Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 173

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

иргэдийн төлөөлөгч Д.Батбаяр,

хохирогч Ё.Отгонцэцэг,

хохирогч нарын өмгөөлөгч Ч.Ням,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, 

шүүгдэгч Э.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт Э.Анхбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011493 дугаар 2 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин захад махны ченж хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 16 дугаар гудамж, 573 тоотод оршин суух,

 

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Энхжаргалын Анхбаяр /РД:УЗ90030734/.

 

Яллагдагч Э.Анхбаяр нь Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Ямаат-Уул ХХК-ийн агуулахын орчимд хохирогч Ё.Отгонцэцэг, Д.Түвшинжаргал нараас уурхайд мах нийлүүлэх гэж байгаа, мөнгө нь 15-20 хоногийн дотор орж ирнэ, зах зээлийн ханшнаас дээгүүр үнээр худалдаж авна гэж итгэл төрүүлэн, худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 10 тонн 64 кг хонины махыг 55.350.000 төгрөгөөр, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 16 тонн ямааны махыг 72.000.000 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 10 тонн 64 кг хонины махыг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16 тонн ямааны махыг тус тус залилан мэхэлж авсны улмаас Ё.Отгонцэцэгт 82400800 төгрөг, хохирогч Д.Түвшинжаргалд 24100000 төгрөг, бусдад нийт 106.500.800 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэ зөв тул мэдүүлэг өгөхгүй. Өрөө дарах зорилгоор л уг махыг авсан. Хохирлыг бүрэн төлөөгүй, төлнө. Гэм буруутайгаа мэдэж байгаа гэв.

 

Хохирогч Ё.Отгонцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 10064 кг хонины мах, 4 дүгээр сарын 27-нд 16000 кг ямааны махыг Э.Анхбаярт өгсөн. Хонины махыг 1 кг-ийг 5500 төгрөг, ямааны махыг 1 кг-ийг 4500 төгрөгөөр авна гэсэн. Бодит хохирол бол 105 894 400 төгрөг, надад учирсан хохирол нь 81 794 400 төгрөг, үүнээс 2 сая төгрөг авсан. Өмнөговийн уурхай уруу мах нийлүүлнэ гэж анх авсан. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

 

Эрүүгийн 201626011493 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Хохирогч Ё.Отгонцэцэгийн: 2016 оны 4 дүгээр сарын 15-нд Түвшинжаргал утсаар яриад манай Хархорин захын ченж Анхбаяр гэдэг залуу Өмнөговь аймгийн уурхай руу мах шахна гэж байна, мөнгө нь 15-20 хоногийн дотор найдвартай гарна гэнэ, та нарт мах байна уу гэхээр нь би байгаа гэж хэлэхэд Түвшинжаргал 10 тонн хонь, 16 тонн ямааны мах хэрэгтэй байгаа юм байна, 1 кг махыг нь 1000 төгрөгөөр өсгөж авна гэж байна гэж хэлсэн. Би Түвшинжаргалтай ярьснаас хойш 4 сарын 19-ний өдрийг хүртэл өөрт байсан 3400 кг ямааны мах дээрээ нэмж өөрийн танил Лувсандагва гэдэг хүнээс 12600 кг ямааны махыг зээлж авсан. 10064 кг хонины махыг өөрт байсан мөнгөөрөө Лувсандагваас худалдаж авсан. 4 дүгээр сарын 19-ний өдөр Түвшинжаргал Анхбаяр гэдэг залууг дагуулж ирээд надаас 16 тонн ямааны махыг 72.000.000 төгрөгөөр, 10064 кг хонины махыг 55.350.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод махнуудыг машинд ачаад явсан. Тухайн үед Анхбаяр гэдэг залуу нь бид нарт би энэ махыг Өмнөговь аймгийн уурхайд шахаад 15-20 хоногийн дараа мөнгийг нь авна, та нар надад итгэхгүй байгаа бол гэрээ байгуулж болно гэхээр нь би Түвшинжаргалд бид нар энэ Анхбаяр гэдэг хүнийг танихгүй учраас чи өөрөө Анхбаяртайгаа гэрээ хий гээд тэр өдрөө Түвшинжаргал Анхбаяртай худалдах худалдан авах гэрээ хийсэн. 20 хоногийн дараа Анхбаяртай утсаар ярихад нөгөө махыг чинь би уурхайдаа өгчихсөн, уурхайн дансанд махны мөнгө ороод ирчихсэн байна, нягтлан нь тэр мөнгөнийх нь учрыг олчихоод бид нар руу шилжүүлэхгүй байгаа юм шиг байна гэж хэлсэн. Түүнээс хойш би Анхбаяртай удаа дараа уулзаж утсаар ярихад эхлээд уурхайгаас мөнгө орж ирэхгүй байна гэж байснаа сүүлдээ би цэцэрлэгт махаа шахчихсан гэж хэлсэн. ...Анхбаяр мах шахсан хүнээ зааж өгөх гэж явж байгаад замдаа машинаа зогсоогоод буугаад зугтаачихсан.

 

Сүүлд нь мэдэхэд Анхбаяр надаас авсан махаа тэр өдрөө Хүчит шонхор захын ченж Жаргалтайболд гэдэг хүнд зарчихсан байсан. Анхнаасаа л залилах санаатай байсан бөгөөд уурхай, цэцэрлэгт шахаагүй, Жаргалтайболдод зарж мөнгө олох санаатай л байсан юм билээ.

 

...Лувсандагва гэх залуугаас 10064 кг хонины махыг 4600 төгрөгөөр тооцож 46 294 400 төгрөгийн, 12600 кг ямааны махыг 3600 төгрөгөөр тооцож 45 360 000 төгрөгөөр, нийт 91 654 400 төгрөгийн махыг зээлээр авсан. Зээлээр авч байгаа учраас кг тутамд 100 төгрөг өгье гэж Лувсандагватай тохирч авсан. 2 сая төгрөг өгсөн. Өөрийн хашаанаас 3400 кг ямааны махыг 4600 төгрөгөөр кг-ийг нь тооцож өгсөн гэх мэдүүлэг /1-хх-14, 117-118, 224-225/,

 

Хохирогч Д.Түвшинжаргалын: ...2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Анхбаяр утсаар яриад би уурхайд мах шахахаар болчихлоо, танд 10 тонн хонины мах байна уу, байвал зарж байгаа үнэнээс чинь 1 кг-ийг нь 1000 төгрөгөөр ахиулж авна гэж хэлэхээр нь би итгээд Отгонцэцэг рүү яриад манай захын Анхбаяр гэдэг залуу уурхайд мах шахах гэж байна гэнэ, та нарт мах байна уу? мөнгө нь асуудалгүй гэж байна гэж хэлэхэд Отгонцэцэг боломжийн санал байна, надад бага зэрэг мах байгаа, дээр нь нэмээд мах олъё гэж хэлсэн. ...2016.04.19-ний өдөр Отгонцэцэг Эмээлтийн ченж Лувсандагва гэдэг хүнээс мах худалдаж авахаар болж нийт 12600 кг ямааны мах,  10064 кг хонины махыг 91.654.000 төгрөгөөр худалдаж авсан. Лувсандагваас тал махыг нь зээлээр авсан гэдэг утгаараа бид нар Лувсандагвад 2.000.000 төгрөг өгч нийт 93.654.000 төгрөг өгсөн. Уг мөнгөнөөс нь 24.100.000 төгрөгийг би гаргаж өгсөн. 3.800.000 төгрөг буцааж авсан. Дараа нь гэрээ хийсэн. ...Надтай хамтарч бусдад шахаа хийж байсан зүйл байхгүй, надаас мах зээлж авдаг байсан гэх мэдүүлэг /1-хх-18, 113-116, 222-223/,

 

Гэрч Л.Лувсандагвын: 2016.04.15-ны үед Отгонцэцэг нөхөр Далайбаярын хамт ирээд надаас 10064 кг хонины махыг 1 кг-ийг 4600 төгрөгөөр худалдаж аваад, 4700 төгрөгөөр бодож мөнгийг нь өгнө гээд 15 хоногийн хугацаатай зээлээр авсан. 15 хоногийн дараа 47.282.000 төгрөгийг надад бүрэн өгсөн. Дахиад ямааны 12600 кг махыг 3600 төгрөгөөр аваад эргүүлж өгөхдөө 3700 төгрөгөөр бодож өгнө гэж зээлж авсан. ...15 хоногийн дараа би мөнгөө авъя гэтэл Далайбаяр нэг хүнд махаа өгчихсөн чинь арай гараагүй байна, түр хүлээж бай гэсэн хариу өгсөн. Тэр үед хонины мах бөөнөөр 4500-5000 төгрөгний хооронд, жижиглэнгээр 6500-6800 төгрөгийн үнэтэй байсан. Харин ямааны мах бөөнөөр 3500-4000 төгрөг, жижиглэнгээр 4000-4500 төгрөгийн хооронд байсан. ...Түвшинжаргал, Отгонцэцэг нар махны мөнгөө цувуулсаар өнгөрсөн оны 10 сард дуусгасан. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй гэх мэдүүлэг /1-хх-21-22, 121/,

 

Гэрч Ц.Далайбаярын: ...Анхбаярыг дуудаж махыг нь үзүүлээд жинлүүлж өгсөн. Сүүлийн 12600 кг махыг зээлж авахад Лувсандагваас өмнө авсан 10064 кг хонины махны тооцоог бүрэн хийж дуусгасан. Ямааны махыг өмнөх шигээ ачаад явсан. ...Анхбаяр нь анх хонины мах авах гэж ирэхэд нь бид хоёр ярилцсан. Миний дүү хаана махаа өгдөг юм гэхэд Өмнөговь аймгийн уурхайд шахдаг гээд өөр юм яриагүй. Тэрээр Түвшинжаргалд та зээлээр ч хамаагүй аваад өгчих, би хэлсэн хугацаандаа мөнгийг чинь найдвартай гаргаж өгнө гэж хэлсэн байсан. Анхбаяр анхнаасаа Түвшинжаргалд худал хэлж залилан мэхлэх санаатай байсан. Учир нь тэрээр бид нараас мах зээлж аваад шууд Жаргалтайболдод бидэнд амалсан үнэ битгий хэл бидний цаанаасаа худалдаж авсан үнээс хамаагүй доогуур ханшаар зарсан байсан гэх мэдүүлэг /1-хх-123-125/,

 

Гэрч Ж.Жаргалтайболдын: ...Э.Анхбаяр нэг өдөр намайг мах авах уу гэхээр нь авна, хаанахын мах юм бэ гэтэл орон нутгаас ирсэн гэсэн. Хонины мах 1 кг-ийг 4470 төгрөгөөр, 10064 кг махыг 45.000.000 төгрөгөөр авсан. 2 хоногийн дараа дахиад мах авах уу гээд 12600 кг ямааны махыг 1 кг-ийг 3200 төгрөгөөр бодоод 40.320.000 төгрөгөөр зарсан. Нийт 85.300.000 төгрөгний махыг Анхбаяраас авсан. ...Анхбаяр 4150 төгрөг, 3100 төгрөгөөр зарсан гэж худлаа ярьж байна. Би түүнээс бага үнээр авсан бол тэр авсан үнээр нь хэлнэ, надад худал ярих ямар ч шалтгаан байхгүй. Анхбаяраас авсан махны мөнгийг бүрэн өгсөн. Одоо ямар нэгэн өр, тооцоо байхгүй гэх мэдүүлэг /1-хх-27, 119-120/,

 

Э.Анхбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Түвшинжаргалаас 10 тонн хонины махыг 55 350 000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа 4 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг 14 хоногийн дараа өгөхөөр тохирсон. Уг махаа Жаргалтайболдод 43 сая төгрөгөөр зараад, 35 сая төгрөгийг Түвшинжаргалд өгсөн. Үлдэгдэл мөнгийг махны наймаанд оруулсан. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Түвшинжаргалаас 16 тонн ямааны махыг 72 сая төгрөгөөр авахаар тохирч мөнгийг 2-3 хоногийн дараа өгөхөөр болсон. Уг махаа Жаргалтайболдод 42 300 000 төгрөгөөр зараад Төрбат гэдэг хүнд өртэй байсан учраас өгчихсөн. Түвшинжаргалд ямар нэг мөнгө өгч чадаагүй.

 

би Жаргалтайболд гэдэг хүнд 26 тонн махыг 85.300.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөө бэлнээр нь авсан. Би өмнө авсан хүмүүсээс мах аваад мөнгөө өгөөгүй байсан тэр мөнгөнүүдээ өгсөн. Өр шир дарсаар байгаад надад 5 орчим с ая төгрөг үлдсэн байсныг наймаа хийгээд мөнгөө эргүүлж олж авна гэж бодож байсан боловч бүтэлгүйтээд мөнгөө эргүүлж олж авч чадаагүй. ...Түвшинжаргалаас өмнө нь авсан байсан махны мөнгө гэж 30 гаран сая төгрөг бэлэн өгсөн, Төрбат гэдэг хүнээс 25 тонн мах авсан байсан түүнийхээ 44.000.000 төгрөгийг бэлэн өгсөн.

 

...Би Түвшинжаргал ахад шахаа байна, их хэмжээгээр авах газар байна. Мөнгө нь найдвартай гэж хэлж мах зээлээр авч байсан. Үнэндээ мах авна гэж надтай тохирсон аж ахуйн нэгж, албан газар байгаагүй. Адууны мах экспортлох хугацаа хүртэл нэгээс нөгөөд мөнгө шилжүүлэх байдлаар зээл хийж явсаар сүүлдээ ийм байдалд хүрсэн гэх мэдүүлэг /1-хх-38, 138-140/,

 

шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-хх-51/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-хх-53/, бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ /1-хх-73, 74/, статистикийн газрын гаргасан судалгаа /1-хх-78-91/, гэрч Ч.Баттөрийн мэдүүлэг /1-хх-126/, Д.Гэрэлтбаярын мэдүүлэг /1-хх-128/, С.Даваадоржийн мэдүүлэг /1-хх-130/, шийтгэх тогтоолын хуулбар /1-хх-145-146/, эд зүйлийн үнэлгээ /1-хх-152, 2-хх-8/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.   

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Анхбаяр нь хохирогч Ё.Отгонцэцэг, Д.Түвшинжаргал нарыг уурхайд мах нийлүүлэх гэж байгаа, зах зээлийн ханшнаас дээгүүр үнээр худалдаж авна, мөнгө нь 15-20 хоногийн дотор орж ирнэ гэж төөрөгдүүлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах Ямаат-Уул ХХК-ийн агуулахаас 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 10064 кг хонины махыг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16 тонн ямааны махыг тус тус хуурч мэхлэн, итгэл эвдэн авч, 2016 оны 4 дүгээр сарын 22, 25-ны өдрүүдэд худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан бусдын нийт 105.894.400 төгрөгийн үнэ бүхий махыг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Анхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар үйлдэж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлан, бодит байдлыг гуйвуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч нарыг төөрөгдүүлж тэдний эд хөрөнгийг өөртөө олж авсан байна гэж шүүх дүгнэлээ.   

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын яллах дүгнэлтэд 1 кг хонины махыг 4700 төгрөгөөр, 1 кг ямааны махыг 3700 төгрөгөөр тооцон, гэмт хэргийн улмаас бусдад нийт 106 500 800 төгрөгийн хохирол учирсан гэж хохирлын хэмжээг буруу тогтоосныг шүүх зөвтгөж шийдвэрлэв.   

 

Хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр 1 кг хонины махыг 4700 төгрөгөөр, 1 кг ямааны махыг 3700 төгрөгөөр тус тус үнэлсэн байх боловч тус гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын дүнг хонины махыг 1кг-ийг нь 4600 төгрөгөөр, ямааны махыг 1кг-ийг нь 3600 төгрөгөөр тооцож, нийт 103 894 400 төгрөг, үүн дээр хохирогч Ё.Отгонцэцэгийн  гэрч Л.Лувсандагвад өгсөн 2 000 000 төгрөгийг нэмж, бодитоор учирсан хохирлын хэмжээг 105 894 400 төгрөг гэж тогтоов.

 

Учир нь шүүгдэгч Э.Анхбаяр нь тухайн үед хохирогч нараас бөөний үнээр буюу хонины мах 1кг-ийг нь 4600 төгрөгөөр, ямааны мах 1кг-ийг нь 3600 төгрөгөөр тооцон худалдан авсан талаар хохирогч Ё.Отгонцэцэг, Д.Түвшинжаргал, гэрч Л.Лувсандагва, Ц.Далайбаяр нарын мэдүүлэг, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн хохирлын дүнг ийнхүү тогтоолоо.  

 

Харин хэрэгт ирүүлсэн эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын үнэлгээ нь тухайн үеийн хонь, ямааны махны зах зээлийн үнэ ханш байх хэдий ч тус үнэлгээгээр хохирлын дүнг шууд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.Анхбаяр урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар буюу Э.Анхбаяр тэнсэж хянан харгалзсан 3 жилийн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул ялгүйд тооцон, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүх ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 105 894 400 төгрөгийн эд хөрөнгийн хохирлоос хохирогч Д.Түвшинжаргалд 3 800 000 төгрөг, хохирогч Ё.Отгонцэцэгт 2 000 000 төгрөг тус тус төлөгдөж, бусад хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Э.Анхбаяраас 100 094 400 төгрөг гаргуулж, хохирогч Ё.Отгонцэцэг /Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нуурын 7 дугаар гудамж, 92 тоотод оршин суух, РД-ХД75022209/-т 79 794 400 төгрөг, хохирогч Д.Түвшинжаргал /Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам, 9 дүгээр гудамж, 8 тоотод оршин суух, РД-НФ79060711/-д 20 300 000 төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Анхбаяр урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхжаргалын Анхбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар үйлдэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч Э.Анхбаяраас 100000 /нэг зуун мянга/ төгрөг хурааж, 10 /арав/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Э.Анхбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Анхбаяраас 100 094 400 /нэг зуун сая ерэн дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж,

хохирогч Ё.Отгонцэцэг /Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нуурын 7 дугаар гудамж, 92 тоотод оршин суух, РД-ХД75022209/-т 79 794 400 /далан есөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг,

хохирогч Д.Түвшинжаргал /Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам, 9 дүгээр гудамж, 8 тоотод оршин суух, РД-НФ79060711/-д 20 300 000 /хорин сая гурван зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Анхбаяр урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Анхбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Анхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР

 

                                    ШҮҮГЧИД                             Т.АЛТАНТУЯА

 

                                                                                            Г.МӨНХЗУЛ