтол О Он хөл рүү 20-30 см орчим урт хутга баруун гартаа барьсан байсан. ...Би тухайн үед ... чиний таньдаг найз О чинь намайг хүнээр бариулж байгаад нүд рүү цохичихлоо гээд, намайг өмөөрөөд хутгалсан байх гэж бодожбайна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 12010 дугаартай “...Б.Оийн биед зүүн гуя, өвдөг орчимд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжгой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээч эмчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 34-36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Б. Шүүгдэгч Ч.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн ... урд талд тодорхой шалтгаангүйгээр хохирогч Ц.Ций нүүр рүү мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Ц.Ций мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Тийн ээж Отэй хамт Чингэлтэй дүүргийн ... урд талын чулуун замын тэнд манекур хайгаад явж байсан юм. Өнөөдөр салсан эхнэртэйгээ яагаад уулзахаар болсон бэ гэхээр ... төрсөн өдөр нь маргааш болох бөгөөд өнөөдөр манекур хийлгэмээр байна, маргааш хамт хүүтэйгээ зургаа авхуулмаар байна гэхээр нь дагуулаад хамт явж байсан юм. Гэтэл эхнэр ... араас гүйгээд харилцаа үүсгэх гээд байдаг хүн гэх Ч.Э нь гэнэт булангийн цаанаас гарч ирээд шууд миний уруул руу духаараа мөргөсөн. Одоо миний доод уруул хавдаж задарсан байна, оёдол тавиулах шаардлагатай гэж хэлсэн маш их өвдөж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь тал/,

- Гэрч У.Чн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ажил тарах нэлээн дөхсөн үеэр би ажил дээрээ буюу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Оранж төвд байхад Ц.Ц ах залгаад уулзъя гэсэн. Ажлынхаа ганц хоёр хүнтэй Оранж төвийн үүдэнд байдаг тамхины цэг дээр тамхилаад зогсож байтал Ц.Ц ах нүүр ам нь цус болсон байдалтай намайг дуудсан. Тэгээд урдаас нь яваад очсон чинь хойноос нь нэг эрэгтэй хүн чулуу юм уу, төмөр юм уу нэг юм Ц.Ц ахын араас шидэхэд нь би бултсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11767 дугаартай “...Ц.Ций дээд уруулын гадна ба дотор талд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлыг хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 195-196 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэж хүндрүүлэх шинжийг заажээ.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Э нь хохирогч Б.Оийн зүүн гуя, өвдөг рүү нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Ц.Ций нүүр рүү мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Оэ, Ц.Ц нарын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ч.Эийн идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Иймд шүүгдэгч Ч.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагч зүгээс шүүгдэгч Ч.Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 510 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос “...Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Ч.Ээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ч.Эийн учруулсан хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1068 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг эдлэж дууссан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10-01/2689 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 145 дахь тал/-ээр тогтоогдож байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх ял байхгүй болно. 

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүгдэгч Ч.Э нь хохирогч Б.Оэд 14,500,000 төгрөгийн хохирол төлж, хохирогч Б.Оэ нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэх тул хохирогч Б.Оэд төлөх төлбөргүй,  харин хохирогч Ц.Ц нь хохирол, төлбөр баримтаар нэхэмжлээгүй ба шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолтой гэх тул түүний гэмт хэргийг улмаас  өөрт учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж прокурор шүүх хуралдаанд оролцох  хэмжээ хязгаарыг заажээ. Иймд улсын яллагчийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын сангаас Б.Оийн 3,761,200 төгрөгийн хөнгөлөлт эдэлснийг шүүгдэгч Ч.Эээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хангах боломжтой гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ц.Ц хөнгөлөлт эдэлсэн 196,380 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ч.Э нь тус санд төлж барагдуулсан  байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гэмт хэргийн хохиролд бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эийг 500 цаг /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ээд оногдуулсан 500 цаг /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Хохирогч Ц.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 3,761,200 /гурван сая долоон зуун жаран нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч Ч.Эээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж, хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн шууд хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ