Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 122/ШШ/2022/0002

 

  

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн *******, 2 дугаар багийн иргэн ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор *******, улсын байцаагч, дотоод аудитор *******,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай” төрийн хяналт шалгалтын маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, хариуцагч Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор *******, улсын байцаагч, дотоод аудитор *******, нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор *******, улсын байцаагч, дотоод аудитор ******* нарт холбогдуулан “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
  2. Хариуцагч нь “анхан шатны баримтгүй зарцуулсан” гэх үндэслэлээр нийт 7108.5 мянган төгрөгийг аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан *******гаар төлүүлэхээр 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 31-01/08, 31-01/09 дүгээр улсын байцаагчийн акт тогтоожээ. 
  3. Нэхэмжлэгч ******* нь уг актыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасан ба Сангийн сайд гомдлын дагуу актыг хянаад 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг хүчингүй болгож, актад дурдсан зөрчлийн төлбөрийг хариуцах этгээдийг зөв тодорхойлсны үндсэн дээр дахин акт гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг үндэслэн хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 31-01/46, 31-01/47 дугаар актыг гаргажээ.
  4. Нэхэмжлэгч дээрх актуудыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасан байх ба Сангийн сайд уг актуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаарх хариуг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13-2/169 тоот албан бичгээр нэхэмжлэгчид ирүүлжээ.

Нэхэмжлэгч нар нь 2022 оны 01 сарын 19-ний өдөр маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

  1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Эрүүл мэндийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд 2018-2020 оны санхүүгийн тайланд 2021 оны 03 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 03-ныг хүртэл шалгалт хийж  31-01/08, 31-01/09 актууд тавигдсан. Уг актуудын талаар Сангийн сайдад гомдол гарган 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13-2/3737 дугаар албан бичгээр уг актуудыг хүчингүй болгосон. Гэтэл шалгалт хийж дуусаад 6 сар 19 хоног болж Эрүүл мэндийн газрын  дарга ******* шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсны дараа дахин уг актуудыг сэргээн 2021 оны 11 дүгээр сарын 19-нд 31-01/46, 31-01/47 тоот актуудыг тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулиар зөрчил илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 1 жил болсон бол зөрчилгүй гэж үзнэ.

     Шатахууныг анхан шатны баримт болох шаардах хуудсаар эхэлж олгодог бөгөөд дундаас нь ганц нэг дутуу баримт байсан ч, огт байхгүй, баримтгүй зүйл байхгүй. 2018 онд Тэмүүлэл өргөө ХХК нь и баримтын нэгдсэн системд бүртгэгдээгүй байсан. Номин тав трейд ХХК-тай холбоотой зөрчилд 2019 онд Төрийн аудитын газрын албан шаардлага авсан, зөрчлийг давтан гаргаагүй байсан зэрэг талаар тайлбар өгсөн ч байцаагчийн дүгнэлтдээ авч үзээгүй. Мөн албан томилолтын зардлыг шатахууны зарцуулалт болгонд байх ёстой гэж үзэж байгаа нь өрөөсгөл гэж үзэж байна. Зарим үед ажлын өдөртөө багтаагаад сумдад ажиллах, томилолттой төслийн сургалтад хамрагдах зэрэгт байгууллага томилолт олгохгүй байх тохиолдол гардаг. Улсын байцаагч нь шатахууны актадаа хавсралт үйлдэж өгөөгүй учраас давхацсан гэж үзэж байна.

            Эрүүл мэндийн газрын дарга ******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-нд ажилдаа орсны дараа баримтуудыг шалган улсын байцаагчдын дутуу үзсэн баримтуудыг гарган, тайлбар нотлох баримтууд гаргаж өгсөөр байтал хүлээж авахгүй 31-01/08, 31-01/09 тоот актуудын дугаарыг өөрчлөн төлбөрийг хувь тэнцүүлэн шууд тавьж байгаа нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

            Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий актуудыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Миний хувьд Эрүүл мэндийн газрын даргаар 2018 онд 2 сар, 2019 онд бүтэн ажилласан, 2020 онд ээлжийн амралттай байхдаа ажлаас халагдаж, шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа орсон. Хяналт шалгалт хийсэн тухайн санхүүгийн жилүүдийн  зөвхөн 1 жилд нь л бүтэн ажиллаж, төсвийг удирдсан. Намайг ажиллаагүй байх үеийн баримтуудыг надад хамаатуулж акт тавьсан.

            Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас удирдамжийн дагуу хяналт шалгалт орох үед миний бие Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байсан. Тухайн үед хяналт шалгалтын удирдамжаа надад албан ёсоор танилцуулаагүй. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох журмаар хяналт шалгалт хийхэд эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдэд удирдамжийг заавал танилцуулна гэсэн заалттай. Мөн хяналт шалгалтыг удирдамжид заасны дагуу үнэн зөв, бүрэн гүйцэт хийх, албан шаардлага өгөх юм уу, акт тавихдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилж заавал мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл эдгээр ажиллагаа хийгдээгүй.

31-01/07, 31-01/08, 31-01/09 гэсэн 3 салбар акт тогтоосон. Би 31-01/07 дугаар актаар тогтоосон төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн. Харин 31-01/08, 31-01/09 дүгээр актаар тогтоосон төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн байсан. Улсын байцаагч нэгэнт тавьсан актаа өөрчлөх эрхгүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийхдээ шалгуулагчид ижил тэгш хандах ёстой байтал энэ зарчим хэрэгжээгүй. Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Гантулга нь Сэвүүн уудам тал гээд өөрийнхөө хувийн компанийн тамга тэмдгийг дараад томилолт, шатахууны мөнгө идчихээд байхад тэрийг нь гаргаж ирээгүй. Тийм учраас эдгээр хүмүүсийг хяналт шалгалт хийхдээ ижил тэгш хандаагүй гэж үзэж байгаа.

Улсын байцаагчид нь тухайн үед актын хавсралтаа бидэнд өгөөгүй. 2019, 2020 оны шатахууны баримтуудыг бөөн дүнгээр нь тавьчихсан, ойлгоход хэцүү байсан.  Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Сангийн сайдын баталсан стандартын дагуу хэн гэдэг хүн ямар зөрчил гаргасан, яг ямар ямар баримт нь дутуу байгаа зэргийг актын хавсралтад заана гэснийг зөрчсөн.

2018 онд Номин ХХК-ны ибаримтгүй,  зарлагын баримттай зүйл дээр надад акт тавьсан. Мөн Тэмүүлэл өргөө бичиг хэргийн дэлгүүр 2018 онд ибаримт төлдөггүй байсан гэдэг нь прокурорын тогтоолоор тогтоогдсон байдаг. Санхүүгийн хяналт, аудитын албаны байцаагчид нь анхан шатны баримтаа дутуу шалгаж акт тавьсан, санхүүгийн өр төлбөрт оруулсан, тэр акт нь хүний хөдөлмөрлөх эрхэд халдах баримт болж би ажлаасаа халагдаад байна. 

Тухайн зөрчлүүдэд Төрийн аудитын газраас албан шаардлага авсан байтал дахин акт тавьж байгаа нь хяналт шалгалтын байгууллагууд бие биеийнхээ тавьсан акт, албан шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн.

Би 2021 оны 11 сард ажилдаа ороод зөвхөн 2021 оныхоо санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг дотоод аудитынхаа нэгжээр хийлгэсэн. Ингэж шалгахдаа 2018, 2019 онд гарсан гэх зөрчлүүдтэй нь холбож хийсэн. Хариуцагч талын яриад байгаа шиг 2021 оны 11 сард ажилдаа ороод хуурамч баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Эрүүл мэндийн газраас бэлэн мөнгөөр шатахуун гаргадаггүй. Талоноор бензинээ авдаг. Талон нь нярав дээр байдаг ба зөвхөн шаардах хуудсаар, баримтаар миний гарын үсгээр олгогддог. Шаардах хуудасгүй нэг ширхэг ч талон олгосон зүйл байхгүй. Бүгд шаардах хуудастай байхад нэг бүрчлэн тулгаж үзээгүй, холбогдох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаагүй, шалгалтыг бүрэн гүйцэт хийгээгүй тул эдгээр актуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

           Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Эрүүл мэндийн газарт нягтлан бодогчоор 2014 оноос хойш ажиллаж байна. 2021 оны 03 сард манай байгууллагын 2018-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. 3 акт танилцуулж өгсөн. Миний хувьд шатахуунтай холбоотой актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ санхүүгийн хяналт, аудитын албанд бичгээр мэдэгдсэн.

 Актуудыг тухайн үед өгөхдөө бидэнд ямар нэгэн хавсралт гэж өгөөгүй, сүүлд нь 6 сард хавсралт үйлдчихсэн ирж танилц гэж дуудсаны дагуу би очиж танилцахад 2 актны 4 хавсралт надад танилцуулж гарын үсэг зуруулсан. ******* дарга Сангийн сайдад гомдол гаргаад тэр актууд нь хүчингүй болсон гэдгийг сүүлд нь би мэдсэн. Санхүүгийн хяналт, аудитын албанаас дахиж акттай холбоотой надтай холбоо барихгүй болохоор нь 31-01/08, 31-01/09 дүгээр актууд нь ингээд хүчингүй болоод дууссан юм байна гэж ойлгосон. Гэтэл актууд нь 31-01/46, 31-01/47 дугаартай болж манай байгууллага дээр ирэхэд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж дахиж тайлбар хүргүүлсэн. Тухайн тайлбартаа актад дурдагдсан зөрчлүүдийн санхүүгийн баримтууд нь байгаа, дутуу үзсэн байна гэдгийг дурдаад хавсралтаар хүргүүлсэн.

Жишээ нь томилолттой холбоотой актад 2020 оны 06 дугаар сарын 03-нд хаашаа явсан нь мэдэгдэхгүй томилолт зарцуулсан гэсэн үг байсан. Би өөрөө томилолтын бүртгэл хөтөлдөг. Тэр бүртгэлээ шалгатал 2020 оны 06 сард жолооч Наранбаатар Дарханд томилолтоор ажилласан бүртгэл нь, Улаанбаатар Дарханд 4 хоног ажилласан томилолтын мөнгө хийсэн баримт, мөн буудлын мөнгийг нь олгосон баримтууд нь байсан. Хүмүүсийн томилолтыг бөөнд нь шилжүүлдэг учраас төлбөрийн хүсэлтээ, бусад  нотлох баримттай нь өгсөн.

Мөн 06 сарын 26-нд явсан томилолтын асуудал байгаа. Манайх вакцины тайлан гаргадаг. Вакцинаа аваад ирэхээр би бүртгээд орлого, зарлага хийдэг. Манайх 06 сарын 29-нд 56 сая төгрөгийн вакцин, эмнэлгийн хэрэгсэл татаж авсан гэдэг нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вакцины хуудас, мөн захиалгын хуудас зэргээр нотлогддог. Энэ мэтчилэн манай баримтуудыг дутуу шалгасан байна гэдгийг тайлбартаа тодорхой дурдаж хүргүүлсэн.

31-01/46, 31-01/47 дугаар актуудыг тавихдаа манай санхүүгийн баримтуудыг татаж аваагүй, дахиж нягталж шалгаж үзээгүй. Зөрчлүүдийг хэнд хамааралтайгаар нь ялгаж салгаагүй, энэ актыг ийм байдлаар тооцоолж гаргасан гэдэг бичгээ бидэнд өгөөгүй, нийт зөрчлүүдийг бөөн дүнгээр нь тооцсон байсан. Актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тухайн үед *******ад хэлсэн.

Актанд анхан шатны баримт огт байхгүй гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Энэ чинь ямар ч баримтгүй байхад би байгууллагын данснаас мөнгө гаргасан байхыг хэлэх байх. Төсвийн байгууллага бол арилжааны банктай адилгүй. Төрийн сан дээр гүйлгээ хийхдээ анхан шатны баримтуудаа бүгдийг нь хавсаргаад, төрийн сангийн гүйлгээ хийж байгаа теллер нь өөрсдөө хянаад, хяналтын хуудсаа бүртгээд гүйлгээ хийдэг. Тэр гүйлгээг нь төрийн сангийн дотоод хяналтын ажилтан дараа нь хянадаг. Тиймээс төсвийн байгууллага анхан шатны баримтгүй гүйлгээ хийнэ гэсэн ойлголт байхгүй.

Шатахууны хувьд ч гэсэн ялгаагүй. Сангийн сайдын 2017 онд баталсан анхан шатны баримтууд байгаа. Үүнийг төсвийн байгууллагууд санхүүгийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. Манайх шаардах хуудсаараа шатахуунаа олгодог. Шаардах хуудас нь дарга, нягтлангийн цохолттой, хүлээлгэж өгсөн нярав, хүлээн авсан жолоочийн гарын үсэгтэй байдаг учир манайх шаардах хуудасгүй шатахуун огт гаргаагүй.

Номин ХХК руу анхан шатны ямар ч баримтгүй хоёр сая төгрөг шилжүүлсэн гэж байгаа. Тэр хоёр сая төгрөг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилттэй хийгдсэн “Тэмбүү сэргийлье” төслөөс хичээл үйлдвэрлэлийн дадлага хийхэд зарцуулсан мөнгө, Тэмүүлэл өргөө ХХК руу шилжүүлсэн таван зуун мянган төгрөг мөн адил уг төслийн санхүүжилтийг зарцуулсан, баримт нь байгаа.

2018 онд жилийн эцсээр Номин ХХК руу шилжүүлсэн мөнгөний хувьд тухайн байгууллагын өөрийнх нь нэхэмжлэл, хоёр зарлагын баримт нь байгаа. 2018 оноос өмнө төсвийн байгууллага ибаримт гэдэг зүйлийг үйл ажиллагаандаа мөрддөггүй, гараар үйлдсэн зарлагын баримт авдаг байсан. 2018 оны 8 сард Санхүүгийн хяналт, аудитын албанаас манайд шалгалт хийж байсан. Ингэхдээ ибаримттай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаагүй. 2019 онд Төрийн аудитын байгууллага манай байгууллагын 2018 санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргасан эсэх, анхан шатны баримт, орлого зарлагаа зөв бүртгэсэн эсэхийг бас шалгасан. Шалгаж дуусаад 2019 оноос заавал ибаримттай гүйлгээ хийнэ гэдэг зөвлөмжийг өгсний дагуу түүнээс хойш ибаримтыг бүрдүүлдэг болсон.

Санхүүгийн хяналт, аудитын албанаас шатахуун аваад явж байгаа л бол бүгд томилолтын хуудастай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Манайх ажлын найман цагт багтаад яваад ирж байгаа тохиолдолд болон төслийн сургалтуудад томилолт олгохгүй байх тохиолдол байдаг. Төслийн сургалтууд ихэнхдээ цаанаасаа томилолттой байдаг учир манайх давхардуулж томилолт олгодоггүй.

Тогтоосон зөрчилтэй холбоотой анхан шатны баримтууд нь байсаар байтал нэг бүрчлэн тулган шалгаж үзэлгүй дахин акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул актуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны нэгдсэн  төлөвлөгөөний  дагуу албаны даргын баталсан удирдамжийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын 2018-2020 оны үйл ажиллагаанд тус албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч *******, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч ******* нар  хяналт шалгалт  хийж,   хяналт шалгалтаар нийт 162612.8 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 7898.6 мянган төгрөгийн зөрчилд нөхөн төлбөрийн 3 салбар акт тогтоож, 154714.2 мянган төгрөгийн зөрчилд 1 албан шаардлага өгсөн юм. 3 салбар актаас 790.1 мянган төгрөгийн актыг барагдуулж, 7248.5 мянган төгрөгийн 2 салбар актыг хүлээн зөвшөөрөөгүй.

Төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг анхан шатны баримт бүрдүүлэх,  журналд бичих, дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, ажил, гүйлгээний мэдээ гаргах, санхүүгийн тайлан гаргах гэсэн дарааллаар гүйцэтгэнэ” гэж, мөн зүйлийн 14.4 дэх хэсэгт “аж ахуйн бүх ажил, гүйлгээ, бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, бүх өр төлбөр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, бүх орлого, бүх зардлыг заавал бүртгэнэ гэж тус тус заасан байдаг.

Гэтэл  жолоочийн  замын хуудсанд  “... дарга ******* томилолтоор явахад зарцуулсан”  гэж бичиж, шатахуун зарцуулсан бөгөөд томилолтоор явж байгаа тохиолдолд Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолд зааснаар зарцуулсан шатахууны зарцуулалтын тооцоог  томилолтын удирдамж,  томилолтын илтгэх хуудсанд заавал хавсаргах ёстой атал албан үүргээ гүйцэтгэсэн гэх нэг ч баримт байгаагүй. Мөн жолоочийн замын хуудасны тооцоотой зарцуулсан шатахууны талон, зарцуулалтын тайлантай тулгахад жолоочийн замын хуудсанд тайлагнаагүй  2019, 2020 онд нийт 4115.3 мянган төгрөгийн шатахууныг анхан шатны баримтгүй зарцуулсан байсан. Мөн 2018 оны жилийн эцэст  Сүхбаатар аймаг дахь Номин дэлгүүр рүү 2000.0 төгрөгийг шилжүүлсэн үүнээс 934.3 мянган төгрөгийг  хүнсний материал авсан гэсэн төлбөрийн баримттай, үлдсэн 1065.7 мянган төгрөг нь юунд зарцуулсан нь тодорхойгүй анхан шатны баримт огт байхгүй байсан юм.

Хяналт шалгалтын явцад *******тай утсаар холбогдон гарсан асуудлуудын талаар хэлж, баримтуудаа тулган үзэх талаар ярихад ковидын ойрын хавьтал тул очих боломжгүй гэсэн тул утсаар танилцуулсан. Харин нягтлан бодогч *******ын хамт баримтуудыг нэг бүрчлэн тулган шалгасан бөгөөд ******* нь бичгээр гаргасан тайлбартаа “... сарын эцэст шатахууны зарцуулалтыг тулгаагүйгээс зарцуулалт дутуу орхигдсон байна ...” гэдэг тайлбарыг өгсөн. Тухайн үед баримтуудаа тулган дээрх мөнгөн дүнтэй зардлуудыг анхан шатны баримтгүй зарцуулсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн, мөн 2 акт нь хавсралт тус бүрээр гарсныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.4 дэх заалтуудыг үндэслэн сонсох ажиллагаа хийж,  Дотоод аудитын дүрмийн 6.3.1 дэх заалтад заасан эрхийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг үндэслэл болгон 1427.3 мянган төгрөгийг 2021 оны 05  дугаар  сарын 03-ны  өдрийн  31-01/08 тоот актаар, 5681.2 мянган төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/09 тоот актаар тус тус  аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан *******гаар  төлүүлэхээр тогтоосон. ******* нь дээрх 2 актыг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны байгууллагад хандаж, үүнтэй холбогдуулан Сангийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн *******гийн гаргасан гомдлын дагуу  “....Улсын ахлах байцаагчийн 31-01/08 , 31-01/09 тоот актуудыг хүчингүй болгож, актад дурдсан зөрчлийн төлбөрийг хариуцах этгээдийг зөв тодорхойлсоны үндсэн дээр дахин акт гаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн  13-2/3737 дугаар албан тоот ирүүлсэн юм.

Тус алба нь Сангийн сайдын 2019 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан Дотоод аудитын хорооны дүрмийн дагуу  аймгийн Дотоод аудитын хороогоор тухай бүр хяналт шалгалт, дотоод аудит хийсэн шалгалтын дүнгүүдийг хэлэлцүүлдэг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Эрүүл мэндийн газрын 2018-2020 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг  хэлэлцүүлж, хорооны гишүүд нь хорооны дүрмийн 4.1.2 дахь заалтад заасны дагуу  Сангийн сайдын 13-2/3737 дугаар албан бичгийг хэрэгжүүлэхийг тус албанд үүрэг болгож шийдвэрлэсэн.

Үүний дагуу 2021-05-03-ны өдрийн 31-01/08 тоот актыг  2021-11-19-ний өдрийн 31-01/46 тоот актаар,  2021-05-03-ны өдрийн 31-01/09 тоот актыг  2021-11-19-ний өдрийн 31-01/47 тоот актаар тус тус хариуцагчийг өөрчлөн *******, ******* нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан  болно.

******* нь тус 2 актыг  хүлээн зөвшөөрөхгүй Сангийн сайдад гомдол гаргасан, гомдлыг хянаж үзээд Сангийн сайдын 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 13-02/169 дугаартай албан тоотоор 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актууд нь үндэслэл бүхий байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5 дахь заалтыг үндэслэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн  юм.

Дээрх 2 актыг тогтоохоос өмнө нягтлан бодогч ******* нь бүх баримтуудаа тулган, гарсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан атал  *******г 11 дүгээр сард Эрүүл мэндийн газрын даргаар дахин  томилогдсон хугацаанд анхан шатны баримт байсан гэж хуурамчаар баримт бүрдүүлэн тайлбар гаргасан нь Нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх  Санхүүгийн  хяналт аудитын алба, аймгийн Төрийн Аудитын газар нь хуульд заасан тус тусын чиг үүрэгтэй, бие даасан статустай байгууллага. Иймд өөрсдийн чиг үүргийн хүрээнд дээрх 2 актыг тогтоосон болно гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын 2018-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хяналт шалгалтын удирдамжаа тухайн шалгалт хийх гэж байгаа байгууллагын удирдлагад танилцуулна гэж заасны дагуу тухайн үеийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Гантулга даргад удирдамжаа танилцуулаад хяналт шалгалтыг зохион байгуулсан.

Хяналт шалгалтаар 162 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Үүнээс 7898.0 төгрөгийн 3 салбар акт тогтоосон. Нэг актыг нь барагдуулсан, үлдсэн 2 актын хувьд төсвийн хөрөнгийг анхан шатны баримтгүй зарцуулсан, үндэслэлгүйгээр авлага үүсгэж, тэрийгээ данс бүртгэлд тусгаагүй, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зөрчил дутагдал илэрсэн. Энэ нь Төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцэхгүй, энэ хуулийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж үзсэн.

Энэ зөрчил дутагдлууд нь тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа, нэг, хоёрдугаар гарын үсэг зурж байгаа байгууллагын дарга, нягтлан бодогч нартай шууд холбоотой.

Байгууллагын дарга бол санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахдаа Төсвийн тухай хуульд заасан төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, батлагдсан төсвийн хүрээнд зардал гаргах, үндэслэлгүйгээр өглөг, авлага үүсгэхгүй байх зэрэг хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуульд заасан зарчмуудыг хэрэгжүүлж ажиллана гээд тангараг өргөсөн эрх бүхий төрийн жинхэнэ албан хаагч.

Нягтлан бодогчийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн байгууллагын бүхий л санхүүгийн үйл ажиллагаа нь заавар журмын дагуу үнэн зөв хөтлөгдөж байна уу гэдгийг хянах эрхтэй. Мөн холбогдох ажилтнуудаас орлого, зарлага, анхан шатны баримтуудыг бүгдийг нь шаардан гаргуулах эрхтэй. Анхан шатны баримтгүй гүйлгээ бүртгэл тайланд тусгахгүй байх, хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар гүйлгээ хийхгүй байх эрхтэй. Санхүүгийн тайлан балансыг үнэн зөв гаргах, мөнгөн хөрөнгө, гүйлгээнүүдийг гарахаас нь өмнө заавал тулган баталгаажуулах, санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж байгууллагын удирдлагыг мэргэжил арга зүйгээр хангах үүрэгтэй эрх бүхий ажилтан.

Энэ хоёр хүний хувьд ажиллаж байх хугацаандаа төсвийн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадаагүй байна гэж үзэж энэ актуудыг тогтоосон.

Хяналт шалгалтаар санхүүгийн үйл ажиллагаанд ямар нэгэн эрсдэл, алдаа зөрчил гарвал энэ алдаа зөрчил нь юунаас болж гарч байгаа шалтгааныг нь тогтоогоод холбогдох бүх хүмүүстэй нь уулзаад шаардлагатай материалуудаа тулгаад, энэ эрсдэлээс яаж урьдчилан сэргийлэх, энэ зөрчлүүдийг цаашид хэрхэн гаргахгүй байх тал дээр мэргэжил арга зүйгээр хангадаг. Төсөвт үнэхээр хохирол учруулсан, хэн нэгэн ажилтныг хохироосон бол энэ хохирлыг нь арилгуулах зорилгоор акт, гарсан зөрчил дутагдлуудыг арилгах зорилгоор албан шаардлага тогтоодог.

Энэ зарчмын дагуу хяналт шалгалтын үеэр холбогдох бүх хүмүүстэй нь буюу нярав, жолооч, ялангуяа *******тай удаа дараа уулзсан. Уулзах болгондоо бүх анхан шатны баримтуудаа тулган баталгаажуулалт хийгээд, тооцоо томъёоллоо хийгээд эцэст нь актад дурдагдсан 7248.3 мянган төгрөгийг анхан шатны баримтгүй зарцуулсан, дутуу бүртгэсэн, авлагаар бүртгээгүй байна гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Дараа нь тайлбараа амаар болон бичгээр өгсөн.

Жишээ нь 46 тоот актад дурдсан шатахууны зардлыг жолоочийн бүх замын хуудастай нь тулгахад томилолтоор явахад зарцуулсан гэж бүртгэсэн байгаа. Энэ дотор Эрдэнэтуяа дарга Улаанбаатар хот руу 2019, 2020 онд томилолтоор явсан гэж байгаа. Томилолтоор явж байгаа бол заавал анхан шатны баримт болох томилолтын удирдамж, томилолтоор ажилласан илтгэх хуудас, тайлан зэргийг бүрдүүлэх ёстой байдаг. Гэтэл үүн дээр ямар ч анхан шатны баримт байгаагүй. Нягтлан нь тухайн үед тулгаж үзээд анхан шатны баримт байхгүй байна гэж хэлж байсан. Шатахуунтай холбоотой зардал бас байгаа. Нийт 4.1153 мянган төгрөгийг жолоочийн замын тооцооны хуудас болон бензиний зарцуулалттай бүгдийг нь тулгасан. Жолооч нь байгууллагын дарга, нягтлан бодогчийн зөвшөөрөлтэй бензин аваад дараа нь тайлангаа өөрөө хөтөлдөг. Шалгаж үзэхэд нийтдээ 4.1153 мянган төгрөгийн шатахууны тайлан огт бүртгээгүй байсан. Өөр юунд зарцуулсан бэ холбоотой анхан шатны баримтууд байна уу? гэхэд огт байгаагүй. Анхан шатны баримтуудыг дараа нь бүрдүүлнэ гэсэн ойлголт байхгүй.

2018 онд илэрсэн зөрчлүүд намайг байхгүй үеийн Батсанаа даргын үеийн зөрчлүүд байна гэсэн тайлбар өгч байна. Тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд алдаа зөрчил байна гэдгийг ямар албан тушаалтан гаргаж ирдэг вэ гэхээр мэргэжлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон санхүүгийн улсын байцаагчийн эрхтэй, аудиторын эрхтэй хүн тухайн байгууллагын төлөвлөгөө, удирдамжид заагдсан хяналт шалгалтыг хийгээд энэ байгууллагын үйл ажиллагаа зөрчилтэй байна гэдэг асуудлыг гаргаж ирдэг.

Тэр тооцооллыг бид нар өөрсдийн мэргэжлийн хүрээнд тодорхой аргачлалаар, анхан шатны баримт дээр үндэслэж гаргаж ирдэг. Тэр аргачлалаа шалгуулагч этгээдэд тайлагнах үүрэггүй.

Эхлээд ******* дарга дээр акт тогтоосон. Тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй гээд манай дээд шатны байгууллагад гомдол гаргаад гомдлыг нь хянаж үзээд Төсвийн тухай хууль зөрчигдсөнөөс гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчигдсөн учир дан ганц байгууллагын дарга хариуцлага хүлээхээс гадна нягтлан бодогч хариуцлага хүлээх ёстой. Иймд хариуцагчийг нь тодорхой болгоод  дахин акт тогтоо гэсэн албан бичиг манайд ирүүлсэн. Манай байгууллага бүх хяналт шалгалтынхаа дүнг дотоод аудитын хороонд танилцуулдаг. 11 сарын 08-нд дотоод аудитын хороонд хяналт шалгалтын дүнг танилцуулахад Сангийн сайдын албан бичгийг хэрэгжүүлж ажилла гэдэг шийдвэр гараад энэ актуудыг тогтоосон. Уг актуудыг Сангийн сайд хянаж үзээд 31-01/46, 31-01/47 тоот актууд үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргаж манайд ирүүлсэн гэв. 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны баримтгүйгээр төрийн сангаар гүйлгээ гаргадаггүй гэж нэхэмжлэгч ярьж байна. Төрийн сан гүйлгээ гаргахдаа зарлагын баримт болон нэхэмжлэхээр гаргачихдаг. Шаардлагатай бол даргын тушаал, мөнгөн гүйлгээний баримт шаарддаг. Бид нарын шалгаж байгаа асуудал бол хянах эрх бүхий байгууллага нь хянаад мөнгийг нь гаргасан байна, дараа нь тэр мөнгийг яг юунд зарцуулсан, тэр мөнгө нь байна уу, үгүй юу гэдгийг шалгаж байгаа. Тэр анхан шатны баримт нь жолоочийн шаардах хуудас, томилолтын илтгэх хуудас, томилолтын төсөв гэх мэт байх ёстой. Энэ баримтууд байхгүй байсан.

Нэхэмжлэгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн талаар ярьж байна. Уг хууль 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар аж ахуй нэгж, иргэн заавал ибаримт хэвлэж өгөх үүрэгтэй. Тиймээс тэр хуулийн хэрэгжилтийг шалгаж үзсэн. Тэмүүлэл өргөө компаниас 2018 онд худалдан авалт хийсэн ба 2016 оноос хэрэгжиж эхэлсэн хуулийг хэрэгжүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтгүй байсан.

Номин тав трейд компани руу 2 сая төгрөг шилжүүлсэн байснаас есөн зуун мянгад нь акт тогтоосон. Ямар бүтээгдэхүүн авсан гэдэг анхан шатны баримтууд нь байгаагүй.

2019, 2020 онд 3 удаа томилолтоор явсан гээд шатахуун зарцуулсан. Анхан шатны баримт байхгүй, томилолтын хуудасгүй байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нараас “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчдын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... шалгалт хийж дуусаад 6 сар 19 хоног өнгөрсний дараа буюу *******г шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсны дараа 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг дахин сэргээн тавьсан нь “зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол зөрчилгүй гэж үзнэ” гэсэн Төрийн албаны тухай хуулийн заалтыг зөрчсөн. *******г ажлаас чөлөөлөгдсөн байх үеийн баримтуудыг хамаатуулж акт тавьсан. Түүнчлэн актыг батлан гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулаагүй, холбогдох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаагүй, баримтуудыг нэг бүрчлэн тулган шалгаагүй, шалгалтыг бүрэн гүйцэт хийгээгүй” гэж, харин хариуцагчаас “... шалгалтаар нийт 7108.5 мянган төгрөгийг анхан шатны баримтгүй зарцуулсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул акт тогтоосон” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.”, 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”, 98 дугаар зүйлийн 98.1-д “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана:”, 98.1.2-т “гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох;”, 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ.” гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч *******гаас Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчдын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/07, 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг хянуулахаар Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргаж, Сангийн сайд гомдлын дагуу актуудыг хянан үзээд 31-01/07 дугаар актыг хэвээр үлдээж, 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг хүчингүй болгож, актад дурдсан зөрчлийн төлбөрийг хариуцах этгээдийг зөв тодорхойлсны үндсэн дээр дахин акт гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

4. Гомдлыг хянасан дээд шатны байгууллагын шийдвэрийг үндэслэн дахин акт тогтоосон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн “... шалгалт хийж дуусаад 6 сар 19 хоног өнгөрсний дараа буюу *******г шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсны дараа 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг дахин сэргээн тавьсан нь “зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол зөрчилгүй гэж үзнэ” гэсэн Төрийн албаны тухай хуулийн заалтыг зөрчсөн ...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй юм. 

5. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчдын 2021 оны 31-01/08, 31-01/09 дүгээр актыг хуулийн дээрх заалтын хүрээнд Сангийн сайд хүчингүй болгосноор тухайн акт үйлчлэлгүй, эрх зүйн үр дагаваргүй болсон, энэ тохиолдолд шүүхээс дээрх актуудыг дахин хүчингүй болгох боломжгүй, үүний үр дүнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм. Өөрөөр хэлбэл захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд тухайн актын эрх зүйн үйлчлэл дуусаагүй буюу үргэлжилж байхыг шаардах бөгөөд эрх зүйн үйлчлэлтэй актыг л хүчингүй болгохоос биш үйлчлэлгүй болсон актыг хүчингүй болгох ойлголт байхгүй.

6. Иймд “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчдын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заасан.

8. Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг гаргахын өмнө нэхэмжлэгч Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч *******тай 2021 оны 11 дүгээр сарын 16-нд биечлэн уулзсан, 2021 оны 11 дүгээр сарын 17-нд утсаар ярьсан болох нь тогтоогдож байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, санал, нотлох баримт гаргаж өгөх эрхийг цаг хугацааны хувьд хангасан гэж үзэхээргүй, түүнчлэн нэхэмжлэгч *******д сонсох ажиллагаа явуулсан гэх баримт байхгүй байна.

9. Маргаан бүхий 2 актаар тогтоосон төлбөрийн санхүүгийн анхан шатны зарим баримтууд нь шүүхэд маргах явцад хэрэгт цугларсан, эдгээрийг цаг хугацааны хувьд нөхөж бүрдүүлэх боломжгүй, актаар тогтоосон нийт 7108.5 мянган төгрөгийг бүгдийг нь анхан шатны баримтгүй зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байна.

10. Хариуцагчаас хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийгээгүй, хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг шинжлэн судлаагүй, баримтуудыг нэг бүрчлэн тулган шалгаагүй, холбогдох баримтыг гаргаж өгөх, тайлбар, санал гаргах эрхээр хангаагүй, төлбөрийг хариуцах этгээдийг нарийвчлан тодорхойлоогүй байх тул уг зөрчлөө арилгаж, дахин шинэ акт гаргах шаардлагатай.

11. Ийнхүү дахин шийдвэр гаргахдаа холбогдох санхүүгийн баримтыг хянан үзэж, эрх хэмжээнийхээ хүрээнд акт үйлдэх замаар шүүхийн шийдвэр биелэгдэх ба хэрэв дахин шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий актууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.” гэж зааснаар хүчингүй болох үр дагавартай.

12. Дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчдын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчдын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий *******, ******* нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг актууд хүчингүй болохыг дурдсугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЦЭРЭНХАНД