Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 122/2021/0025/З |
Дугаар | 122/ШШ/2022/0003 |
Огноо | 2022-03-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 122/ШШ/2022/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, *******г Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан /онлайн/, нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар маргаж байна.
2. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай удирдамжийн дагуу Эрүүл мэндийн газрын 2018, 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтаар Эрүүл мэндийн газрын дарга ******* нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн санхүүгийн зөрчлүүд гаргасан нь нотлогдсон гэсэн үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон *******г төрийн албанаас халжээ.
3. Нэхэмжлэгчид маргаан бүхий актыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гардуулах ажиллагааг хийсэн ч нэхэмжлэгч нь шийдвэрийг хүлээн авсан баримтад гарын үсэг зурахаас татгалзаж, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Бат-Өлзий овогтой Эрдэнэтуяа би 2009 онд төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн, төрийн жинхэнэ албан хаагч юм.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат нь 2 дахь удаагаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хуулийг зөрчин ажил, алба эрхлэх эрхэд халдаж байна. М.Идэрбат нь ажлаа аваад 1 сарын дараа Эрүүл мэндийн газрын дарга, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан буруутай шийдвэрийг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр хүчингүй болгосон ч биелүүлэхгүй явсаар Сүхбаатар аймагт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сард ажиллах үеэр томилон, шалгалт дууссаны дараа дахин ажлаас халсан захирамж гарч байгаа нь хууль зөрчсөн төдийгүй төрийн шалгалтыг хууран мэхлэх үйл ажиллагаа болж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан шалгалтын дараа ажлаа өөрийн хүсэлтээр өгөхийг шаардан, Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Эрүүл мэндийн газрын тусгай шалгалт зарлан даргаар Ардчилсан намын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Гантулгыг томилох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын байрны дарамт, сэтгэл зүйн дарамт удаа дараа үзүүлсээр ирсэн. Би уг хүсэлтийг хүлээж аваагүй.
2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Б/29 дүгээр захирамж гарч ажлаас дахин халсан байна. Уг захирамж нь захиргааны акт атал Захиргааны ерөнхий хуулийг үндэслээгүй, сөрөг актад сонсох ажиллагаа хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5 актыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдлыг хаана хандахыг заагаагүй байна. Уг захирамжийн үндэслэл 2021 оны 03 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Эрүүл мэндийн газрын 2018, 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Санхүү хяналт, аудитын албаны шалгалтад үндэслэсэн байна.
Уг шалгалт дуусаад (Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 хамтарсан тушаал 3.9 Зөрчил илрүүлснээс хойш 6 сар, гаргаснаас хойш 1 жил өнгөрвөл зөрчилгүй гэж үзнэ) 2021 оны 05 дугаар сарын 03-нд Санхүү хяналт, аудитын албанаас 31-01/07, 31-01/08, 31-01/09 гэсэн 3 акт өгсөн. Албан шаардлага өгөөгүй, танилцуулаагүй.
Миний бие Сүхбаатар аймгийн Санхүү хяналтын байцаагчдын дээрх 3 актыг үл зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гарган Сангийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13-2/3737 тоот албан бичгээр 31-01/07 актыг хэвээр үлдээж, 2 актыг хүчингүй болгосон. 2021 оны 31-01/07 акт нь ня-бо Ж.Оюунзулд сахилгын шийтгэлийн хугацаанд Эрүүл мэндийн сайдын 2020 оны 392 тоот тушаалаар 790.000 төгрөгийн 1 сарын урамшуулал олгосон актын төлбөрийг Сүхбаатар аймгийн хүү, торгуулийн орлогын 100120000952 тоот дансанд би бүрэн төлсөн.
******* нь ял шийтгэл авч байгаагүй, авлига ашиг сонирхлын хэрэгт холбогдоогүй, өмч хөрөнгө сүйтгээгүй, сахилгын шийтгэл, арга хэмжээ авагдаж байгаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3, 39.1.11 дүгээр заалт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 36/32 тушаалын 6.1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-ыг үндэслэн ажлаас халсан нь үндэслэлгүй, хууль бус байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дугаартай хууль бус захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалинг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд төрийн албанд нийтдээ 26 жил ажилласан ба үүнээс төрийн үйлчилгээний албанд 17 жил, төрийн захиргааны албанд сүүлийн 9 жил ажилласан. 2009 онд Эрүүл мэндийн газрын даргын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, төрийн жинхэнэ албан хаагч юм.
Эрүүл мэндийн газрын даргаар томилогдсоноосоо хойш аймгийн Засаг даргатай төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж, уг гэрээгээ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсээр жил бүр А буюу маш сайн үнэлгээтэй дүгнүүлж ирсэн ба үүнийгээ нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Миний хувьд эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн ба төрийн албанд 26 жил ажиллаж байхдаа сахилгын ямар нэгэн шийтгэл авч байгаагүй, мөн авлига ашиг сонирхлын зөрчилд холбогдож байгаагүй.
2021 оны 3 сард аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Эрүүл мэндийн газрын 2018, 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Тухайн үед би нэгдсэн эмнэлэгт төрөх тасгийн их эмчээр ажиллаж байсан. Энэ үеэр надад тантай холбоотой гурван акт тавигдсан гэж хэлсэн ба тухайн үедээ албан шаардлагаа гардуулж өгөөгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар акт, албан шаардлага тавьсан бол тухайн хүнд заавал мэдэгдэх үүрэгтэй байдаг. Төсвийн тухай хуульд төсвийн жил гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа. Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалт нь 2018, 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагааг хамарсан.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар 2018 онд Батсанаа дарга ажиллаж байсан. Миний хувьд 1 сар ажилласан. 2019 онд миний бие бүтэн ажиллаад, 2020 онд миний бие болон Гантулга дарга ажилласан. Гэтэл эдгээр жилүүдийн санхүүгийн зөрчлийг зөвхөн Эрдэнэтуяа гэдэг хүн гаргасан гэж үзэж захирамж гаргаж байгаа нь хууль бус юм.
Эдгээр актууд нь бөөн дүнгээр тавигдсан, мөн хавсралт байхгүй байсан учир би Сангийн сайдад гомдол гаргаж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр эдгээр 3 актын хоёрыг нь хүчингүй болгож, нэгийг нь хэвээр үлдээсэн хариу ирсэн. 31-01/07 тоот актын хувьд Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч Ж.Оюунзулыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2018 оны санхүүгийн үйл ажиллагааг сайн зохион байгуулсан гэж үзэн 1 сарын цалингийн хэмжээтэй тэнцэх хэмжээний урамшуулал олго гэсний дагуу би олгосон. Ж.Оюунзул тухайн үедээ сахилгын шийтгэл авсан байсан, шийтгэлийн хугацаа нь дуусаагүй учир урамшуулал олгох ёсгүй гэсэн тул тухайн актаар тогтоосон 790.000 төгрөгийг нь би төлсөн, баримт нь хавтаст хэрэгт байгаа.
2021 оны 10 сард Сүхбаатар аймагт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлийн хамтарсан шалгалт ирсэн. Энэ шалгалт ирэхийн өмнөх өдөр намайг Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон, давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилсон. Энэ нь хамтарсан шалгалтын өмнө хуулийг биелүүлсэн болж харагдах гэсэн үйлдэл байсан.
Энэ шалгалт дууссаны дараа Засаг дарга надтай уулзаад чи өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгчих би ардчилсан намын нэг төлөөлөгчөө ажилтай болгомоор байна гэж байсан. Би хүлээн зөвшөөрөөгүй.
Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалт дуусаад 7, 8 сар болсны дараа 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б/29 тоот захирамж гаргаж намайг төрийн албанаас халсан. Засаг даргын захирамжийн үндэслэл нь Эрүүл мэндийн газрын 2018, 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар ******* нь санхүүгийн зөрчил гаргасан нь нотлогдсон гэсэн байсан. Надтай хамааралгүй зөрчлүүдийг бүгдийг надад хамаатуулж байсан учир Засаг даргын захирамж болон Дотоод аудитын хорооны тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос Засаг даргын захирамж нь хууль бус байна, хүчингүй болгож хариу мэдэгд гэсэн албан бичгийг ирүүлсэн.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичигт хууль зөрчсөн 3 асуудлыг дурдсан байгаа. Эрүүл мэндийн газрын даргыг томилж чөлөөлөхдөө Эрүүл мэндийн сайдтай заавал зөвшилцөнө гэж заасан ба зөвшилцсөн асуудал байхгүй байна. Хоёрдугаарт: Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шаардлагыг хангаагүй байна. Гуравдугаарт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заасан байхад энэ заалтыг барьж ажлаас халсан нь буруу байна. Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцсэн байх ёстой гэсэн хариуг ирүүлсэн.
******* намайг ажлаас халахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. Аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Сонсох ажиллагаа явуулах тухай” 1/1123 дугаартай албан бичгийг тус өдрийнхөө орой буюу ажил тарсан хойно манай албан байгууллага руу явуулж, манай бичиг хэргийн ажилтан 12 дугаар сарын 09-нд надад өгсөн. Энэ албан бичигт “таныг 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах шийдвэр гаргасныг” гэсэн байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагааны мэдэгдлийг бичгээр өгнө, тайлбарыг хэзээ, хаана, хэн гэдэг хүнд ямар хэлбэрээр өгөх вэ гэдгийг энэ мэдэгдэх хуудсан дээр бичих ёстой гэсэн байсан. Гэтэл ийм мэдэгдэл өгөөгүй, надад тайлбар гаргах хугацаа, боломж байгаагүй.
Эрүүл мэндийн газрын дарга нь өөрөө төсвийн захирагч байдаг. Төсвийн захирагчийн хувьд худалдан авах ажиллагааг явуулах, оролцох, хуульд заасны дагуу санхүүтэй холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр гаргах, батлагдсан төсвөө захиран зарцуулах эрхтэй. Надад тухайн үед албан шаардлага танилцуулаагүй. Би ажилдаа орсны дараа албан шаардлагыг нь үзсэн. Албан шаардлагынхаа 9 дүгээр зүйлд төсвийг төлөвлөсний дагуу, хэтрүүлэлгүй хэмнэлттэй зарцуулсан байна гэж улсын байцаагчид өөрсдөө дүгнэсэн байсан.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэст акт, албан шаардлагатай холбоотой тайлбар, нотлох баримтаа бүгдийг нь 543, 546 тоот албан бичгүүдээр хүргүүлсэн. Гэтэл хариуцагч тал авч хэлэлцээгүй учир би шүүхэд нотлох баримтаар өгсөн.
Дотоод аудитын хорооны хуралдааны тэмдэглэлд Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ариунжаргалын “аймгийн нэгдсэн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай рентгений тоног төхөөрөмжийг онцгой комиссын шийдвэрээр Засаг даргатай зөвшилцөж гамшгийн эрсдэлийн сангаас худалдаж авсан” гэсэн тайлбар нь тусгагдсан байгаа.
Аймгийн онцгой комиссын хурлын шийдвэртэй, хоёрдугаарт одоогийн аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхзаяа, Эрүүл мэндийн газар, Монос ХХК нар рентген аппарат худалдан авах гурвалсан гэрээ байгуулсан. Гэтэл зөвхөн ******* гэрээ хийгээд худалдан авах ажиллагааг явуулсан мэтээр буруутгасан. Аймгийн Эрүүл мэндийн газар нь гадаадаас тоног төхөөрөмж шууд худалдан авах эрх байхгүй учир Монос ХХК, миний бие зэрэг 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сууж байгаад гэрээ байгуулан энэ төхөөрөмжийг худалдан авсан. Энэ төхөөрөмж одоог хүртэл хэвийн ажиллагаатай, ашиглагдаж байгаа.
Дээрээс нь 49.5 сая төгрөгийн өртөгтэй гэрийн эмийн сангийн багцыг нийлүүлэх ажлыг хуулийн дагуу явуулаагүй гэж үзсэн. Эрүүл мэндийн газрын төсөвт гэрийн эмийн сан худалдан авах зардал байгаагүй. Энэ 49.5 сая төгрөгийн санхүүжилт Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр орж ирсэн. Эрүүл мэндийн газар дээр тендерийн үнэлгээний хороо гэж байгуулагдаж, энэ хороо 3 газраас шалгаруулаад тухайн эмийн санг худалдаж авсан.
Санхүүгийн хяналт, аудитын албанаас Эрүүл мэндийн газрын дарга ******* нь албаны эд хөрөнгийг шамшигдуулсан байж болзошгүй гэж аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан. Үүний дагуу аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас намайг 8 сараас эхлэн шалгасны эцэст аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 тоот тогтоолоор албаны эд хөрөнгийг шамшигдуулсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.
Уг захирамжийн улмаас миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.
5. Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2020 оны сонгуулийн үр дүнгээр аймгийн Засаг даргаар М.Идэрбат томилогдож Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан *******г Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасныг үндэслэн Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн магадлалыг үндэслэн *******г Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр томилсон.
Аймгийн Засаг даргын баталсан 2021 оны нэгдсэн удирдамжийн дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04 тоот удирдамжийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын 2018 оноос 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгаад илэрсэн 12 зөрчилд зөрчил арилгуулах тухай албан шаардлага, төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай 31-01/07, 31-01/08, 31- 01/09 дугаар бүхий 3 акт, шалгалтын дүнгийн тухай танилцуулга зэргийг Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байдаг. Дээрх төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай 3 актыг ******* нь хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Сангийн яаманд гомдол гаргаж хүргүүлэхэд 31-01/07 актыг хэвээр үлдээж, 31-01/08, 31-01/09 актыг хариуцах этгээдийг зөв тодорхойлсны үндсэн дээр дахин акт гаргах талаар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 13-2/3737 дугаартай албан бичгээр чиглэл өгч хүчингүй болгосон. Үүний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцах этгээдийг зөвтгөж 31-01/46, 31-01/47 дугаартай актыг тавьсан.
Аймгийн Засаг даргын 2021 оны Б/29 тоот захирамжийн үндэслэл нь 2021 оны 03 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 03-ны хооронд хийгдэж дуусаад 7 сар 10 хоносон шалгалтыг үндэслэсэн /Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны хамтарсан тушаал 36/32-ийн 3.9 дэх заалтад зөрчил илэрснээс хойш 6 сар, гаргаснаас хойш 1 жил болсон бол зөрчилгүй гэж үзнэ гэсэн заалт зөрчигдсөн/ гэх асуудалд аймгийн Засаг даргын хувьд Санхүүгийн хяналт, аудитын албанаас Эрүүл мэндийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн дотоод аудитын хорооны хурлаар хэлэлцсэнээр хорооны засаг даргаар ажилладаг аймгийн Засаг дарга М.Идэрбат Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан *******гийн гаргасан зөрчлийг мэдсэн.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасан. Аймгийн Засаг даргын хувьд Эрүүл мэндийн газрын дарга *******гийн гаргасан зөрчлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дотоод аудитын хорооны хурлаар хэлэлцүүлснээр мэдэж зөрчлийг илрүүлсэн бөгөөд энэ хурлаар төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу зохистой удирдаагүйн улмаас 162612.8 мянган төгрөгийн зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу сахилгын арга хэмжээ ногдуулахаар шийдвэрлэж, Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 64 тоот албан бичгээр сахилгын арга хэмжээ тооцуулах саналыг ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/647 дугаартай захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албанаас Эрүүл мэндийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг шалган тогтоох ажлын хэсэг байгуулж ажиллуулснаар зөрчил гаргасан нь дахин нотлогдсон байдаг.
Иймд гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 тоот тогтоол, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 64 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Б/29 захирамжийг хуульд заасан журмын дагуу гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Засаг дарга М.Идэрбат нь сонсох ажиллагааг Эрүүл мэндийн газрын дарга *******д албан өрөөндөө 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр биечлэн уулзаж танилцуулсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сонсох ажиллагааг 1/1123 албан бичгээр хүргүүлж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар тайлбар, санал хүсэлт гаргах боломжоор хангасан. Санал хүсэлт ирүүлэх талаар *******гийн Erka Batulzii фэйсбүүк хаяг, Viber цахим хаягт хүсэлт хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна. Иймд хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулсан гэж үзэж байна. ******* нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдолдоо ч аймгийн Засаг дарга удаа дараа уулзаж ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэж байсан гэж тусгасан байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас ирүүлсэн албан бичигт “аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний Б/29 тоот захирамжийн тэмдэглэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэсэн заалтыг үндэслэл болгосон боловч уг захирамжийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халсугай гэсэн нь зөрчилдөж байна” гэсэн байгаа.
2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т төрийн албанаас халах сахилгын шийтгэлийн хэлбэрийг заасан байдаг. Уг хуулийн заалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байсан. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар сахилгын шийтгэл нэгээр нэмэгдэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл нь 48 дугаар зүйлийн 48.1.4-т дугаарлалт нь өөрчлөгдөн шилжсэн байдаг. Энэ заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан өдрөөс буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлагдсан.
Мөн *******г ажлаас халах шийдвэр гаргахдаа Эрүүл мэндийн сайдтай зөвшилцөөгүй гэсэн байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн төрийн албаны тухай хуульд заасны дагуу томилох чөлөөлөх” гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайдад, аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас *******г чөлөөлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Болормааг аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор зөвшилцөх саналыг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/1121 гэсэн албан бичгээр хүргүүлсэн боловч үүнтэй холбоотойгоор хариу ирээгүй. Мөн аймгийн Засаг даргаас Эрүүл мэндийн сайдтай зөвшилцөхөөр гар утас болон албан өрөө рүү нь удаа дараа залгасан боловч Эрүүл мэндийн сайд утсаа аваагүй. Аймгийн Засаг дарга Эрүүл мэндийн сайдын гар утас руу нь мессеж явуулсан байдаг.
Иймд холбогдох хяналт шалгалтын байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан аймгийн Засаг дарга Б/29 тоот захирамжийг гаргасан. Энэ захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар нийтдээ 162 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрснээс 155 сая төгрөгийн зөрчил нь ******* даргыг ажиллаж байх хугацаанд гарсан зөрчлүүд байгаа. Тухайлбал 2019 онд гэрийн эмийн сангийн 49.5 сая төгрөгийн өртөгтэй худалдан авалтын тендерийн үнэлгээний хороог 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. Гэтэл үнэлгээний хороо байгуулахаас долоо хоногийн өмнө буюу 09 дүгээр сарын 11-ний өдөр Мөнхийн тун ХХК-аас 49.5 сая төгрөгийн нэхэмжлэхийг ирүүлсэн. Дээрээс нь Мөнхийн тун ХХК-аас 09 дүгээр сарын 25-ны өдөр үнийн санал ирүүлсэн байхад 2 хоногийн өмнө буюу 09 дүгээр сарын 23-нд худалдах, худалдан авах гэрээг хийсэн байсан. Эндээс харахад тендерийн баримт бичиг илт хууль бус, худалдан авах ажиллагаа хууль дүрэм, журмын дагуу зохион байгуулагдаагүй зөрчлүүд илэрсэн. Энэ нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчигдсөн.
2020 онд дэлхийн хэмжээнд ковид-19 өвчин гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын захирамжаар 78.5 сая төгрөгийн өртөгтэй рентген аппарат худалдан авах эрхийг нь аймгийн Эрүүл мэндийн газарт олгоод, худалдан авах ажиллагааг хууль, дүрмийн дагуу зохион байгуул гэдэг үүргийг Эрүүл мэндийн газрын дарга *******д өгсөн. Гэтэл Эрдэнэтуяа дарга худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр шууд гэрээ байгуулаад Монос ХХК-д 78.5 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тухайн 2020 онд Монгол улсад ковид-19 өвчний дэгдэлт харьцангуй гайгүй байсан, худалдан авах ажиллагааг зохион байгуулж болох байсан. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүй байна гэдэг нь нэг компанид илт давуу байдал олгож байгаа байдал. Хэрэв худалдан авах ажиллагааг зохион байгуулсан бол энэ үнийн дүнгээс бага санал ирэхийг үгүйсгэхгүй байсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн.
Эрүүл мэндийн салбарт ажилладаг ажилчдад орон нутагт ажилласан нэмэгдэл 3 жил тутамдаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгодог. Сүхбаатар сумын хүн эмнэлгийн сувилагч *******д хугацаанаас нь өмнө тэтгэмж олгосон. Энэ нь Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн.
Халзан сумын Эрүүл мэндийн төвд төлөвлөгөөт хяналт шалгаж хийхэд тус сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Оюунд өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмж 22 сая төгрөгийг олгосон байсан. Тэтгэмжийг олгохдоо тухайн байгууллага нь холбогдох материалаа Эрүүл мэндийн газарт хүргүүлээд Эрүүл мэндийн газрын төсөв хариуцсан эдийн засагч нь судалгаагаа гаргаад байгууллагын даргадаа хянуулаад байгууллагын дарга нь хянаж баталгаажуулаад Эрүүл мэндийн яаманд хүргүүлдэг. Эрүүл мэндийн яам нь газрын даргын явуулсан судалгаанд үндэслээд тэтгэмжийг төсөвт суулгаж өгдөг. Оюунаа гэдэг хүний судалгааг явуулахдаа Халзан сумын Эрүүл мэндийн төвд эм зүйчээр ажилладаг гээд судалгаа явуулсан байсан. Эмийн эргэлтийн сан нь хувийн байгууллага, өмчлөлийн хувьд барилга байгууламж нь орон нутгийн өмч, эргэлтийн хөрөнгө нь өөрийнх нь хувийн өмч, ашгийн төлөө байгууллага. Гэтэл хувийн байгууллагад ажилладаг хүнийг төрийн албанд ажилладаг мэтээр судалгаа явуулж, төрд 22 сая төгрөгийн хохирол учруулсан.
Ингээд нийтдээ 155 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн. Шалгалтын явцад Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчийг удаа дараа дуудаж, анхан шатны баримтыг нь тулгаад, баталгаажуулалт хийгээд, тооцооллоо хийгээд нягтлан бодогч нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Хяналт шалгалтын явцад Эрдэнэтуяа даргатай ярихад ковидын ойрын хавьтал учир очиж чадахгүй гэдэг тайлбарыг хэлж байсан. Энэ зөрчлүүдийг нь танилцуулаад албан шаардлага тогтоож, нягтлан бодогч нь гарын үсгээ зурсан. Үлдсэн зөрчил дээр нь 3 салбар акт тогтоогоод нэгийг нь өөрөө хүлээн зөвшөөрөөд орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байгаа.
Дотоод аудитын дүрмийн дагуу хяналт шалгалтын танилцуулгаа дотоод аудитын хороонд танилцуулдаг. Дотоод аудитын хороогоор хэлэлцээд эдгээр зөрчлүүдийг үндэслэлтэй байна гэдэг дүгнэлт гаргасан гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *******г ажлаас халах тухай захирамж нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан зөрчил дээр суурилж гарсан захиргааны акт юм.
Захирамжийн үндэслэл нь Дотоод аудитын хорооны 18 дугаар тогтоол байгаа. Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн хяналт шалгалтын танилцуулга дээр албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн байгаа. Энэ нь Төрийн албаны тухай хуульд заасан хориглолтыг зөрчсөн гэсэн үг. Хориглолтыг зөрчсөн учраас Эрдэнэтуяаг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зүйтэй гэж харж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичиг нь хуулийг буруу тайлбарласан, Засаг даргын бүрэн эрх рүү орж захирамжийг хүчингүй болго гэж байгаа нь аймгийн дотоод хэрэгт оролцсон асуудал гэж харж байна.
******* нь сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдлийг хүлээж авсан байна, харах харахгүй нь тэр хүний өөрийнх нь асуудал.
Дотоод аудитын хорооны 18 дугаар тогтоол дээр яригдаж байгаа 3 салбар актын нэгийг нь нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч төлсөн, ямар нэгэн байдлаар маргаагүй. Тийм учраас дотоод аудитын хорооны 18 дугаар тогтоол үндэслэлтэй байна.
31-01/46, 31-01/47 тоот актуудыг шүүхийн шийдвэрээр 2 сарын хугацаатай түдгэлзүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл харагдахгүй байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу хариуцагчаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаа өгнө үү.
Учир нь 31-01/46, 31-01/47 тоот актууд хууль зүйн хувьд түдгэлзсэн байгаа. Дотоод аудитын хорооны 18 дугаар тогтоолтой уялдуулж дахин акт гаргах нөхцөл байдал үүссэн. 18 дугаар тогтоол дээр дурдсан 3 салбар актын нэгийг нь хүлээн зөвшөөрсөн, нөгөө хоёр нь түдгэлзсэн байгаа нь сахилгын арга хэмжээ авах эрх зүйн үндэслэл бий болсон гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр захирамжаар[1] тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар анх томилогдож, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар[2] Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилогдон ажиллаж байжээ.
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр захирамжаар[3] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 тоот тогтоол, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 64 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн “Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаартай удирдамжийн дагуу Эрүүл мэндийн газрын 2018, 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтаар Эрүүл мэндийн газрын дарга ******* нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн санхүүгийн зөрчлүүд гаргасан нь нотлогдсон” гэсэн үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон *******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Аймгийн Засаг даргын 2021 оны Б/29 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийг үндэслээгүй, оролцогчийг сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй бол хаана хандаж гомдлоо гаргахыг заагаагүй. Мөн Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн Эрүүл мэндийн газрын 2018-2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж 3 акт, 1 албан шаардлага үйлдсэн байсан. Би 3 актыг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны байгууллагад гомдол гаргаж 2 акт нь хүчингүй болж, 1 актаар тогтоосон төлбөрийг төлсөн. Тухайн үед албан шаардлагыг надад танилцуулаагүй, албан шаардлагад дурдсан зөрчлүүдийн зарим нь надад хамааралгүй байхад санхүүгийн зөрчлүүд гаргасан нь нотлогдсон гэж сахилгын шийтгэл ногдуулж байгааг зөвшөөрөхгүй байна. Надад албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завшсан зүйл байхгүй байтал төрийн албанаас халсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй ...” гэж, харин хариуцагчаас “ ... Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан ******* нь төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу зохистой удирдаагүйн улмаас 162312.8 төгрөгийн зөрчил гаргасан нь 3 салбар акт, 1 албан шаардлагаар нотлогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 хамтарсан тушаалаар батлагдсан ”Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 тоот тогтоол, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 64 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Б/29 дүгээр захирамжийг хуульд заасан журмын дагуу гаргасан ... ” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан.
Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/1123 дугаар албан бичигт[4] “... төрийн албанаас халах шийдвэр гаргасныг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж байна.” гэж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлд[5] “ ... Эрүүл мэндийн газрын дарга *******тай цаашид хамтарч ажиллахаас татгалзаж ажлаас чөлөөлөх талаар өөрийн албан өрөөндөө биечлэн уулзаж танилцуулсныг сонсох ажиллагааны тэмдэглэл болгон бичив.” гэснээс үзвэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа оролцогчийг сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийсэн гэж үзэхээргүй, цаг хугацааны хувьд тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй, хэлбэр төдий баримт үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл оролцогчийг сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг урьдчилан мэдэгдэх, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангах үйл ажиллагаа юм.
4. Аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “*******г ажлаас халах тухай” Б/29 дүгээр захирамжийн тэмдэглэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 /албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах/ дахь заалтыг үндэслэл болгосон атлаа тогтоох хэсэгтээ төрийн албанаас халсан шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... хууль дээдлэх зарчмыг баримтална.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заасантай тус тус нийцэхгүй байна.
5. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх эрхтэй” гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд хариуцагч аймгийн Засаг дарга нь Эрүүл мэндийн газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн, халсан буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргахдаа эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөх ёстой байтал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.
“Зөвшилцөх” гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн 1996 оны 216 дугаар тогтоолд “тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль, бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно” гэж тайлбарласан байна.
Аймгийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хандан “*******д төрийн албанаас халах арга хэмжээ авч, газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Болормааг томилохоор зөвшилцөх санал хүргүүлсэн” 1/1121 дугаар албан бичгийг[6] үйлдсэн хэдий ч үүнийг цаг хугацааны хувьд санал солилцох боломжит хугацаа гэж үзэхээргүй байна.
6. Маргаан бүхий актын үндэслэл болсон Сүхбаатар аймгийн Дотоод аудитын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолд[7] “Аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчлөөс 7898.6 мянган төгрөг бүхий 3 салбар акт, 154714.2 мянган төгрөг бүхий 1 албан шаардлага үйлдэж, зөвлөмж өгснийг үндэслэлтэй гэж баталсугай.”, Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 64 дүгээр албан бичигт[8] “Тухайн албан тушаалтан эдгээр онуудад Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5, 16.5.5, 41.2.3, 6 дугаар зүйлийн 6.3.1, 41.2.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.7, 14 дүгээр зүйлийн 14.4.5, 14.4.6, 20 дугаар зүйлийн 20.1.4, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.11 зэрэг заалтуудыг зөрчиж хариуцлагагүй ажилласан тул Дотоод аудитын хорооны тогтоолын дагуу сахилгын арга хэмжээ ногдуулах саналыг хүргүүлж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч *******гаас Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчдын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/07, 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг хянуулахаар Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргаж, Сангийн сайд гомдлын дагуу актуудыг хянан үзээд 31-01/07 дугаар актыг хэвээр үлдээж, 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг хүчингүй болгож, актад дурдсан зөрчлийн төлбөрийг хариуцах этгээдийг зөв тодорхойлсны үндсэн дээр дахин акт гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ[9].
Гомдлыг хянасан дээд шатны байгууллагын шийдвэрийг үндэслэн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг үйлдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс эдгээр актуудыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасан болох нь Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13-2/169 дүгээр албан бичгээр[10] нотлогдож байна.
Нэхэмжлэгчээс хуульд заасан эрхээ эдэлж, төлбөр тогтоосон дээрх 2 актыг хянуулахаар дээд шатны байгууллагад нь гомдол гаргасан байх хугацаанд буюу хүчин төгөлдөр болоогүй актуудыг нэг үндэслэл болгон *******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь “хариуцлага гарцаагүй байх” зарчмыг зөрчсөн байна.
Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/03 дугаар албан шаардлагад 11 зөрчил дутагдлыг дурдаж, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
Дээрх албан шаардлагад дурдсан зөрчил дутагдлаас зарим нь *******г ажлаас чөлөөлөгдсөн байх үед гарсан зөрчил, заримд нь эрх бүхий бусад албан тушаалтан (нярав, нягтлан бодогч гэх мэт)-ууд ч хамаатай байхад зөвхөн *******г буруутган Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэж заасныг зөрчсөн гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэл болгосон нь хууль бус болжээ.
Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах гурвалсан гэрээнд захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан, түүнчлэн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” А/71 дүгээр тушаал[11] гаргасныг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасан хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй юм.
Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна.” гэж заасныг, Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын хүрээнд “Харьяа нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг бааз, барилга, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн авто машины ашиглалт, засвар үйлчилгээ, нөхөн хангалтыг нэгтгэн зохион байгуулах” чиг үүргээ тус тус хуулийн дагуу хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн “ ... Нэхэмжлэгчийг ажлаас халах нэг үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д заасныг зөрчсөн үйлдэл байсан ...” гэх хариуцагчийн тайлбар нь Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дүгээр Прокурорын тогтоолоор[12] үгүйсгэгдэж байна.
7. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын Зургаадугаар зүйлийн 6.1-д зааснаас үзвэл төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар байна.
Нэхэмжлэгчийн хувьд урьд нь сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээж байгаагүй, 2014, 2015, 2018, 2019 онуудын үр дүнгийн гэрээ нь “Маш сайн” үнэлэгдсэн[13], Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/07 дугаар актаар тогтоосон төлбөрийг төлсөн[14], нөгөө талаас нэхэмжлэгч нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн, албаны өмч хөрөнгийг ашиглан завшсан, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй зэрэг ноцтой зөрчил, дутагдал гаргасан нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь “хариуцлага гарцаагүй байх”, “сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх”, “хууль зүйн үндэслэлтэй байх” зарчмыг зөрсөн шийдвэр болжээ.
8. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.2 “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэж заасантай нийцээгүй шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг захирамж гаргахдаа үндэслээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
9. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйл “Төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаа”, 41.3 “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйл “Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор”, 69 дүгээр зүйлийн 69.1 “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно.”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаагаар тооцон нэхэмжлэгчид олгож, түүнээс холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчид даалгах нь зүйтэй байна.
10. Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, *******г Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу тооцож, нэхэмжлэгчид олгохыг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД
[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 75 дугаар тал
[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 77 дугаар тал
[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 6 дугаар тал
[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 11 дүгээр тал
[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 27 дугаар тал
[6] Хэргийн 2 дугаар хавтас, 81 дүгээр тал
[7] Хэргийн 1 дүгээр хавтас, 59 дүгээр тал
[8] Хэргийн 1 дүгээр хавтас, 61 дүгээр тал
[9] Хэргийн 1 дүгээр хавтас, 10 дугаар тал
[10] Хэргийн 1 дүгээр хавтас, 81 дүгээр тал
[11] Хэргийн 1 дүгээр хавтас, 197 дугаар тал
[12] Хэргийн 1 дүгээр хавтас, 172-177 дугаар тал
[13] Хэргийн 1 дүгээр хавтас, 123-131, 204-206 дугаар тал
[14] Хэргийн 1 дүгээр хавтас, 71-72 дугаар тал