| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2016/01717/И |
| Дугаар | 181/ШШ2017/00518 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2017/00518
| 2017 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 181/ШШ2017/00518 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Э ХХК,
Нэхэмжлэгч: Ж.А нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Д-д холбогдох,
Орон сууцны хөнгөлөлт 30,082,800 төгрөг, үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг, нийт 37,582,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-ийн ажилтан Л.Д нь энэ байгууллагад 2013 оноос хойш 2015 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. А ХХК нь сайн тогтвор суурьшилтай ажиллана гэсэн ажилчдын өргөдлийг үндэслэн зарим ажиллагсаддаа байр олгох, хөнгөлөлт үзүүлэх, нөхцлийг бүрдүүлэх талаар ярилцан, 2014 оны 12 сарын 28-ны өдөр үүнийг шийдвэрлэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Л.Д нь 2014 оны 12 сарын 12-ны өдөр байр хүссэн өргөдөл гаргасан ба түүний ажиллаж байгаа байдлыг харгалзан А ХХК-иас шийдвэр гарган, улмаар Ц ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, ... байрны 48,58 м2 талбайтай 3 тоот орон сууцыг банкны зээлээр авсан юм. Хэрэгт Ц ХХК-ийн байгуулсан гэрээ нотлох баримтаар авагдсан байдаг. А ХХК болон Ц ХХК-иуд нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг захиралтай компаниуд юм. Манай компанийн дотоод журамд зааснаар компанид ороод тасралтгүй 3-5 жил үр бүтээлтэй ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах ажилтныг мөнгөн шагнал болон бусад хэлбэрээр урамшуулж болох ба бусад урамшуулал гэдэгт автомашин, орон сууц зэрэг бодит хөрөнгөөр урамшуулах, эсхүл тэдгээрийн үнийг тодорхой хувиар хөнгөлөх зэрэг туслалцааг багтаахаар заасны дагуу түүнд байрны хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан. Л.Д-н бичиж өгсөн өргөдлийг үндэслэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Бусдад 1 м2-ыг нь 2,200,000 төгрөгөөр худалдаж байсан орон сууцыг 30% хөнгөлөлт үзүүлэн 1,650,000 төгрөгөөг худалдан авах боломжийг олгосон. Банкны зээл авахын тулд зайлшгүй төлөх шаардлагатай байдаг 30%-ийн урьдчилгаа болох 30,082,800 төгрөгийг компаниас төлж хөнгөлөлт үзүүлсэн. Мөн Л.Д нь Ариун ээл ХХК-ийн захирал Ж.А-с 5,000,000 төгрөг зээлэн авч орон сууцны урьдчилгаанд өгсөн байдаг. Байр авсны дараа энэ хүнтэй холбоотой янз бүрийн асуудал гарсаар улам даамжирч 2015 оны 10 сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Хөдөлмөрийн дотоод журмын 11.5-д зааснаар хэрэг ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчин урамшуулал олгосноос хойш 1 жилийн дотор ажлаас халагдах, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх зэрэгт компаниас олгосон урамшууллыг ажил олгогч бодит хэлбэр ба мөнгөн байдлаар буцаан нэхэмжлэх эрхтэй. Мөн хөдөлмөрийн гэрээний 11.5-д зааснаар ажилтан байгууллагаас автомашин, орон сууцаар хангасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тохиолдолд тасралтгүй гурван жил ажиллана. Компаниас олгосон автомашин, орон сууцны урамшууллыг тухайн ажилтан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд үл маргах журмаар компанийн мэдэлд буцаан шилжүүлнэ гэж заасан байдаг. Иймд компанийн зүгээс нэгэнт гэрээнд заасан үүргээ зөрчсөн Л.Д-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрх зүйн үндэс бүрдэж байгаа учир Л.Д-ийн өмнөөс Хаан банкинд төлсөн 30,082,800 төгрөг, уг орон сууцыг худалдан авахад зээлдүүлсэн 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт 7,500,000 төгрөг, нийт 37,582,800 төгрөгийг Л.Д-ээс гаргуулахаар шаардаж байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Д-ийн гаргасан тайлбар тооцооноос 2015 оны 01 сард байрны зөрүү гэж төлсөн 193,000 төгрөг болон А ХХК-д ажиллаж байх үеийн 2015 оны 9 сарын цалингийн үлдэгдэл болох 318,745 төгрөгийг тооцох үндэслэлтэй гэж хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх тооцоог хасч 29,570,000 төгрөг болон зээл, хүүгийн хамт 7,500,000 төгрөг, нийт 37,070,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оноос 2015 оны 9 сар хүртэлх хугацаанд тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тус компани нь барилга барьдаг. 2013 онд намайг ажилд ороход замын цагдаагийн хойно 130 айлын орон сууцны барилга баригдаж 2014 оны 12 сард ашиглалтанд орсон. Хаан банкны ипотекийн 8%-ийн зээлд хамрагдаж компаниас байр авсан. Авсан байрны 1м2-ын үнэ нь 45,58 хэмжээтэй. Компанийн нэхэмжилж байгаа 30% болох 30,082,800 төгрөгийн тухайд, тус компанид өргүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ дурдсанчлан байрны үнийг 1м2-ыг нь 1,650,000 төгрөгөөр авсан болно. 45.58 м2 х 1,650,000 = 75,207,000 болж байна. Төлбөр төлөлтийн тооцоны тухайд 2014 онд урьдчилгаа 1,000,000 төгрөг бэлнээр төлсөн, 2015 оны 01 сарын 23-ны өдөр 70,000,000 төгрөгийг Хаан банкны зээлээр төлсөн, 193,000 төгрөгийг дансаар төлсөн, 2015 оны сүүл сарын цалин 318,745 төгрөг, надаас худалдаж авсан 36 ширхэг хурганы арьсны мөнгийг өгөөгүй тул 36 х 25,000 төгрөг 144,000 = 756,000 төгрөг. Иймд миний төлсөн мөнгө 72,267,745 төгрөг болсон. Нэгэнт худалдсан миний өмчлөлд шилжсэн байрны хаалгыг 2015 оны 9 сарын 30-ны өдөр компаниас хаалгыг эвдэж орж суулгасан хаалгаа сугалж авсан. Тэр үед захирал Ж.А руу ярьж асуухад 1,000,000 төгрөгийн үнэтэй хаалга өгөхгүй гэсэн. Иймд захирлын өөрийнх нь хэлснээр байрны төлбөрөөс хасаж төлөх нь шударга гэж үзэж байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс 2015 оны 10 сарын 04-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээ өгсөн байсан. 2015 оны 01 дүгээр сард Хаан банкаар дамжуулж Л.Д-д 5,000,000 төгрөгийн зээл олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Нөхөж хийсэн буюу дүр үзүүлж хийсэн гэдэг утгаараа хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц ХХК-ийн ерөнхий захирал нь Ж.А, гүйцэтгэх захирлаар 2010 оноос хойш Ц.О ажиллаж ирсэн. Ц ХХК барилга барих тусгай зөвшөөрөлтэй учраас ... гэсэн 4 блок байруудыг барьж, ашиглалтанд оруулсан. Баригдсан орон сууцны дийлэнх нь Цагдаагийн байгууллагад шилжин, манайх 16 орон сууцыг худалдан борлуулах эрхтэй болсон. Эдгээр орон сууцыг 1 м2-ыг нь 2,2-2,6 сая төгрөгөөр худалдсан байдаг. А ХХК-ийн ажиллагсдад хөнгөлөлттэй үнээр худалдахаар хоёр компанийн удирдлагын зүгээс шийдвэрлэсэн. Хотын төвд барилга барьж байгааг ашиглан А ХХК ажиллагсаддаа хэдэн орон сууцыг өгье гэсэн санал гаргахад зөвшөөрсөн. Тэгээд 59г байрны 3 тоот орон сууцыг Л.Д-д олгохоор шийдвэрлэсэн. Уг байрыг худалдах, худалдан авах гэрээг Ц ХХК-ийн нэрээр хийсэн, үүний учир нь тухайн барилгыг тусгай зөвшөөрөлтэй Ц ХХК барьж, борлуулалтыг нь А ХХК хариуцсан юм. Улсын комисст тусгай зөвшөөрөлтэй Ц ХХК хүлээлгэн өгсөн нь улсын бүртгэлд бүртгүүлэхэд амар байх үүднээс дээрх гэрээг Л.Д-тэй Ц ХХК байгуулсан юм. Гэхдээ үнэ бат төлбөрийн асуудлыг шийдвэрлэх эрхийг А ХХК-д шилжүүлж, компани хоорондын тооцоог тусад нь хийсэн. Тухайн үед Л.Д нь А ХХК-ийн ажилтан байсан, банкны 8 хувийн зээлд хамрагдахад баримт бичиг нь ажил олгогч Ариун ээл ХХК-иас гарах, мөн ажилтандаа хөнгөлөлт үзүүлэх талаар хэлэлцэж, шийдвэр гарсан байсан тул байрны үнийн хэдэн хувийг А ХХК хариуцах, хэдийг нь ажилтан хариуцах эрхийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх нь зөв байсан учир худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хүлээн авах эрхийг А ХХК-д шилжүүлсэн юм. Иймд Л.Д-н худалдан авсан байрны төлбөр тооцооны асуудлыг Ариун ээл ХХК хариуцах, төлбөр тооцооноос үүдэлтэй шаардлагыг хэрэгжүүлэх бүрэн эрх нь байгаа гэж үзэж байна. Л.Д-н худалдан авсан байр нь 2,200,000 х 45.58 = 100,276,000 төгрөг болдог. Энэ үнийн тооцоог А ХХК-ийн агуулахаас барилгын материал шилжүүлэн авч тайлан тооцоогоор хаасан байдаг. Эдгээр компаниудын захирал нь нэг боловч тус тусдаа бие даасан хуулийн этгээд туд тооцоо ч тусдаа хийгддэг. Тэгэхээр нэг талаас Ц ХХК нь байрыг худалдсан гэх утгаар шүүхээр маргаж байгаа маргаан хамааралтай байгаа боловч түүний үнийг А ХХК-тай нийлж дуусгасан тул Л.Д-н худалдан авсан байрны үнийн хувьд манай компанийн эрх хөндөгдөхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь орон сууцны хөнгөлөлт 29,570,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.А нь зээлийн гэрээний үүрэг 7,500,000 төгрөг тус тус нэхэмжилснийг хариуцагч Л.Д эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэг. Орон сууцны хөнгөлөлт 29,570,000 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн шаардлагын тухайд,
Л.Д нь А ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь талуудын хооронд 2014 оны 5 сарын 01-ний өдөр болон 2015 оны 01 сарын 03-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-гээр нотлогдож байна. /хх-11х, хх-29х/
Уг хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар ажилтан нь ажил олгогчоос 1,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй урамшуулал авсан тохиолдолд тухайн урамшуулал авсан өдрөөс хойш байгууллагадаа тасралтгүй 5 жил ажиллах үүрэг хүлээхээр заажээ. /хх-12х/
Мөн хэрэгт авагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 11 дүгээр зүйлийн 11.3, 11.5-д компанийн зүгээс идэвх санаачилгатай ажиллаж байгаа ажилтанг автомашин, орон сууцны үнийн тодорхой хувийг төлж урамшуулах, ийнхүү урамшуулал олгосноос хойш 1 жилийн дотор ажлаас халагдах, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд компани нь олгосон урамшууллаас татгалзах, мөнгөн болон бодит хэлбэрээр буцаан нэхэмжлэх эрхтэй хэмээн заасан байх ба энэ нь сайн ажиллаж буй ажилтанаа урамшуулах, дэмжих, түүнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготой байна. /хх-13-18х/
Дээрх дурдсан урамшууллын тогтолцоо нь Хөдөлмөрийн хуульд харшлаагүй байх ба талуудын хооронд харилцан тохиролцсон энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаанд хамаарах бөгөөд нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарах юм.
Улмаар, Ц ХХК болон Л.Д нар 2014 оны 7 сард Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулан, ... тоот хаягт байршилтай, 2 өрөө 45.58 м2 талбайтай орон сууцыг 1 м2-ыг нь 2,200,000 төгрөгөөр буюу 100,276,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, Л.Д-с А ХХК-д урьдчилгаанд 1,000,000 төгрөгийг тушаажээ. /хх-31х, 32-33х/
А ХХК болон Ц ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ж.А мөн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4х/, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байх ба уг барилгыг Ц ХХК ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад хялбар учир Ц ХХК-ийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч болон гуравдагч этгээд тайлбарлаж байна.
А ХХК болон Ц ХХК-иудын 2014 оны 11 сарын 03-ны өдрийн болон 2014 оны 12 сарын 05-ны өдрийн хурлын протолоос үзэхэд байр худалдах гэрээ нь аль ч компаниар байсан А ХХК-ийн ажилчдад хөнгөлөлт үзүүлэх, 59г байрны 2 тоот, 3 тоот, 13 тоот, 59в байрны 7 тоот, 59в байрны 26 тоот зэрэг орон сууцыг ажилчиддаа хөнгөлөлттэй өгөх, 1 м2-ыг нь 2,200,000 төгрөгөөр бодож олгоод, урьдчилгаа 30%-ийг компани хариуцах, зээлд хамруулан зээлийн урьдчилгааг компани хариуцах, борлуулалтын эрсдлийг А ХХК-д шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Иймд А ХХК болон Ц ХХК-иуд нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг захиралтай аж ахуйн нэгжүүд бөгөөд худалдах, худалдан авах гэрээг аль нь байгуулахаас үл хамаараад А ХХК шаардах эрхтэй гэж гуравдагч этгээд тайлбарладаг, мөн А ХХК-ийн ажилчдад, А ХХК-ийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн хөнгөлөлт үзүүлсэн учир А ХХК-ийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.
Хариуцагч Л.Д орон сууцыг 1,650,000 төгрөгөөр худалдан авсан хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь Ц ХХК-тай байгуулсан Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ /2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-40х, 102х/ , А ХХК-ийн Хаан банкинд гаргасан тодорхойлолт /хх-57х/ зэрэг бичгийн нотлох баримтаар няцаагдаж байна.
Түүнчлэн, 2014 оны 02 сарын 15, 2014 оны 02 сарын 25, 2014 оны 8 сарын 28-ны өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ-гээр тухайн цаг үед Ц ХХК нь бусдад орон сууцыг 1 м2-ыг нь 2,200,000 2,400,000 төгрөгөөр худалдаж байсан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А ХХК нь бусдад 1м2-ыг нь 2,200,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан Ц ХХК-ийн барьсан барилгаас өөрийн ажилтан Л.Д-д түүний бичгээр гаргасан хүсэлт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэргийг үндэслэн 30%-ийн хөнгөлөлт буюу 30,082,800 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн, Хаан банкны үл хөдлөх эд хөрөнгийн 70,000,000 төгрөгийн зээлд хамруулан /хх-47-52х/ нийт 100,276,000 төгрөгийн үнэ бүхий 45,58 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг авахад нь дэмжлэг үзүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэв.
Хариуцагч Л.Д нь А ХХК-ийн 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх ба ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан талаар маргаагүй байна. /хх-6х, 7х/
Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу ажилтан Л.Д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч А ХХК учирсан хохирол буюу мөнгөн хэлбэрээр үзүүлсэн хөнгөлөлтөө буцаан шаардах эрхтэй гэж үзэв.
Хариуцагч нь 2014 онд урьдчилгаанд өгсөн 1,000,000 төгрөг, орон сууцны үнэд илүү тушаасан 193,000 төгрөг, 2015 оны сүүл сарын цалин 318,745 төгрөг, худалдаж авсан 36 ширхэг хурганы арьсны үнэ 756,000 төгрөг, эвдэлсэн хаалганы үнэ 1,000,000 төгрөгийг тус тус хасаж тооцох ёстой гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч А ХХК нь уг дүнгээс 193,000 төгрөг болон 318,745 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрдөг бөгөөд анх шүүхэд гаргасан шаардлага болох 30,082,800 төгрөгөөс дээрх үнийн дүнг хасч нэхэмжилсэн байдаг.
Хэдийгээр 30,082,800 193,000 318,745 = 29,571,055 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч АХХК 29,570,000 төгрөгийг нэхэмжилснийг дурдах нь зүйтэй.
Л.Д-с орон сууцны урьдчилгаанд тушаасан гэх 1,000,000 төгрөгийн кассын орлогын баримтыг /хх-31х/ нэхэмжлэгч няцааж чадаагүй учир 29,570,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй.
36 ширхэг хурганы арьсыг нийт 756,000 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авах, уг дүнг орон сууцны үнийн дүнд оруулан тооцох талаар харилцан тохиролцсон болох, А ХХК нь орон сууцны хаалгыг эвдэлсэн, орон сууцны хаалга нь 1,000,000 төгрөг болох нь тус тус баримтаар нотлогдохгүй байх тул дээр дурдсан дүнг нэхэмжлэлийн шаардлагаас хасах үндэслэлгүй байна.
Иймд орон сууцны хөнгөлөлт 28,570,000 төгрөгийг Л.Д-с буцаан гаргуулан, нэхэмжлэгч А ХХК-д олгож, үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хоёр. Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,500,000 төгрөг гаргуулах Ж.А-н шаардлагын тухайд,
Хэргийн 19-р хуудаст Ж.А, Л.Д нарын хооронд 2015 оны 10 сарын 04-ний өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээ авагджээ.
Уг гэрээгээр зээлдүүлэгч Ж.А нь зээлдэгч Л.Д-д 5,000,000 төгрөгийг 2015 оны 2 сарын 19-ний өдрөөс 2015 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, энэхүү зээлийн гэрээг 7 сар гаруй хугацааны дараа нөхөн байгуулсан болох нь зээлийн гэрээ байгуулсан огноо, зээлийн хугацаа зэргээс тодорхой харагдаж байна.
Иймд 2015 оны 10 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу Л.Д нь 5,000,000 төгрөгийг бодитойгоор хүлээн аваагүй байх тул уг гэрээний дагуу Ж.А нь шаардах эрхгүй юм.
Харин хариуцагч нь 5,000,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргадаггүй учир /Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 сарын 04-ний өдрийн 181/ШЗ2016/02396 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн тодорхойлох хэсгийн зохигч талуудын өгсөн тайлбар/ Ж.А-ээс Л.Д-д 5,000,000 төгрөгийг бичгээр хийсэн зээлийн гэрээгүйгээр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан байх ба үүний дагуу зээлдэгч Л.Д нь хүлээн авсан 5,000,000 төгрөгөө Ж.А-т буцаан төлөх үүргийг хүлээнэ.
Талууд анхаасаа зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн хүүг харилцан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар Ж.А нь хүү шаардах эрхгүй байна.
Иймд зээлийн гэрээний үүрэг Л.Д-с 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т олгож, үлдэх 2,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу 7 хоногийн өмнө мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан байх ба хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т зааснаар хариуцагч Л.Д-с 28,570,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д, 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т тус тус олгож, үлдэх 1,000,000 төгрөг болон 2,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 325,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР