2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/485

 

 

 

 

 

 

 

 

   2025       02         12                                        2025/ШЦТ/485

 

                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Г.Ө,

иргэний нэхэмжлэгч Д.Ц,

иргэний хариуцагч Х.Т,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр /ҮД1961/ нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бад холбогдох эрүүгийн 2409 03234 2085 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ... баруун талд байрлуулсан хохирогч Ц.Бын эзэмшлийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий “Clevland fx gen” гэх нэршилтэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан,

мөн 2024 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... үүдэнд байсан хохирогч Г.Өын эзэмшлийн 7,800,000 төгрөгийн үнэ бүхий “Суррон" буюу цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 9,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ө: “...2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мотоциклээ алдсан. Маргаашаас нь хайж эхэлсэн. Тухайн үед хяналтын камер шүүлгэх гэхэд манай СӨХ-ийн хяналтын камер ажиллахгүй байсан. Би өөрийн мөнгөөр засуулаад бичлэг шүүлгэсэн. Камерын бичлэг шүүсэн чинь олон байруудын дундаас яваад хүүхдийн зуу орсон байсан. Газрын зургаас харахад 4-5 километрийн алхаад явсан байсан. Хайхад маш хүндрэлтэй, олдохгүй  би цагдаа нарт туслаад 9 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл ажлаа хийж чадаагүй. Хүргэлтээр электрон бараа зардаг. Сардаа 3,000,000-5,000,000 төгрөгийг орлоготой байсан. Энэ хэргийг хариуцсан мөрдөгч нар бүх тоотын хяналтын камерыг шалгах хэрэгтэй гэж хэлсэн. Тагнуулын газрын тавьсан камеруудыг бас байсан. Би Тагнуулын ерөнхий газарт ажилладаг таньдаг хүнээсээ гуйгаад хөлсөнд нь 1,000,000 төгрөг өгөөд тэр хүний тусаар дугуйгаа олсон. Цагдаа нар дангаараа олоход хэцүү байсан. Хулгайч маань бүх эрсдэлийг бодоод ийм үйлдэл хийсэн байх. Сурронг хүлээж авсан. Эвдрэл гэмтэлтэй байсан. Эвдрэлийн үнэлгээ нь хоёр сая хэдэн зуун мянган төгрөг болж байсан. Ажилгүй үеийн цалин, таньдаг хүнд өгсөн 1,000,000 хөлс, хяналтын камерыг засуулсан зардал нийт 7,500,000 төгрөг нэхэмжилж байна. Бүх зардлын баримт миний дансанд байгаа, гаргаж ирээгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Ц: “...Би хөөсний компанийн гүйцэтгэх захирал хийдэг. Иргэний хариуцагч Х.Т надад “Ахаа би 500м.куб, 1000 м.куб хөөс авъя. Би энэ Сурронг 14,500,000 төгрөгөөр авсан. 11,000,000 төгрөг орчимд хөөс аваад оронд нь өгье гэж хэлсэн. Тухайн үед би яагаад чамд итгэх ёстой юм бэ гэхэд би маш олон захиалга авсан байгаа. Та хурдан өгвөл гүйцэтгэлээ авах гэж байна гэж хэлсэн. Би өөр газарт  явуулах гэж байсан хөөсөө залуу хүүхдийг дэмжих утгаар 10,080,000 төгрөгийн хөөсийг Сурроны оронд өгсөн. Батерей юу ч байхгүй байсан. Дараа нь  энэ залуу над руу яриад шүүгдэгч надад мөнгө өгсөнгүй би танд хөөсөө буцаагаад өгье гэсэн. Надаас хөөс аваад гүйцэтгэлээ хийгээд тэрнээс ашиг олоод шүүгдэгчээс хохирлоо аваад өдий хүртэл надтай яриагүй. Ярихад хөөсийг тань өгье гээд сонин юм яриад байдаг. Би өөрөө хөөсөнцрийн үйлдвэртэй байж чамаас яагаад хөөс авах ёстой юм гэж хэлсэн. Барилгын салбар улирлын шинжтэй байдаг. Тэрнээс хойш 4-5 сар болж байна. Би тухайн мөнгийг 3-4 нугалаад авах мөнгө байсан. Сая надад манай нягтлан баримт явуулсан. Тухайн үед 56 м.куб хөөсийг 180,000 төгрөгөөр үнэлж өгсөн байна. Шүүхээр өмнө нь үйлчилж байгаагүй учраас баримтаа гаргаж ирээгүй. 10,080,000 төгрөгийг алдангитайгаа 15,000,000 төгрөг болгон нэхэмжилж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Х.Т: “...Миний хувьд 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч над руу залгаад надад нэг Суррон байгаа. Та хямдхан Суррон хайгаад байгаа юу гэж ярьсан. Би үзэж хараад хоорондоо тохиролцоод iPhone 15 plus маркийн утсыг 2,500,000 төгрөгт үнэлж,  дээр нь 1,250,000 төгрөг өгөөд солих боломжтой гэж үзээд гар утсаар бичлэг хийж баталгаажуулаад авсан. Шүүгдэгч надад хохирлыг төлсөн. Бид хоёрын хоорондын тооцоо дууссан байгаа. Иргэний нэхэмжлэгчийн тухайд би анх очихдоо сурронг 14,000,000 төгрөг гэж хэлээгүй. Ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага ямар нэгэн  барааг авахдаа зах зээлийн ханш нь  хэд вэ, хэдэн төгрөгийн бараатай дүйцэх вэ гэсэн судалгааг эдний зүгээс хийгээд манайхтай тохиролцох ёстой. Тухайн үед надад 16 кубтэй хөөс өгсөн. 18 кубтэй хөөс үнэтэй байдаг гэж хэлсэн. Би хулгайн сурронг дамжуулаад энэ хүнд өгсөн. Хулгайлсан гэдгийг мэдээгүй. Шүүгдэгчид түлхүүр нь байсан учраас шүүгдэгчийн сурронг гэж ойлгосон. Иргэний нэхэмжлэгч энэ нөхцөл байдлыг ашиглаж байна. Барилга дээр очоод би хөөсний жинг гараад ирж болно. Би хөөсийг 8,960,000 төгрөг гэж тооцоолж байгаа. Сурронг би 3,250,000 төгрөгт авсан. Би энэ хүний ажил дээр нь очоод авсан юмаа буцаагаад өгье. Санхүүгийн боломж минь хүнд байна гэж хэлэхэд уурлаад байсан. Би хохирлыг аль аль талд өгсөн гэж бодож байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын  хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Хэргийн газар үзлэг хийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

            - Хохирогч Г.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Гэрч Х.Тн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

            - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 24-30 дахь тал/,

            - Кассын орлогын ордер /хавтаст хэргийн 43 дахь тал/,

            - “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Суррон” буюу цахилгаан дугуйг 7.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,

- Иргэний хариуцагч Х.Тн хаан банкны дансанд төлбөр шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

            - “Дамно үнэлгээ” ХХК-ний “Clevland fx gen” гэх кросс мотоциклыг 1,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 138-140 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

- хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

            - Яллагдагч Б.Баас “Clevland fx gen” гэх кросс мотоциклыг хүлээн авч, хохирогч Ц.Бод хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 132-136 дахь тал/,

            - Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр“Суррон” буюу цахилгаан дугуйны эвдрэл 2,280,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 77-82 дэх тал/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн “Нэгдүгээр” зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 73 дахь тал/,

- шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             А. Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ... баруун талд байрлуулсан хохирогч Ц.Бын эзэмшлийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий “Clevland fx gen” гэх нэршилтэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан үйл баримт нь:

            - Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн "...2024 оны 9 дүгээр сарын 06-ны өглөө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр ... зах болон 48-6 байрны хашаан дотор хар өнгийн кросс мотоциклоо үлдээсэн тэр өдрөө хөдөө ажилтай явчхаад өчигдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө гэртээ ирэхэд хашаа нь дотор байсан хар өнгийн мотоцикл байхгүй байсан тэгээд өнөөдөр цагдаад хандсан юм."  гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

            - “Дамно үнэлгээ” ХХК-ний “Clevland fx gen” гэх кросс мотоциклыг 1,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

            - Яллагдагч Б.Баас “Clevland fx gen” гэх кросс мотоциклыг хүлээн авч, хохирогч Ц.Бод хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

            - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 97-100 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

            Б. Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... орцны үүдэнд байсан хохирогч Г.Өын эзэмшлийн 7,800,000 төгрөгийн үнэ бүхий “Суррон" буюу цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан болох нь:

            - Хэргийн газар үзлэгхийсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

            - Хохирогч Г.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 27-ны шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн ... орцны үүдэнд өөрийн унаж байсан Сурронаа тавиад гэртээ орсон. Өглөө ажилдаа явах гээд дугаар орцны үүдэнд тавьсан Сурронаа авах гэсэн боловч алга болсон байсан.” гэх мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 28- ны өдөр Баянгол дүүргийн ... нутаг дэвсгэрт байрлах хөөсөнцөр сэндвичний үйлдвэр дээр байж байх үед үл таних эрэгтэй орж ирээд би хөөс сонирхож байна, их хэмжээний хөөс авъя эхлээд багахан хөөс авъя тийм учир хар өнгийн суррон байна та энийг 10,080,000 төгрөгт бодож аваад оронд нь хөөс өчих гэхээр нь за гээд би үл таних Х.Т гэх хүнд хөөсийг жижиглээд хүргэж өгсөн. Тэгээд удалгүй цагдаагийн газраас над руу залгаад таны худалдаж авсан суррон нь хулгайн суррон гэдгийг мэдэх үү гэхэд би гайхаад гэр бүлийнхэн рүү залгаад суррон хаана байна гэхэд гэрт байна гэхээр нь цагдаагийн алба хаагч нарт хэлээд гэрээс авхуулсан. Би тухайн үед Улаанбаатар хот байхгүй, Дорноговь аймаг ажлаар явж байсан. Тэгээд удалгүй Х.Т над руу залгаад ахаа авсан буцааж өгий гэхээр нь юу яриад байгаа юм бэ манайх хөөсөнцөр хавтангийн үйлдвэртэй би наад авахгүй мөнгийг өг гэхэд надад тийм боломж алга би тань өөр газраас хөөс авч өгий гэсэн учир би татгалзсан. Тэгээд одоо надад нийт 10,080,000 төгрөгний хохирол учирсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,

            - Гэрч Х.Тн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хар өнгийн Суррон худалдаж авсан асуудал байгаа. Би энэ оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Зиггоп МопдоПа гэх фейсбүүк групп дээр суррон худалдаж авна гэсэн зар тавьсан. Тэгээд 9 дүгээр сарын 28-ны өдөр ... гэх дугаараас үл таних залуу холбогдоод суррон зарна очоод үзүүлье гэжхэлсэн ба манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 7 дугаар байрны гадаа 21 цаг 30 минутад хар өнгийн суррон унаад ирсэн. Тэгээд тухайн залуутай танилцахад өөрийгөө Батбилгүүн гэж хэлсэн ба би тухайн сурроныг авахдаа Айфоне 15 плас загварын гар утас дээр нэмээд 1.250.000 төгрөг өгсөн. Надад одоо тэр суррон байхгүй ба би цаашаа өрөө хүнд 8.960,000 орчим төгрөгөөр зарсан. Би төлбөрөө барилгын хөөс болгож бартер хэлбэрээр зарсан ба миний зарсан хүн фэйсбүүк дээр хөөс хөөсөнцөр нийлүүлнэ мөн бартер оролцуулна гэсэн байсан. Тэгээд би тухайн зар оруулсан гэх хүнтэй холбогдоход намайг захиралтайгаа холбогдуулсан бөгөөд би захиралтай нь уулзаж бартераар хөөс авч хариуд нь сурроноо хөөсний мөнгөндөө бодож өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

            - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 24-30 дахь тал/,

            - “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Суррон” буюу цахилгаан дугуйг 7.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

            - Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр“Суррон” буюу цахилгаан дугуйны эвдрэл 2,280,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 77-79 дэх тал/,

            - Сэтгэцэд учирсан хор уршгийн “Нэгдүгээр” зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хууулийн тусгай ангид заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Хэргийн тухайд шүүгдэгч Б.Бын үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Бын эзэмшлийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий “Clevland fx gen” гэх нэршилтэй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн хохирогч Г.Өын эзэмшлийн 7,800,000 төгрөгийн үнэ бүхий “Суррон" буюу цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын зүгээс “...Нийт тустай ажил хийлгэх ялтай санал нэг байна. Миний үйлчлүүлэгч анх упаа гэмт хэрэг үйлдсэн. Бага хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад татгалзах зүйлгүй.” гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Б.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.Бын хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогч Г.Өын  “Суррон" буюу цахилгаан дугуй,  хохирогч Ц.Бын “Clevland fx gen” гэх нэршилтэй мотоциклийг тус тус буцаан хүлээлгэн өгсөн байх тул шүүглэгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Г.Өын  “Суррон" буюу цахилгаан дугуйнд 2,280,000 төгрөгийн эвдрэл гэмтэл үнэлгээний тайлангаар тогтоогдсон ба уг тайланд тусгагдсан эвдрэл гэмтлүүд нь бүхэлдээ хулгайлах гэмт хэргийн үйлдлийн улмаас учирсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байдал тогтоогдлоо. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ө “...сурроноо хүлээж авахад цахилгаан баттерей нь бол дугуйндаа байгаа харин холболт нь салсан байна. Мөн хулгайд алдахаасаа өмнө урд хянах самбар хагархай, суррон бага хэмжээний сэв зураастай байсан...” гэж мэдүүлж байтал Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тайланд цахилгаан баттерей-1,450,000 төгрөг, урд хянах самбар-180,000 төгрөг гэж тухайн эд ангийг бүхэлд нь үнэлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд хохирогч Г.Өын хулгайлах гэмт хэргийн улмаас “Суррон” буюу цахилгаан дугуйнд учирсан эвдрэл, гэмтлэл болон бусад гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мөн иргэний нэхэмжлэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт 15,000,000 төгрөгийг иргэний хариуцагч Х.Тгаас гаргуулахаар, иргэний хариуцагч Х.Т нь иргэний нэхэмжлэгч  Д.Цид 8,960,000 төгрөг төлөхөө илэрхийлж байх ба иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн хэн нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул иргэний нэхэмжлэгч Д.Цийн нэхэмжлэлтэй  холбоотой асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дугаар А/268, А/275 тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хохирогч Г.Өын сэтгэцэд учирсан  хор уршгийг 1 дүгээр зэргэлэлээр тогтоож, мөрдөгч хохирогчид танилцуулсан байх ба үүнийг хохирогч Г.Ө нь нэмэмжилж байх тул тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /660,000x4,99=3,293,400/ буюу нийт 3,293,400 төгрөг, хохиргч Г.Өын хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 35,000 төгрөг нийт 3,328,400 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулахаар шүүхээс тогтоосныг шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж дээрх төлбөрийг хохирогч Г.Өод төлж барагдуулсан болно.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 320 цаг /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч Г.Ө нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нэхэмжилвэл зохих этгээдээс баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэрх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ