2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/450

 

 

 

 

 

 

 

 

  2025        02          10                                      2025/ШЦТ/450

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч Х.Билгүүн,

хохирогч Ч.О,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхмид нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн “2411 00022 1052” дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Ч.Оыг Чингэлтэй дүүргийн ... тоотод амьдарч байх хугацаанд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн оюутны дотуур байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 140 удаагийн гүйлгээгээр 38,748,800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр мэдүүлэх зүйл байхгүй. гэх агуулга бүхий мэдүүлэг өгөв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.О: “...Барагдуулсан хохирол байхгүй. Нийт хохирол 38.000.000 төгрөг. Намайг хуурч залилсан хүн нь Б.М гэдгийг би мэдээд их гайхсан. Бид хоёр өмнө нь нэг дотуур байрт нэг өрөөнд хамт амьдарч байсан. Би Монгол улсын Боловсролын их сургуулийн гадаадын оюутнууд амьдардаг оюутны дотуур байрт амьдардаг байсан. Зөвхөн гадаадаас ирсэн оюутнууд амьдардаг болохоор Монгол оюутнуудын төлбөр нь нэмэгдсэн, төлөхгүй бол сурлагын дүнд чинь нөлөөлнө гээд дандаа мессеж бичээд мөнгө нэхдэг байсан. Нийт хохирлоо нэхэмжилж байна. гэх агуулга бүхий мэдүүлэг өгөв.

          Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

          Шүүгдэгч Б.М нь хохирогч Ч.Оыг Чингэлтэй дүүргийн ... тоотод амьдарч байх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн оюутны дотуур байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оы 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 140 удаагийн гүйлгээгээр 38,748,800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Анх оюутан болоод МУБИС-д ороод 5 дугаар дотуур байрандаа амьдарч байхдаа Б.М гэдэг охинтой хамт амьдарч байсан. Б.Мтай хамт 1 жил хамт амьдарсан. Тэгээд дараа жил нь Б.Мтай хамт дахиад энэ байрандаа амьдаръя гэж ярилцсан. Тэгэхэд Б.Мд эгчийнх нь таньдаг хүн 5 дугаар байранд ажилладаг, бид хоёрыг энэ байранд оруулж өгч чадна гэж хэлж байсан. Тэгээд Б.М тэр хүнтэй очиж уулзахад "Би ажлаасаа гарч байгаа. Миний оронд өөр хүн ирж байгаа" гээд "..." гэсэн фейсбүүк хаягийг, ... дугаарыг өгсөн байсан. Ингээд энэ хүнтэй анх чатаар холбогдож байсан. Тэгэхэд "5 дугаар байранд оруулж өгч болно. Бүртгэл нь эхлээгүй байгаа. Миний данс руу төлбөрөө хийчих. Бүртгэл эхлэнгүүт нь бүртгүүлчихнэ" гээд 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ... тоот Ж гэдэг хүний данс руу би өөрийн ... тоот данснаас 1,050,000 төгрөгийг шилжүүлсэн. Үндсэн төлбөр нь 1,050,000 төгрөг байсан. Өмнө нь бас ийм төлбөрөөр энэ байранд орж байсан юм. Гэтэл 7 дугаар сарын 12-ны өдөр "Зуны түрээс нэмэгдсэн" гээд 170,000 төгрөгийг ... тоот Н гэдэг хүний данс руу 235,000 төгрөгийг "Ж" гэсэн утгатайгаар шилжүүлсэн. 7 дугаар сарын 17-ны өдөр "Бүх сургуулийн жилийн төлбөр нэмэгдээд 1,400,000 төгрөг болсон" гээд ... тоот Н гэдэг хүний данс руу 180,000 төгрөг, дахиад 170,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 8 дугаар сарын 11-ний өдөр найз Б.Мын ... тоот данс руу 600,000 төгрөгийг, 8 сарын 15-ны өдөр 60,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэхдээ яагаад Б.М руу шилжүүлснээ санахгүй байна. Байрны төлбөр л гэж явуулж байсан. “...МУБИС-ийн 5 дугаар байранд нь зөвхөн гадаад оюутнууд ордог, Монгол оюутан байж болохгүй, байрны төлбөрөө улирал улирлаар нь хийх хэрэгтэй, тог усны мөнгө тусдаа төлнө, сарын сүүлээр нэгтгэл тайлан хийнэ, өөр хүний оронд оруулж өгье, тэр хүн мөнгөө дутуу хийсэн байна, мөнгийг нь хийчих, шимтгэлийн мөнгө..." гэх мэт шалтгаанаар 7 өөр хүний дансаар нийт 37,898,000 төгрөгийг шилжүүлж авсан байна.’’ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

- Хохирогч Ч.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин мэдүүлсэн: “...надтай чатлаад байсан Ж гэдэг фейсбүүк хаягтай хүн нь жижигхэн жижигхэн шалтаг хэлээд мөнгө нэмж аваад байсан. Энэ Ж гэдэг фейсбүүк хаяг нь Б.М өөрөө байсан гэдгийг сүүлд мэдсэн. Надад хэлдэг байсан шалтгууд нь "...Сургуулийн санхүү дээр хяналт ирж байгаа, хяналтын газар нь гадаад оюутнуудын байранд Монгол оюутан оруулах гэж байгааг мэдэх гээд байна, Халимаг оюутны оронд 3,500,000 төгрөг хийчих, тэгээд халимаг оюутан нь ирэхээр мөнгийг нь буцаагаад авчих, дахиж мөнгө нэмж төлөхгүй бол мөнгө чинь буцаж орж ирэхгүй, сургуулийн захиргаа гадаад оюутны байранд орох гэж байгааг чинь мэдэх юм бол арын хаалга ашигласан гээд дүнгийн чинь голч буурна, мөнгө нэмж төлөх хэрэгтэй..." гэх зэрэг шалтаг хэлээд бага багаар мөнгө нэмээд аваад байсан.’’ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 132, 177 дахь тал/,

- Гэрч Ц.Эн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Ч.Оын эзэмшлийн данснаас олон удаагийн давтамжтай миний данс руу гүйлгээ хийгддэг байсан. Уг гүйлгээнүүдийг манай найз Б.М нь би байр түрээсэлж байгаа юм. Би байр түрээслэх журмаар өөрийн нэр дээрээ байр худалдаж авах гэж байгаа юм. ... тоот дансыг өөрийнхөө ээжийн данс байгаа юм гэж надад хэлж байсан. Заримдаа Б.М гүйлгээний шимтгэл болгоод 5000 төгрөг, 10000 төгрөг зэргийг өөртөө үлдээгээрэй гэж надад хэлдэг байсан. Би тухайн хэлсэн дүнгээр нь өөрийнхөө дайсанд авч үлдэх тохиолдол байсан. Түүнээс өөрөөр би шилжүүлсэн мөнгөнөөс нь хувьдаа зарцуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

- Гэрч Э.Дн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай ангийн хүүхдийн төрсөн өдөр болдог. Тэр үед найз нь гэх Б.М гэдэг охинтой танилцаж байсан. Тэрнээс хойш Б.Мтай найзууд болоод холбоотой байдаг байсан. Б.М өөрөө хэлэхдээ "Ах эгч хоёр гадаадад байдаг. Байраа надад түрээслүүлдэг. Аав ээж хоёр Архангайд ажиллаж амьдардаг. Аав, ээж хоёр миний байрын түрээсийг төлдөг. Түрээснийхээ мөнгийг чиний данс руу хийчихье. Өөрийнхөө данс руу хийх боломжгүй байна" гээд миний данс руу байрны түрээсийн мөнгөө хийдэг байсан. Би цаг тухайд нь өөрийнх нь данс руу явуулдаг байсан. 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 636,000 төгрөг нь байрны түрээсийн мөнгө гэж хэлж миний данс руу шилжүүлж байсан. Би энэ мөнгийг нь буцаагаад Б.Мын өөрийнх нь ... тоот данс руу нь шилжүүлсэн, гүйлгээний утга дээр нь зүгээр "м" үсэг бичээд явуулсан байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/,

- Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би энэ мөнгөнүүд ямар учиртай мөнгө болохыг сайн мэдэхгүй байна. Би бол Ч.О гэдэг хүнийг танихгүй. Би 2022 оны 12 дугаар сараас эхлээд 2023 оны цагаан сар хүртэл Хэнтий аймгийн Ц сумын Д гэдэг охины барааг зарж өгдөг байсан. Д өөрөө Ц байдаг. Би Багануурт байдаг. Би нэг хэсэг Улаанбаатар хотод ажил хийдэг байж байгаад 2023 оны 8 дугаар сараас л мал дээр гарсан. Д хөдөө байгаа учраас намайг хотод байгаа юм чинь ойр зуурын бараа зараад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрсөн, Тэр юм нь Сибирийн бүтээгдэхүүн гэх нүүр гарын тос, үе мөчийн тос зэрэг ойр зуурын хүний хэрэглээний зүйлс байсан. Мөн хажуугаар ганц нэг алт, монетон ээмэг, бөгж заруулдаг байсан. Зарж өгөөд би тодорхой хэмжээний цалин авдаг байсан. Энэ орж ирсэн мөнгөнүүд нь бүтээгдэхүүн зарсан мөнгө байх л гэж бодож байна. Бараа худалдаж авах хүмүүс гар утсаар холбоо барьдаг байсан. Зарсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг буцаагаад Д өгдөг байсан. Мөн дээрээс нь миний энэ дансаар миний өөрийн ажпын цалин ордог. Би ажил сайн хийдэг хүн. Хотын дүүргүүдээр хэд хэдэн газраар үйлчлэгч хийж явсан. Бас хүүхдүүдээс мөнгө төгрөг орж ирдэг байсан. Миний бүх орлого зарлага маань л энэ дансаар орж гардаг.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/,

- Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Манай найзын найз Б.М нь манай найз А "...Хаан банкны данс хэрэгтэй байна, Дансаа явуулчих. Би эндээс мөнгө явуулъя. Өөр данс руу шилжүүлээд өгөөч" гэж манай найз А надаас асуухаар нь юм бодохгүй дансаа явуулаад мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн. Би тэр мөнгийг буцаагаад А өгсөн данс руу хийсэн. Хувьдаа зарцуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

- Хохирогч Ч.Ооос гаргаж өгсөн “Ж” гэх фэйсбүүк хэрэглэгч, мөн “Б.М.” нэртэй хэрэглэгчтэй тус тус харилцсан захидлын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

- Ч.Оын ХААН банкны ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 21-111 дэх тал/,

- Ц.Энхтуулын Голомт банкны ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 158-239 дэх тал/,

- Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 29/12149 дугаартай албан бичгээр ирүүлсэн ... тоот данснуудын дэлгэрэнгуй хуулгууд /2 дугаар хавтаст хэргийн 33-107 дахь тал/,

- Ц.Э Голомт банкны ... дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 108-111 дэх тал/,

- Ц.Э ... банкинд эзэмшдэг ... дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 112-115 дахь тал/,

- Г.О ХААН банкинд эзэмшдэг ... дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглал /2 дугаар хавтаст хэргийн 116 дахь тал/,

- Ү.Н ХААН банкинд эзэмшдэг ... дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

- Б.Жн ХААН банкинд эзэмшдэг ... дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 119 дэх тал/,

- М.Н ХААН банкинд эзэмшдэг дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 120 дахь тал/,

- Э. ХААН банкинд эзэмшдэг ... дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал/,

- ХААН банкны 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 29/9240 дугаартай “..Болдбаатарын Б.Мын бүртгэлтэй дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.” тухай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 160 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.

            Яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

            Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл, ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

            Хэргийн тухайд шүүгдэгч Б.М нь хохирогч Ч.Оыг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн оюутны дотуур байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оы 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 140 удаагийн гүйлгээгээр 38,748,800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь залиллах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Б.Мд холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн прокурорын газраас 2412 00014 0013 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байх тул түүнд холбогдох хэргүүдийг нэгтгүүлэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногооор хойшлуулж өгнө үү гэх.” хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх ба шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн “2411 00022 1052” дугаартай хэргийг шүүх 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын саналыг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

            Иймд шүүгдэгч Б.Мын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу үргэлжилсэн олон удаагийн үйлдэл, хохирол хор уршгийн хэмжээ буюу гэмт хэргийн улмаас 38,748,800 төгрөгийн хохирол учирч, үүнээс 200,000 төгрөгийг хохирогчид төлж хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүгдэгч Б.М нь хохирлыг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн завсарлуулж хохирогчид учирсан 38,748,800 төгрөгийн хохирлоос 200,000 төгрөгийг хохирогч Ч.От төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Маас 38,548,800 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.От олгох нь зүйтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Маас 38,548,800 /гучин найман сая таван зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн Ч.О-д олгуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуулгасугай.

   6. “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын 292 дугаартай тогтоолоор шүүгдэгч Б.Мын Хаан банкинд бүртгэлтэй дансны зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ