Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/84

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025        02          17                                     2025/ШЦТ/84

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,

улсын яллагч: А.Марал,

шүүгдэгч: Ж.Г., түүний өмгөөлөгч Д.Жаргал нар оролцсон эрүүгийн 2408043930020 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б. овогт Ж.ын Г. /.../,

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

          Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

           Шүүгдэгч Ж.Г. нь урьд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн замд Тоёота Приус маркийн ... УБУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2408043930020 дугаартай хэргээс:

Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/,

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 6/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1307 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 24-26/,

Гэрч Ж.Ц.гийн мэдүүлэг /хх-ийн 29/,

Ж.Г.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 5/,

Ж.Г.ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 44-56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Ж.Г. нь урьд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн замд Тоёота Приус маркийн ... УБУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...драгер ашиглан шалгах гэхэд Татгалзав...” гэх тэмдэглэл /хх-ийн 3/,

Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн жолоодох эрхийн “...Эрх хасагдсан...” гэх лавлагаа /хх-ийн 6/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1307 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар Б. овогт Ж.ын Г.т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хх-ийн 24-26/,

Ж.Г.ийн яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо ... тоот гэртээ 0.33 литрийн “Хараа” нэртэй архийг ганцаараа уугаад, орой 23:00 цаг өнгөрч байхад намайг манай дүү Ж.Отгон “танай гэрийн дэлгүүр дээр ирсэн байна” гэхээр нь би өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн ... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон 500 метр орчим явж байгаад цагдаа зогсоож, согтуурал шалгадаг багажаар шалгахад нь би тухайн драгерийг үлээж чадаагүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон зөрчлөө хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1307 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хэдий ч тийнхүү 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа согтууруулах унтаа хэрэглэсэн боловч согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь эрх бүхий албан тушаалтны холбогдох тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг, шүүгчийн шийтгэвэр, жолоодох эрхийн лавлагаа зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж гэмт хэргийн ойлголт, түүний хэлбэрийг тус тус хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу уг гэмт хэргийг үйлдэхэд ямар нэг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүйн дээр гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Өөрөөр хэлбэл, урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хууль бус шинжтэй болохыг мэдсэн, мэдэх боломжтой байхад зориуд санаатай үйлдсэн нь нийгмийн аюулын шинж чанарыг ихэсгэж, үүнээс учирч болох хохирол, хор уршгийг нэмэгдүүлж, үүнд өртөж буй эрх ашиг буюу нийгмийн аюулгүй байдалд халдаж байдаг тул хууль тогтоогч 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ зөрчил, эсхүл гэмт хэрэг үйлдэж хасуулсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг гэмт хэрэгт тооцон эрүүжүүлсэн.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Г.өөс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Ж.Г.ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Ж.Г.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Ж.Г.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Г. нь бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг, эхнэрийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Г.т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Ж.Г. танилцаж, хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ж.Г.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял нь түүний урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан шийтгэлийн хугацааг тасалдуулахгүй болохыг тэмдэглэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б. овогт Ж.ын Г.ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г.ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г.т оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Г.т оногдуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Г.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН