Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/02502

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2019/02502

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МВК ББСБ холбогдох,

2015 оны 12 сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах №3742 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж, 23/1 тоот хаягт байрлах, 290.74 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, ...........тоот гэрчилгээ, Ү-.... тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч М.У, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Монгол Улсын иргэн Ж.Г нь 2013 онд ГДД Фийлд ХХК-ийг үүсгэн байгуулж барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. 2014 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж буюу Асем вилла хотхон, гольфийн талбайн замын урд Туул голын эрэгт байрлах газарт сууцны таун хаус буюу тансаг зэрэглэлийн европ стандартын барилгын төслийг эхлүүлж, хөрөнгө оруулан зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдал болон мөнгө санхүүгийн хүндрэлтэй тулсаар одоогийн байдлаар энэхүү төслөө 95%-ийн гүйцэтгэлтэйгээр борлуулалт хийж байна. Энэхүү барилгаа дуусгахын тулд тухайн үед зээл, бартер зэргийг ашиглахаас аргагүй байдлууд үүсч байсан тул Ж.Г нь өөрийн нэр дээр байсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж, 23/1 тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, ...........тоот гэрчилгээ, Ү-.... тоот улсын бүртгэлийн дугаартай 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон Баянгол дүүргийн 6-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 83/7 дугаар байр 05 тоот орон сууцны зориулалттай байруудыг МВК ББСБ ХХК-д барьцаалан 2015 оны 04 сарын 16-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулж үндсэн зээлийн гэрээний дүн нь 160.000.000 төгрөгөөр тохиролцоод зээлийн хүүний дүнд 32.973.333 төгрөг буюу нийт 192.973.333 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан байдаг. Улмаар иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас хамаарч одоог хүртэл тансаг зэрэглэлийн том м.кв талбай бүхий хувийн орон сууцнуудын борлуулалт муу байгаагаас үүдээд зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүсч нийт манай зүгээс 6.186.670 төгрөг төлсөн бөгөөд улмаар 2015 оны 12 сарын 18-ны байдлаар талууд харилцан тохиролцон Бизнесийн зээлийн гэрээний үлдэгдэл 234.167.000 төгрөг байхаар тохиролцож хүүг зогсоосон байдаг. Талууд Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг нэхэмжлэгч Ж.Г барьцаанаас чөлөөлөн буцаан шилжүүлж, Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг 234.167.000 төгрөгийг төлөх хүртэл хариуцагчийн өмчлөлд байх ба эзэмшил нь нэхэмжлэгчийн мэдэлд байхаар тохиролцож гараар бичиг, баримт үйлдэж уг баримтыг хариуцагч өөртөө хадгалсан байдаг. Тэгээд тухайн өдөр буюу 2015 оны 12 сарын 18-нд уг тохиролцооны дагуу нотариат орж гэрээний зүйл болох 234.167.000 төгрөгийг төлж дуусгасан хэмээн худал мэдүүлж дүр үзүүлсэн, халхавчилсан хэлцэл болох нь Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ №3742-г хариуцагч МВК ББСБ ХХК-ийн захирал М.Угийн эгч М.Ө ямар ч итгэмжлэл, төлөөлөх эрхгүйгээр гарын үсэг зурж МВК ББСБ ХХК-д шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал 2018 онд санхүүгийн боломжит нөхцөл үүсэнгүүт хариуцагч талруу утсаар ярьж 234.167.000 төгрөгөө төлж байраа буцааж авахыг хүссэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, цаашлаад утсаа авахгүй байсан тул анх гэрээ хийж зээл авсан үеийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах албан ёсны хаяган дээр нь очсон боловч байхгүй нүүсэн байсан. Үүнээс хойш талууд 2019 он гараад утсаар холбогдон уулзаж нэхэмжлэгч талаас тохиролцоо хэвээрээ учир үйл баримтын объект болох 23/1 тоот байрыг 100%-ийн гүйцэтгэлтэй супер засвар хийсэн тул зах зээлийн ханшаар нь зөрүүг нь өгөөд худалдаж ав, эсвэл яг ижил м.кв бүхий 90%-ийн гүйцэтгэлтэй байрыг зөрүүг нь өгөөд ав үгүй бол энэ хамтран өмчлөгч болж байгаад борлуулаад мөнгөө гаргаж авцгаах шударга ёсны санал тавьсан боловч хариуцагч бодож үзээд буцаад саналаа хэлье гэж хэлээд байхгүй байж байгаад 2019 оны 04 сарын 17-ны өдөр 19/59 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр энэхүү байрыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн бичиг ирүүлсэн байна.

Одоог хүртэл нэхэмжлэгч уг байрыг эзэмшиж байгаа бөгөөд энэ хугацаанд 100% гүйцэтгэл бүхий супер засвар хийн эзэмшиж байна. Тухайн үеийн 90%-ийн гүйцэтгэлтэй, дотор засал хийгээгүй үеийн үнэлгээ гэхэд л зах зээлийн ханш 1 м.кв нь 2.000.000 төгрөгөөс буухгүй байсан бөгөөд 600.000.000 орчим төгрөгөөр яг ижил байрыг борлуулж байсан байна. Одоо энэхүү байр нь зуучлалын компаниар борлуулахаар гэрээний үнэ 1 м.кв нь 2.200.000 төгрөг бөгөөд зуучлалын компани цааш нь борлуулалтын үнэ 1 м.кв-ыг 2.400.000 төгрөгөөр борлуулж байгаа билээ. Хариуцагчийн энэхүү үйлдэл нь анх 160.000.000 төгрөгөөр зээлийг хүүгийн төлбөрөө нэмээд 234.167.000 төгрөг болгож өсгөж төлөхөөр зээлийн хүүгээ зогсоож, төлсөн тохиолдолд буцаан шилжүүлэх хэлцлээсээ ухарч нэхэмжлэгчийн 700-аад сая төгрөгийн өнөөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг булаан авахаар санаарахсан хууль зөрчсөн үйлдэл байна. Иймээс талууд харилцан тохиролцохгүй гэдэг нь тодорхой болсон бол хуулийн дагуу өөрт Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу болон 2015 оны 04 сарын 16-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ-ний 11.2-т Хэрэв талууд гэрээнээс үүссэн маргааныг гэрээний 11.1-т заасны дагуу шийдвэрлэж чадахгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсний дагуу шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа: Энэхүү хэргийн үйл баримт нь 1. Иргэн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэсэн тул нэхэмжлэлд дурдагдсан гэрээнүүд энэхүү хугацааг бүрэн хангаж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээр байна.

2. Монгол Улсын иргэн Ж.Г болон МВК ББСБ ХХК-д нар нь 2015 оны 04 сарын 16-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ болон зээлийн барьцаануудын гэрээнүүдийг байгуулж 2015 оны 12 сарын 18-нд талууд тухайн гэрээний нийт төлбөрийг 234.167.000 төгрөг байхаар тохирч зээлийн хүүг зогсоон барьцааны гэрээг цуцалж чөлөөлөн Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийн 234.167.000 төгрөгийг төлөх хүртэл хариуцагчийн өмчлөлд байх ба эзэмшил нь нэхэмжлэгчийн мэдэлд байхаар тохиролцож гараар бичиг, баримт үйлдэж уг баримтыг дараа аливаа маргаан гарахад үндсэн хэлцэл хэмээн үзэхээр тохиролцон хариуцагч өөртөө хадгалан улмаар нотариатад 234.167.000 төгрөгийг төлж дуусгасан хэмээн худал мэдүүлж дүр үзүүлсэн, халхавчилсан хэлцэл болох Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ №3742-г харицагч МВК ББСБ ХХК-ийн захирал М.Угийн эгч М.Өлзийчимэг ямар ч итгэмжлэл, төлөөлөх эрхгүйгээр гарын үсэг зурж, МВК ББСБ ХХК-д шилжүүлсэн байна. Энэхүү хууль зөрчиж хариуцагч өөрт өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.2-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56.5-ийн дагуу энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Мөн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ №3742-г байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу Нотариатын тухай болон Иргэний хуулийн 243.1-ийг зөрчиж байгуулсан байна. Учир нь энэхүү гэрээг Иргэний хуулийн 243.1 дэх хэсгийн шаардлагад нийцсэн байна гэсэн боловч нэг талаас эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн боловч нөгөө тал үнийг төлсөн талаар ямар ч баримт нотолгоо байхгүй байхад энэхүү гэрээг үнийг төлсөн хэмээн үзэж Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.Алтай баталсан байна. Мөн уг гэрээг худалдан авагч талыг төлөөлж төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж байгуулсан байна. Эдгээр үйл баримтуудаас үзэхэд хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг нь нотлогдож байна.

4. 2015 оны 04 сарын 16-ны өдрийн Бизнесийн зээлийн гэрээ-ний 7.1.3-т Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй буюу гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тохиолдолд Зээлдүүлэгч энэ гэрээний салшгүй хэсэг болох Барьцааны гэрээгээр барьцаалсан эсхүл....хуульд заасан журмаар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгүүлэх гэсний дагуу барьцааны зүйлээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчиж, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийж хариуцагч бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авахаар санаархаж байна.

Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр тооцож, Иргэний хуулийн 492.1-д заасны дагуу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

МВК ББСБ ХХК нь 2015 оны 12 сарын 18-ны өдөр иргэн Ж.Гтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ-1 гудамж, 23/1 тоот хаягт орших Ү-.... үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар бүхий 290.74 м.кв хэмжээтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Гэтэл уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болох манай компанийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон хууль бус үйл ажиллагаануудыг өнөөдрийг хүртэл хэн нэгэн этгээдүүд явуулсаар байгаагийн нэг нь энэхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа Ж.Г юм.

Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компанид дээрх орон сууцыг худалдсан гэрээгээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа бөгөөд үндэслэлээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, худалдан авагчийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан, үнэ төлөгдөөгүй гэсэн үндсэн гурван фактыг заасан байна. Эдгээр нь бүгд үндэслэлгүй гэж үзэж дараах байдлаар няцааж байна.

1. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэх тухайд: Нэхэмжлэгч Ж.Г бид орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа өөр ямар нэгэн нууц гэрээ хэлцэл хийж, түүнийгээ халхавчлах зорилгоор орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан явдал огт байхгүй бөгөөд хэрвээ тийм бол нэхэмжлэгч үүнийгээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт ямар нэгэн баримт огт авагдаагүй байна.

2. Төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэх тухайд: Уг гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан хүн нь огт төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэхгүй бөгөөд манай компанийг төлөөлж тухайн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй этгээд мөн. Түүнчлэн уг гарын үсгийг зурсан нь манай компанийн эрхийг зөрчсөн үйлдэл биш учраас компанийн зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй, цаашид ч гаргахгүй болно. Хэрвээ төлөөлөх эрхгүй этгээд байсан тохиолдолд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтад Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан хуулийн зохицуулалт нэгэнт байгаа учраас үүгээр уг хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдох үндэслэлгүй байна.

3. Худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөгдөөгүй гэх тухайд: Гэрээний 3 дугаар зүйлд Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 234.167.000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2015 оны 12 сарын 18-ны өдөр төлж дуусгасан гэж, 7 дугаар зүйлд Нэмэлт нөхцөл: Төлбөр тооцоо дууссан гэж тус тус зааснаар төлбөр тооцоо дуусгавар болсон нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах ямар ч үндэслэл байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч МВК ББСБ ХХК-д холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах №3742 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж, 23/1 тоот хаягт байрлах, 290.74 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, ...........тоот гэрчилгээ, Ү-.... тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Дараах үйл баримт тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасанд хамаарч байх тул шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

Хэргийн хариуцагч болох МВК ББСБ ХХК-тай нэхэмжлэгч Ж.Г, хамтран зээлдэгч Э.А нар нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Бизнесийн зээлийн 130 дугаартай гэрээг байгуулж, зээлдүүлэгч компаниас зээлдэгч нар нь 160 000 000 төгрөгийг, зээлийн сарын хүү 4,0 хувь, жилийн 48 хувь байх бөгөөд зээлийн хүүг зээлийг зээлдэгчид олгосон өдрөөс эхлэн тооцох, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь зээлийн хүүгийн 20 хувь байх, зээл хуваарьт хугацаандаа төлөгдөөгүй өдрөөс эхлэн төлбөл зохих зээлийн төлбөрийн үлдэгдлээс тооцох, зээлийн гэрээний хугацааг гэрээг байгуулсан өдрөөс хойш 6 сар байхаар харилцан тохиролцжээ.

Мөн хариуцагч компани нь нэхэмжлэгч Ж.Гтэй тухайн өдөр Зээлийн барьцааны гэрээг байгуулж, 130 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамж, 23/1 тоотод байршилтай ҮХХБ-ийн гэрчилгээний 000373265, Ү-.... дугаарт бүртгэгдсэн, 90 хувийн гүйцэтгэлтэй, 290,74 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 87/3 дугаар байрны подвалын 5 тоот, ҮХХБ-ийн гэрчилгээний 000239623, Ү-2205029313 дугаарт бүртгэгдсэн, 68,12 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай подвал зэргийг тус тус барьцаалсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүдийн хугацаа дуусгавар болсноор талууд харилцан тохиролцсоны улмаас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах №3742 гэрээ байгуулсан байна.

Маргалдагч талууд нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах №3742 гэрээг байгуулсан ба уг гэрээг хариуцагч компанийн үүсгэн байгуулагч М.Уг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал М.Ө нь нэхэмжлэгч Ж.Гтэй хийсэн, тухайн гэрээний 1 дэх заалтад Худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ-1 гудамж, 23/1 тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, ...........тоот гэрчилгээ, Ү-.... тоот улсын бүртгэлийн дугаартай, 90%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлнэ гэж,

2 дахь заалтад Худалдагч талын шилжүүлэх Үл хөдлөх хөрөнгийн чанар, ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон бусад хүчин зүйл нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсгийн шаардлагад нийцсэн байна. гэж,

3 дахь заалтад Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 234 167 000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2015.12.18-ны өдөр төлж дуусгасан гэж,

4 дэх заалтад Уг үл хөдлөх хөрөнгө нь худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй болно гэж,

5 дахь заалтад Гэрээ нотариатчаар гэрчлэгдэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж,

6 дахь заалтад Уг гэрээг гэрчлүүлэхтэй холбогдон гарах зардлыг хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж,

7 дахь заалтад Нэмэлт нөхцөл: Төлбөр тооцоо дууссан гэж заасан ба гэрээний талууд гарын үсэг зурж, тухайн гэрээг хийсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх тул 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр МВК ББСБ ХХК-ийн захирал М.Уг төлөөлж М.Өлзийчимэг болон Ж.Г нарын хооронд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах №3742 гэрээ бичгээр байгуулагдсан байна гэж шүүх дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч талын шаардах эрхийн үндэслэл болгож буй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна гэсэн боловч нэг талаас эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн боловч нөгөө тал үнийг төлсөн талаар ямар ч баримт нотолгоо байхгүй байхад энэхүү гэрээг үнийг төлсөн хэмээн үзэж Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.Алтай баталсан нь хууль зөрчсөн гэж маргаж байгаа үйл баримт нь анхны зээлийн гэрээний дагуу хариуцагчаас тохиролцож авсан зээлээ, хугацаанд нь төлж барагдуулаагүй, тухайн гэрээний хугацаа дууссаны улмаас өмнөх гэрээний харилцааг дуусгавар болгоод Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах №3742 гэрээг хийж, уг гэрээгээр талуудын тохиролцсон зүйлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.Агийн баталсан нотариатын үйлдлийг хууль зөрчсөн гэж маргасан боловч тэр талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж маргасан үндэслэлээ 2015 оны 12 дугаар сарын 18-ны байдлаар талууд харилцан тохиролцож Бизнесийн зээлийн гэрээний үлдэгдлийг 234.167.000 төгрөг байхаар тохирч хүүг зогсоосон, Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг нэхэмжлэгч Ж.Г барьцаанаас чөлөөлөн буцаан шилжүүлж, Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг 234.167.000 төгрөгийг төлөх хүртэл хариуцагчийн өмчлөлд байх ба эзэмшил нь нэхэмжлэгчийн мэдэлд байхаар тохиролцож гараар бичиг, баримт үйлдэж уг баримтыг хариуцагч өөртөө хадгалсан гэсний дагуу шүүх хариуцагчаас энэ талаархи баримтыг гаргуулах ажиллагааг хийсэн боловч нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа баримт хариуцагч талд байхгүй гэснээр энэхүү үйл баримт нь нотлогдоогүй.

Хариуцагч МВК ББСБ ХХК-ийн захирал М.У байх бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15/18 дугаартай тушаалаар М.Өлзийчимэгийг тухайн компанийн гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулсан, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, цалин хөлс олгогдож байсан үйл баримтын талаархи бичгийн нотлох баримтууд хэргийн 41, 44-58 дугаар талд авагдсан байна.

Нэхэмжлэгч тал гэрээг 1/. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна гэсэн боловч нэг талаас эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн боловч нөгөө тал үнийг төлсөн талаар ямар ч баримт нотолгоо байхгүй 6.186.670 төгрөг төлсөн байхад энэхүү гэрээг үнийг төлсөн хэмээн үзэж Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.Алтай баталсан нь хууль зөрчсөн, 2/. 2015 оны 12 сарын 18-ны байдлаар талууд харилцан тохиролцож Бизнесийн зээлийн гэрээний үлдэгдлийг 234.167.000 төгрөг байхаар тохирч хүүг зогсоосон, Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг нэхэмжлэгч Ж.Г барьцаанаас чөлөөлөн буцаан шилжүүлж, Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг 234.167.000 төгрөгийг төлөх хүртэл хариуцагчийн өмчлөлд байх ба эзэмшил нь нэхэмжлэгчийн мэдэлд байхаар тохиролцож гараар бичиг, баримт үйлдэж уг баримтыг хариуцагч өөртөө хадгалан улмаар нотариатад 234.167.000 төгрөгийг төлж дуусгасан хэмээн худал мэдүүлж дүр үзүүлсэн, халхавчилсан хэлцэл хийсэн, 3/.Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ №3742-г хариуцагч МВК ББСБ ХХК-ийн захирал М.Угийн эгч М.Өлзийчимэг ямар ч итгэмжлэл, төлөөлөх эрхгүйгээр гарын үсэг зурж, МВК ББСБ ХХК-д шилжүүлсэн зэргийг хууль зөрчсөн гэсэн 3 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдал нь талууд гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, улмаар гэрээний заалтыг хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болсон талаарх хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдсэн ба шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шаардлага үндэслэлээ нотлох үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.

Гэрээг МВК ББСБ ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд М.Өлзийчимэг гарын үсэг зурсан гэсэн тайлбар үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй байна. Тус компани нь М.У гэсэн нэг үүсгэн байгуулагчтай хязгаарлагдмал хариуцлагатай компани болох нь компаний 000139146 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбар мэтгэлцээнээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1, 245 дугаар зүйл, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар гэрээний зүйлийн онцлогт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа тохиолдолд өмчлөгчийн эрхийг баталгаажуулах, бүртгэх зорилгоор нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх талаар хуулиар нэмэлт ерөнхий шаардлагыг тогтоосон байдаг нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан зохицуулалттай уялдаж тайлбарлагдана.

Энэхүү шаардлагыг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зохицуулсан бөгөөд уг заалтын хуулиар тогтоосон хэлбэр гэдэгт мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.10-т заасан бичгийн хэлбэртэй байгуулагдах хэлцлүүдээс гадна хуульд заасан тохиолдолд нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх нэмэлт шаардлагатай хэлцлүүдийг хамааруулж ойлгохоор байна.

Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл нь гэрээний талуудын үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдолгүй, гэрээг байгуулсан талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэхгүй тул хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх, энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй юм. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч МВК ББСБ ХХК-ийн төлөөлөгч М.Өлзийчимэг болон Ж.Г нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах №3742 гэрээг нотариатаар гэрчлүүлсэн нь тогтоогдсон, бодит байдалд уг гэрээг үндэслэн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Гээс МВК ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бүртгэл эрх бүхий байгууллагаар хийгдсэн, талууд гэрээний үүргээ гүйцэтгэснээр гэрээ хэрэгжиж дууссан, гэрээг байгуулснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 243-261 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл, худалдах худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэхээр тусгайлан зохицуулаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээр зохицуулсан нь гэрээний агуулгад холбогдолгүй, хэлбэрийн шаардлага гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэж, харин хуулийн 43.2.3-т заасан зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдолгүй гэж дүгнэсэн болно.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр тооцуулах, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс шаардсан нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйл 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр олж авсан этгээд нь уг эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч МВК ББСБ ХХК-ийг нэхэмжлэгч Ж.Гийн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байх тул энэ хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

Иймээс талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МВК ББСБ ХХК-нд холбогдох, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах №3742 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж, 23/1 тоот хаягт байрлах, 290.74 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, ...........тоот гэрчилгээ, Ү-.... тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ж.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /1 329 000+70 200/ нийт 1 399 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ