Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2429

 

 

 

 

 

 

 

 

 

М.Эы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02050 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Эы нэхэмжлэлтэй,

Хариуцагч К ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мэндхишиг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Капитал банкны Дархан дахь салбарын захирлаар томилогдож 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие ажиллах хугацаандаа тус банкны дотоод журмыг баримтлан үүрэгт ажлаа зохих ёсоор нь гүйцэтгэж байсан бөгөөд 2015 оны Дархан-Уул аймаг дахь Арилжааны банкнуудын шилдэг захирал болж байсан. Дархан салбарын хувьд 2015, 2016, 2017, 2018 онуудад эх үүсвэрээ тогтмол нэмэгдүүлж ажилласан бөгөөд 2015, 2016, 2017, 2018 онуудад хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийг бууруулан 2017 онд Капитал банкны хэмжээнд хамгийн өндөр дүнгээр чанаргүй зээл авлагаа барагдуулсан нэгж болж байсан.

Гэтэл Дархан салбарын ахлах теллер Е.Мөнхболор, Хээтэй хороолол тооцооны төвийн ахлах теллер Б.Баярхишиг нар нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагийн үед банкны харилцагчдын мэдээллийг хувийн зорилгоор ашиглахаар ажлын компьютерээс татаж авч, мөн албаны мэйлээр гадагш явуулсан тухай төв банкнаас мэдэгдэж тухайн 2 ажилтанг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан боловч банкинд ямар хэмжээний бодит хохирол учирсан нь тодорхой бус гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд надад энэ талаар банкны зүгээс ерөөсөө мэдэгдэж байгаагүй, шүүх дээр ирээд надад 3 удаа сахилгын шийтгэл оногдуулж байсан гэх 3 тушаалтай танилцаж байна. Хэрвээ энэ тушаалуудыг нь цаг тухайд нь танилцуулсан бол гомдол гаргах байсан. Банкны зүгээс эдгээр тушаалуудыг нөхөн гаргасан байх гэж бодож байна. 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дээрх 2 ажилтанд хяналт тавьж ажиллаагүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан тухай дотоод мэйлээр мэдэгдэж, гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Дээрх 2 ажилтны гаргасан үйлдлийг хууль хяналтын байгууллага шалган гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнд гомдолтой байна.

Капитал банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 тоот тушаал нь Хөдөлмөрийн хууль болон банкны дотоод журмыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй байхад шууд намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний ажлын хариуцлагатай ямар нэгэн байдлаар холбоогүй, банкны 2 ажилтнуудын хийсэн үйлдэлд намайг буруутгаж байна гэж үзэж байна. Иймд учраас Капитал банкны Дархан-Уул аймаг дахь салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус банкны Дархан салбарын захирлаар ажиллаж байсан М.Эг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/425 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. М.Эы хувьд ээлжийн амралттай байгаа ажилтныг дуудан ирүүлж ажиллуулсан. Харьяалах нэгжийн ахлах теллер нь чөлөөлөгдөх тушаал гараагүй байхад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Чингис хаан банкны харилцагчийн менежерээр ажилд орсон байсан бөгөөд үүнийг нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн гэж тайлбарыг өгдөг хэрнээ хүний нөөцийн газарт мэдэгдээгүйн улмаас Б.Баярхишиг нь ажлын бус цагаар теллер Е.Мөнхболорын компьютерээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн оройны 20 цаг 41 минутад Капитал банкны 2173 харилцагчийн дансны дэлгэрэнгүй лавлагаа, 900 орчим зээлдэгчийн зээлийн тухай мэдээллийг Ехсеl файл хэлбэрээр [email protected] хаягаар өрсөлдөгч банкруу илгээсэн байдаг.

Үүний дагуу банк тухайн 2 ажилтныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд энэ 2 ажилтанд Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байдаг. Банкны салбар нь бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ нь харилцагчдын итгэл дээр суурилсан үйлчилгээ байдгаараа бусад салбарыг бодоход илүү эмзэг салбар байдаг бөгөөд үүнийг удирдан ажиллаж буй салбарын захирлын хувьд маш ноцтой алдаа гаргаж дээрх нөхцөл байдал үүсэхэд хүргэсэн байдаг. Нэхэмжлэгч М.Э нь ажиллаж байх хугацаандаа салбар нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь сүүлийн нэг жилийн хугацаанд түүнд ногдуулж байсан сахилгын шийтгэлүүдээс харагдаж байна. Үүнд: 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлын 438 тоот тушаалаар өдөр тутмын шат дараалсан хяналт, шалгалтыг хийгээгүй, гарсан зөрчил дутагдлыг тухай бүр нь арилгах арга хэмжээ авч ажиллаагүй гэж сануулах сахилгын шийтгэл, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирлын 541 тоот тушаалаар нэгжийн зээлийн багцын чанарыг зохих түвшинд удирдан зээлийн мэргэжилтнээ мэргэжлийн зөвлөгөө зааварчилгаагаар хангаагүй, зээл төлүүлэх төлөвлөгөөний гүйцэтгэлийг тогтсон хугацаанд хангаагүй хөдөлмөрийн контракт, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул сануулах сахилгын шийтгэл, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 тоот тушаалаар ажлын цагийг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон гэсэн үндэслэлээр үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан. Нэхэмжлэгч М.Эыг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн дотоод журам, сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу тушаал гаргасан бөгөөд банкны зүгээс холбогдох шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс дахин ийм төрлийн алдаа дахин давтан гаргасаар байсан тул ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирлын М.Эыг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Эг урьд эрхэлж байсан ажил буюу К ХХК-ийн Дархан салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 3 471 975 төгрөгийг хариуцагч Капитал банк ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.Эд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар цалинтай тэнцэх хэмжээний олговор 3 471 975 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч М.Эы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч К ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч К ХХК-иас 70 502 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. К ХХК-ийн гүйцэтгэх захирлын туслах Ц.Сайнжаргалын албанд ашигладаг и-мейл inbox-т бус Sent-д үзлэг хийсэн. М.Э нь ажлаас чөлөөлөгдсөний дараа түүний и-мейл хаягийг шалгаж болох боловч тухайн хүлээн вагчийг и-мейлээ уншсан болон уншаагүй байна гэдгийг банкны системээс харах боломжгүй байдаг. Гэтэл шүүхээс шууд inbox нь нээгдээгүй байна хэмээн буруу дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь өдөр тутмын бүх ажиллагаа, төвөөс ирсэн бүх мэдээллийг и-мейл хаягаараа дамжуулан авдгаа хүлээн зөвшөөрч тайлбарыг өгсөн байдаг. Хариуцагчаас үзлэг хийлгэхээр хүсэлт өгөхдөө банкны системээс тухайн өдрийн тушаалыг зурган хэлбэрт оруулан хэвлэсэн боловч принтерийн хорноос болж 9/18 нь 9/13 шиг харагдаж байсан бөгөөд үүнийг анхан шатны шүүх шийдвэртээ буруу дүгнэж бичсэн. Үзлэг хийхэд 5 хүний бүрэлдэхүүнтэй ирж үзсэн бөгөөд М.Эы и-мейл хаягт очсон огноо 2017.09.18-ны өдрийн 15 цаг 41 минутад байсныг бүгд харсан. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тушаал дээр ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. ...Нэхэмжлэгч нь Капитал банкинд мөрдөгддөг хөдөлмөрийн дотоод журам, сахилгын шийтгэл ногдуулах журам гэрээгээр хүлээсэн нууц хадгалах баталгаа зэргийг мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд үүнийгээ зөрчсөн байхад нэхэмжлэгчийг дүрэм журмыг ноцтой зөрчсөн ч тухайн акт нь хөдөлмөрийн гэрээ болон контракттай адилтган үзэх боломжгүй гэж үзэх нэхэмжлэгчийг зөвтгөсөн шийдвэр гаргасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг салбар нэгжийн үйл ажиллагааг өдөр тутмын шат дараалсан хяналтыг хангалттай тавьж ажилладаггүй байсан нь түүнд ногдуулсан 3 удаагийн сахилгын шийтгэлээр харагдана, нэхэмжлэгчид ногдуулсан 2 сарын цалинг 20 хувиаар бууруулах сахилгын шийтгэлийг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан давтан зөрчил гэж үзэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон. Мөн нууц хадгалах баталгааны 4 дүгээр зүйлд салбарын захирал нь байгууллагын нууцтай холбогдох мэдээ, баримт бичгийг хадгалах, хамгаалах, задруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан байхад энэ талаар огт анхаарч үзсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх, журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч К ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч М.Э нь К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаар тушаалаар тус банкны Дархан салбарын захирлын үүрэгт ажилд түр томилогдож 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 591 дүгээр тушаалаар үндсэн ажилтнаар томилогдож, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн контрактын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулан Дархан салбарын захирлаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн контракт зэргээр тогтоогдож байна. /хх 4, 5, 7-9, 12-14, 17-18, 19-22/

Нэхэмжлэгчийг тус банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.30, 12 дугаар зүйлийн 12.10.2, 12.10.3, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 9.2.1, 9.2.2, Хөдөлмөрийн контрактын 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн түүнийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь болох зохигчдын тайлбараар тогтоогдсон.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл буюу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа “...Дархан салбарын захирал М.Э нь ээлжийн амралттай байгаа ажилтныг дуудан ирүүлж ажиллуулсан мөн харьяалах нэгжийн ахлах теллер нь чөлөөлөгдөх тушаал гараагүй байхад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажилд орсныг мэдсэн атлаа холбогдох газарт нь мэдэгдэж арга хэмжээ аваагүй, эдгээр ажилтнуудыг ажлын бус цагаар ажиллуулсны улмаас банкны харилцагчийн нууц мэдээлэл алдагдах нөхцөл байдалд хүргэсэн бөгөөд нэгжийн дотоодод шат дараалсан хяналт тавьж ажиллаагүй зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлаж, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын 12.10.3, Сахилгын шийтгэл ногдуулах журам, Хөдөлмөрийн контрактын дээрх заалтуудыг иш татан маргажээ.

 

            Нэхэмжлэгч М.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр К ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/114 тоот тушаалаар 2 сарын хугацаанд үндсэн цалингийн 20 хувиар суутгах шийтгэл оногдуулсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин К ХХК-ийн Дархан салбарын ахлах теллерээр ажиллаж байсан Е.Мөнхболор, Б.Баярхишиг нарын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр санхүүгийн тайлан гаргаж байхдаа тус банкны мэдээллийн санд байсан 2 173 харилцагчийн мэдээллийг Чингис хаан банкны [email protected] и мейл хаяг руу илгээсэн үйлдлийн улмаас банкны мэдээллийн нууцлал алдагдаж, банкинд болон харилцагч нарт хохирол, хор уршиг учруулж болзошгүй нөхцөлийг бүрдүүлсэн гэх зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 300 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан 0017550, 0017551 тоот зөрчилд шийтгэл ногдуулах тухай хуудсаар тогтоогдож байна. /хх 100, 101/

            Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 12.10.3-т “газар салбар нэгжийн захирал нь өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнууддаа хяналт тавьж ажиллаагүйн улмаас банкны болон харилцагчийн мэдээлэл алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн, банкны нууцад хамаарах мэдээ, мэдээллийг ажилтан нь зөвшөөрөлгүй олж авсан, хувийн зорилгоор ашигласан”  гэх нөхцөл байдал тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар тухайн салбар, нэгжийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

            Нэхэмжлэгч М.Эы захирлаар нь ажиллаж байсан салбарын ахлах теллер байсан Б.Баярхишиг, Е.Мөнхболор нарын үйл ажиллагаанаас хэрэглэгчдийн мэдээлэл алдагдах нөхцөл байдал бүрдсэн болох нь тогтоогдсон тул энэ нь өөрөө хөдөлмөрийн дотоод журамдаа заасан сахилгын ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж үзнэ. Иймд ажил олгогчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/425 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байна.

            Дээрх үндэслэээр давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч К ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч М.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч К ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 501 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН