| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/0263/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/546 |
| Огноо | 2025-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/546
2025 02 19 2025/ШЦТ/546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч М.Батзаяа /томилолтоор/,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эад холбогдох эрүүгийн “2306054170905” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь согтуурсан үөдээ 2023 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... тоот хашааны гадна байхдаа хохирогч Б.Дтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, эрүү, шанаа, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн шуу, баруун тохой, хоёр гарын алга, нуруу, хоёр өвдөгт зулгаралт, зүүн гарын алга, зүүн гарын эрхий хурууны хумсан дор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
- Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
- Гэрч Л.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О Нансалмаагийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13417 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
- Шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
- Шинжээч эмч О.Нансалмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Д.Э нь согтуурсан үөдээ 2023 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... тоот хашааны гадна байхдаа хохирогч Б.Дтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, эрүү, шанаа, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн шуу, баруун тохой, хоёр гарын алга, нуруу, хоёр өвдөгт зулгаралт, зүүн гарын алга, зүүн гарын эрхий хурууны хумсан дор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
- Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар еарын 18-ны өдөр 10-н жилийн ангийн охин С хуримд орох гээд Баянзүрх дүүргийн ... нутаг дэвсгэрт ирсэн. Би тухайн хуриман дээр нь байж байгаад шөнийн 12 цаг өнгөрч байхад явлаа харьж амарлаа гэж хэлтэл манай найз С нөхөр Т болон түүний найз Б, Д.Э нар намайг чи найзуудаа авч явлаа, чи явах гэлээ гээд намайг зодсон. Намайг гэрт нь байхад нэг нь ирээд шууд намайг унагаагаад зодсон. Би гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
- Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр 23 цагийн үед хуримын үйл ажиллагаагаа дуусгаад бүх хүмүүс тарах гээд байж байтал манай 10-н жилийн ангиин залуу болох Д манай ангийн Н авч явах гээд буйдан дээр сууж байхад нь Н өргөөд хаалга руу явах замдаа тэр 2 унасан. Тэгтэл манай нөхрийн найз Д.Э тамхи татах гээд гарах гэж байхдаа Д, Н нарын унасан байсныг хараад "Өө унагаачихлаа наад охин чинь үлдэнэ гээд баина шүү дээ" гэж хэлсэн. Тэгтэл Д.Э, Д нар барилцаж гараад хаалга хаагаад пижигнэлдээд байсан. Гэртээ байж байтал гадаа хашхиралдаад байхаар нь би буцаж гарч ирээд хартал Д.Э, Д 2 хоорондоо зодолдож байсан, Тухайн үед намайг гэрт байхад гадна хүмүүс чанга дуугаар нэг нэгэн рүүгээ орилолдоод байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод гараад хартал Д.Э, Д 2 доор дээрээ оролцоод зодолдож байсан тэгтэл манай нөхөр Т тэр 2-ыг салгаад Д.Эыг аваад явсан. Удалгүй Б гэнэт гарч ирээд найз яаж байнаа гэж хэлээд Доржсүрэнтэй зууралдсан, тэгтэл тэр шууд газар унасан. Тэр 2 бараг хоорондоо зодолдоогүй тэгээд л больсон. Миний харснаар Д.Э, Д 2 нэг нэгнийхээ нүүрэн тус газар цохилцоод газар унацгаагаад байсан. Ойролцоогоор 5-10 минут зодолдсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О Нансалмаагийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13417 дугаартай: "...Б.Дгийн биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, эрүү, шанаа, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн шуу, баруун тохой, хоёр гарын алга, нуруу, хоёр өвдөгт зулгаралт, зүүн гарын алга, зүүн гарын эрхий хурууны хумсан дор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжгой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрзгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
- Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлсэн: “...Хашааны үүдэнд Б, Т, Д бид нар тамхилаад зогсож байтал Д миний цээж рүү хуруугаараа хатгаад байсан. Тэгэхээр нь би Д түлхтэл Д хувцсаа тайлаад гүйгээд ирсэн. Бид 2 барилцаж аваад хэд хэдэн удаа нэг нэгнээ цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
- Шинжээч эмч О.Нансалмаагийн: “...Иргэн Б.Дгийн биед учирсан хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь нийлээд мөн хөнгөн зэрэгт, бусад гэмтлийг гэмтэл нэг бүрээр нь авч үзвэл тус бүр гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Мягмаржавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.
Шүүгдэгч Д.Э нь Б.Дтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, эрүү, шанаа, зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэн, цээж, зүүн шуу, баруун тохой, хоёр гарын алга, нуруу, хоёр өвдөгт зулгаралт, зүүн гарын алга, зүүн гарын эрхий хурууны хумсан дор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Дгийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Д.Эын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгч Д.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Д.Э хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 688,586 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Э нь шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Э нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Б.Д нь бусад гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ