Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/02587

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2018/02587

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Мөнхцэцэг /РД:Ш/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ШХХК /РД:/,

Хариуцагч: Б.М /РД:/ нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 58,012,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 31,773,000 төгрөг, алдангид 15,886,500 төгрөг, нийт 47,659,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ж, хариуцагч нарын төлөөлөгч О.Б, хариуцагч нарын өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Мөнхцэцэг нь бетон зуурмагийн Эс ти эй ХХК-ийг удирдлагын албан тушаалыг 2006 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хашиж ирсэн. 2014 онд ШХХК нь манай Эс ти эй ХХК-д удаа дараа бетон зуурмаг авах хүсэлт гаргасны дагуу манай компаниас бетон зуурмаг өгч, хариу төлбөрт нь ШХХК нь өөрийн барьж буй Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ариг бүрд цогцолбороос 55.25 м.кв хэмжээтэй орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу Ц.Мөнхцэцэг нь ШХХК-ийн захирал Б.Мтэй 2014 оны 4 сарын 7-ны өдөр Байр захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, харин өөрийн компаниар 2014 оны 4 сарын 16-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-г тус тус байгуулсан. Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-ний дагуу нийт 114,997,100 төгрөгийн бетон зуурмаг болон бэлэн мөнгийг манай компани өгөхөөр болж, харин Шурэн солюшнс ХХК нь төлбөрт өөрийн барьж буй орон сууцыг Ц.Мөнхцэцэгийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу манай компани нь үүргээ бүрэн гүйцэтгэсэн бөгөөд харин ШХХК нь Аригбүрд байрны баруун корпусын 6 давхрын 55.25 м.кв хэмжээтэй орон сууцаа өгөх боломжгүйг хэлээд 49 тоотын 70.38 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч өнөөдрийг хүртэл байрны өмчлөх эрхийн гэрчилгээг, мөн түүнийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэхгүй нэхэмжлэгчийг ихээхэн хохироосоор байгаа юм. Энэ асуудлаар ШХХК-д удаа дараа хандахаар тодорхой хариу хэлэхгүй, сүүлд нь Төрийн банкны барьцаанд байгаа гэх асуудлууд яригдаад байна. Иймд Ц.Мөнхцэцэгийг Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Аригбүрд орон сууцны цогцолборын 102Б байрны 49 тоотын 70.38 м.кв хэмжээтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан Байр захиалгаар бариулах гэрээ-ний 1.4-т "Гүйцэтгэгч нь байрыг Монгол Улсын Барилгын тухай хууль, холбогдох дүрэм, стандартын дагуу барьж гүйцэтгэн 2014 оны 4 дүгээр улиралд захиалагчид түлхүүрийг хүлээлгэн өгнө гэж заасныг зөрчин 2016 оны 9 сард орон сууцыг хүлээлгэн өгснийг талууд маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа. Тус гэрээний 7.2-т Гүйцэтгэгч нь 1.4-т заасан хугацааг нэг улирлаас илүү хэтрүүлсэн тохиолдолд тийнхүү хожимдуулсан хоног тутамд Захиалагчийн төлсөн үнийн дүнгээр 0.3 хувиар бодож алданги төлнө. гэж заасны дагуу гүйцэтгэгч буюу ШХХК нь орон сууцыг хүлээлгэн өгөх заасан хугацаанаас 600 хоног хэтрүүлсэн алдангийг төлөх үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т зааснаар байрыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн 600 хоногийг 0.3 хувиар алданги тооцоход 206,994,780 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алдангид 58,012,500 төгрөгийг хариуцагч ШХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах Ариг бүрд цогцолборын 102а, 102б тоот хаягт байрлах дээрээ мансардтай, үйлчилгээтэй, 9 давхар (А, Б блок бүхий) 80 айлын орон сууцтай, доороо 51 автомашины дулаан зогсоолтой барилгыг 2013/14 дугаартай зураг төслөөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн барьж гүйцэтгэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр барьж дуусгасан. Дээрх орон сууцны барилгыг барих явцад 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №008 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-г байгуулан бетон зуурмаг худалдан авахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар: ... Худалдагч нь худалдан авагчид 2013 онд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл 62,074,100 төгрөгийг тус байрны урьдчилгаа төлбөрт тооцож, 53,950,000 төгрөгийн балансыг 385.37 шоо метр бетон зуурмагаар энэ гэрээнд заасан нөхцлийн дагуу тооцон нийлүүлнэ... гэж тохиролцсон. Өөрөөр хэлбэл худалдан авсан бетон зуурмагийн үнэ болох 116,024,100 төгрөгт Ариг бүрд цогцолборын 102б байрны 6 дугаар давхарт байрлах 55.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон байсан болно. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ-гээр нотлогдох бөгөөд уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт: ...байрны үнэ нэг м.кв 2,100,000 төгрөг байхаас Захиалагч урьдчилгаанд байрны 53.5 хувь буюу 62,074,100 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн, үлдэгдэл төлбөр болох 46.5 хувь буюу 53,950,000 төгрөгийн бетон зуурмагийг Эс ти эй ХХК нь ШХХК-д нийлүүлэхээр тохиролцон уг гэрээг хийж гүйцэтгэнэ... гэж тохиролцсон байсан нь үнэн бөгөөд захиалагчийн захиалсан дээрх 2 өрөө орон сууц нь давхардсан байсан тул 2016 оны 11 дүгээр сард Ариг бүрд цогцолборын 102б байрны 3 давхарт 70.38 м.кв хэмжээтэй 3 өрөө байрыг Эс ти эй ХХК-д хүлээлгэн өгсөн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно. Эс ти эй ХХК-ийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 02/174 дугаартай албан бичгээр ...2016 оны 11 дүгээр сард дахин Аригбүрд цогцолборын 102б байрны 3 дугаар давхарт 70.38 м.кв хэмжээтэй 3 өрөө байрыг манай байгууллагад хүлээлгэн өгсөн ... гэдгээ зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 3 өрөө байрны зөрүү төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. гэв.

Хариуцагч ШХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлүүлэх үүднээс хариуцагч ШХХК-ийн зүгээс дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Манай компани нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах Ариг бүрд цогцолборын 102а, 102б тоот хаягт байрлах дээрээ мансардтай, үйлчилгээтэй, 9 давхар (А, Б блок бүхий) 80 айлын орон сууцтай, доороо 51 автомашины дулаан зогсоолтой барилгыг 2013/14 дугаартай зураг төслөөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн барьж гүйцэтгэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр барьж дуусгасан. Дээрх орон сууцны барилгыг 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №008 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-г байгуулан бетон зуурмаг худалдан авахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар: ... Худалдагч нь худалдан авагчид 2013 онд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл 62,074,100 төгрөгийг тус байрны урьдчилгаа төлбөрт тооцож, 53,950,000 төгрөгийн балансыг 385.37 шоо метр бетон зуурмагаар энэ гэрээнд заасан нөхцлийн дагуу тооцон нийлүүлнэ... гэж тохиролцсон. Өөрөөр хэлбэл худалдан авсан бетон зуурмагийн үнэ болох 116,024,100 төгрөгт Ариг бүрд цогцолборын 102б байрны 6 дугаар давхарт байрлах 55.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон байсан болно. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ-гээр нотлогдох бөгөөд уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт: ...байрны үнэ нэг м.кв 2,100,000 төгрөг байхаас Захиалагч урьдчилгаанд байрны 53.5 хувь буюу 62,074,100 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн, үлдэгдэл төлбөр болох 46.5 хувь буюу 53,950,000 төгрөгийн бетон зуурмагийг Эс ти эй ХХК нь ШХХК-д нийлүүлэхээр тохиролцон уг гэрээг хийж гүйцэтгэнэ... гэж тохиролцсон байсан нь үнэн бөгөөд захиалагчийн захиалсан дээрх 2 өрөө орон сууц нь давхардсан байсан тул 2016 оны 11 дүгээр сард Ариг бүрд цогцолборын 102б байрны 3 давхарт 70.38 м.кв хэмжээтэй 3 өрөө байрыг Эс ти эй ХХК-д хүлээлгэн өгсөн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно. Гүйцэтгэгчийн зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дахин шинээр байр захиалгаар бариулах гэрээг байгуулан 70.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг бетон зуурмагийн төлбөрт шилжүүлэн өгч зөрүү төлбөрийг төлөх нөхцөл бүхий гэрээг хүргүүлсэн боловч захиалагчийн зүгээс уг гэрээнд гарын үсэг зураагүй байдаг. Анхны гэрээний дагуу байрны 1 м.кв талбайн үнийг 2,100,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон, 70.38 талбайтай байрны үнэ 147,798,000 төгрөг болох ба захиалагчийн бетон зуурмаг нийлүүлсний төлбөр нь 116,024,100 төгрөг болж байгаа бөгөөд зөрүү 31,7733.000 төгрөг болсон, захиалагчийн зүгээс 70.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг авсан мөртлөө зөрүү болох төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул зөрүү төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиалагч нь 3 өрөө орон сууцыг 2016 оны 11 дүгээр сард хүлээн авсан бөгөөд зөрүү болох 31,773,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг манай компани шаардах эрхтэй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн алдангийг тооцон нэхэмжилж байна. Захиалагч нь 2 өрөө байрны төлбөрийн үнийн дүнтэй бетон зуурмаг нийлүүлчхээд 3 өрөө орон сууцыг хүлээн авч улмаар уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Өмчлөх эрх 2 аргаар буюу гэрээ хэлцлийн үндсэн дээр эсхүл хуульд заасны дагуу үүсдэг бөгөөд гэрээ хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх үүсгэхээр шаардаж байгаа тохиолдолд төлбөрийг бүрэн төлж барагдуулахыг хуулиар шаарддаг. Иймд хариуцагч М.Мөнхцэцэгээс Байр захиалгаар бариулах гэрээ-ний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 31,773,000 төгрөг, алдангид 15,886,500 төгрөг, нийт 47,659,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас 2016 онд анх тохиролцсон 55.25 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцыг давхардсан байсан тул 70.38 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг өгсөн үндэслэлээр зөрүү 31,773,000 төгрөг, алданги 15,886,500 төгрөг, нийт 47,659,500 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Талуудын хооронд 2014 оны 4 сарын 7-ны өдөр Байр захиалгаар бариулах гэрээ-г байгуулан захиалагч Ц.Мөнхцэцэг нь ундсэн төлбөрт 116,024,100 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч харин гүйцэтгэгч ШХХК нь барилгыг заасан хугацаа болох 2014 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээн өгөх хугацаагаа удаашруулан 2016 онд ашиглалтад оруулсан. Харин гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй хэмээн нэхэмжлэгчид 70.38 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг төлбөрт тооцон хүлээлгэн өгсөн. Үүгээр ШХХК нь гэрээнд заасны дагуу орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн үйлдэл гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг нь хариуцагч ШХХК, Б.М нарт холбогдуулан Байр захиалгаар бариулах гэрээ-ний дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүйн алдангид 58,012,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч Б.Мд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.

Хариуцагч ШХХК нь нэхэмжлэгч С.Мөнхцэцэг нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч С.Мөнхцэцэгт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэгдэл төлбөрт 31,773,000 төгрөг, төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алдангид 15,886,500 төгрөг, нийт 47,659,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

ШХХК болон Ц.Мөнхцэцэг нарын хооронд 2014 оны 4 сарын 7-ны өдөр 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 6-10 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр ШХХК нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ариг бүр орон сууцны цогцолборын Баруун корпусын 6 дугаар давхарт 55,25 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 2,100,000 төгрөгөөр буюу нийт 116,025,000 төгрөгөөр тооцон 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барьж гүйцэтгэн Ц.Мөнхцэцэгт хүлээлгэн өгөх, төлбөрийг Ц.Мөнхцэцэгийн Эс ти эй ХХК-ийн нийлүүлсэн болон нийлүүлэх бетон зуурмагаар тооцохоор харилцан тохиролцсон байна.

Ц.Мөнхцэцэг нь Эс ти эй ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Эс ти эй ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 хавтас 5 тал/-аар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч 2014 оны 4 сарын 7-ны өдөр 14/19 дугаартай гэрээний дагуу төлөхөөр тохиролцсон нийт 116,025,000 төгрөгт бетон зуурмагийг бүрэн нийлүүлсэн гэдэгт хариуцагч маргадаггүй.

2014 оны 4 сарын 7-ны өдөр 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээнд заасан 55.25 м.кв талбай бүхий орон сууцыг өөр этгээд захиалсан байсан ба захиалга давхардсан гэх үндэслэлээр Ариг бүрд орон сууцны цогцолборын 49 тоотын 70.38 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөөгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргадаг бол хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн захиалсан байсан 55.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөр захиалагч захиалсан, захиалга давхардсан байсан тул нэхэмжлэгчид 2016 оны 11 сард Ариг бүрд цогцолборын 102б байранд 70.38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн гэдэгтээ маргахгүй, гэхдээ талууд өмнө байгуулсан 55.25 м.кв талбай бүхий орон сууцтай холбоотой гэрээг дуусгавар болгож 70.38 м.кв талбай бүхий сууцтай холбоотой гэрээний харилцаанд орсон тул зөрүү төлбөрийг нэхэмжлэгчээс авахгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа 55.25 м.кв талбайтай болон 70.38 м.кв талбайтай 2 орон сууцны хооронд талбайн зөрүү болон үнийн зөрүү байгаа гэдгийг зөвшөөрч байгаа боловч хариуцагч 2014 оны 4 сарын 7-ны өдрийн 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ-ний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн алдангийг нэхэмжлэгчид төлөх ёстой, уг алдангийн хэмжээ нь 2 орон сууцны үнийн зөрүүд хүрч байгаа тул нэмж төлбөр төлөх шаардлагагүй гэж тайлбарласан.

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа 55.25 м.кв талбайтай орон сууцтай холбоотой гэрээний үүрэг дууссан, талууд 70.38 м.кв талбайтай орон сууцтай холбоотой гэрээний харилцаанд орсон тул өмнөх гэрээний дагуу алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй, 70.38 м.кв талбай бүхий орон сууцтай холбоотой шинэ гэрээний төслийг нэхэмжлэгчид явуулсан боловч нэхэмжлэгч уг гэрээнд гарын үсэг зураагүй, гэсэн хэдий ч гэрээнд заасан орон сууцыг хүлээн авсан тул гэрээний нөхцлийг зөвшөөрсөн гэж үзсэн гэж тайлбарласан.

Хэрэгт нотлох баримтаар 2016 оны 9 сарын 20-ны өдрийн огноотой 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээ /хэргийн 1 хавтас 169-173 тал/ авагдсан бөгөөд уг гэрээнд гүйцэтгэгч талыг ШХХК, захиалагч талыг Ц.Мөнхцэцэг гэж заан, ШХХК нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ариг бүрд орон сууцны цогцолборын 102б байрны 3 дугаар давхарт 70.38 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 2,100,000 төгрөгөөр буюу нийт 147,798,000 төгрөгөөр тооцон 2016 оны 3 дугаар улиралд багтаан барьж гүйцэтгэн Ц.Мөнхцэцэгт хүлээлгэн өгөх, төлбөрийг Ц.Мөнхцэцэгийн Эс ти эй ХХК-ийн нийлүүлсэн болон нийлүүлэх бетон зуурмагаар тооцохоор заасан байх боловч уг гэрээнд Ц.Мөнхцэцэг гарын үсэг зураагүй байна.

Уг гэрээнд Ц.Мөнхцэцэг гарын үсэг зураагүй хэдий ч гэрээнд заасан 70.38 м.кв талбай бүхий орон сууцыг Ц.Мөнхцэцэг хүлээн авсан гэдэгтээ маргадаггүй.

2014 оны 4 сарын 7-ны өдөр 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээний зүйл нь 55.25 м.кв талбай бүхий орон сууц байсан бөгөөд уг орон сууцыг захиалан бариулах гэрээг өөр этгээдтэй давхардуулан хийсэн гэх үндэслэлээр талууд 70.38 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах тохиролцоог 2016 онд дахин хийсэн байх тул талуудыг 2014 оны 4 сарын 7-ны өдрийн 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээний үүргийг биелэгдэх боломжгүй болсон гэж үзэн гэрээнээс татгалзсан гэж үзэх ба шинээр 70.38 м.кв талбай бүхий орон сууц захиалан бариулах талаар хэлцэл хийсэн гэж үзнэ.

2014 оны 4 сарын 7-ны өдөр 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээ болон 2016 онд талуудын хооронд хийгдсэн орон сууц захиалан бариулах тохиролцоо нь аль аль нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн зүйлийн 343.3 дахь заалтад Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын гүйцэтгэлийг буюу үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг, хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөлсийг тус тус шаардах эрхтэй байна.

2014 оны 4 сарын 7-ны өдөр 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээнээс талууд татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөхийг шаардахаас бус уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй бөгөөд харин 2016 онд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн үүргийг талууд харилцан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь заалтад Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан бөгөөд 2016 онд талуудын хооронд хийгдсэн орон сууц захиалан бариулах тохиролцооны зүйл нь гэрээний гүйцэтгэгч тал буюу ШХХК-ийн өөрийн гүйцэтгэсэн болон бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үр дүн байхыг шаардана.

Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр нь тогтоолгохыг хүсч буй Ариг бүрд цогцолборын 102б байрны 49 тоот хаягт байрлах 70.38 м.кв талбай бүхий орон сууц нь нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг болон хариуцагч ШХХК нарын хооронд хийгдсэн хэлцлийн үр дүнд бий болсон ажлын үр дүн биш харин Шүрэн ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцны барилгын нэг хэсэг байх бөгөөд тухайн орон сууцны барилга 60 хувийн гүйцэтгэлтэй байхдаа Төрийн банктай байгуулсан 2015 оны 6 сарын 5-ны өдрийн 226 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалагдсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 2 хавтас 75 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 12 сарын 4-ний өдрийн 7/3873 дугаар албан бичиг /хэргийн 1 хавтас 226 тал/-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр нь тогтоолгохыг шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгө буюу Ариг бүрд цогцолборын 102б байрны 49 тоот хаягт байрлах 70.38 м.кв талбай бүхий орон сууц нь өөр этгээдийн өмчлөлийн орон сууцны барилгын нэг хэсэг бөгөөд нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг болон хариуцагч ШХХК нарын хооронд 2016 онд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 оны 4 сарын 7-ны өдөр 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ нэртэй гэрээний дагуу алдангид 58,012,500 төгрөгийг шаардаж байгаа гэх боловч талууд уг гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзсантай холбоотой талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан үүргийн гүйцэтгэл хангах арга буюу анзыг шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийн гаргасан хариуцагч ШХХК-аас алдангид 58,012,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.3432

Хариуцагч ШХХК нь нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгтэй 2016 онд хийсэн орон сууц захиалан бариулах тохиролцооныхоо дагуу орон сууцыг барьж гүйцэтгэн Ц.Мөнхцэцэгт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч ШХХК-ийн нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэгдэл төлбөрт 31,773,000 төгрөг, төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алдангид 15,886,500 төгрөг, нийт 47,659,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ шийдвэр нь нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг нь хариуцагч ШХХК-д холбогдуулан Ариг бүрд цогцолборын 102б байрны 49 тоот хаягт байрлах 70.38 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох болон 2014 оны 4 сарын 7-ны өдөр 14/19 дугаартай Байр захиалгаар бариулах гэрээ-ний дагуу алданги гаргуулах шаардлагаас бусад төрлийн нэхэмжлэл, шаардлага гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийн хариуцагч ШХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 58,012,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч ШХХК-ийн нэхэмжлэгч С.Мөнхцэцэгт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэгдэл төлбөрт 31,773,000 төгрөг, алдангид 15,886,500 төгрөг, нийт 47,659,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг нь хариуцагч Б.Мд холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 сарын 3-ны өдөр урьдчилан төлсөн 728,075 төгрөг, 2018 оны 9 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 448,013 төгрөг, нийт 1,176,088 төгрөгийг, хариуцагч ШХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 сарын 28-ны өдөр төлсөн 386,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 10 төгрөг, хариуцагчаас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 9,947.5 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР