Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/02636

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/02636

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц /РД:-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У Л ХХК /РД:/-д холбогдох

2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ц нь 2014 оны 9 сарын 8-ны өдөр Л ХХК-тай 9,06 км асфальт бетон хучилттай авто замын барилгын геодезийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус компанийн гүйцэтгэж буй авто замын барилгын геодезийн ажлыг захиалагчийн өгсөн үүрэг даалгавар, гэрээний дагуу хийж гүйцэтгэн ажлыг хүлээлгэн өгсөн. Талууд гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2014 оны 9 сарын 8-ны өдрөөс 2014 оны 11 сарын 8-ны өдрийн хооронд тохирсон ба гэрээний үнийн дүн 12,000,000 төгрөг байсан. Миний хувьд ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Л ХХК одоог болтол надад төлөөгүй байгаа юм. Иймд Л ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Ц нь 2014 оны 9 сарын 8-ны өдөр Л ХХК-тай Замын геодезийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, 2014 оны 9 сарын 8-ны өдрөөс 2014 оны 11 сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан бөгөөд түүний ажлын хөлсийг гүйцэтгэлийг нь харгалзан олгож дууссан болно. Иймд нэхэмжлэгч Н.Цагаанбилэг Л ХХК-аас 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад заасны дагуу бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2014 оны 9 сарын 8-ны өдөр нэг талаас Өндөр буянт холдинг ХХК нөгөө талаас Б.Ц нарын хооронд харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав гэж гэрээний удиртгал хэсэгт бичсэн, гэрээний Батлав хэсэгт Л ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батмөнх гэсэн нэр тавьж гарын үсэг зуран Л ХХК-ийн тэмдэг дарсан, Замын геодезийн ажил гүйцэтгэх гэрээ гэсэн нэртэй гэрээ /хх-4-6 тал/ хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээгээр Б.Ц нь Өлзийт хорооллоос шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто зам барих барилгын ажилд замын геодезийн ажил буюу талбайн нарийн тэгшилгээний хэмжилт, боловсруулалтын ажлыг 2014 оны 9 сарын 8-ны өдрөөс 2014 оны 11 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 15,000,000 төгрөгийн ажлын хөлстэйгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх ба 2014 оны 11 сарын 12-ны өдөр Гэрээний нэмэлт нэртэй хэлцэл хийгдэж уг хэлцлээр гэрээний хугацааг 2014 оны 11 сарын 9-ний өдрөөс 2014 оны 12 сарын 9-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай сунгаж, ажлын хөлс 15,000,000 төгрөг байхаар, гэрээний бусад заалт хэвээр байхаар тохиролцсон тохиролцоо хийгдэж, гэрээний нэмэлтэд Л ХХК-ийн ерөнхий захирал Н.Төмөрхүү болон Б.Ц нар гарын үсэг зуран баталгаажуулжээ.

2014 оны 9 сарын 8-ны өдрийн гэрээний удиртгал хэсэгт захиалагчийг Өндөр буянт ХХК гэж тэмдэглэсэн байх боловч хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан аваад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа н.Цагаанбилэг нь 2014 оны 9 сарын 8-ны өдөр Л ХХК-тай 9.06 км асфальт бетон хучилттай авто замын барилгын геодезийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж тус ажлыг гүйцэтгэсэн нь үнэн болно гэсэн байх тул уг гэрээг Л ХХК болон Б.Ц нарын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Б.Ц нь Л ХХК-ийн захиалгын дагуу гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, Л ХХК нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг харилцан хүлээнэ.

Б.Ц нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу Өлзийт хорооллоос Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто зам барих барилгын ажилд замын геодезийн ажил буюу талбайн нарийн тэгшилгээний хэмжилт, боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн тухайд хариуцагч маргаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэдэгт маргаагүй тул нэхэмжлэгчид гэрээнд заасан ажлын хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид ажлын хөлсийг гүйцэтгэлийг нь харгалзан олгож дууссан гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх боловч ажлын хөлсийг бүрэн төлсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, татгалзлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан өөрийн татгалзлыг нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан болохыг шүүхэд гаргасан хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дутуу олгогдсон гэх 2,500,000 төгрөгийн ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан болохоо нотлоогүй тул хариуцагчаас 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Л ХХК-аас 2,500,000 төгрөгийг гаргуулан Б.Цт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Чинбатаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-аас 54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.УУГАНБАЯР