| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0061/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
2025 02 25 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-н М-д холбогдох эрүүгийн 2538000000056 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** овогт Дн М, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ** настай, ****, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ээж, аавын хамт *** аймгийн *** сумын ***дугаар багийн **** дүгээр хорооны **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн ************ дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1030 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт Тоёота приус-30 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ жолоодож согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...****гийн гэрт очихоор болоод дэлгүүрээс хоол хийх зүйл авахдаа 0.5 литрийн хэмжээтэй Terra нэртэй пиво авсан... Далайн эрэг ороод тэнд авсан байсан хоёр пиво уугаад буцаж ****гийн ажил дээр нь ирээд бид хоёр тэнд байж байгаад ажлыг нь хаагаад бид хоёр гэрт нь очиж ям ярьж сууж байгаад би гэрээс нь гарч явж байх замдаа цагдаад баригдсан...Би уусан байсан болохоор тухайн үед надаас гарах байх гэж бодоод үлээгээгүй юм. Би гэм
буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 7-р хуудас),
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Хатгал тосгоны хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Ч.Сүхбатын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн илтгэх хуудас (хх-ийн 8-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 9-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-12-р хуудас),
Гэрч Б.****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгснээ ундааны савтай юм гаргаад ирэхээр нь юу юм гэж асуухад айраг байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 айраг уугаад манай ажлаас гараад далайн эрэг очоод бид 2 дэлгүүрээ авсан terra нэртэй 0.5 литрийн лаазтай пиво ууж дуусаад би хаах болоод бид 2 далайн эргээс хөдлөөд манай ажил дээр ирээд ажлаа хаагаад Мгаар гэртээ хүргүүлсэн... Их согтуу бол биш байсан...М 2024 оны 09 дүгээр сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15-р хуудас),
2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тухай Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 29-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж заасан ба шүүгдэгч Д.М нь приус-30 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явсан болох гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульд тайлбарласан ба шүүгдэгч Д.М нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1030 дугаартай шийтгэвэр (хх-ийн 32-33-р хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 29-р хуудас)-аар тус тус тогтоогдож байгаа болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Мгийн хүлээн зөвшөөрсөн
тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ял оногдуулах прокурорын ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2538000000056 дугаартай хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял
оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн 2538000000056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбууд даалгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР