Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 122/ШШ/2022/0004

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “*******”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Баянтүмэн Сумын засаг дарга,      

Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр “Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, Г.Орхон, хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням, нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг даргад холбогдуулан Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр “Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцлах тухай” захирамжийг  хүчингүй болгуулахаар маргаж  байна. 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/114 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар” Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хоёр мэлхийт” гэдэг газар “Тариалангийн” зориулалтаар 2000 га газар, Төв оффис барих зориулалтаар 2 га “Үтрэмийн талбай” барих зориулалттай 3 га газрыг “Баянтүмэн агро” ХХК-аас шилжүүлэн авчээ.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 тоот захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3, 28 дугаар зүйлийн 28.1.3, 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 48 дугаар зүйлийн 48.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг үндэслэн “*******” ХХК-аас “*******” ХХК-д эрх шилжүүлэн олгосон тариалангийн зориулалттай 2000 га газрын нэгж талбарын 000298676 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, “Газар эзэмшүүлэх тухай” 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн төв оффисын зориулалттай 2 г газрын 000298686  дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мод үржүүлгийн 5 га газрын 000298685 дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, Үтрэмийн талбайн 3 га газрын 000298688 дугаартай 000298688 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг бүхэлд нь цуцалсан.

3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 тоот “Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Дорнод аймгийн Засаг даргад 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хандсан ба Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2/1608 тоот албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу хүргүүлсэн ба нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын  24-ний өдөр Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газраас Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам”-д заасны дагуу явуулсан газар эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаанд “Баянтүмэн-Агро” ХХК оролцон ялагч болсон учир Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутагт орших “Хоёр мэлхийт” гэх газарт Тариалангийн зориулалтаар 2000 га газрыг 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/88 дугаар захирамжаар, Төв оффис барих зориулалтаар 2 га, Мод үржүүлгийн зориулалтаар 5 га, Үтрэмийн талбай барих зориулалтаар 3 га газрыг тус тус эзэмших эрхийг Баянтүмэн сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар тус тус олгосон байсныг мөн сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар манай “*******” ХХК-д шилжүүлэн 30 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тухайн өдрөө газар эзэмшүүлэх гэрээг Баянтүмэн сумын газрын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Х.Энххэрлэнтэй байгуулсан. Тус өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр захирамжийг гарах хүртэл манай компани газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрүүдийг гэрээнд заасны дагуу жил бүр төлж ирсэн.

Гэтэл Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 а, 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.4, 54 дүгээр зүйлийн 54.4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3, 28 дугаар зүйлийн 28.1.3, 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 48 дугаар зүйлийн 48.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг үндэслэн захирамжийн 1 дэх заалтаар тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоёр мэлхийт” гэх газарт орших “Газар эзэмшүүлэх тухай” 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/88 дугаар захирамжаар олгогдсон “Баянтүмэн Агро” ХХК-иас “*******” ХХК-д эрх шилжүүлэн эзэмшүүлсэн тариалангийн зориулалттай 2000 га газрын нэгж талбарын 000298676 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” 2015 оны 03 дугаар сарын 24-ний А/29 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн төв оффисын зориулалттай 2 га газрын 000298686 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ, Мод үржүүлгийн 5 га газрын 000298685 дугаартай газар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, Үтрэмийн талбайн 3 га газрын 000298688 дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус бүхэлд нь цуцалсугай хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан тушаалын хууль зүйн үндэслэлийг судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл нь Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх бөгөөд маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон 29 дүгээр зүйлийн 29.1.6 а, 29.2 дахь заалт нь манай компанийн газар ашиглах эрхийг шууд дуусгавар болгох заалт биш байна.

Газрын тухай хууль: Хариуцагч манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно, 31 дүгээр зүйлийн 31.1-д газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хооронд явагдана гэж заасныг тус тус үндэслэсэн байх боловч тухайн заалтуудыг газар эзэмших эрхийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шилжүүлэн авсан манай “*******” ХХК зөрчсөн гэх нөхцөл байдал байхгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж байгаа нь үндэслэлгүй байна.

Баянтүмэн сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 дугаар захирамжаар “Баянтүмэн Агро” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг манай “*******” ХХК-руу шилжүүлэх үед Монгол Улсад бүртгэлтэй дотоодын хуулийн этгээд хооронд газар эзэмших эрх шилжсэн байхад хариуцагч А/71 дүгээр захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус зөрчсөн байна.

Маргаан бүхий А/71 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасныг үндэслэсэн байна. Энэхүү заалтыг үндэслэсэн байгаагаас үзвэл манай компанийг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн гэж үзэхээр байна.

Захиргааны ерөнхий хууль: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааг хэрхэн явуулах аргачлалын талаар зохицуулсан. Энэ зохицуулалтын гол зорилго нь төрийн эрх бүхий байгууллагаас гаргах гэж буй захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй иргэн, хуулийн этгээдэд тус захиргааны акт гаргахаас өмнө тухайн асуудалтай холбоотой тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг олгож байгаа үйл ажиллагаа бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдээс гаргасан тайлбар, нотлох баримтыг төрийн эрх бүхий байгууллага судалж үзсэний үндсэн дээр хууль бус шийдвэр гаргахгүй байх боломжийг өөртөө олж авч байгаа боломж юм.

Гэтэл хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн гэж маргаан бүхий захиргааны актад дурдсан болох нь тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3 дахь заалтуудыг үндэслэх хэсэгт тусгаснаас харагдаж байна. Гэвч хариуцагч сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, 27 дугаар зүйлийн 27.5-д заасан тайлбар, санал холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг манай компанид олгоогүй нь сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Энэ нь дараах тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан бичгийн баримтаар тогтоогдоно.

Хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1/230 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг манай “*******” ХХК-д хүргүүлэхээр шууданд хийснийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шуудангаас хүлээж авч танилцахад 2021 оны 06 дугаар сарын 07-ны 10:00 цагт сонсох ажиллагаатай холбоотой тайлбар, холбогдох нотлох баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа явуулах, тус мэдэгдэлд дурдсан асуудалтай холбоотой тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжит хугацаа өнгөрсний дараа бид мэдэгдлийг авсан.

Мөн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/259 дугаар мэдэгдлийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00:25 цагт хүлээлгэн өгсөн боловч тус мэдэгдэлд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах болсныг мэдсэн байсан. Мөн л тайлбар, нотлох баримт өгөх боломж олдоогүй болно. Учир нь манай компанид ирүүлсэн 1/259 бичигт дурдсанаар тухайн бичгийг хүлээн авах үед манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан гэж үзэхээр байсан.

Иймээс сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэн манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахдаа тушаалынхаа хууль зүйн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3-т заасныг тус тус үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч А/71 дүгээр захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг үндэслэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд гэсэн заалт нь өргөдөл, гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдийн өргөдөл гомдлыг захиргааны байгууллага хангаж шийдвэрлэж байгаа тохиолдолд өргөдөл, гомдол гаргасан хуулийн этгээдэд сонсох ажиллагааг хийхгүй байж болох нөхцөлийг аливаа салаа утгагүйгээр зааж өгсөн байна.

Хариуцагч А/71 дүгээр захиргааны актыг гаргахдаа манай компаниас гаргасан аливаа өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлээгүй, тус акт манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байхад тухайн заалтыг үндэслэн сонсох ажиллагааг хийхгүй гэж үзсэн нь актын үндэслэх хэсэгт тусгасан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3 гэсэн заалтуудтай зөрчилдөж байна. Мөн хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байна.

Маргаан бүхий А/71 дүгээр захиргааны актын үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасныг дурдсанаас үзэхэд Баянтүмэн сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/88 дугаар, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/29 дүгээр, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 дүгээр захирамжуудыг эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж тодорхойлсон мэт.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-т заасныг үндэслэх хэсэгт дурдсанаас үзэхэд Баянтүмэн сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/88 дугаар, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/29 дүгээр, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 дүгээр захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий акт гэж тодорхойлсон мэт хууль зүйн өөр өөр үндэслэлийг А/71 дүгээр захиргааны актад тусгасан, эсхүл манай компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй хууль зүйн үндэслэлүүд хоорондоо зөрчилтэй байгаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэснийг зөрчиж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хууль: Гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуй нэгжийг гэж заасан хуулийн этгээдийг ойлгохоор байна. Гэтэл “*******” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид тооцогдохгүй болох нь компанийн дүрэм, Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа болно.

Хариуцагч энэхүү маргаан бүхий 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр захирамжийг гаргахаас өмнө манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/55 дугаар захирамжаар цуцалж байсан. Тус захирамжийг гаргах үед манай компани 2021 оны хавар өөрийн эзэмшиж байсан газар дээрээ тариа тарихаар бэлтгэсэн улаан буудай, ногоон тэжээл, царгас зэргийг тарих боломжгүй болж 6000 000 000 орчим сая төгрөгийн шууд хохирол үүсээд байсан учир тухайн захирамжийг хүчингүй болгуулах гомдол гаргахад хариуцагч 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/66 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар өөрийн гаргасан А/55 дугаар хууль бус захирамжаа хүчингүй болгосон талаар бидэнд мэдэгдсэн. Иймээс бид өөрийн эзэмших эрх бүхий газар дээрээ тариалалт хийсэн. Гэтэл хариуцагчийн гаргасан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр хууль бус захирамжийн улмаас өөрийн тариалсан улаан буудай, ногоон тэжээл, царгас зэргийг хураан авах боломжгүй болж үлэмж хэмжээний хохирол амсахад хүрээд байна. Мөн манай компани Баянтүмэн сумын Засаг даргын 2015 оны А/114 дүгээр захирамжаар газар эзэмшиж эхэлсэн өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл эзэмшиж байсан газруудад 1 628 065 736 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан. Гэвч хариуцагчийн гаргасан хууль бус шийдвэрийн улмаас оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Хариуцагчийн анх газар олгосон захирамж болон 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/66 захирамж бидэнд өөрийн эзэмших эрх бүхий газраа тариа тарих боломжтой юм байна гэсэн итгэлийг бий болгосон. Ганц үүгээр зогсохгүй 2015 оноос хойш Баянтүмэн сумын нутагт газар эзэмшиж тариа тарьж байхад танай компани хууль бусаар эзэмшиж байна гэсэн асуудлыг ярьж, газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах талаар мэдэгдэж байгаагүй нь манай компани тариалангийн болон бусад зориулалтаар эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой гэсэн хууль ёсны итгэлийг төрүүлсэн. Гэтэл хариуцагч 2021 оны 04 дүгээр сараас эхлэн эргэж буцсан хууль бус шийдвэрийг дахин дахин гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.3-д заасан ил тод, нээлттэй байх, 4.2.4-т заасан үр нөлөөтэй байх, 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмуудыг зөрчсөн гэж үзнэ. Манай компани Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Дорнод аймгийн Засаг даргад гомдол гаргахад аймгийн Засаг даргын тамгын газраас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2/1608 дугаар албан тоотоор ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашид Арвижих үндэс” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/114 тоот захирамжаар “Баянтүмэн агро” ХХК-аас “*******” ХХК-д тариалангийн зориулалттай 2000 га газар, мод үржүүлгийн зориулалттай 5 га газар, үтрэмийн зориулалттай 3 га, оффисын зориулалттай 2 га газруудыг шилжүүлэн авсан. Шилжүүлж авсныхаа дараа гэрээгээ дүгнүүлж, хуулийн дагуу эзэмшиж ашиглаж ирсэн. Гэтэл Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар хүчингүй болгосон нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Хууль зүйн үндэслэлүүдийг өмгөөлөгч нар тайлбарлана гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэдэг нь дараах нотлох баримт, тайлбараар тогтоогдож байна. Маргаан бүхий А/71 дүгээр захирамжийн  1 дэх заалтад “Баянтүмэн агро” ХХК-д газар олгосон 2014 оны 88 дугаар захирамж, 2015 оны 29 тоот захирамжуудын дагуу олгосон гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь анхнаасаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар олгосон асуудал байгаа учир захирамж үндэслэлтэй гэж захирамжийнхаа үндэслэлийг тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 тоот захирамж  авагдсан байгаа. Энэхүү захирамжийн 2 дахь заалтад энэхүү захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2014 оны 88 дугаар захирамж, 2015 оны 29 дүгээр захирамж, газар эзэмших гэрчилгээний дугааруудыг тавиад тус тус хүчингүй болгосугай гэж заасан байгаа.

“Баянтүмэн агро” ХХК-д газар олгосон захирамж нь илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Хариуцагч байгууллага А/71 тоот захирамжид илт хууль бус гээд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийг баримталсан байгаа. Хариуцагч талын тайлбараас харахад уг акт нь эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус захиргааны акт байна гэж тодорхойлсон байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид олгохгүй, зөвхөн Монгол улсын иргэн аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэхээр олгоно гэснийг зөрчсөн гэдэг нь “Баянтүмэн агро” ХХК-д анх газар олгосон захирамж эрх зүйн зөрчилтэй буюу маргаан бүхий захиргааны акт болж хувирна. Яагаад эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж тайлбарлаж байна гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актуудын шинжүүдийг заагаад өгсөн байгаа.

Анх “Баянтүмэн агро” компанид газар олгосон захирамж утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл байхгүй, бичгээр гаргасан захиргааны актын батлан гаргасан байгууллага тодорхойгүй гэдэг үндэслэл байхгүй, захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захирамж гаргасан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхойгүй гэх үндэслэлд хамаарахгүй, хууль бус эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан зүйл байхгүй, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд халдсан зүйл байхгүй, захиргааны актыг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй зүйл байхгүй зэрэг эдгээр зургаан нөхцөл байдалд хамаарахгүй байгаа учраас энэ захирамж нь өөрөө эрх зүйн зөрчилтэй маргаан бүхий захиргааны акт байна. Ийм учраас энэ захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан аль акт вэ? гэдгийг тодорхойлох шаардлага үүсэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдал бий болгосон захиргааны актыг хэлнэ гэж заасан. Тэгэхээр “Баянтүмэн агро” ХХК-д олгоод байгаа газар эзэмшүүлэх эрх, цаашлаад 2015 оны 10 сарын 05-ны өдөр “*******” ХХК-д газар олгож байгаа асуудал нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэдэг нь илэрхий байна. Аль аль нь хуулийн этгээд дээр эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт. Тэгвэл эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хэрхэн хүчингүй болгох вэ гэдэг асуудал яригдана.  Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд  сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж заасан ба дээр дурдагдаж буй захиргааны актуудыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.

Маргаан бүхий захиргааны акт буюу А/71 дүгээр захирамжийн үндэслэлд заасан шиг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт учир хугацаа хамаарахгүй гэж үзэх боломжгүй байна. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гэж захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д хууль зүйн үндэслэлүүдийг заагаад 48.3-д нь захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргаснаас хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан. Хууль тогтоогчийн зүгээс захиргааны байгууллага эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаад тэрийгээ хүчингүй болговол таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж хангалттай хугацаа. Өнөөдрийн бид нарын маргаж байгаа Баянтүмэн сумын засаг даргын А/71 тоот захирамж дээр ахиж захирамж гарсан эсэхийг харах хэрэгтэй. Хамгийн эхний” Баянтүмэн агро” ХХК-д газар олгосон 2014 оны захирамж,  өнөөдрийн бид нарын хэлэлцэж байгаа хэргийн “*******” ХХК-д газар олгосон А/114 тоот захирамж нь 2015 оны 10 сарын 05-ны өдрийн захирамж байна. Энэ захирамжийг хүчингүй болгох хугацаа нь 2020 оны 10 сарын 05-ны өдөр дуусгавар болсон. Тэгэхээр энэ актуудыг эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзвэл хүчингүй болгох хугацаа аль хэдийн өнгөрчээ. Энэ асуудлаар Баянтүмэн сумын засаг дарга нь хуульд заасан хангалттай үндэслэл гаргаагүй гэж үзэж байна.

“Баянтүмэн агро” гэдэг компаниас “*******” ХХК-д газар эзэмших эрхийг 2015 оны 10 сарын 05-ны өдөр шилжүүлсэн байдаг. Ингэхдээ газрын тухай хуульд заасан дуудлага худалдааны анхны үнийг төлсөн үү гэдэг асуудал яригдаж байна. Дуудлага худалдааны анхны үнийг төлсөн гэдэг баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. “Баянтүмэн агро” гэдэг компаниас анх газар эзэмших эрх шилжүүлж авахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцон төлнө гэж заасны дагуу төлбөрөө төлөөгүй гэж хариуцагчийн өмгөөлөгчөөс буруутгаж байна. Энэ газар эзэмших эрх шилжсэн асуудал нь 2015 оны 10 сарын 05-ны өдөр явагдсан. Гэтэл тухайн цаг үед энэ заалт нь газрын тухай хуульд байхгүй байсан. Энийг хууль руу нь ороод хархаар энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн гэж байгаа. Энэ заалт нь нэхэмжлэгч  компанийг газар эзэмших эрх шилжүүлж авснаас хойш 2 жилийн дараа хүчин төгөлдөр болсон учраас дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж “*******” ХХК-г буруутгах боломжгүй. Иймээс “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон А/71 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан асуудал хэрхэн зөрчигдсөн бэ? хуульд зааснаар тусгайлсан журмаар 10 хоногийн дотор хандах эсэх асуудал байгаа. Бид хуулийг өөрийнхөөрөө зохиож тайлбарлаж болохгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг бариад шийдвэрлэсэн тохиолдолд 40.3-д заасан хугацаанд гомдол гаргадаг. Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 сарын 31-ний өдрийн тоот тогтоол гарсан. Газар эзэмших, ашиглах иргэн аж ахуйн нэгж, байгууллага болон засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн засаг даргын дээд шатны засаг дарга шийдвэрлэнэ гээд заагаад өгсөн. Тэгэхээр бид нарын хооронд маргаан үүссэн үү гэдэг асуудал яригдана.

 Баянтүмэн сумын засаг дарга танай компани энэ газрыг эзэмших ёсгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч талаас бид эзэмшиж ашиглах эрхтэй гэж үзэн маргаж байна. Тэгэхээр талуудын хооронд маргаан үүсэж байна. Талуудын хооронд үүссэн маргааныг дээд шатны засаг дарга шийдвэрлэнэ гээд тайлбар дээрээ заагаад өгсөн. Монгол Улсын Үндсэн хуульд хууль тайлбарлах эрхийг ганцхан Улсын дээд шүүх хууль хэрэглээний байдлаар тайлбарлана гэж заасан байгаа. Газрын тухай хуульд заасан 10 хоногийн хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Сонсох ажиллагаатай холбоотой асуудал буюу сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн эсэх асуудал яригдана. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгдээгүй гэж үзэж байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад Банзрагч гэдэг хүнтэй уулзаж сонсох ажиллагаа хийсэн гэж аудио бичлэг сонсгож байна.

Энэ нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл бичлэг хийгдэж байгааг энэ хүн мэдсэн үү, Банзрагч гэдэг хүнд сонсох ажиллагаа хийхдээ таны ярьсан зүйл бичлэг болон үлдэнэ шүү гэдгийг тайлбарласан зүйл байхгүй. Сонсох ажиллагаа хийсэн гээд байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 5-д заасан хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжит хугацаа олгоогүй. Энэ сонсох ажиллагаа нь “Баянтүмэн агро” ХХК-д газар олгосон нь хууль бус гэдэг асуудал л яригдаж байгаа ч өнөөдрийн яригдаад байгаа дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэдэг асуудал огт дурдагдаагүй. Ийм учраас сонсох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй, тэр аудио бичлэгийг шүүх хуульд зааснаар үнэлж дүгнэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан зөрчил гаргасан эсэх асуудал яригдана. Хариуцагчийн зүгээс анх энэ газрыг авахдаа хууль зөрчсөн учраас зөрчилд хамаарна гэж тайлбарлаад, газрыг шилжүүлж авснаас хойш аливаа хэлбэрээр хууль зөрчсөн нь хамааралгүй гэж тайлбарлаж байна. Тийм учраас 40.1.1-д заасан зөрчлүүд үйлдэгдсэн байна гэж үзэх боломжгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газар луу “*******” гэдэг компани хууль зөрчсөн талаар баримтыг явуул гэж албан тоот явуулаад энэ дагуу мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн байдаг. Эдгээр баримтаас харахад жил бүр хийгддэг хяналт шалгалт хийгдэж тодорхой зөрчил байна гэдэг ч тэрийгээ засаад сайжруулаад явдаг. Эдгээр зөрчлүүд нь газар ашиглахтай хамааралгүй зөрчлүүд байдаг.

Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Хариуцагч талын өмгөөлөгчдийн зүгээс Газрын тухай хуульд заасан тусгай зохицуулалтыг тайлбарлаж байгаад тайлбар хийх нь зүйтэй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40.3-т газар эзэмших ашиглах талаарх засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн эрх олгосон заалт болохоос хязгаарласан заалт биш юм. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл дээр гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх талаар зохицуулсан. Тодруулбал 94 дүгээр зүйлийн 94.1-т захиргааны актыг энэ хуульд заасны дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан. Энэ бол хязгаарлалт тогтоосон заалт. Газрын тухай хуулийн 40.3 бол эрх олгосон заалт. Үүнийг хооронд нь хольж хутгаж болохгүй.

Бидний маргаад байгаа энэ актын агуулгыг хархаар эрх зүйн зөрчил бүхий актыг хүчингүй болгох тухай гэсэн байгаа. Хариуцагч талын өмгөөлөгч, төлөөлөгчдийн тайлбараас харахад мөн ялгаагүй эрх зүйн зөрчил бүхий акт гэдэгтэй маргахгүй байгаа. Энэ тохиолдолд илт хууль бус захиргааны акт гэдэг асуудал яригдахгүй. Хэрвээ илт хууль бус акт юм бол захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийн алинд хамаарахыг тодорхойлж заах ёстой. Гэтэл маргаан бүхийн акт болох А/71 тоот захирамжин дээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасан үндэслэлүүдийн аль хэсэгт нь хамаараад илт хууль бус болоод байгаа юм бэ? гэдэг заалт нь байхгүй, мөн илт хууль бус захиргааны акт болох талаар тайлбар үндэслэлүүдийг хариуцагч талаас нотолж чадсангүй. Үүнээс харахад 2014 онд “Баянтүмэн агро” ХХК-д газар олгосон захирамж болон, “*******” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэл  тогтоогдохгүй байна.

Үүнээс дүгнэхэд уг захиргааны акт нь эрх зүй зөрчил бүхий захиргааны акт эсэх асуудал яригдана. Өнөөдөр хэлэлцэж байгаа хэрэгт 2014 онд “Баянтүмэн агро” ХХК-д газар олгосон асуудал шууд хамааралтай биш. Яагаад гэвэл өнөөдрийн маргаж байгаа захиргааны актад “Баянтүмэн агро” ХХК-д газар олгосон захирамжийн асуудлаар шийдэл байхгүй. “Баянтүмэн агро” ХХК-д газар олгосон захирамж нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт учир үүнийг үндэслэж гарсан захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй байх ёстой гэсэн зохицуулалтыг хариуцагч тал тайлбарлаагүй.

 Захиргааны байгууллага үйл ажиллагаа явуулахдаа алдаа гаргаж, эрх зүйн зөрчил бүхий захиргааны акт гаргаж болно. Уг эрх зүйн зөрчил бүхий актыг зохицуулалтыг ямар тохиолдолд яаж хүчингүй болгох вэ? гэдэг асуудал чухал. Захиргааны ерөнхий хууль дээр сөрөг нөлөөлөл бүхий эрх зүйн зөрчил бүхий акт, эерэг нөлөөлөл бүхий эрх зүйн зөрчил бүхий акт гэж ялгаад яаж хүчингүй болгох вэ гэдгийг нарийвчлан зохицуулаад өгчихсөн байгаа. Өнөөдрийн мэтгэлцээнээс харахад “Баянтүмэн агро” ХХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны акт, “*******” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн захиргааны актууд нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш гэдэг нь илэрхий байна.

Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш учраас хэзээ ч хамаагүй хүчингүй болгодог Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 гэдэг заалт хамаагүй болно. Тэгвэл эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т зааснаар 5 жилийн дотор хүчингүй болгох эрх нь захиргааны байгууллагад байсан. “Баянтүмэн агро” ХХК-д газар эзэмших эрх олгосон 2014 оны эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт 2015 онд хүчингүй болоод эрх зүйн үйлчлэл нь дуусчихсан. Нэгэнт хүчингүй болсон актыг дахин хүчингүй болгох эрх зүйн ойлголт байхгүй. 2015 онд “*******” ХХК-д эерэг нөлөөлөл бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг шинээр олгосон байдаг.

“*******” ХХК нь ямар хууль зөрчсөн юм бэ?, уг компанид газар олгосон акт нь ямар байдлаар илт хууль бус акт гэдэг ямар ч үндэслэл тогтоогдсонгүй. “*******” ХХК газар эзэмших эрх шилжүүлж авахад Монгол улсын хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн асуудал гэдэг нь маргаангүй болсон. Хувьцаа эзэмшигчид нь хоорондоо хамааралтай эсэхийг хуулиар хязгаарласан зүйл байхгүй. 2015 онд газар эзэмших эрхээ авсан акт нь 5 жилээс илүү хугацаагаар буюу одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчлээд эрх зүйн үр дагавар үүсгээд явсан. Иймд “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны актыг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, эрх зүйн зөрчил бүхий эерэг нөлөөлөл бүхий акт гэж үзэхээр таван жилийн хугацаа нь дууссан.

Хуульд тусгагдсан таван жилийн хугацааг зүгээр нэг оруулаагүй гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Төрөөс эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаад үйлчлэл таван жилээс илүү хугацаагаар хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй явсан бол түүнээс хойш хүчингүй болгож болохгүй гэдэг хязгаарлалт. Хавтаст хэргээс харахад уг захиргааны акт хэн нэгний эрх ашгийг зөрчсөн гэдэг бодитой үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч талаас иргэдийн зүгээс гомдол гаргасан гэж ярьдаг. Иргэдийн зүгээс гомдол гаргалаа гэхэд иргэдийн эрх ашгийг ямар байдлаар зөрчсөн гэдгийг та бүхэн шалгаж тогтоогоогүй. “*******” ХХК уг газрыг таваас дээш жил хууль ёсны дагуу ашиглахдаа улсад татвар төлсөн, газрын төлбөр төлсөн, нэг тэрбум долоон зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, хүмүүсийг цалинжуулсан, нийгмийн даатгал төлсөн, орон нутагт нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлууд хийсэн. Компанийн энэхүү үйл ажиллагаа нь яг ямар иргэдийн эрх ашгийг, яаж зөрчөөд байгааг хариуцагч талаас шалгаж тогтоогоогүй ба Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах бодит нөхцөл үүсээгүй.

Мэдэгдэх ажиллагааны цаад агуулга нь ямар үндэслэлээр газрын гэрчилгээнүүдийг хүчингүй болгох гэж байгаагаа мэдэгдэл дээрээ заавал дурдах хуулийн шаардлага байгаа. Та бүхний мэдэгдлийг хархаар “Баянтүмэн агро” ХХК анх газар авахдаа хууль зөрчсөн асуудлыг тусгаснаас “*******” ХХК ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн талаар байхгүй. “*******” ХХК нь долоон жилийн хугацаанд ямар нэгэн зөрчилгүй үйл ажиллагаа явуулснаар дараагийн хувьцаа эзэмшигчид нь худалдаад авсан байгаа. Энэ хүмүүсийн хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах ёстой. Энэ компани цаашдаа хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой.

Иймд “*******” ХХК-д олгосон газрын гэрчилгээнүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

8. Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцлах тухай захиргааны шийдвэрийн дараах хууль зүйн үндэслэлүүдийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар судалж, нөхцөл байдлыг дүгнэсэн гэж ойлгогдож байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.4, 54 дүгээр зүйлийн 54.4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3, 28 дугаар зүйлийн 28.1.3, 37 дугаар зүйлийн зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 48 дугаар зүйлийн 48.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт дараах тайлбарыг шаардлага нэг бүрээр хүргүүлнэ.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн талаар: Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 "а”, 29.2 дахь заалт нь “*******” ХХК-ийн газар ашиглах /гэж уг нь эзэмших эрх ашиглах эрх гэж хүлээн зөвшөөрсөн гэж ойлгох/ эрхийг шууд дуусгавар болгоход чиглэж захирамжид ашигласан хууль биш. Харин засаг захиргааны нэгжид төрийн гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэх субъектэд шийдвэр гаргах эрх олгосон ерөнхий зохицуулалт учраас бүх шатны Засаг дарга нарын  захирамж гаргах эрхээ тодорхойлж байгаа дээрх заалтыг бүгд журамладаг. Энэ бол журамлах хуулийн зохицуулалт учраас энэ захирамжийн хуулийн үндэслэл зайлшгүй мөн болно.

          Газрын тухай хуулийн талаар: Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.2, 31-р зүйлийн 31.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг тус, тус үндэслэсэн “байх боловч” гэж нэхэмжлэгч дурдсан. Энэ тайлбарын хувьд тус хуулийн “газар эзэмших эрхийг  хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно, Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хооронд явагдана гэсэн хуулийн үзэл санааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.

           Харин маргаан бүхий захиргааны актын үйлчлэлд багтсан газар эзэмших эрхийн хувьд Баянтүмэн агро" гэх 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжээс ******* ХХК-д шилжсэн үйл баримт сонсох ажиллагааны хүрээнд авагдсан. Мөн “Баянтүмэн агро” ХХК- ийн гүйцэтгэх захирал асан ******* нь “*******” ХХК-ийг үүсгэн байгуулсан байх бөгөөд эрх шилжүүлэн авсан компани нь өнөөдрийг хүртэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч нартай хамаарал бүхий аж ахуйн нэгж гэж үзэж болохоор байна. “Баянтүмэн агро” ХХК-д газар эзэмших шийдвэр гаргасан Баянтүмэн сумын Засаг даргын 2014 оны 09-р сарын 05-ны өдрийн А/88 тоот захирамж нь дээрх Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн, гарсан цагаасаа үйлчлэлгүй захиргааны акт болох нь “Баянтүмэн агро” ХХК-ийн дүрэм, гэрчилгээгээр нотлогдоно. Газрын тухай хуулийн 38-р зүйлийн 38.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх үйл ажиллагааг зөвхөн Монгол улсын иргэн ах ахуйн нэгжийн хооронд явагдана гэж хуульчилсан.

          Гэтэл эзэмших эрхийн гэрчилгээг дуудлага худалдаагаар авсан, шилжүүлсэн аж ахуйн нэгж нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж буюу Монгол улсын аж ахуйн нэгж биш байсан учраас “*******” ХХК-д эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 2015 оны 10-р сарын 05-ны өдрийн А/114 тоот захирамж мөн адил Газрын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн захиргааны акт бөгөөд, “*******” ХХК хуульд нийцээгүй хэлбэрээр, анхнаасаа үйлчлэлгүй захиргааны актыг үндэслэн гадаадын аж ахуйн нэгжээс эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гэж үзнэ. Тиймээс захирамжийн үндэслэл болгосон дээрх Газрын тухай хуулийн зохих заалтуудаар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч дотоодын аж ахуйн нэгжийн хооронд эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлсэн гэж шаардлагадаа дурдсан хэдий ч Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан хөрөнгө оруулалтын хэмжээгээр, нэг үүсгэн байгуулагчтай “Баянтүмэн агро” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч нь Япон улсын иргэн байсан үйл баримт улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, тус компанийн дүрэм, гэрчилгээгээр үгүйсгэгдэх юм.

           Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлийн 24.1 дэх хэсэг “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэсэн хуулийг Баянтүмэн сумын Засаг дарга зөрчөөгүй.

          Хуульд заасан бүртгэлийн мэдээлэлд үндэслэсэн ба захиргааны актын үйлчлэлд өртөх аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалтуудыг хийсэн. Мөн хуулийн 25-р зүйлийн Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна гэсэн заалт бөгөөд хуульд заасан цуглуулах үйл ажиллагаа нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрэгжүүлж болох эрх олгосон зохицуулалт бөгөөд зарим ажиллагааг захиргааны акт гарахаас өмнө иргэдийн мэдээллээр аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээ шилжүүлэхэд бүрдүүлбэрээр өгсөн баримт, захирамжтай танилцах, хуулбарлан авснаар сонсох ажиллагааны хүрээнд нотлох баримтыг бүрдүүлсэн бөгөөд шинжээч томилох, гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах, туршилт хийх зайлшгүй шаардлага энэ захирамж гаргахад шаардлагагүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн дурдсан хуулиудыг зөрчөөгүй болно.

           Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-т заасан удаа дараагийн зөрчил гэдэгт “*******” ХХК нь хууль зөрчиж эзэмших эрхийн 3 гэрчилгээг шилжүүлэн авсан, багийн Иргэдийн нийтийн хурлын санал аваагүй, Сумын ИТХ-ын шийдвэр гаргуулаагүй зэрэг эрхзүйн ноцтой зөрчил, үйлдлийг тооцсон болно.

Газрын тухай хуулийн 40-р зүйлийн "40.4-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулна" гэсэн хууль нь эрх дуусгавар болгоход хамааралгүй харин Газрын нэгдмэл санд захирамжийн үйлчлэлтэй холбоотой мэдээллийг заавал бүртгүүлэх үүрэг болгосон заалт учраас газрын харилцааг дуусгавар болгохтой холбоотой чиг үүргээ тодруулсан хууль зүйн үндэслэл учраас эзэмших эрхийн гэрчилгээг цуцлахтай холбоотой болно.

Газрын тухай хуулийн 54-р зүйлийн “54.4.Тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна” гэсэн хуулиар үүрэг болгосон ажиллагааг эрх шилжүүлэн авагч “Ашид арвижих үндэс” ХХК эрх шилжүүлэгч гадаадын хөрөнгө оруулалттай Баянтүмэн агро ХХК, тухайн үеийн сумын удирдлагууд хэрэгжүүлээгүй, дээрх заалтыг зөрчсөн болохыг зориуд цохон тэмдэглэсэн. Энэ заалт нь хариуцагчид эрх олгосон биш зарим хэлбэрээр газар эзэмших хүсэлт гаргагчид үүрэг болгосон заалт байх ба нэхэмжлэгч маань хариуцагчид эрх олгосон заалт байх бөгөөд манай компанийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах, дуусгавар болгоход хамаарахгүй заалт гэж ташаарсан байна.

            Захиргааны ерөнхий хуулийн талаар: Сонсох ажиллагааг хариуцагч хуульд заасан журмын дагуу явуулаагүй,  Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлийн 27.5-д заасан тайлбар, санал, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг манай компанид олгоогүй нь сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байдал үүсэж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.  Манай зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлийн 27.4.2, 27.4.3-т заасан хэлбэрээр сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн.

А/71 дүгээр захирамж гарахтай холбоотойгоор тухайн компанид сөрөг үйлчлэлтэй захирамжийн нөлөөлөлд өртөж байгаа этгээдийн хувиар сонсох ажиллагааг хуульд заасан хэлбэрээр хэрэгжүүлэн явуулах боломж олгож захирамжид сонсох ажиллагаа явуулах хэлбэрээ тухайлан зааж өгсөн ба энэ хэлбэрийн хүрээнд мэдэгдэл хүргүүлэх, биечлэн уулзах, уулзалтын үед тайлбар авах зэргээр ажилласан. Харин нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээн авахаас зайлсхийж, сумын ЗДТГ-ын байранд тус компанийн гүйцэтгэх захирал Банзрагчтай хийсэн уулзалтаар мэдэгдлийг гардан авахаас захирал татгалзаж, шуудангаар илгээх хүсэлт гаргасныг хариуцагчаас хүлээн авч мэдэгдлийг Монгол шуудан компаниар илгээсэн боловч мөн л хүлээн авахгүй удаа дараа буцаасан нь баримтаар нотлогдоно. Тухайн үед нэхэмжлэгч компанийн захирал Банзрагч гэж хүн байсан бөгөөд уулзалт хийсэн видео бичлэгийг бид нотлох баримтаар гаргаж өгнө.

2021.06.02-ны өдөр ЗДТГ-ын байранд компанийн захирал Банзрагч өөрийн биеэр хүрэлцэн ирж уулзалт хийсэн бөгөөд энэ үед сонсох ажиллагаа явагдаж байгааг мэдэгдэж мэдэгдлийг өгсөн боловч шуудангаар авах санал гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлийн 4.3-т заасан сонсох ажиллагааны хэлбэр болох “ биечлэн уулзах" ажиллагаа 2021-06- 02-ны өдөр хуульд зааснаар хийгдсэн. Мэдэгдэлд дурдсан 2021-06-07-ний өдөрт багтаан тайлбар,  нотлох баримт ирүүлэхийг компанийн захирал Банзрагчид биечлэн уулзах үедээ албан ёсоор мэдэгдсэн бөгөөд түүний хүсэлтээр дээрх саналыг бичгийн хэлбэрээр шуудангаар илгээсэн боловч өөрсдөө хүлээн авагч байхгүй гэсэн шалтгаанаар буцааж мөн хугацаагаа хэтрүүлсэн байдаг.

Тус компанийн ерөнхий захирал Ц.******* нь удаа дараа энэ шийдвэрийг авахгүй удаашруулсан. Үүнтэй холбоотойгоор тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй учраас 2021-06-14-ний өдөр 1/259 дугаартай мэдэгдлийг дахин хүргүүлэхээр шууданд хийсэн. Манай зүгээс шууданд хийсэн хугацаагаар илгээсэнд тооцож байгаа бөгөөд өмнөх мэдэгдлийг нэхэмжлэгч 2021-06-10-нд хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн учраас энэ хооронд холбогдох тайлбар, нотолгоог бэлтгэх боломжтой байсан байхад 2021-06-16-нд авсан мэдэгдэлд мөн л тайлбар, нотлох баримтаа бүрдүүлээгүй байсан нь өөрийнх нь тайлбараар нотлогдож байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарна уу. Тус компанийн захирлыг сонсох ажиллагаанд 2021-06-02-нд биечлэн оролцсон талаар бичгийн болон видео баримт байгаа бөгөөд сонсох ажиллагааг аль нэг хэлбэрээр хийсэн байхыг л хууль шаардаж байгаа бөгөөд Банзрагч захиралтай хийсэн уулзалтаар энэ шаардлага нэгэнт хангагдсан тул хариуцагчаас сонсох ажиллагааг хуульд заасан хэлбэрээр хийгээгүй гэж үзэх үндэслэл байхгүй болно.    

Захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.6-г баримталснаас үзэхэд “эрхзүйн зөрчилтэй захиргааны акт” гэж, 47-р зүйлийн 47.2,  47.3-г дурдсаныг үзэхэд 2014-09-05-ны өдрийн А/88,  2015-03-24-ний өдрийн А/29, 2015-10-05-ны өдрийн А/114 дүгээр захирамжуудыг хууль бус захиргааны акт гэж тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн  48-р зүйлийн 48.1-г үндэслэх хэсэгт заасныг үзэхэд 2014-09-05-ны өдрийн А/88, 2015-03-24-ний өдрийн А/29, 2015-10-05-ны өдрийн А/114 дүгээр  захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж тодорхойлсон мэт хууль зүйн өөр, өөр үндэслэлийг А/71 дүгээр захирамжид тусгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын утга агуулга ойлгомжтой, тодорхой байна гэдгийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Захиргааны актын хүсэл зориг, үйлчлэлийн үр дагавар маш ойлгомжтой учраас нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа гэдэг нь ойлгомжтой.  Харин хууль хэрэглээний хувьд захиргааны акт угаасаа нэхэмжлэгчийн хувьд сөрөг үйлчлэлтэй нь тодорхой харин 48-р зүйлийн 48.1-ийн хувьд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн 2014 оны захиргааны акттай холбоотойгоор захиргааны шийдвэр гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, харин захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.2, 47.3-т заасан хууль бус А/88, А/29 дүгээр актыг хүчингүй болгох эрхээ үндэслэх хэсэгт заасан  нь  шийдвэрийг ойлгомжтой болгож байгаа болно. Нэхэмжлэгч маань хэдэн захиргааны актын үйлчлэлийн үр дагаврын талаар маргаж байгаагаа сайтар тооцоолоогүй бололтой.

 А/88, А/29 дүгээр захирамжууд нь анхнаасаа хууль бус захиргааны акт байсан болохын хувьд түүнээс эрх залгамжилсан анхдагч үр дагавартай холбогдуулж дээрх заалтыг ашигласан бол А/114 дүгээр захирамжийн хувьд хууль бус захиргааны актуудыг үндэслэн эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах нөхцөлийг бүрдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.6-д заасан  эрхзүйн зөрчилтэй захиргааны акт гэж тодорхойлсон. Маргаан бүхий захиргааны актуудын зөрчил, батлагдсан огноо, үүсгэсэн үр дагавар зэрэгт нийцүүлэн хууль бус удаа дараагийн актуудыг гаргаж түүнээс улбаалан газар эзэмших гэрчилгээг шилжүүлэн авсан эрх зүйн зөрчилтэй үйлдэл гэж дүгнэж дээрх хуулиудыг баримталсан нь хууль зөрчөөгүй.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар: Нэхэмжлэгч “*******” ХХК бол МУ-ын хуулийн этгээд гэсэн агуулгатай тайлбар гаргажээ. Үүнтэй захиргаа ямар нэгэн байдлаар маргаагүй. Харин эрхзүйн зөрчилтэй захиргааны акт гарахад хүргэсэн “Баянтүмэн агро” ХХК нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.5-д заасан 100.000 ам/долларын анхны хөрөнгө оруулалттайгаар, нэг үүсгэн байгуулагчтай тэр нь Япон улсын иргэн болох талаар тус компанийн дүрэмд тодорхой заажээ. Тиймээс “Баянтүмэн агро” ХХК Газрын тухай хуулиар газар эзэмших хүсэлт гаргах, газар эзэмших, газар эзэмших эрхийг шилжүүлэх эрхгүй этгээд болох нь нэхэмжлэгчийн тайлбараар, тус компанийн дүрэм, гэрчилгээгээр батлагдаж байна. “Баянтүмэн агро” ХХК-д газар эзэмших эрх олгож  шийдвэрлэсэн захирамжууд нь хууль зөрчсөн учраас хууль бус анхнаасаа үйлчлэлгүй захиргааны акт байна.

Харин “Ашид арвижих үндэс” ХХК нь Монгол улсын аж ахуйн нэгж мөн боловч Газрын тухай хуулиар газар эзэмших эрхгүй, шилжүүлэх эрхгүй өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдээс эрх шилжүүлэн авч байгаа нь эрхзүйн зөрчилтэй үйлдэл бөгөөд үр дагаварт нь А/114 гэсэн хууль бус захиргааны акт  гаргасан байна.     

Нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар маргаан бүхий талбайг ашиглаж  байгаа бөгөөд тариалалт хийсэн болохоо өөрийн нэхэмжлэлдээ дурджээ. Гэсэн атлаа тариа хураалт нэгэнт эхэлчихсэн цаг хугацаанд тариалсан улаан буудай, ногоон тэжээл, царгас зэргээ хурааж авч чадахгүй болсон мэтээр илэрхий худал мэдээлэл өгч байгаад харамсаж байна.

Нэхэмжлэгч этгээдийн өөрийн үйл ажиллагаа, байгалийн хучин зүйл нөлөөлөхгүй бол өнөөдрийг хүртэл Баянтүмэн сумын Засаг даргын зүгээс үйл ажиллагааг зогсоосон, саад учруулсан үйлдэл гаргаагүй болно. Тиймээс нэхэмжлэгчид тариа хураалттай холбоотой ямар нэгэн эрсдэл, хохирол учраагүй нь тодорхой.  1.628.065.736 төгрөгийн хөрөнгө оруулалтыг  2015 оноос хойш хийсэн, энэ хөрөнгө оруулалтаа нөхөж чадаагүй асуудалд сумын захиргаа хамааралгүй. Хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектийн үндсэн үүрэг. Шүүхээс “*******” ХХК-ийн 2015 оноос хойших санхүүгийн баримт, татвар төлөлттэй холбоотой нотлох баримтыг татаж авахыг албан ёсоор хүсэж байна.

Захиргааны зүгээс эргэж буцсан ямарваа нэгэн үйлдэл гаргаагүй бөгөөд 2021-05-18-ны өдрийн А/66 дугаар захирамжаар хүчингүй болгосон А/55 тоот захирамжийн талаар дээд шатны Засаг даргаас Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх талаар чиглэл өгсөнтэй холбоотойгоор сонсох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан шийдвэр. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн нөхцөлд ямар нэг нөлөөлөл, өөрчлөлт үзүүлээгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг бид зөрчөөгүй, маргалдагч талуудын хооронд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсээгүй байна

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож А/71 дүгээр захирамж хууль ёсны болохыг тогтоож өгнө үү гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй “Баянтүмэн агро” ХХК нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан гэдэгт нэхэмжлэгч тал маргахгүй байгаа юм байна. “*******” ХХК-г үүсгэн байгуулсан *******, “Баянтүмэн агро” ХХК-г 100 хувийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан Япон улсын иргэн ******* хоёр хувийн харилцаатай, мөн энэ компанид хоёулаа харилцан ашигтай байдлаар оролцдог гэдэгт тайлбар хэлэхгүй байна.

2014 онд “Баянтүмэн агро” гэдэг компани байгуулагдсан. Япон улсын иргэн ******* 100 мянган доллар буюу Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар нэг эзэмшигчтэйгээр байгуулсан байдаг. Энэ асуудалтай нэхэмжлэгч маргахгүй байгаа юм байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байхдаа газрын дуудлага худалдаагаар маргаан бүхий дээрх газруудыг олж авсан байдаг.

Баянтүмэн сумын засаг даргын захирамж нь эдгээр компаниуд эхнээсээ газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэдэг агуулгаар тайлбарлаж шийдвэрээ гаргасан байдаг. “*******” ХХК-ны захирал ******* тухайн үед газрын тухай хууль зөрчсөнөө мэдээд үүнийгээ зөвтгөх хэлбэрээр “Баянтүмэн агро” ХХК-ийн 90 хувийн эзэмшигчээр 2015 онд буюу Газрын тухай хууль зөрчигдөөд гадаадын хөрөнгө оруулалттай компани байхдаа газар эзэмших эрхээ олоод авсан компанийг хуульд нийцүүлэх хэлбэрээр хуульд зөрчсөн асуудлаа далдлах алхам хийсэн.

Нэхэмжлэлд үндсэндээ тодорхой шаардлага байхгүй. Сумын засаг даргын А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж буй мэт боловч үндсэндээ Баянтүмэн сумын засаг даргын захиргааны акт гаргах үйл явцад тайлбар гаргах хэлбэрээр бичсэн байгаа.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6а, 29.2 дахь заалтыг барьсан нь буруу байна гэж нэхэмжлэгч маргаад байгаа. Энэ нь нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг цуцлахад шууд чиглэсэн хуулийн заалт биш ба, төрийн гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж байгаа засаг даргад эрх олгосон заалт. Бүх шатны засаг дарга захирамж гаргахдаа энэ заалтыг ашигладаг ерөнхий зохицуулалт юм.

Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч тал маргаад байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг үндэслэсэн байх боловч гэж нэхэмжлэгч дурдсан байна. Газар эзэмших эрхийг зөвхөн Монгол улсын иргэнд олгоно гэж заасан байхад 2015 онд “Баянтүмэн агро” гэдэг Япон улсын иргэний 100 хувь эзэмшдэг компани газар эзэмших эрх олж авснаараа энэ хуулийн заалт зөрчигдсөн. ******* нь газрын тухай хууль зөрчиж газар олж авчхаад үүнийгээ зөвтгөх хэлбэрээр компанийнхаа дүрмийг өөрчилсөн энэ асуудлыг бид яриагүй. Өөрөөр хэлбэл “Баянтүмэн агро” ХХК газар эзэмших эрх олж авч байгаа эхний үе шат нь газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Газар эзэмших эрх олж авахаар хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна. Газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн аж ахуй нэгжийн хооронд явагдана гэж заасан. “Баянтүмэн агро” ХХК-ийн хөрөнгийн одоо 90 хувь нь *******д, 10 хувь нь гэр бүлийн хүн болох *******д очсон гэж тайлбарлаж байгаа. Эргээд хархаар “Баянтүмэн агро” ХХК-ийн хөрөнгийн 90 хувь *******, 10 хувь нь *******д байгаа мэт хэлбэрээр газрын тухай хууль зөрчсөн хэлбэрээ далдалдсан байдал харагдаж байна. Магадгүй Баянтүмэн сумын тухайн үеийн удирдлагууд энэ компанитай газрын асуудлаар арай өөр ашиг сонирхолтой байсан мэт харагдаж байна.

Нэхэмжлэгч тал газрын гэрчилгээг нь цуцалчихсан байна гэж яриад байна. Газрын тухай хуульд захирамж цуцлах тухай зохицуулалт байхгүй эзэмших эрхийн гэрчилгээг цуцална гэсэн ойлголт байгаа. Олгосон гэрчилгээ цуцлагдсанаар захирамж дагаад цуцлагдах хууль зүйн ойлголт байгаа. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно гэж заасан. Гэтэл “Баянтүмэн агро” гэдэг компани нь Япон улсын иргэн ******* гэдэг хүний 100 хувийн эзэмшилд байхдаа Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт байх маргаан бүхий газруудыг эзэмших эрхийг олж авсан байгаа нь газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Баянтүмэн сумын Засаг даргын хувьд зөвхөн газрын асуудлыг хууль дүрмийнх нь хүрээнд шийдье гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа. Энэ асуудал цаашаа үргэлжлээд явах юм бол тухайн үеийн засаг дарга, *******, ******* нарын авлигатай холбоотой асуудал яригдана.  Эрх шилжүүлсэн гэх “Баянтүмэн агро” ХХК-ийг Соташи 100 хувийн хөрөнгөөрөө байгуулсан талаар үүсгэн байгуулах шийдвэр, компанийн дүрэм, бусад холбогдох бичиг баримтыг авах гэсэн боловч маш их чирэгдэл үүссэн. Энэ компаний анх үүсгэн байгуулсан дүрэм, шийдвэр 2 олдохгүй байсан ба ******* 90 хувь, ******* 10 хувь болсон тэр бичиг баримтыг улсын бүртгэл гаргаж өгдөг. Сүүлд 2021 оны 11 сард тэр баримтыг гаргаж авсан. Түүнээс хойш нэхэмжлэгч тал “Баянтүмэн агро” ХХК гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан эсэх тал дээр маргахаа больсон.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д газрыг Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана гэж заасан байгаа.  Тухайн үед “Баянтүмэн агро” ХХК буюу ******* гэдэг хүний байгуулсан компанид Монгол улсын 18 насанд хүрсэн иргэн байгаагүй, 75-с дээш хувийг эзэмшиж байсан иргэн байгаагүй. Энэ компани нь байгуулагдсан үеэсээ газрын тухай хуулийг зөрчсөн байна гэдгийг тайлбарлаж байна. 

Нэхэмжлэгчээс “Ашид арвижих  үндэс” ХХК-д эрх шилжүүлж байгаа этгээд нь Монгол улсын хуулийн этгээд гэж тайлбарлаж байна. Одоогийн харагдах байдал бол тийм. Гэтэл *******, ******* хоёр байр сууриа солиогүй, энэ компанийг тойроод яваад байгаа хүмүүс. Өөрөөр хэлбэл газрын тухай хуулийг санаатайгаар зөрччихөөд үүнийгээ зөвтгөх хэлбэрээр шинэ компани байгуулж хуулийн хариуцлагаас зугтаж байгаа асуудал. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.1-д зааснаар  баримт бичгийн бүрдлийг шалгаагүй газрын дуудлага худалдаанд оруулсан асуудал тухайн үеийн Баянтүмэн сумын газрын дуудлага худалдаа зохион байгуулсан комисст байгаа. Компанийн үүсгэн байгуулсан дүрмийг хараагүй гэрчилгээг нь хараад дуудлага худалдаа зохион байгуулсан байдаг. Бид тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан хүнийг шүүх хуралдаанд гэрчээр оруулах гэсэн боловч өмнө энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан учир боломжгүй болсон.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлнэ гэж заасан. Хэрвээ газар эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа Монгол улсын хуулийн этгээдүүдийн хооронд болсон юм бол газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан албан тушаалтнаас зөвшөөрөл авах ёстой. Энэ зөвшөөрлийг авсан үйл баримт байхгүй ба хоорондоо гэрээ байгуулж нотариатаар батлуулаад Баянтүмэн сумын газрын даамалд өгч шийдвэрлүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Энэ нь хавтаст хэрэгт байх хувийн хэргээс тодорхой харагдах ба зөвшөөрөл авсан өгсөн байдал харагддаггүй.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч буй этгээд нь эрхийн гэрчилгээг шилжүүлж авснаар үүсэх үүргээ зөвшөөрөл болгон бүрэн нотолно гэж заасан. “*******” ХХК нь “Баянтүмэн агро” ХХК-аас эрх шилжүүлэн авснаар үүсэх үр дагавар, бусад асуудлаа зөвшөөрч байна гэсэн ямар нэгэн зөвшөөрөл газар олгож байгаа төрийн байгууллагад ирээгүй. Энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт байхгүй.

Эрх шилжүүлэн авагч нь Газрын тухай хуулийн 38.6-д зааснаар эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс  багагүй байхаар тооцож төлсөн байх ёстой. Өнөөдөр “*******” ХХК шилжүүлж авсан газрынхаа мөнгийг төлөөгүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт байдаггүй.

Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаатай холбоотой асуудлын тухайд: Банзрагч гэдэг хүн “******* ХХК”-ийн захирлаар томилогдсон баримт байгаа. Мэдэгдэл хүргүүлэхээс өмнө Банзрагч нь ирээд уулзсан. Сонсох ажиллагаа хийж байгаа болохыг мэдэгдээд ярилцлага хийсэн ба хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд ямар байр суурь илэрхийлэх нь тэр хүний асуудал. Сонсох ажиллагааны хүрээнд захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа “*******”  ХХК-д дахин нэмэлт баримт байвал өг гэж мэдэгдэл өгсөн ба тухайн үед хуулиар  компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мэдэгдлийг авахгүй зугтсан. Өөрөө сонсох ажиллагаанд оролцсон энэ нь бичлэгээр байгаа, мэдэгдлээ ав гэхээр шууданд хийгээд явуулчих гэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Орхоны яриад байгаа шиг гардуулснаас хойш хугацаа тоолно гэсэн ойлголт байхгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны нэг хэлбэр болох биеэр уулзсан, дараа нь холбогдох баримтаа өг гэж мэдэгдэл өгсөн. Тэр мэдэгдэл нь дахин сонсох ажиллагаа явуулна гэсэн мэдэгдэл биш юм.

Хавтаст хэрэгт нэр бүхий 12 иргэний гаргасан гомдол байгаа. Үүнтэй холбогдуулж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд  сумынхаа засаг даргад  чиглэл өгсөн байсан. Тэр гомдолд дурдсанаар “*******” ХХК нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани. Яагаад хилийн орчим газар өгсөн юм бэ гэдэг асуудлыг дурдсан. Судлаад үзэхээр “*******” ХХК нь анх газар эзэмших эрх олж авахдаа 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай байсан учир иргэдийн өргөдөл гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 буюу сонсох ажиллагаа явуулахгүй байх нөхцөл байдал үүссэн гэдгийг тодруулах хэлбэрээр өгсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийг газар эзэмшиж эхэлснээс хойш манай сумын иргэд ялангуяа ойр орчмын малчин иргэдээс маш их гомдол ирдэг байсан. Жишээ нь газар эзэмшиж ашиглахдаа хууль зөрчиж байна гэх мэтээр ирүүлсэн гомдлын талаар мэргэжлийн хяналтын байгууллага удаа дараа очдог, зөрчил илрүүлдэг, холбогдох торгууль, хариуцлагыг нь хүлээлгээд явдаг.

“*******” ХХК-д Баянтүмэн сумын тухайн үеийн засаг дарга захирамж гаргаж газар эзэмшүүлсэн байдаг. Төлөөлөгчөөр ажиллаж байхад иргэдээс аман байдлаар янз бүрийн гомдол санал ирдэг. Өмнөх засаг дарга нь ******* гэдэг хүний ажилладаг байсан сургуульд нь сурч байна, Япон явахдаа *******д хамаг малаа зараад явсан. Үүнд ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биш үү гэдэг байдлаар ханддаг байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс сонсох ажиллагаа хийгээгүй. Бид нар мэдээгүй байсан гэдэг асуудал тавьдаг. Энэ компанийг юу ч мэдээгүй байхад нь захирамж гаргасан асуудал биш. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр анх газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах захирамж гаргасан байдаг. Үүний дараа сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг үндэслэлээр өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд захирамжаа хүчингүй болгосон. Үүний дараа сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудангаар илгээсэн, үүнээс гадна 2021 оны 06 сарын 02-ны өдөр “******* ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Банзрагч гэдэг хүнийг сумын тамгын газар дээр дуудаад Засаг даргын өрөөнд хурал хийж сонсох ажиллагааг явуулсан байдаг. Энэ сонсох ажиллагаанд газрын даамал Энххэрлэн, хяналт шинжилгээ үнэлгээний ажилтан Эрдэнэцацрал гэдэг 4 хүн оролцсон хурлын тэмдэглэл, дуу бичлэг байгаа. Үүнийг нэхэмжлэгч талаас няцаасан баримт ирүүлээгүй. Иймд сонсох ажиллагаа хийсэн нь хангалттай тогтоогдож байна.

Баянтүмэн сумын засаг даргын 2021 оны 06 сарын 18-ны өдрийн А/71 тоот захирамжийн агуулга зорилго нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа захирамж. Тариалангийн зориулалттай 2000 га, төв оффисын зориулалттай 2 га, мод үржүүлгийн зориулалттай 5 га, үтрэмийн зориулалттай 3 га нийт 2010 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг нарийвчлан зохицуулсан байгаа.

Тус захирамжийг “*******” ХХК хүлээж аваад захирамжийг хүчингүй болгуулахаар 2021 оны 07 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Аймгийн засаг даргын зүгээс 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тухайн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэдэг хариу өгсөн байдаг. Тус захирамж нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож цуцалж байгаа захирамж. Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуульд заасан хугацаа буюу захирамжийг гарснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан. Гэтэл энэ нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн. 2021 оны 06 сарын 18-ны өдөр гарсан захирамжийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээд нэхэмжлэлээ 2021 оны 08 сарын 23-ны өдөр Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгохоор шууд шүүхэд хандах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэв. 

11. Хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Маргаан бүхий Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан захирамж. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2-д заасан журмын дагуу гаргасан. Уг хуулийн 29.3-д засаг даргын захирамж хуульд нийцээгүй бол өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгох зохицуулалт буюу эрх олгосон заалтыг дурдах нь зүйтэй. Гол үндэслэл нь тухайн харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн актаар тодорхойлно. Газар эзэмших эрхтэй холбоотой харилцаа явж байгаа учраас өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа газрын тухай хуулиудыг хэлбэрэлтгүй мөрдөх ёстой. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжид олгоно гэсэн хатуу хязгаарласан заалт байгаа. Мөн хуулийн 31.1-т газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна, 38.1-т газар эзэмших эрх шилжүүлэх ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд явагдана гэсэн эдгээр заалтуудыг зөрчсөн гэж үзэж А/71 тоот захирамжийн үндэслэл болгосон нь зөв гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа учраас хамаарал бүхий заалт болох Газрын тухай хуулийн   40 дүгээр зүйлийн 40.1.1-г журамласан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, мэдэгдэх ба сонсох ажиллагаа зэрэг 24, 25, 26 дугаар зүйлд заасан шаардлагууд бүрэн хангагдах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тодруулаад сонсох мэдэгдэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийсэн нь тогтоогдох ба хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт судлахад ойлгомжтой болсон гэж үзэж байна.

Тухайн үед компанийн эрх бүхий албан тушаалтан болох гүйцэтгэх захирал Банзрагчийг биечлэн дуудаж  уулзан танилцуулаад, энэ талаар аудио бичлэгийг нотлох баримтаар судаллаа. Мөн энэхүү уулзалт бичгээр хурлын тэмдэглэл хэлбэрээр бичгийн нотлох баримтаар авагдсан. Энэ ярианы агуулгаар ямар үндэслэлээр ямар газартай холбоотой шийдвэр гаргах гэж байгаа тул та бүхэн нотлох баримтаа ирүүлнэ үү гэсэн хүсэл зоригийн илэрхийллийг маш тодорхой илэрхийлээд үүнийг хүлээж авсан гүйцэтгэх захирал Банзрагч энэхүү асуудал дээр өөрийн байр суурийг илэрхийлж байгаа байдал маш тодорхой нотлох баримтаар бэхжиж үлдсэн байна.

Анх “Баянтүмэн агро” ХХК-д газар олгосон талаар талуудын мэтгэлцээнээс харахад энэ үйл явдлыг зүгээр нэг зөрчил мэтээр тайлбарлаж буй нь буруу. Монгол Улсын үндсэн хуульд газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүнд  газрын хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвхөн ашиглуулна гэж хязгаарлалт тавьсан.

Газрын тухай хууль нь 2002 онд батлагдан мөрдөгдөж байгаа. Газрын тухай хуульд зааснаар гомдол гаргах хугацааг анхнаасаа тайлбарлаж ирсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан гомдол гаргах эрхтэй гэсэн заалтыг хариуцагч талаас буруугаар тайлбарлаж байна. Гомдол гаргах зохицуулалтыг гомдол гаргах эрхтэй, гомдол гаргаж болно, гомдол гаргана гээд төрөл бүрийн нэр томьёогоор илэрхийлнэ. Гагцхүү гомдлыг хэнд гаргах, хэдий хугацаагаар гаргахыг тухайн харилцааг тусгайлан зохицуулсан хуулиар нарийвчилсан хэм хэмжээгээр зохицуулна. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхтэй холбоотой шийдвэр дээр 10 хоногийн дотор шууд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасныг хэрэглэнэ гэж хариуцагч талаас маргаж байна. Гэтэл газрын тухай хуульд өөрөөр буюу 10 хоногийн дотор гээд заасан байгаа учир шууд гомдол гаргах онцгой зохицуулалт юм.

 Монгол Улсын үндсэн хууль болон шүүхийн тухай хуульд зааснаар Үндсэн хуулиас бусад хуулийг хэрхэн зөв ойлгож хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар гаргаж зохицуулдаг. Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын  2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тайлбараар бүх харилцааг нарийвчилж заагласан байна. Энэ тогтоолоор Газрын тухай хуулийн 60.1.1-д заасан маргааныг дээд шатны засаг дарга, 60.1.3-д заасан маргааныг мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан  албан тушаалтан тухай шатны засаг дарга заавал урьдчилан шийдвэрлэнэ, мөн Газрын тухай хуулийн 60.1.1, 60.1.3-д заасан  маргааны хувьд анхдагч актыг аймаг, нийслэлийн засаг дарга гаргасан, эсхүл урьдчилан шийдвэрлэх журмаар доод шатны засаг даргын шийдвэрийг хянаад гаргасан шийдвэрт гомдол гаргаж байгаа бол захиргааны хэргийн шүүх шууд хүлээж авах нь зүйтэй.

 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, засаг даргын шийдвэрийг зөвшөөрөөгүй эрхийн гэрчилгээ эзэмшигчийн гаргасан гомдлыг шүүх шууд хүлээн авч шийдвэрлэнэ гэж заасан байна. Мөн газар эзэмшүүлэх ашиглуулахтай холбогдсон маргааныг захиргааны шүүх хянан шийдвэрлэхдээ захиргааны байгууллага албан тушаалтан анх газар эзэмших ашиглах эрх олгохдоо хуулийн 31, 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хэрхэн хангасныг голлон анхаарвал зохино гэж онцлон дурдсан байгаа. Өнөөдрийн хэлэлцэж буй А/71 дүгээр захирамж болон маргааны үйл баримтад энэ үндэслэл хамаарч байгаа. Анх газар эзэмших, ашиглах эрх олгохдоо хуулийн эдгээр шаардлагыг хэрхэн хангасан бэ гэдэг маргааны үйл баримттай тохирч байна. Анх газар олгохдоо хуулийн шаардлагуудыг  хангаагүй байна гэдгийг дээд шүүхийн тайлбарт заасныг шүүх анхаарвал зохино.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаас үзэхэд хуульд заасан журмаар гаргасан засаг даргын захирамж газрын албатай байгуулсан гэрээ, гэрчилгээ зэрэг нь цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулна.

Улсын дээд шүүхээс гомдол гаргах хугацааны асуудлыг нарийвчлан тайлбарласан. Хамгийн гол нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол гэж тодорхойлсон ч Газрын тухай хуульд өөрөөр заасан учир гомдлыг урьдчилан шийдвэрлэх зохицуулалт хэрэглэгдэхгүй, энэ хугацаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаагаар давхар тайлбарлагдана гэдгийг  дурдах нь зүйтэй.

Анхнаасаа гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар олгож байгаа асуудал нь ердийн процессын алдаа, энгийн хуулийн зөрчил биш энэ бол ноцтой зөрчил. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан. Энэ илэрхий алдааг илт хууль бус захиргааны актад хамруулан үзэх боломжтой. Маргаан бүхий газар “Баянтүмэн агро” ХХК-д  олгогдсон цаг хугацаанд үйлчилж байсан  буюу 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д  илт хууль бус актыг тайлбарлахдаа захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол илт хууль бус захиргааны актад хамааруулж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал О.Саруул нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр “Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт “газар эзэмших, ... талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь дээд шатны засаг дарга болох Дорнод аймгийн засаг даргад 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан байна.

Ийнхүү  нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж үзэн захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй  байна.

  1. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, өмгөөлөгчдийн тайлбар, холбогдох нотлох баримтуудыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн  “Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцлах тухай” А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
  2. Баянтүмэн сумын засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн А/71 дүгээр захирамжаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “ а ”, 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.4, 54 дүгээр зүйлийн 54.4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.4.3, 28 дугаар зүйлийн 28.1.3, 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 48 дугаар зүйлийн 48.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг үндэслэн захирамжийн нэг дэх заалтаар “ тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хоёр мэлхийт” гэх газарт орших “ Газар эзэмшүүлэх тухай ” 2014 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн А/88 дугаар захирамжаар олгогдсон “Баянтүмэн Агро” ХХК-аас “*******” ХХК-д эрх шилжүүлэн эзэмшүүлсэн тариалангийн зориулалттай 2000 га газрын нэгж талбарын 000298676 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, “ Газар эзэмшүүлэх тухай ” 2015 оны 03 дугаар сарын 24-ний А/29 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн төв оффисын зориулалттай 2 га газрын 000298686 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, мод үржүүлгийн 5 га газрын 000298685 дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ, үтрэмийн талбайн 3 га газрын 000298688 дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус бүхэлд нь цуцалсугай ” гэж, хоёр дахь заалтаар энэхүү захирамж гарсантай холбогдуулан сумын засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн А/114 дүгээр захирамжаас “ ******* ” ХХК-д эзэмших эрх шилжигдсэн 2000 га 9108, 2 га 9106, 5 га 9105, 3 га 9107 тоот газруудад холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүйд тооцсугай гэж шийдвэрлэжээ.
  3. Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг даргын тамгын газраас Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам”-д заасны дагуу явуулсан дуудлага худалдаанд “*******” ХХК оролцон шалгарч Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутагт орших “Хоёр мэлхийт” гэх газарт “тариалангийн” зориулалтаар 2000 га газрыг 2014 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн А/88 дугаар захирамжаар, “Төв оффис барих” зориулалтаар 2 га, “Мод үржүүлэг”-ийн зориулалтаар 5 га, “Үтрэмийн талбай” барих зориулалтаар 3 га газрыг тус тус эзэмших эрхийг Баянтүмэн сумын засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 24-ний А/29 дүгээр захирамжаар тус тус олгосон байна.
  4.  “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон  2014 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн А/88, 2015 оны 03 дугаар сарын 24-ний А/29 дугаар захирамжууд гарахад “*******” ХХК нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан болох нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14/01 дугаартай “*******” ХХК-г үүсгэн байгуулах шийдвэр, компанийн дүрмээр[1]  нотлогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
  5. Хариуцагч нь “*******” ХХК хуульд нийцээгүй хэлбэрээр анхнаасаа үйлчлэлгүй захиргааны актыг үндэслэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан нь  Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гэж тайлбарлаж байгаа хэдий ч маргааны   зүйл

болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Баянтүмэн агро” ХХК анх газар эзэмших эрх олж авсан үйл баримтад шүүх дүгнэлт өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл “Баянтүмэн агро” ХХК-д анх газар эзэмших эрх олгосон 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/88, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/29 тоот захирамжуудын үндэслэлд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна гэж үзлээ.

  1. “*******”  ХХК-ийн  үүсгэн байгуулагч Хашикава ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 тоот “Баянтүмэн агро” ХХК-ийн “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай”[2] шийдвэрээр, өөрийн нийт хувьцааны 90 хувийг Монгол улсын иргэн Ц.*******д шилжүүлснээр “Баянтүмэн агро” ХХК нь дотоодын аж ахуйн нэгж болсон байх ба,  Баянтүмэн сумын засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Монгол улсад бүртгэлтэй дотоодын хуулийн этгээд хооронд газар эзэмших эрх шилжсэн нь үйл баримтаар  нотлогдож байна.

                 Тодруулбал: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ” гэж тодорхойлжээ. Гэтэл “*******” ХХК нь “*******” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэх үедээ дотоодын аж ахуйн нэгж байсан болох нь холбогдох нотлох баримтаар[3] тогтоогдож байна.

  1. Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасныг зөрчөөгүй, “*******” ХХК нь газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шилжүүлэн авсан нь хэрэгт цугларсан баримтаар[4] нотлогдож байна.
  2. Маргаан бүхий захирамж болох Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй юм.
  3. Нөгөө талаас маргаан бүхий Дорнод аймгийн Баянтүмэн сумын засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар эрх зүйн зөрчил бүхий актыг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн гэдэгтэй хариуцагч тал маргаагүй.
  4. Захиргааны ерөнхий хуульд сөрөг нөлөөлөл бүхий эрх зүйн зөрчилтэй акт, эерэг нөлөөлөл бүхий эрх зүйн зөрчилтэй акт гэдгийг тодорхойлоод хэрхэн хүчингүй болгохыг  нарийвчлан зохицуулсан.
  5. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан, тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан  захиргааны актыг ойлгоно. Хэргийн үйл баримтаас харахад “*******” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн захиргааны акт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
  6. Иймд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт биш учраас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт энэ тохиолдолд хамаарахгүй.
  7. Харин эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсвэл ашигтай нөхцөл байдал бий болгосон захиргааны актыг хэлнэ гэж заасан байх бөгөөд Баянтүмэн сумын засаг даргын  2015 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн А/114 дүгээр захирамж нь нэхэмжлэгч “*******” ХХК-ний хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна гэж үзэхээр байна.

Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад өөрт нь олгосон байна.

“*******” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн А/114 дүгээр захирамж нь 2015 оны 10 дугаар сарын  05-ний өдөр гарсан ба, энэ захирамжийг хүчингүй болгох хуульд заасан хугацаа нь 2020 оны 10 дугаар сарын 05-ний өдөр дуусгавар болсон байна. Гэтэл хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 дугаар захирамжийг 2021 оны 06 дугаар сарын 18-ний өдөр хүчингүй болгож Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх үзлээ.

  1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа хариуцагч нь сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, тайлбар, санал, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг олгоогүй гэж тайлбарлажээ.

Маргаан бүхий захирамж гарахтай холбоотой сонсох ажиллагааг тухайн үед “*******” ХХК-ийн захирал байсан Банзрагчтай 2021 оны 06 дугаар сарын 02-ний өдөр сумын ЗДТГ-ын байранд биечлэн уулзах хэлбэрээр явуулсан болох нь  уулзалтын тэмдэглэл[5] болон бичлэгээр нотлогдож байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулсан байна гэж үзлээ.

  1. Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан “ . .  . нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.2, 48.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорнод аймгийн Баян түмэн сумын засаг даргын “Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцлах тухай” 2021 оны 06 дугаар сарын 18-ны А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь  хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

              Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ЭРДЭНЭТУЯА

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 179-183 дугаар тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 184 дугаар тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн  184, 165-169 дүгээр тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 143-164 дүгээр тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар тал