Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/01798

 

 

 

 

2018 оны 09 сарын 10 өдөр Дугаар 181/ШШ2018/01798 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Ө.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5,140,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.О 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр надаас 4,000,000 төгрөг бэлнээр 1 сарын хугацаатай зээлж авахдаа сарын хүүг 6 хувиар бодож зээлийн гэрээг байгуулан нотариатаар баталгаажуулсан. Гэтэл зээл авсан өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болов ч хариуцагч оршин суугаа хаягтаа амьдардаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож 10532 тоот захирамжийг 2015 оны 04 дүгээр арын 02-ны өдөр гаргасан. Ингээд 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхээс Д.О эрэн сурвалжлуулахаар 3732 дугаар шийдвэрийг гаргаснаар Тахарын ерөнхий газраас хариуцагчийн хаягийг тодорхойлж өгсөн боловч нэхэмжлэлийг гардаж аваагүй. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхээс мөн хариуцагчийн хаягийг тодруул гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож 101/ШЗ2016/00594 захирамжийг гаргасан.

Үүнээс хойш 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхээс Д.О эрэн сурвалжлуулахаар шийдвэр гарсан. Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан байдаг. Гэтэл удаа дараа нэхэмжлэлийг хүлээн аваагүй болохоос биш тус хаягтаа оршин суудаг болох нь тодорхой болсон. Иймд хариуцагчаас гэрээний үндсэн мөнгө 4,000,000 төгрөг 1 сарын хүүнд 240,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг нийт 6,380,40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний 4,000,000 төгрөгийг хариуцагч******* нь бэлнээр 1 сарын хугацаатай зээлээд 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эргүүлж төлсөн. Зээлийг аваад эргүүлж төлж байсан болохоор итгээд дараа нь 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулахгүйгээр 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 1 сарын хүүг 6 хувь байхаар зээлдүүлсэн юм. Зээл авсан өдрөөс хойш 1 сарын хүү болох 300,000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд тогтмол төлж байсан.

Ингээд 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэг ч төгрөг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. ******* 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Д.О тааран зээлдүүлсэн мөнгөө нэхтэл ямар ч байсан би танаас авсан мөнгөө баталгаажуулаад тодорхойлолт бичиж өгье гээд 5,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн гэсэн тодорхойлолт бичиж өгсөн байдаг.

Иймд хариуцагчаас зээлийн үндсэн мөнгө 5,000,000 төгрөг, эрэн сурвалжлуулсны төлбөр 140,400 төгрөг нийт 5,140,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа *******ийн нэхэмжлэлтэй Д.О холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөг бэлнээр 1 сарын хугацаатай зээлж авсан гэсэн байна. Энэ гэрээний дагуу Ө.Б 4,000,000 төгрөгийг хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Хариуцагч Д.О нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийг аваад буцаагаад 1 сарын дотор төлсөн гэсэн. Мөн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн гэсэн тодорхойлолт бичиж өгсөн. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь зээлийн гэрээний дагуу байснаа одоо болохоор зээлийн гэрээний дагуу мөнгө төлсөн зөвхөн бичиж өгсөн зүйлийн дагуу нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бичиж өгсөн зүйл нь Ө.Б нь ШШГГ-т тааралдаж эгч нь хүнд байдалд ороод байна. Хадам эгчээс авсан мөнгөө хүнд өгөөд алдчихсан. ШШГГ-р гаргуулах гээд явж байна.

Учир нь: манай хадам эгч гадаадаас ирсэн чи надад тус болоод 5,000,000 төгрөг авсан нь үнэн гэсэн юм бичээд өгөөч гэж гуйсан. Өөрөө хэлж бичүүлсэн. Энэ бичсэн зүйлийг чиний эсрэг ашиглахгүй тул надад итгэж болно гээд гарын үсэг зуруулж авсан. Энд бичсэний дагуу мөнгө аваагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Д.О холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6,380,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад 5,140,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан багасгажээ.

Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

1. Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5,140,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн байна. Дээрх гэрээнээс улбаалан Д.О 2014 оны 03 дугаар сард дахин 5,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлжээ.

Хариуцагч Д.О  2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ө.Б 5,000,000 төгрөгийг өгөх нь үнэн бөгөөд 2014 оны 03 дугаар сард, 6 хувийн хүүтэй авснаас хойш үндсэн мөнгө зээлийн хүүг 07 дугаар сараас хойш өгөөгүй нь үнэн болно гэж бичсэн баримт хавтас хэрэгт авагдсан байна.

Хариуцагч энэхүү баримтад бичигдсэн бичиглэл, бичгийн хэв, гарын үсэг зурсан талаар маргаагүй, өөрөө гэдгийг хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 18 дугаар тал/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж зааснаар зохигчдын хооронд хэлцэл хийсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч Д.О 5,000,000 төгрөгийг гаргуулж Ө.Б олгох нь зүйтэй гэж дүгнэв.

2. Улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. гэж заажээ.

Өөрөөр хэлбэл эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардалд хуулиар тусгайлан заасан хэмжээгээр зохигчдоос төлж байгаа мөнгөн төлбөр юм.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй болно.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3732 дугаар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05887 дугаар шийдвэрээр тус тус Д.О эрэн сурвалжласан шийдвэрүүдийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Иймд шүүхээс үйлчилгээ үзүүлсний төлөө иргэнээс төлж байгаа мөнгөн төлбөр байх тул Д.О улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, эх хувиараа, эсхүл нотариатаар батлуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Бишрэлт овогт Д.О /РД:СМ80040307/-оос 5,000,000 төгрөгийг гаргуулж  Ө.Б/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О94,950 төгрөгийг гаргуулж Ө.Б олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ