Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 171

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ө.Алтантуяа, 

иргэдийн төлөөлөгч А.Тамираа, 

шүүгдэгч Г.Цагаанчулууны өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Ш.Итгэлбатын өмгөөлөгч Н.Цэрэндулам,

шүүгдэгч Г.Цагаанчулуун, Ш.Итгэлбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т заасан гэмт хэрэгт Г.Цагаанчулууныг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт Ш.Итгэлбатыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010235 дугаар 2 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар баг, Их-Уул гэх газар оршин суух бүртгэлтэй,

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 13 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

 

Сум дундын 27 дугаар шүүх /Хөвсгөл аймаг/-ийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 3 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Тогоруутан овогт Ганхуягийн Цагаанчулуун /РД:РГ90041919/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, 8 дугаар баг, Ишгэн толгой гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Хонхорын гэх хаягт түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, Боржгин овогт Шархүүгийн Итгэлбат /РД:СТ91011311/.

 

Яллагдагч Г.Цагаанчулуун нь ялтай байх хугацаандаа, Ш.Итгэлбаттай урьдчилан үгсэн тохирч, бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 2 дугаар гудамжинд С.Октябрьт хутга тулган зэвсэг хэрэглэн, хоолойг нь боож, хүч хэрэглэхээр заналхийлж 160000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн,

 

ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр дээрх хэрэгт шалгагдан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн,

 

Яллагдагч Ш.Итгэлбат нь Г.Цагаанчулуунтай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 2 дугаар гудамжинд иргэн С.Октябрьт хутга тулган зэвсэг хэрэглэн, хоолойг нь боож, хүч хэрэглэхээр заналхийлж 160000 төгрөгийн эд зүйл дээрэмдсэн,

 

мөн дээрх хэрэгт шалгагдаж байхдаа батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Цагаанчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ар гэрийн байдлыг минь харгалзан дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү гэв.  

 

Шүүгдэгч Ш.Итгэлбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээсээ Цагаанчулууны хамт гарсан. Такси бариад явсан. Баянхошуунд явж байгаад зогсоосон. Цагаанчулуун хутга өгөөд араас нь тулгаарай гэж хэлсэн. 2 ширхэг гар утас, бэлэн 10000 төгрөг дээрэмдсэн. Бид хоёр зугтаад гэртээ ирсэн. Байцаагч 2-3 хоногийн дараа ирээрэй гэсэн. Ярихгүй болохоор нь Хэнтий аймаг уруу явсан. Хийсэн хэрэгтээ их харамсаж байна. Хөнгөн ял өгнө үү. Дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү гэв.  

 

201626010235 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Хохирогч С.Октябрийн: Би өөрийн ногоон өнгийн Аксент машинаараа такси үйлчилгээнд явдаг. 2016 оны 01 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим 1 дүгээр хорооллын Цамбагарав үйлчилгээний төвийн харалдаа хойшоо арын зам дээр явж байхад 25-30 орчим насны 2 залуу гар өргөөд машины арын суудал дээр суугаад Баянхошуу орно гэсэн. Би тэр хүмүүсийн зааснаар Баянхошууны Хөтөлийн орчим гудамжуудаар ороод явахаар тэр 2 хүн хүнтэй уулзах ёстой, найзаасаа мөнгө авах ёстой, тэднийх харанхуй гудамжинд л байсан гэж ярьж байсан. Тэгээд би тэд нарын зааснаар хэд хэдэн гудамжаар ороод явсан боловч энэ биш байна гээд буцаад байсан. Баянхошууны 112-ийн автобусны буудлаас урагшаа салсан замаар явж байгаад ...нэг харанхуй гудамж руу ороод явж байхад тэр 2 залуу ах ингээд зогсчих гэсэн. Зогсоход нэг нь машинаас буусан. Би нөгөө хүнд нь 13000 төгрөг гарсан байна гэтэл тэр ард суугаад үлдсэн хүн нь миний араас зүүн гараараа хоолой боогоод, баруун гараараа дунд зэргийн хэмжээтэй хутга хоолой дээр тулгаж бариад ална шүү гэсэн. Энэ хооронд нөгөө буусан залуу буцаж орж ирээд урд суудал дээр суугаад мөнгө төгрөг байвал гаргаад ир гэсэн. Тэр залуу өөрөө миний халааснуудыг нэгжиж байгаад тэр өдрийн орлого 35000 төгрөг, LG Optimus 2 гэсэн хар өнгийн, мэдрэгчтэй гар утас, 2 сим карт ордог улаан өнгийн Нокиа гар утас зэргийг авсан. Тэгээд урд шилжиж суусан шар царайтай залуу нь суудлын бүсээр миний гарыг боогоод, машины түлхүүрийг аваад хоёулаа буусан. Урагшаа шилжиж суусан хүнийг анзаарч харсан. Тэр хүн хар хөх куртиктай, куртикны малгайгаа өмссөн байсан ба шар царайтай, чих нь бага зэрэг дэлдэн, туранхай биетэй хүн байсан. Тэр хоёр хүн согтуу байгаагүй. Гэхдээ бага зэрэг архи үнэртэж байх шиг байсан. Намайг яг цохиж зодсон зүйл байхгүй. Тэр хоёр хүн хоёулаа хутгална шүү, ална шүү гээд сүрдүүлээд байсан. Араас хутга тулгасан хүн нь хоолой боосон, зодож, цохиогүй. Алдагдсан эд зүйлийг минь олж өгнө үү. Хуулийн дагуу шалгаж, шийдэж өгнө үү.

 

...Бэлэн 35000 төгрөг, утсаа 70000 төгрөгөөр, гэрийг нь 10000 төгрөгөөр авсан. Нокиа маркийн 2 сим ордог утсаа 1 жилийн өмнө 40000 төгрөгөөр авсан. Машины түлхүүрийг 15000 төгрөгөөр үнэлнэ. Намайг дээрэмдсэн хүмүүс таксигаар хүргүүлсэн 13500 төгрөгийг өгөөгүй гэх мэдүүлэг /1-хх-33-34, 35/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Урантогосын: Би Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сувд барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр өдрийн цагаар байх 25 настай Хишигбаяр гэх эмэгтэй өөрийнхөө бичиг баримтаар хар өнгийн LG 66ОВ загварын гар утсыг 10000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн үед тэр эмэгтэй хэнтэй явсан, юу гэж ярьсныг санахгүй байна. Тэр хүн өөрийнхөө бичиг баримтаар үйлчлүүлсэн, би гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж мэдээгүй... гэх мэдүүлэг /1-хх-37/,

 

Гэрч Т.Хишигбаярын: 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бид нар өдөржингөө хамт байж байгаад орой 18 цагийн үед байх Итгэлбат, Цагаанчулуун хоёр хамт хүнтэй уулзаад ирье гээд гараад явсан. Удаагүй буцаад ирсэн. ...Хар өнгийн LG маркийн гар утас гаргаж ирээд үүнийг ломбарданд тавьчих гэсэн. Би тухайн үед наадах чинь хэний утас юм гэхэд Итгэлбат, Цагаанчулуун хоёр манай найзын утас гэж хэлсэн. Би тэр утсыг авч яваад Өргөө кино театрын хажууханд ломбарданд 10000 төгрөгөөр тавьсан. Би Итгэлбат, Цагаанчулуун нарыг ямар хэрэгт холбогдсон талаар сая л мэдлээ. Би Цагаанчулуунтай 2015 оны 10 дугаар сараас уулзаж, одоо хамтран амьдарч байгаа. Цагаанчулуун зан байдлын хувьд янз бүрийн ааш зан гаргаад байдаггүй, архи дарс бол ерөөсөө уудаагүй, тамхи татдаг. Би түүнтэй хамтран амьдраад удаагүй болохоор өөр бусад зүйлийг мэдэхгүй байна.

 

...Би Цагаанчулууныг батлан дааж аваад түүнээс хойш хэсэг хугацаанд байхгүй байж байгаад Цагаанчулуунтай таараад цагдаа дээр очиж уулз гэж хэлсэн. Тэр өөр газар ажил хийж байна гээд сүүлдээ ч утсаа авахаа байсан. Би Цагаанчулууныг олж өгөхөд цагдаад туслаж, хаана байгаа талаар хэлж өгсөн гэх мэдүүлэг /1-хх-38-39, 250/,

Гэрч Э.Энхмаагийн: 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр би нөхөр Итгэлбатын хамт 1 дүгээр хорооллын арын дэнжид байдаг нийтийн байрны өрөөндөө байхад Цагаанчулуун гаднаас орж ирээд Итгэлбатыг хоёулаа гарч хүнтэй уулзаж, мөнгө төгрөг асууя, ээж хөдөөнөөс ирж байгаа гээд 19 цагийн орчим байх дагуулаад гараад явсан. Тухайн үед Цагаанчулууны хамтран амьдрагч Хишигбаяр Цагаанчулуунтай утсаар ярихад Баянхошууны энд явж байна, удахгүй очно гэж байсан. Орой ирэхдээ тэр хоёр 2 сим ордог гар утас, хар өнгийн мэдрэгчтэй утастай ирсэн. Ямар учиртай гар утас юм гэхэд Цагаанчулуун хүнээс мөнгө авах ёстой байсан юм, тэрнийхээ оронд авлаа гэж байсан. Тэр хоёр гар утасны нэгийг Цагаанчулуун ээждээ өгөөд, нөгөөхийг нь Хишигбаярын бичиг баримтаар ломбарданд тавиулсан. ...Манайд цайвар шаргал өнгийн эвэр иштэй хутгай байдаг байсан. Тэр хутгыг 2016 оны 01 дүгээр сарын 10-аас хойш нээрээ хараагүй юм байна. 2016 оны 02 дугаар сард Цагаанчулуун, Итгэлбат нар цагдаад шалгагдаж байсан ба Цагаанчулуун, Итгэлбатыг цагдаа дээр очоод хэрэггүй шүү, би өөрөө тэр хохирлын мөнгийг ажил хийж байгаад төлчихнө гэж хэлээд Итгэлбат бид хоёрын 94620401 гэсэн дугаартай утсыг аваад явчихсан. Тэгэхээр нь Итгэлбат бид хоёр Цагаанчулууны үгэнд итгээд тухайн үед Итгэлбатын аавынх нь бие муудаад байна гэхээр нь Хэнтий аймаг руу явсан. Зан байдлын хувьд даруухан, хүний үгээр. Бид хоёр дундаасаа нэг хүүтэй. Цагаанчулуун манай нөхрийг уруу татаад, мэдэхгүйгээр нь далимдуулж ийм хэрэгт унагалаа гэж бодож байна гэх мэдүүлэг /1-хх-180-181/,

 

Гэрч С.Тулгын: Би Цагаанчулуун, Итгэлбат гэх хүмүүсийг мэднэ. Тэд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад 2016 оны 02 дугаар сарын эхээр мөрдөн байцаалтаас зайлсхийж холбоо барих утаснуудаа авахгүй, оршин суугаа хаягаа өөрчилж, эрэн сурвалжлагдаж байсан хүмүүс. Ш.Итгэлбат нь мөрдөн байцаалтаас зайлсхийснээс хойш 2 сарын дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас баригдсан. Цагаанчулуун одоогоор хаана байгаа нь тогтоогдохгүй, эрэн сурвалжлагдаж байна... гэх мэдүүлэг /1-хх-184-185/,

 

Гэрч Э.Золбадрахын: Г.Цагаанчулуун нь 201626010235 тоот хэрэгт 2016 оны 02 дугаар сараас хойш мөрдөн байцаалтаас оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжлагдаж олдоогүй байсан. Батлан дааж авсан Хишигбаяр нь хамтран амьдарч байгаад салсан гэх ба Цагаанчулуунтай дахин холбогдож, түүнийг олж баривчлахад тусламж үзүүүлсэн. Цагаанчулууныг 2017 оны 02 дугаар сарын 02-нд Эрдэнэт хотоос баривчлан Улаанбаатар хотод авчирсан гэх мэдүүлэг /1-хх-248/,

 

Шүүгдэгч Г.Цагаанчулууны сэжигтэн, яллагдагчаар өгсөн: Би 2016 оны 01 дүгээр сарын 09, 10-ны аль нэг өдөр байсан санагдаж байна. Би нийтийн байранд цуг амьдардаг Итгэлбат гэх залуутай гэрээсээ гараад тухайн өдрийнхөө 20 цагийн орчим байх 1 дүгээр хорооллын арын зам дээрээс гараа өргөхөд 30 гаруй насны эрэгтэй жолоочтой ногоон өнгийн Аксент маркийн машин зогссон. Итгэлбат бид хоёр дээрх машины арын суудалд суугаад Баянхошуу орно гэж хэлээд 112-ын автобусны буудлын орчим байдаг сургуулийн гудамж руу ороод нилээн явж байгаад жолоочид ингээд зогсоорой, бууна гэсэн. Зогсохоор нь би машинаас буух хооронд Итгэлбат сууж үлдээд жолоочийн араас хутга тулгасан байсан. Би урд суудалд шилжиж суугаад ...жолоочийг нэгжээд 5000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг 10000 төгрөг болон LG маркийн хар өнгийн гар утас, 2 сим ордог улаан гадартай гар утас зэргийг аваад жолоочийн гарыг суудлын бүсээр нь хүлчихээд буугаад зугтаасан. Итгэлбат бид хоёр гудамжаар явсаар байгаад Баянхошууны хуучин эцэс ороод такси бариад 21 дүгээр хороолол, дахин өөр такси бариад 1 дүгээр хороолол ороод гэртээ орсон. Би 2 гар утсаа гэртээ авч ороод хамтран амьдрагч Хишигбаяр, ээж Дуламсүрэн нарт найзаасаа авсан юм гэж хэлээд улаан тагтай 2 сим зарт ордог гар утсыг ээж Дуламсүрэнд өгсөн. LG маркийн гар утсыг Хишигбаярын бичиг баримтаар Өргөө кино театрын хажуугийн ломбарданд 10000 төгрөгөөр тавьсан. Бид таксины жолоочийг зодож цохисон зүйл байхгүй. Итгэлбат түүний араас хоолойд нь хутга тулгаад байгаа эд зүйлээ өг, хохь чинь шүү гэж хэлсэн өөр зүйл байхгүй. Хутгыг гэрээс гарахдаа авсан. Дээрэм хийчихээд явж байхдаа гудамжинд тэр хутгыг хаясан. Яг хаана хаяснаа зааж өгч мэдэхгүй. Бид хоёр яг тэгнэ, ингэнэ гэж хоорондоо огт яриагүй. ...Би Итгэлбатыг хутга авсан талаар мэдээгүй.

 

...Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1-хх-63, 2-хх-13, 16/,

 

Шүүгдэгч Ш.Итгэлбатын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: Би найз Цагаанчулуунтай 1 дүгээр хорооллын арын дэнжид нийтийн байранд тусдаа өрөө түрээслэн амьдардаг. Ойрдоо ажил төрөлгүй байсан болохоор гэрт хоол ундны зүйл байхгүй болсон байсан. Тухайн өдөр манай хоёр ой хүрч байгаа хүү маань ч гэсэн уйлаад болохгүй байсан. Тэгэхэд Цагаанчулуун намайг гадагшаа гарч мөнгө олъё гэсэн. Тэгэхээр нь гэртээ байдаг шар өнгийн эвэр иштэй хутга байсныг халаасандаа хийгээд гарсан. Бид хоёр 1 дүгээр хорооллын арын зам дээрээс ногоон өнгийн Аксент маркийн машин бариад Баянхошуунд очсон. Тэнд нэг харанхуй гудамжинд ороод Цагаанчулууныг буух хооронд би халааснаасаа хутгаа гаргаж ирээд жолоочийн хоолойд тулгасан. Тэр хооронд Цагаанчулуун буугаад буцаж урд суудалд орж суугаад жолоочийн халааснаас нь 2 ширхэг гар утас, 10000 төгрөг, машины түлхүүр зэрэг эд зүйлсийг аваад гарыг нь суудлын даруулгаар боож орхиод явсан. Замдаа хутга болон машины түлхүүрийг хаясан. Бид дээрэмдсэн 10000 төгрөгөөр таксидаад тамхи, бага зэрэг идэж уух юм авсан. Цагаанчулууны ээж нэг гар утсыг аваад явсан гэсэн. Нөгөө утсыг нь ломбарданд тавьсан. Бид жолоочоос байгаа юмаа өгчих гэж хэлээд хутга тулгасан. Цагаанчулуун намайг хутга авсныг мэдээгүй. Би юмыг яаж мэдэхэв гэж бодоод л авсан. Бид ямар нэгэн зүйл хоорондоо яриагүй. Зүгээр явж байгаад ийм зүйл хийсэн.

 

...Цагаанчулуун бид хоёр цагдаад шалгагдаж байхад Цагаанчулуун хоёулаа зугтаагаад явъя, явчихвал нэг хэсэг хайж байгаад л больчихдог гэхээр нь би түүнээс болдог юм уу гэхэд болдог гэсэн. Тэгээд би цагдаа дээр очихгүй байж байгаад Хэнтий аймаг руу хөдөө явсан. Цагаанчулууныг хаана байгааг мэдэхгүй. Бид нар Баянхошуунд нийтийн байранд байхад хаашаа явахаа ч хэлэлгүй явсан. Би Цагаанчулууны үгэнд ороод л оргосон...

 

...Цагаанчулуун намайг хутгыг өөрөө авсан гэж хэлээрэй, чи гайгүй өнгөрнө, харин би угаасаа шоронд сууна гэж хэлсэн. Би түүнд итгээд тэгэж хэлсэн. Үнэндээ бол Цагаанчулуун өөрөө хутгыг гэрээс авч гарч ирээд надад өгч дээрэм хийх санааг гаргаж намайг дагуулж явсан гэх мэдүүлэг /1-хх-65, 199-200, 202-203/,

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн 2016.01.21-ний өдрийн тэмдэглэлд: ...1-6 хүртэл дугаарласан цааснуудаас дуртай дугаараа барьж, дурын байрлалд зогсохыг хүсэхэд Г.Цагаанчулуун 1 дугаарыг, Ш.Итгэлбат 5 дугаарыг тус тус авч, баруун талаасаа эхлэн ...Ш.Итгэлбат, Г.Цагаанчулуун гэсэн дарааллаар эгнэн зогсоцгоов. С.Октябрь эгнэн зогссон хүмүүсийн хамгийн захад 1 дугаар барьж зогссон хүнийг зааж уг хүн намайг дээрэмдсэн хүн мөн байна, тухайн үед энэ хүн миний гарыг хүлж байхад би сайн харж амжсан, би түүнийг таньж байна гэв. Би уг хүнийг шар царай, туранхай төрх, одоо өмссөн байгаа куртик зэргээр нь таньж байна, яг мөн байна гэв. Уг хүмүүс дундаас өөр таныг дээрэмдсэн хүн байна уу гэхэд баруун талаас 5 дахь хүн буюу 5 дугаар барьж зогссон хүн миний араас хутга тулгасан хүн мөн байх шиг байна, гэхдээ би итгэлтэй биш байна, иймэрхүү бор царайтай хүн байсан гэв гэжээ /1-хх-19-25/, 

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-хх-4-8/, эд зүйлийн үнэлгээ /1-хх-18/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-хх-26-29/, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /1-хх-56, 57/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын тогтоол /1-хх-168, 169, 172, 216, 218, 241, 242, 245/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-хх-97, 98/, шийтгэх тогтоолын хуулбар /1-хх-142-162/ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Цагаанчулуун, Ш.Итгэлбат нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 2 дугаар гудамжинд иргэн С.Октябрьт хутга тулгаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж нийт 160000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утас, гар утасны гэр, бэлэн 35000 төгрөг, машины түлхүүр зэрэг эд зүйл дээрэмдсэн,

 

шүүгдэгч Г.Цагаанчулуун батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

 

шүүгдэгч Ш.Итгэлбат батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Г.Цагаанчулууныг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэргийг давтан үйлдэж, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар,  

 

шүүгдэгч Ш.Итгэлбатыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдэж мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Цагаанчулуун урьд 3 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд хамгийн сүүлд Сум дундын 27 дугаар шүүх /Хөвсгөл аймаг/-ийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 4 жил хорих ял шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 5 сар 03 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.  

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Г.Цагаанчулуун нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл түүний мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар хэргийг зүйлчлэх үндэслэл болно.

 

Харин шүүгдэгч Ш.Итгэлбат Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-98) байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, шүүгдэгч Г.Цагаанчулууныг ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.  

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч нарт хорих ялыг ялгамжтай оногдуулж, мөн дээрх үндэслэлээр шүүгдэгч Ш.Итгэлбатын хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 180000 төгрөг нөхөн төлсөн, энэ талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар бичгээр хүсэлтээ /2-хх-38/ гаргасныг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Итгэлбат нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 59 /тавин ес/ хоног, шүүгдэгч Г.Цагаанчулуун нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 88 /наян найм/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Цолмон тогос ХХК-ийн Сувд барьцаалан зээлдүүлэх газрын үйлчилгээний гэрээг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Цагаанчулуун, Ш.Итгэлбат нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тогоруутан овогт Ганхуягийн Цагаанчулууныг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн, прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэргийг давтан үйлдэж, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд,

шүүгдэгч  Боржгин овогт Шархүүгийн Итгэлбатыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн үйлдсэн, прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдэж, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Г.Цагаанчулуунд эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ш.Итгэлбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч Г.Цагаанчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын заримыг буюу 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Г.Цагаанчулууны биечлэн эдлэх хорих ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 7 /долоо/ жилийн хугацаагаар,

шүүгдэгч Ш.Итгэлбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Ш.Итгэлбатын биечлэн эдлэх хорих ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Г.Цагаанчулуунд оногдуулсан 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ш.Итгэлбатад оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т тус тус зааснаар Г.Цагаанчулууны урьдчилан хоригдсон 88 /наян найм/, Ш.Итгэлбатын урьдчилан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай. 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цолмон тогос ХХК-ийн Сувд барьцаалан зээлдүүлэх газрын үйлчилгээний гэрээг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Итгэлбатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Г.Цагаанчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цагаанчулуун, Ш.Итгэлбат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР

 

          ШҮҮГЧИД                               Т.АЛТАНТУЯА

 

                                                                                                     Г.МӨНХЗУЛ