| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/0109/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/451 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/451
2025 02 10 2025/ШЦТ/451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,
улсын яллагч Э.Хилчинбаатар,
хохирогч Д.Ж,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мд холбогдох эрүүгийн “2406 00000 3840” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ... орчим Д.Жтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ж: “...Бид нар нэг газар найзуудаараа уулзаад зогсож байтал энэ хүн 2 найзтайгаа ирээд манай найзыг энэ хүн мөрлөж муудалцаж эхэлсэн. Энэ хүн манай найзыг өшиглөж муудах шалтгааныг эхлүүлсэн. Энэ хүний найзууд нь дундуур нь ороод салгах гээд байсан. Тэгээд манай найзтай муудаад эхэлсэн. Тэгэхээр нь би болиулах зорилгоор дундуур нь ортол энэ хүн намайг шууд цохисон. Би энэ хүнийг 1 цохисон. Энэ хүнтэй цуг явж байсан найз нь ирсэн. Би 2 эрэгтэй найзтайгаа байсан. Миний куртикыг татсан. Миний шил унчихсан босоод ирэхэд язарсан байсан. Шүүх шинжилгээ дээр очиж томографикт орсон, гэрээрээ хүйтэн жин тавьсан эрүүл мэндээ анхаарсан. Томограф 150,000 төгрөг, 450,000 төгрөг нь 14 хоногийн ажлийн цалингаа нэхэмжилж байна.” гэх агуулга бүхий мэдүүлэг өгөв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Хохирогч Д.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
- Гэрч Б.Лийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14515 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
- Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Н.М нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ... орчим Д.Жтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хохирогч Д.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны 02 цагийн орчимд 2 эрэгтэй найз, 3 эмэгтэй найзын хамтаар Баянзүрх дүүргийн ... буудал дээр харих гээд зогсож байтал үл таних 3 эрэгтэй ирээд манай найз Баяржавхланг нэг эрэгтэй нь мөрлөсөн намайг өөр нэг эрэгтэй нь өшиглөөд бид нар маргалдаж эхлээд байж байтал өөр нэг залуу минии өмсөж байсан куртикийг татаад толгойг нөмрүүлээд нүүр нүдгүй цохиод байсан би газарт унаад бостол миний нүдний шилний нэг нь байхгүй байсан нүдний шилээ газарт хайсан чинь бүтэн хэсэг нь олдсон ойр орчмоо хартал манай найзууд нөгөө 3 эрэгтэйтэй маргалдаад байж байсан би очоод цагдаа дуудахаар болоод цагдаа дуудсан тэгээд бид нар цагдаагийн газарт ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
- Гэрч Б.Лийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2 найз болох Н.М болон Л нарын хамтаар жуковын автобусны буудлын хажууд сууж байгаад 2 шил архи уугаад сууж байгаад гарахад шөнийн 2 цаг болж байсан манай найз болох Н.Мтай нэгэн эрэгтэй маргалдаад манай найзтай зууралдаад байсан. Бид нар салгах гэж байхад Н.М нь нүдний шилтэй эрэгтэй нүүр хэсэгт 2 удаа цохисон тэгээд би нар арай гэж салаад явах гэж байтал нүдний шилтэй эрэгтэй нь үсэрч орж ирээд Н.Мыг нүүр хэсэгт нь цохичихсон тэр 2 хооронд маргалдаж эхэлсэн. Тэгтэл Н.М тэнд байсан нүдний шилтэй эрэгтэй рүү дайраад хувцаснаас татаад ‘ нүүр хэсэгт нь 2-3 цоХиж байхыг хараад би очиж салгасан. Удалгүй тухайн хүнтэй хамт явж байсан хүн цагдаа дуудсан гээд бид нар цагдаа ирэхийг хүлээгээд байж цагдаагийн бид нарыг аваад цагдаагийн хэлтэс рүү бөөндөө явсан. Тэгээд цагдаагийн газартбзйжбайгаад бид нар явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
- Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай найз Д.Ж намайг дуудаад би нэг найзын хамтаар очиж уулзаад ... автобусны буудлын хажууд байх Амар гэсэн паб руу орох гэтэл хаалттай байсан. Бид тавуулаа яах тухайгаа ярилцаад зогсож байтал 3 эрэгтэй хүн ирээд манай эрэгтэй найз Д.Жтай муудалцаад мөрлөөд байсан. Тэгээд маргалдаж байгаад салах гэж байтал дахин маргалдаад эхэлсэн тухайн үед дэлдэн чихтэй өндөр /Н.М/ гэх эрэгтэй эхлээд Д.Жыг цохиод авсан түүнээс болоод хоорондоо маргалдаад Н.Мыг заамдаж аваад газарт унагасан. Н.М босож ирээд Д.Жын нүүр хэсэгт 2-3 удаа цохисон чинь нүдний шил нь газарт уначихсан нэг харсан чинь Д.Жын зүүн хацар хэсгээс цус гарч байсан. Тэгээд манай найз цагдаа дуудсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд бүгдийг нь аваад явсан. Н.Маас өөр хүн Д.Жын биед халдаж зодоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14515 дугаартай “...Д.Ж зүүн зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
- Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.
Шүүгдэгч Н.М нь Д.Жтай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Д.Жын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Н.Мын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Н.Мын хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ж нь толгой тархины тодосгогчгүй зураг авхуулахад зарцуулсан 150,000 төгрөгийн эмчилгээний зардал баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч төлсөн ба хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 450,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Учир нь хохирогч Д.Ж нь “CU” сүлжээ дэлгүүрт ажилладаг гэх боловч сард хэдэн төгрөгийн цалин хөлс авдаг болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой бусад шаардлагатай баримт хэрэгт ирээгүй, энэ талаарх баримтаа хохирогч шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй болно.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Н.М нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Д.Ж нь бусад гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ