Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/46

 

   

                    

 

Г.Б-д холбогдох

                                                    эрүүгийн хэргийн тухай           

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                                                              

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/1117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Б-д холбогдох 1808035301322 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.Б, 1973 оны 2 дугаар сарын 23-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэг, Тэнгис кино театрын урд талын буудал дээрээс иргэн М.С 73-84 УНТ улсын дугаартай таксигаар авч яваад,Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинаас буухдаа 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawei P10” загварын гар утас орхиж буусныг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгч Г.Б гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-н цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон нийт 136 цагийг хасаж, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 584 /таван зуун наян дөрөв/ цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Баярхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэм буруугийн асуудал болон хэргийн зүйлчлэл дээр огт маргаагүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Г.Б би шүүхэд шилжиж ирэх үед визний хугацаа дуусах гээд Япон улсад байдаг найз маань хурдан ирэхгүй бол хилээр нэвтрүүлдэггүй шүү гэж хэлсэн. Ингээд би ажил хөдөлмөр эрхэлж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, хүнээс зээлсэн өр төлбөрөө төлөхөөр Япон улс руу явсан. Тухайн үедээ ял шийтгэгдвэл арай гэж өр зээл тавин гаргуулсан виз маань хүчингүй болчих болов уу гэсэн айдас байсан. Би Япон улсаас Монгол улсад эрүүл мэндийн биеийн байдал муудсаны улмаас ирсэн бөгөөд 21 хоног тусгаарлагдаж, ковид-19-н шинжилгээгээр ковид илрээгүй тул 2020 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс тусгаарлалтаас гарсан даруйдаа цагдан хоригдсон тул эмнэлгээр явж нарийн шинжилгээ өгөх, өвчинөө оношлуулах ямар ч боломж гараагүй юм.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш би хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа эмнэлгийн байгуулагуудаар явж шинжилгээ оношилгоо хийлгэхэд түрүү булчирхайн шохойжилттой, бөөрний чулуутай, чихний хэнгэрэг хагарсан болох нь оношлогдсон. Мөн ходоодоо дурандуулсан бөгөөд хавдартай эсэхийг шинжлэхээр эсийн шинжилгээ авсан бөгөөд ирэх долоо хоногт хариу нь гарах юм. Олон өвчин хавсран илэрсэн тул өвчин тус бүрээр дараалан эмчилгээ хийлгэж байгаа. Одоо чихний үрэвсэл дарах эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд чихний сонсгол шалгуулсны дараа хагалгаанд орох юм.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж миний хохирол төлбөрөө төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн шийтгэл оногдуулж, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б-н тухайд гэм буруугийн асуудал болон хэргийн зүйлчлэл дээр огт маргаагүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хамгийн хүнд, дээд хязгаарт тулсан ял шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол түүнийг үндэслэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх учиртай гэтэл ялын хамгийн дээд санкцаар ял шийтгэлийг анхан шатны шүүхээс оногдуулсан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн анхан шатны шүүх Г.Б-н эрүүл мэндийн байдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй, мөн ажил, хөдөлмөр эрхэлдэг, улмаар орлого олдог болох нь нотлогдоогүй тул торгуулийн ял шийтгэл оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн.

Г.Б нь Япон улсаас Монгол улсад биеийн эрүүл мэндийн байдал муудсаны улмаас ирсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эмнэлгийн баримт, дансны хуулга зэрэг баримтыг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргаж өгмөөр байсан боловч Монгол Улсад ирсэн даруйдаа тусгаарлалтад орж, тусгаарлалтаас гарсан даруйдаа цагдан хоригдсон тул эмнэлгээр явж нарийн шинжилгээ өгөх, өвчнөө оношлуулах ямар ч боломж гараагүй, мөн өөрөө байхгүй тул банк түүний дансны хуулгыг хичнээн үр хүүхэд, өмгөөлөгч нь байсан ч банкнаас гаргаж өгөх боломжгүй юм. Шүүх хуралдаанаас хойш Г.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа эмнэлгийн байгуулагуудаар явж шинжилгээ оношилгоо хийлгэхэд олон хавсарсан өвчин илэрсэн тул өвчин тус бүрээр дараалан эмчилгээ хийлгэж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгч Г.Б хохирол төлбөрөө төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баярхүү нь гадаад явах гэж байгаа талаар дурдаагүй. Утсыг сайн дураараа хүлээлгэж өгөөгүй. Хохирогч цагдаад мэдэгдсэний дараа гаргаж өгсөн. Эрүүгийн хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хориглосон хүнд Г.Бнь хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Г.Б-н үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Г.Б-д холбогдох эрүүгийн 1808035301322 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

                 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэг, Тэнгис кино театрын урд талын буудал дээрээс иргэн М.С 73-84 УНТ улсын дугаартай таксигаар авч яваад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинаас буухдаа 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawei P10” загварын гар утас орхиж буусныг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгийг завшсан болох нь Г.Б-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 38-39/, хохирогч М.С /хх 14-15/, гэрч Ц.Г /хх 21-22/ нарын мэдүүлгүүд, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаартай “...“Huawei P10” гар утас 1,500,000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 26-27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Шүүх шүүгдэгч Н.Б-н автомашинаас нь буухдаа мартаж буусан иргэн М.С-н гар утсыг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “...Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ....байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэсэн шинжтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

                           

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Г.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээ, түүнийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан ялаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын гаргасан “...ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулан, бусад заалтыг хэвээр үлдээхээр дүгнэв.    

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/1117 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй...” гэснийг “...300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-н цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон нийт 136 цагийг хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 584 /таван зуун наян дөрөв/ цагаар тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-н цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон нийт 136 цагийг хасаж, Г.Б-н эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 164 /зуун жаран дөрөв/ цагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                           

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ

              ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ