Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2428

 

 

 

 

 

 

 

 

 

З.Пы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02034 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Пы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Бд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэцэгмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Я.Бтай 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6 400 000 төгрөгийг зээлж, зээлийг төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 26-ны дотор төлбөл хүү тооцохгүй байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Ингээд Я.Баас мөнгөө буцааж өгөхийг шаардахад өгөхгүй явсаар гэрийн хаягаа өөрчилж, утсаа авахаа байсан. 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Я.Бтай уулзаж баримт үйлдсэн. Уг баримтад 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан 6 400 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр,  үлдэгдэл 3 400 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус төлж дуусгахаар тохиролцсон. Үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тус бүр банкны хугацаатай хадгаламжийн хүү болох жилийн 15 хувийн хүүгээр тооцож холбогдох байгууллагад мэдэгдэх болохыг зөвшөөрөв. Мөн уг хугацаанд гүйцэд төлсөн тохиолдолд Я.Баас мөнгө удаасны нөхөн төлбөрт 500 000 төгрөгийг өгөхийг тохиролцов. Я.Б би энэхүү хэлцлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг. Мөн Я.Б нь худал хэлж, дээрх хугацаанд мөнгөө төлөхгүй байсан учраас зээлийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин сунгаж 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл сар бүрийн 27-ны өдөр мөнгийг төлж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч 1 500 000 төгрөг төлсөн. Ингээд үлдэгдэл 4 900 000 төгрөгийг төлөөгүй. Алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 2 450 000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Я.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 7 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний ажиллаж байсан компани үйл ажиллагаагаа түр зогсоосны улмаас орлогогүй болж хэсэг хугацаанд төлбөрөө төлж чадаагүй нөхцөл байдалд хүрээд байна. Иймээс одоо тогтмол орлогогүй байгааг минь харгалзан үзэж эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулж эвлэрлийн гэрээ байгуулж төлбөрөө төлөх саналтай байна. Мөн З.П нь миний төлсөн мөнгөний тооцоог буруу гаргасан байгаа тул би төлсөн баримт, нотолгоог гаргаж өгч дахин тооцоо хийж үзэх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.Баас зээлийн гэрээний үүрэгт 4 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Пд олгож, үлдэх 2 450 000 төгрөг холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Я.Баас улсын тэмдэгтийн хураамжид 93 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Пд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие шүүх хуралдаанд оролцож, өөрийн байр суурийг илэрхийлж чадаагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч З.П нь хариуцагч Я.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 7 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр товлогдсон байх ба мөн өдөр шүүх хуралдаан ямар шалтгааны улмаас хийгдээгүй болох нь тодорхой бус байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр явуулсан гэж тодорхойлсон атлаа шүүхийн шийдвэрт огноог 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр үйлдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан товолсон хугацаанд шүүх хуралдааныг явуулах тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзнэ.  

 

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэжээ. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Учир нь нэхэмжлэгч болон төлөөлөгч, өмгөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

           

Нөгөө талаар шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/02034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.Баас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН