2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/419

 

 

 

 

 

 

 

 

  2025       02          07                                       2025/ШЦТ/419

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч Б.Амармөрөн,

шүүгдэгч В.Л нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхмид нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Лд холбогдох эрүүгийн “2409000002092” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, В.Л

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Л өөрийгөө цонхны үйлдвэрт ажилдаг вакум цонх хийж өгнө гэж Э.Пыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон итгэл үнэмшил төрүүлэн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Э.Па нь Сүхбаатар дүүргийн ... байхад нь Хаан банкны ... тоот данс руу 585,000 төгрөг, бэлнээр 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, нийт 605,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Л: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр мэдүүлэх зүйл байхгүй. гэх агуулга бүхий мэдүүлэг өгөв.

          Шүүгдэгч В.Л нь өөрийгөө цонхны үйлдвэрт ажилдаг вакум цонх хийж өгнө гэж Э.Пыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон итгэл үнэмшил төрүүлэн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Э.Па нь Сүхбаатар дүүргийн .... байхад нь Хаан банкны ... тоот данс руу 585,000 төгрөг, бэлнээр 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, нийт 605,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Э.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэр лүү орох гэж байгаад манай гудамжинд амьдардаг В.Л гэдэг залуутай таараад юм ярьж байгаад вакум цонх хагарсан гэж хэлсэн чинь би цонхны үйлдвэрт ажиллаж байгаа, би хийгээд өгье гээд манай гэр лүү орж цонхны хэмжээ аваад явсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ... гэсэн дугаараас В.Л яриад цонхны материал авах гэсэн юм мөнгөө шилжүүлээрэй гээд байхаар нь В.Лын Хаан банкны 5072171034... дугаартай данс руу 585,000 төгрөг шилжүүлсэн мөн бэлнээр 20,000 төгрөг өгсөн. Тэгээд цонх 7 хоногийн дараа гарна гэсэн боловч одоог хүртэл утас нь холбогдохгүй гэртээ ирэхгүй алга болсон.’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Хохирогч Э.Пын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... В.Лын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ... тоот данс руу 585,000 төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 11 дэх тал/,

- Шүүгдэгч В.Лын Хаан банкны ... тоот дансны хуулга болон үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 27-30 дахь тал/,

- Шүүгдэгч В.Лын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн: “...2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... тоот гэрийн урд худаг дээр байхдаа Төмөрөө ахтай таараад нөгөө ажлыг хийлгэмээр байна гээд бид 2 гэр рүү нь ороод тухайн цонх хийх хэмжээг аваад гарсан. Тэгээд маргааш нь цонхныхоо материалыг авъя гээд Төмөрөө ах руу яриад өөрийн Хаан банкны ... дугаарын дансанд 585,000 төгрөг шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 - Шүүгдэгч В.Лын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: “...өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар тодорхой ярьсан болохоор нэмж ярих зүйл байхгүй байна. Ер нь бол юм хийж өгнө гээд мөнгө авсан нь үнэн, хийж өгөөгүй удсан нь үнэн, миний буруу...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-07 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч В.Лыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

            Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл, ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

            Хэргийн тухайд шүүгдэгч В.Л нь хохирогч Э.Пад өөрийгөө цонхны үйлдвэрт ажилдаг вакум цонх хийж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Э.Пад 605,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч В.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч В.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

            Иймд шүүгдэгч В.Лын сарын хөдөлмөрийн хөлс, орлогыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Э.Па нь “...В.Лаас хохирол төлбөрөө бүрэн авсан, ямар нэгэн гомдол саналгүй.” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 19 дэх тал/ баримт байх тул шүүгдэгч В.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч В.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В.Л-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Лыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Лд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн хохиролд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ