| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/01693/И |
| Дугаар | 181/ШШ2018/02569 |
| Огноо | 2018-12-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 181/ШШ2018/02569
| 2018 оны 12 сарын 11 өдөр | Дугаар 181/ШШ2018/02569 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж ХХК /РД:/-д холбогдох
43,219,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн төлөөлөгч У.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б би барилга угсралтын Ж ХХК-д 2012 оны 10 сарын 1-ний өдөр барилгын инженерээр ажилд орж 2014 оны 10 сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ж ХХК нь Монгол 333 корпораци ХХК болж өөрчлөгдөхөд би 2015 оны 7 сарын 1-ний өдөр барилгын инженерээр томилогдож 2017 оны 2 сарын 6-ны өдөр халагдсан юм. Мөн 2017 оны 2 сарын 6-ны өдөр Ж ХХК-ийн ерөнхий инженерээр томилогдож 2017 оны 11 сарын 10-ны өдөр ажлаас халагдсан болно. Би өөрийн үндсэн ажлын зэрэгцээ Ж ХХК-тай хэлцэл байгуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд Легаси групп ХХК-ийн захиалгатай 54 айлын, үйлчилгээ бүхий 9 давхар, 2 блок барилгын карказ угсралтын ажлыг З.Алтантогос, Т.Ганцэцэг, Д.Даваадорж, М.Жаргалмаа, Э.Мөнхжаргал, Б.Олонбаяр, О.Сайнжаргал, Ё.Сэргэлэнцогт, Э.Түмэнболд, О.Хатантөмөр зэрэг мэргэжлийн ажилчдаар бригад зохион байгуулж 2014 оны 6 сарын 19-ний өдрөөс 2014 оны 8 сарын 29-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү барилга угсралтын ажлын хөлс нийт 96,515,460 төгрөгөөс би 2014 оны 6 сард 1,000,000 төгрөг, 7 сард 16,260,000 төгрөг, 8 сард 10,000,000 төгрөг, 9 сард 15,000,000 төгрөг, 10 сард 5,000,000 төгрөг нийт урьдчилгаа 47,610,000 төгрөг бэлнээр авсан. Ж ХХК надаас 7,742,535 төгрөгийн суутгал хийж 55,352,535 төгрөгийн тооцоо хийгдсэн. 2014 оны 11 сарын 18-ны өдөр Ж ХХК-ийн санхүүгийн нягтлан бодогч М.Дэлгэржаргал миний карказ угсралтын гэрээт ажлын гүйцэтгэлийг гаргахад би 41,162,925 төгрөгийн авлагатай гарсан юм. Ж ХХК 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд ажилчдын орон сууц барих зорилгоор миний цалингаас 1,556,700 төгрөг суутгасан болно. Ж ХХК-тай 1 м.кв талбайн цутгалтын ажлыг 40,500 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцож Легаси групп ХХК-ийн захиалгатай 54 айлын барилгын карказ угсралтын ажлыг манай бригад хийсэн. Барилгын зоорийн давхарт карказны 801 м.кв, 1 давхарт 801 м.кв талбай бүхий цутгалтын ажил хийж 2014 оны 7 сарын 24-ний өдөр Легаси групп ХХК-ийн талбайн инженер Ц.Болдбаярт хүлээлгэн өгч Ажил хүлээлцсэн акт үйлдсэн юм. Мөн барилгын 2 дугаар давхрын карказны 878 м.кв, 3 дугаар давхрын карказны 644 м.кв талбайн ажлын гүйцэтгэлийг 2014 оны 8 сарын 1-ний өдөр инженер Ц.Болдбаяр Ажил хүлээлцсэн актаар хүлээлгэн өгчээ. Барилгын 4 дүгээр давхрын карказны 644 м.кв талбайн ажлын гүйцэтгэлийг 2014 оны 8 сарын 17-ны өдөр инженер Ц.Болдбаярт хүлээлгэн өгсөн байна. Мөн барилгын 5 дугаар давхарт 116 м.кв талбайн ажил хийснийг 2014 оны 8 сарын 30-ны өдөр Легаси групп ХХК-ийн инженер Ц.Болдбаярт хүлээлгэн өгч нийт 3,884 м.кв талбайн ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн юм. Манай бригад 3,884 м.кв*40,500 төгрөг=157,302,000 төгрөгийн ажил гүйцэтгэжээ. Барилга угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 43,219,625 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулж өгнө үү. гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК холбогдох Д.Б гаргасан нэхэмжлэлтэй танилцан хариуцагч талын зүгээс дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Тус компанид Дашцэрэн овогтой Батмөнх нь Ерөнхий инженер албан тушаалд 2013 оны 8 сарын 1-ний өдрөөс ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж 69,709,500 төгрөгийн бараа материалыг өөртөө завшиж мөн эдгээр бараа материалаа түрээслэнэ гэж авсан бөгөөд одоог хүртэл манай компанид мөнгө төлөөгүй, 2017 оны 10 сарын 10-ны өдрөөс 2018 оны 3 сарын 31-ний өдрийн хооронд 58,029,200 төгрөгийн төлбөрийн хохирол учруулж ажлаас шалтгаангүй гарсан, үүнтэй холбоотой арга хэмжээг бид 2018 оны 3 сарын 26-ны өдрийн №30 тоот албан өргөдлөөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгуулж үүнтэй холбоотой хэрэг үүсэн энэ хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байгаа бөгөөд өөрийн гаргасан нэхэмжлэлдээ цагдаагийн газар шалгуулж байгаа гэдгээ дурдаагүй байсан. Мөн энэ хэрэгтэй холбоотой санхүүгийн баримтууд болон ажилд орсон тушаал гарсан тушаал зэргийг эх хувиар нь хавсарган өгсөн байгаа. Д.Бийн гаргасан нэхэмжлэл, 2018 оны 6 сарын 26-ний өдрийн 181/ШЗ2018/07759 тоот захирамжийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан 42,719,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд анх гаргаж, 2017 оны 7 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 43,219,625 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ж ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр тодорхой хугацаанд ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 6 сарын 19-ний өдрөөс 2014 оны 8 сарын 29-ний хооронд үндсэн ажлынхаа зэрэгцээ Ж ХХК-тай аман хэлцэл байгуулж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Легаси групп ХХК-ийн захиалгатай барилга дээр мэргэжлийн ажилчдын бригад зохион байгуулан барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нийт 96,515,460 төгрөгийн ажлын хөлс авах ёстойгоос 47,610,000 төгрөгийг авсан, 7,742,535 төгрөгийн суутгал хийлгэсэн, үлдэх 41,162,925 төгрөгийг Ж ХХК төлөөгүй байгаа тул гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,719,625 төгрөгийг шаардаж байгаа гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Б нь тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд тус компанийн Легаси групп ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хариуцсан талбайн инженер байсан бөгөөд тэрээр ямар нэгэн групп зохион байгуулж ажил гүйцэтгээгүй, нэхэмжлэлд дурдсан ажилчид нь бүгд Ж ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан ажилчид бөгөөд тусад нь ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дахь заалтад Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дахь заалтад хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүснэ гэж тус тус заасан бөгөөд тодорхой этгээдээс хэлцлийн үндсэн дээр үүссэн үүргийн гүйцэтгэлийг шаардахад талуудын хооронд хэлцэл байгуулагдсан эсэх нь ач холбогдолтой бөгөөд хэлцэл байгуулагдсан эсэхээс гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэх нь шалтгаална.
Ж ХХК болон Легаси групп ХХК нарын хооронд 2014 оны 4 сарын 1-ний өдөр АГГ-137/14 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ /хх-68-72 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Ж ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд баригдаж буй үйлчилгээтэй 56 айлын 2 блок 9 давхар орон сууцны ажлыг 2014 оны 4 сарын 1-ний өдрөөс 2015 оны 2 дугаар улиралд багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
Гэрээнд дурдсан хугацаанд хамаарах хугацааны буюу 2014 оны 7 сарын 24-ний өдрийн, 2014 оны 8 сарын 1-ний өдрийн, 2014 оны 8 сарын 17-ны өдрийн, 2014 оны 8 сарын 30-ны өдрийн огноо бүхий Ажил хүлээлцсэн акт нэртэй баримтууд /хх-40-43 тал/, 2014 оны 7 сарын 7-ны өдрийн, 2014 оны 7 сарын 30-ны өдрийн, 2014 оны 8 сарын 17-ны өдрийн огноо бүхий Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт нэртэй баримтууд /хх-94-96 тал/ хэрэг авагдсан бөгөөд уг баримтуудад ажил гүйцэтгэгчийг Ж ХХК гэж дурдан, гүйцэтгэгчийг төлөөлж Д.Б гарын үсэг зурсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шинжээч томилон Д.Бийн 2014 оны 6 сараас 2014 оны 8 сарын хооронд хийж гүйцэтгэсэн гэх барилгын карказ угсралтын ажлын хэмжээ болон үнэлгээг тогтоолгоход шинжээч нь нийт гүйцэтгэгдсэн хэмжээг зоорь, 1-р давхарт 1,602 м.кв, 2-р давхарт 880.33 м.кв, 3-р давхарт 646.33 м.кв, 4-р давхарт 646.33 м.кв, 5 давхарт 646.33 м.кь-ын 18 хувьтай тэнцэх хэмжээний ажил гүйцэтгэгдсэн бөгөөд нийт үнэлгээ нь 98,764,612 төгрөг, үүнээс нэхэмжлэгчийн хэлсэн суутгалын дүн 55,352,535 төгрөгийг хасч тооцоход 43,412,077 төгрөг гэсэн дүгнэлт /хх-85-89 тал/ гаргажээ.
Хэргийн баримтаар нэхэмжлэлд дурдсан хугацаанд Ж ХХК болон Легаси групп ХХК нарын хооронд 2014 оны 4 сарын 1-ний өдөр АГГ-137/14 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж тодорхой хэмжээний ажил гүйцэтгэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч тухайн ажлыг нэхэмжлэгч нь хариуцагчтай үндсэн ажлынхаа зэрэгцээ тусад нь хэлцэл хийж, хөлс тохиролцон гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь уг ажлыг хийж гүйцэтгэхийн тулд З.Алтантогос, Т.Ганцэцэг, Д.Даваадорж, М.Жаргалмаа, Э.Мөнхжаргал, Б.Олонбаяр, О.Сайнжаргал, Ё.Сэргэлэнцогт, Э.Түмэнболд, О.Хатантөмөр зэрэг мэргэжлийн ажилчдаар бригад зохион байгуулан хийж гүйцэтгэсэн гэх боловч дээр дурдсан этгээдүүд болон нэхэмжлэгч Д.Б нар нь нэхэмжлэлд дурдсан ажлыг хийж гүйцэтгэсэн гэх хугацаанд Ж ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбарууд, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн тайлан, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалын хуулбарууд /хх-130-175 тал/ зэргээр тогтоогдож байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь дээр нэр дурдсан этгээдүүдтэй бригадын зохион байгуулалтад орж ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон гэх боловч энэ байдал нь мөн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэлд дурдсан бригадын зохион байгуулалтад орж ажилласан гэх этгээдүүдээс Э.Мөнхжаргалыг нэхэмжлэгч нь шүүхэд гэрчээр асуулгасан бөгөөд бусад этгээдийг шүүхэд гэрчээр асуулгаагүй, тэднийг бригадын нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тэдэнд өөрийн зүгээс цалин хөлс олгон ажиллахаар тохиролцсон байсан гэх байдлаа баримтаар нотлоогүй байна.
Д.Бийн бригадын зохион байгуулалтад оруулж ажилласан гэх нэхэмжлэлд нэр нь дурдагдсан 10 хүнээс 5 нь одоо ч Ж ХХК-д ажиллаж байгаа гэх тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан ба нэхэмжлэгч тэдгээр хүмүүсийг одоо ч Ж ХХК-д ажиллаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэд Д.Бөөс ажлын хөлсөө шаардаад байгаа, би Ж ХХК-аас ажлын хөлсөө авч тэдгээр хүмүүст зохих хөлсийг нь төлөх ёстой гэх боловч уг тайлбараа мөн шүүхэд баримтаар нотлоогүй болно.
Гэрээнд дурдсан хугацаанд хамаарах хугацааны Ажил хүлээлцсэн акт нэртэй баримтууд, Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт нэртэй баримтуудад ажил гүйцэтгэгчийг Ж ХХК гэж дурдан, гүйцэтгэгчийг төлөөлж Д.Б гарын үсэг зурсан нь тухайн ажлыг Д.Б Ж ХХК-тай үндсэн ажлын зэрэгцээ байгуулсан хэлцлийн үндсэн дээр гүйцэтгэсэн гэдгийг нотлох нотолгоо болж чадахгүй байна.
Нэхэмжлэгч нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ж ХХК-ийн нягтлан бодогч М.Дэлгэрэхжаргалын гаргасан тооцооны баримт /хх-8тал/-ыг өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болно гэж тайлбарласан.
Уг баримтад Батмөнхөд бэлнээр олгосон дүн, Легаси барилгын карказ угсралтын гэрээт ажлын гүйцэтгэл-Батмөнх, НДШ,ХХОАТ-ын тооцоо суутгах дүн, Хувцасны тооцоо гэсэн тооцооллууд хийгдсэн байх ба хариуцагч нь уг баримтын талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа тухайн барилгын барилга угсралтын ажлын талбайн инженер нь Д.Б байсан учраас тооцооллын баримтууд Батмөнх гэсэн нэртэй хийгдэж байсан болохоос бус Д.Бөд олгох мөнгөний тооцоолол биш гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй байна.
Шүүхэд гэрчээр асуугдсан гэрч Э.Мөнхжаргал нь Д.Бийг Ж ХХК-тай гэрээ байгуулж ажил авсан гэх мэдүүлгийг өгсөн боловч уг мэдээллийг Д.Бөөс авсан гэсэн мэдүүлэг өгсөн /хх-199-200 тал/, шүүхэд гэрчээр асуугдсан тухайн үед Ж ХХК-ийн ерөнхйй инженер, зөвлөх инженерээр ажиллаж байсан гэх гэрч Ч.Цэдэнбалжир нь Д.Б Ж компанитай үнэ тохирч ажлыг гүйцэтгэсэн гэсэн мэдүүлэг өгсөн боловч Ж ХХК-тай гэрээ хийх төсөл явж байсан, үнэ ярьж байсан гэсэн мэдүүлэг өгсөн /хх-201-203 тал/, гэрчүүдийн мэдүүлгээр Ж ХХК нь Д.Бтэй үндсэн ажлынх нь зэрэгцээ тусдаа гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй, нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч Д.Б нь Ж ХХК-тай үндсэн ажлынхаа зэрэгцээ барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх хэлцэл байгуулсан, улмаар уг ажлыг гүйцэтгэхийн тулд бригад болон зохион байгуулалтад орж ажилласан гэх этгээдүүдтэй хэлцэл хийсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Д.Б болон Ж ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.Бийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргийг хариуцагч Ж ХХК-аас шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэгч Д.Бийн Ж ХХК-д холбогдуулан гаргасан 43,219,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дугаар зүйлийг баримтлан хариуцагч Ж ХХК-аас 43,219,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 371,550 төгрөг, 2018 оны 7 сарын 17-ны өдөр төлсөн 19,000 төгрөг, нийт 390,550 төгрөгийн 387,198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3,352 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР