Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 193

 

                                      

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч Б.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт Б.Уламбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526011326 дугаар хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сум, 2 дугаар баг, Хужиртын 2б-17 дугаар гудамж, 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан уулын 9 дүгээр гудамж, 9 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Халанхай овогт Баярсайханы Уламбаяр /РД:ГН91040912/.

 

Яллагдагч Б.Уламбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны орой Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух иргэн Б.Нямхоролтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодод нь зүүн шуу ясанд хугарал, хүзүү, баруун бугуйд зулгаралт, зүүн бугалга зүүн шуунд цус хуралт, хуйханд өнгөц шарх бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

 

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, хүндэвтэр гэмт хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байхдаа 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Уламбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа гэв. 

 

201526011326 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Хохирогч Б.Нямхоролын: 2015 оны 7 дугаар сарын 07-ны 23 цаг өнгөрч байхад гэртээ би хамтран амьдрагч Уламбаяр, хажуу айлын залуу Батбаатар, түүний эхнэр Ариунаа, өөрийн 6 настай хүү Тэлмэн нарын хамт байсан. Би Ариунаатай наадмаар хуушуур хийх тухай ярилцаад Уламбаяр Батбаатар хоёр зурагт үзэж байсан. Ариунааг гарч явахад Уламбаяр босч ирээд миний бичиж байсан цаасыг авч үзчихээд үгийн зөрүүгүй баруун гараараа миний зүүн шанаа руу нэг алгадаж, зүүн хөл рүү нэг өшиглөсөн. Тэр үед Батбаатар бид хоёрыг харчихаад гараад явсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ, би чамайг яасан юм бэ гэтэл юу ч хэлэлгүй ахиад баруун гараараа зүүн шанаа руу алгадаж, орон дээр араар савуулж шидэн дээрээс 2-3 удаа байх дэвссэн. Гэрээс зугтааж гарах гэтэл өргөж газарт саваад, ахиад орон дээр авч шидээд хоолой боосон. Би босоод гараад гүйх гэтэл дуугүй бай гээд хаалга дотроос түгжсэн. Тэгэхээр нь би угаадас асгаж, бие засмаар байна гэж худлаа хэлж гарсан. Гарахдаа ширээн дээр байсан гар утсаа аваад дүү Өлзий, Ануш нарыг дуудсан. Тэгээд Ануш ирээд уйлж Уламбаяр руу яаж байгаа юм бэ, цагдаа дуудлаа гэхэд Уламбаяр гараад зугтаасан. Тэгээд дахиж Уламбаяртай уулзаагүй. ...Би эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.

 

...Уламбаяр бид хоёр Уламбаярын аав Баярсайхан гэдэг хүний надаас авсан 1500 000 төгрөгөөс болоод маргаан үүсч Уламбаяр намайг зодсон. Миний гар эдгэсэн. Эмчилгээний зардалд 108700 төгрөг, байрны түрээсийн мөнгөнд 600000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-18, 51, 105/,

 

Гэрч Х.Гантөгсийн: ...Гэрт нь ороход Нямхорол эгч ширээнийхээ хажууд цаасан дээр юм бичээд сууж байсан. Уламбаяр ах орон дээр зурагт үзээд хэвтэж байсан. Тэгээд бид хоёр гэртээ орж ирээд байж байтал удалгүй Нямхорол эгч залгаад Эгчийн дүү хурдан ороод ирээч, Уламбаяр намайг зодоод байна гээд уйлаад байсан. Нөхөр бид хоёр ортол ...Нямхорол эгч уйлчихсан, толгойноос нь цус гарчихсан, үс нь зулгаасан юм шиг сэгсийсэн, гараа хөдөлгөж болохгүй байна гээд сууж байсан. Тэгэхээр нь би хашгираад яаж байгаа юм, яасан олон удаа зоддог юм гэхэд Уламбаяр ах хажуугаар гараад зугтчихсан. Анх ороход тэр хоёр хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй зүгээр байсан... гэх мэдүүлэг /хх-19/,

 

Гэрч Б.Бат-Өлзийн: ...Тэгээд гэртээ ороод удаагүй байхад Нямхорол манай эхнэр рүү яриад Уламбаяр зодоод байна, хүрээд ир гэж дуудсан байсан. Эхнэр бид хоёр очтол Уламбаяр Нямхоролыг зодсон байдалтай, Нямхоролын хоолой улайсан, гар хөдөлж болохгүй байна гэж байсан. Цагдаа дуудна гэхэд Уламбаяр гараад зугтаачихсан. Урьд нь хэд хэдэн удаа маргалдаж Уламбаяр Нямхоролыг зодож байсан. Нямхорол орилж хашгирдаг, зодуулчихлаа гэж манайд орж ирдэг байсан гэх мэдүүлэг /хх-20/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015.07.10-ны өдрийн 10082 дугаар актын дүгнэлтэд: 1. Нямхоролын биед зүүн шуу ясанд хугарал, хүзүү баруун бугуйнд зулгаралт, зүүн бугалга зүүн шуунд цус хуралт, хуйханд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-9/,

 

Шүүгдэгч Б.Уламбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 2015 оны 7 дугаар сарын 07-нд ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Нямхорол цалин чинь хэзээ буух юм гэж асуухад нь би 10-нд бууна гэсэн чинь хоол хийж байснаа уурлаад танай эцгээс болж би ийм байдалд орчихоод байна, мөнгө олж өг гэсэн. ...Нямхорол дэвтэр дээр юм бичээд байхаар нь юу хийж байгаа юм, харъя гэхэд гуйлгачин минь мөнгө олж чадахгүй байж цаашаа зайл гэсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд гуйлгачин гэж хэлүүлж доромжлуулсандаа тэсэхгүй нэг удаа алгадсан. Гарах гэхээр нь татсан чинь ор уруу толгойгоороо унасан. Тэгээд босгоод орон дээр суулгатал муухай орилоод муу луйварчны хүүхэд гэж доромжлохоор нь дуугүй болооч гээд баруун гараа далайтал гараараа хаасан. Тэгсэн Нямхорол гар хугарчих шиг боллоо, хөндүүр оргиод байна гэсэн. Намайг угаадас асгаад ир гэхээр нь асгачихаад иртэл Ануш, Өлзий хоёрыг утсаар дуудсан байсан.

 

...Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаад ямар ч мөнгөгүй болчихоод самарт яваад өгсөн. Би аав Баярсайханыг олж Нямхоролын мөнгийг авч өгөх гээд цагдаа дээр олон хоног очиж чадаагүй. Сүүлдээ очвол хоригдох байх гэж бодоод зугтаагаад явсан.

 

...Нямхорол элдэв янзын үгээр намайг доромжлоод хөөж туугаад байхаар нь би босож ирээд нэг удаа алгадсан. Нямхорол гарах гэхээр нь ор луу түлхээд суулгасан. Нямхорол орилоод хэрүүл хийгээд байхаар нь дуугүй байгаач гээд гараа далайхад миний өөдөөс гараараа хаахаар нь зүүн гарынх нь шууны хэсэгт гараараа 1 удаа цохиод авсан. Тэгээд шууны хэсэг нь хугарсан. Баярсайханы араас Булган аймаг яваад олдохгүй болохоор цаашаа гэр лүүгээ яваад нилээд удсан. Буцаад очвол хоригдох байх гэж бодож айгаад Булганд байгаад байсан. ...Би ихэвчлэн Булган аймгийн Хишиг-Өндөр суманд амьдарч байсан. Нямхоролд 708000 төгрөг өгсөн байгаа гэх мэдүүлэг /хх-25-26, 114, 127/,   

 

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-118/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-10/, гадагш явж болохгүй тухай баталгаа авах тухай тогтоол /хх-23/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, холбогдох баримтууд /хх-38-52, 63-82/, мөрдөн байцаагчийн даалгавар /хх-29, 97/, шинжээчийн мэдүүлэг /хх-50/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-53-62/, прокурорын тогтоол /хх-83-85/, гэрч Т.Гэндэнжав, Ш.Шоовой, Х.Азамат, А.Оюун нарын мэдүүлэг /хх-106, 107, 90, 91/, хохирлын баримтууд /хх-32-36/, хохирол төлсөн баримт /хх-120-121/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Уламбаярыг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Уламбаяр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн шууд санаатай үйлдэл хийсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 143, 198 дугаар зүйлд ...сэжигтэн, яллагдагчийг зарлан дуудах хуудсаар дуудна, мэдээлэл, холбооны хэрэгслийг /утас, цахилгаан, мэдээллийн бусад хэрэгслээр/ ашиглан дуудаж болно гэж тус тус заажээ. Гэтэл сэжигтэн, яллагдагчийг зарлан дуудах хуудсаар дуудсан гэх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн холбооны хэрэгсэл ашиглан сэжигтэн, яллагдагчийг дуудсан гэх 89402410 дугаар уруу залгахад холбогдохгүй байсныг тэмдэглэл болгон бичив гэсэн агуулга бүхий мөрдөн байцаагчийн тэмдэглэлүүд /хх-53-62/ хэрэгт авагдсан боловч тэдгээрийг хуулийн шаардлага хангасан нотлох баримт, түүнчлэн хууль ёсны дагуу хийгдсэн байцаан шийтгэх ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй юм.   

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл Б.Уламбаярыг 2014260001593 дугаар /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.2.1/ эрүүгийн хэрэгт 2015.08.11-ний өдөр сэжигтнээр тооцон мэдүүлэг авч, уг хэрэгт 201526011326 дугаар /Б.Нямхорол/ хэргийг 2015.09.15-ны өдөр нэгтгэж /хх-46/, улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2015.12.31-ний өдрийн 100 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр 2014260001593 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

 

Мөрдөн байцаагчийн даалгавар /2015.10.19, 2016.10.30/ 2 удаа бичигдсэн баримт байгаа боловч даалгаварт заагдсан ажиллагаа хэрхэн яаж хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй зэрэг дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.Уламбаярын 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Б.Уламбаяр нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны орой Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1 дүгээр гудамж, 3 тоотод иргэн Б.Нямхоролтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хохирогч Б.Нямхоролын бие махбодид зүүн шуу ясанд хугарал, хүзүү, баруун бугуйд зулгаралт, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хуйханд өнгөц шарх бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Уламбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан үзэв.

 

Хохирогч Б.Нямхорол гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 108700 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохиролд 708000 төгрөг төлсөн /хх-122-122/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Уламбаярын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт Б.Уламбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Халанхай овогт Баярсайханы Уламбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Б.Уламбаярыг 400 /дөрвөн зуу/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар Б.Уламбаяр албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.Уламбаярын урьдчилан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Уламбаяр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Уламбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Уламбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Л.БААТАР