Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/47

 

      

 

          

 

Н.Б, Ш.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Яндаг,          

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,  

шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амармэнд, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

                                                                                                         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/1010 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Б, Ш.Д нарт холбогдох 2008016500668 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Н.Б , 1988 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 381 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

2. Ш. Д, 1980 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Сүмбэр групп” ХХК-д нормчноор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн амьдардаг, ял шийтгэлгүй;

 

Шүүгдэгч Н.Б, Ш.Д нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ч биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан эрх чөлөөнд нь халдаж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Н.Б, Ш.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

Н. Б, Ш. Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан “хүнийг алах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Д-г 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял;  шүүгдэгч Н.Б-г 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Ш.Д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ш.Д нарын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон тус бүрийн 148 /нэг зуун дөчин найм/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас тус тус хасаж, Эрүүгийн 2008016500668 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ш.Д нь энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амармэндэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-с 1.595.730 /нэг сая таван зуун ерэн таван мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амармэндэд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амармэнд нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардал буюу оршуулгын зарим зардал болох 2.880.000 /хоёр сая найман зуун наян мянга/ төгрөгийг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Б, Ш.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолых тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхээс оногдуулсан ял болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрч нарын мэдүүлгийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

Яаралтай тусламжийн /103/ эмч М, гэрч М мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 958 дугаартай дүгнэлтээр гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүссэн гэж тогтоосон байдаг.

103-ын эмч М нь ямар нэгэн ил харагдах шарх, сорвигүй гэрт нь үлдээхэд яагаад олон тооны шарх сорви үүссэн. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, мөн олон тооны шарх сорвийг хэн учруулсныг олж тогтоосон ямар нэгэн баримт байхгүй. Иймд миний бие тус олон тооны шарх, сорвийг хэн үүсгэсэн талаар шалгуулах хүсэлтэй байна. Мөн миний эрх зүйн байдлын дээрдүүлэх талаар шудрага шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Д давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс хохирогч талд хохирол буюу оршуулгын зардалд 1,600,000 төгрөг өгсөн болно. Миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Д-н өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна.

Учир нь, шүүгдэгч Ш.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...өмдөндөө баасан байхаар нь баруун дал руу би босооч гээд нэг удаа алгадсан, босохгүй байхаар нь нурууны доод хэсэгт нэг удаа өшиглөсөн ...Бадамцэдэн аймхай цээж рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /2хх 26-29/.

Шүүгдэгч Ш.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэнэт өмхий үнэртээд байхаар нь үзсэн чинь талийгаач орондоо бие зассан байсан. Тэгэхээр би сэрээх гээд далан дээр цохиход сэрэхгүй болохоор нь зүүн бөөр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Би хөнжлөөр татаж босгоход гарнаас мултраад унасан, тэгэхэд Бадамцэдэн нь амь хохирогчийн аймхай орчим нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг болон анх гэрчээр өгсөн мэдүүлгүүд утга агуулгын хувьд зөрөөгүй, тогтвортой мэдүүлгүүд өгсөн байдаг.

Харин шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шүүхийн шатанд буюу шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгүүд утга агуулгын хувьд зөрүүтэй өгсөн байдаг.

Эндээс дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтанд тооцох...” гэж заасан ба Ш.Д нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, тогтвортой мэдүүлж байгаа нь нотлох баримтаар тооцох үндэслэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд /28 дугаар талд/ шүүх дүгнэлт хийхдээ “...объектив талын заавал байх шинж гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба амь хохирогчийн биед халдсан шүүгдэгч нарын үйлдэл, хохирогчийн үхлийн шалтгаан хоорондоо шууд хамааралтай, шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив шинж болох гэм буруутай этгээдийн санаатай үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой бөгөөд эс үйлдэхүйн улмаас хохирогч нас барвал хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэх гэсэн агуулгаар ойлгогдохоор байна.

Мөн Ш.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдэх сэдэл санаа, зорилго байхгүй байсан болох нь Ш.Д мэдүүлэг болон хэргийн бусад нөхцөл байдлуудаар нотлогдож байна.

Тухайлбал: Хохирогч Д.Ч нь Н.Б гэрт бие зассаны төлөө түүнийг санаатай алах сэдэл, санаа, зорилго байсан эсэх, хохирогчийг Н.Б-н гэрт бие засахад Ш.д нь уурлаж хохирогчийн биед гэмтэл учруулахаар зодох шалтгаан байсан эсэх, бодит нөхцөл байдалд Н.Б нь өөрийнхөө гэрт нь хүн бие засахад уурлан түүнийг зодох шалтгаан байсан эсэх... гэх мэт зүйлүүд тодорхойгүй.

Иймд дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шурдарга ёсны зарчмын хүрээнд Ш.Д-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Д-г цагаатгаж өгнө үү. ...” гэв.

                                                      

шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, шударгаар ял оногдуулахад оршино гэж заасан. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсонд харамсаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, ял оногдуулж, гэм буруутайд тооцсоныг зүйлчлэл хүндэдсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэх боломжтой байсан. Хэдийгээр шүүгдэгч нарыг харсан гэрч байхгүй, тухайн үйл баримт болоход байсан хоёр шүүгдэгч бие биенээ нотлон тогтоож байна гэж шүүх үзсэн. Шийтгэх тогтоолын 27 дахь талд байх үндэслэх хэсэгт “шүүгдэгч нар хохирогчийг зодож үхэлд хүргэх гэмтэл учруулсан байна”, 28 дахь талд “гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд бус санаатай идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн байна”, мөн талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд “хүнд гэмтэл учирсны улмаас нас барсан, талийгаач амь аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй” гэсэн байдаг. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.   

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амармэнд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй...” гэв.  

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүхийн хийсэн дүгнэлт маш тодорхой бичигдсэн. Давж заалдах гомдлуудад шүүх нотлох баримтыг яаж үнэлж дүгнэсэн талаар тодорхой зүйл бичигдээгүй, зөвхөн эрүүгийн хариуцлага оногдуулах, ял шийтгэлтэй холбоотой бичигдсэн байна. Өмгөөлөгчийн хувьд ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж дүгнэсэн. Хэргийн үйл баримт он цаг, дэс дараалалтайгаар хэрэгт авагдаж тогтоогдсон тул гэм буруугийн талаар маргаангүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

 

прокурор Г.Яндаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогчийн эрүүл мэндэд халдаж амь насыг нь хохироосон болох нь нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Б, Ш.Д нарт холбогдох 2008016500668 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

                 

Шүүгдэгч Н.Б, Ш.Д нар нь бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ч биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан эрх чөлөөнд нь халдаж түүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                                        

“...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 20:06:32 цагт ирсэн дуудлагын хуудсанд “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хажууд ухаангүй согтуу байна ...” гэсэн дуудлага бүртгэгдсэн тухай болон мөн дахин 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22:45:28 цагт “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Керамик 1-8 тоотод “ухаан алдаад сэрэхгүй байна” гэх дуудлага бүртгэгдсэн тухай, бодит үзлэгт “....ил гэмтэл шарх сорви нурууны доод хэсэгт болон баруун дал зүүн өгзөгний хэсэгт шалбарсан шархтай байв. ...” гэсэн Түргэн тусламжийн тэмдэглэл /1хх 7-9/,

            2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Керамик 1-8 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-19, 34-39/,

            2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 20-25/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Амармэндийн “...2020 оны 4 дүгээр сарын  19-ний өдөр 21 цаг өнгөрч байхад эгч Э залгаад ...“аавын хөрш айлын хүн ярьж байна, аавыг чинь түргэний машин ирээд буулгасан, аав чинь согтуу байна, ирж гал түлэхгүй бол болохгүй байна гэж хэлсэн...” гэхээр нь 20-30 минутын дараа хүргэн ах Б бид хоёр аавын гэрт очсон. Тэгээд гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь ороход аав хувцсаа тайлсан байдалтай, дээгүүрээ ногоон өнгийн хөнжил нөмөрсөн унтаж байгаа юм шиг байсан. Хүргэн ах Б “...аав нэг л биш байх шиг байна, чи хардаа...” гэхээр нь би очоод гарыг нь барьж үзэхэд гар нь хөрсөн, амьсгалахгүй байхаар нь ухаан алдсан юм болов уу гэж бодоод 103 дуудсан. Нэг их удалгүй 103-ын эмч ирж үзээд “аав чинь нас бараад ойролцоогоор 1-2 цаг болсон байна” гэж хэлсэн. ...Манай аавыг 103-ын машин үүдэнд үлдээгээд, нэг залуу аавыг чирээд гэрт нь оруулсан гэж байсан.

Манай аавд архаг хууч өвчин байхгүй, идэвхтэй хөдөлгөөн их хийдэг хүн байсан болохоор огт бие өвдлөө гэж ярьдаггүй байсан. ...Гомдолтой байна. ...” /1хх 45-48/, “...Манай аав нас барсан өдрөөсөө өмнө ямар нэг хүнд цохиулж зодуулдаг ч юм уу өөр бусад байдлаар унаж бэртэж биедээ гэмтэл авсан зүйл байхгүй. ...” /2хх 212-214/,

гэрч Х.Я “...Орой 20 цагийн үед манай байшингийн цонхыг хүн цохихоор нь хартал 30-40 орчим насны, өмнө харж байгаагүй, бор царайтай, бараан хувцастай, халамцуу залуу “...танай урд айлын ахыг дөнгөж сая эмнэлгийн машин танай хашааны үүдэнд надтай хамт буулгаад явлаа, та өргөөд хамт гэрт нь оруулаад өгөөч...” гэхээр нь би “Эгч нь аваарт орсон хүн, хүнд юм өргөж болохгүй” гэж хэлсэн чинь ганцаараа талийгаачийг чирээд гэрт нь оруулсан. Талийгаач тухайн үед ямар ч ухаангүй байсан. Би тухайн залуугаас наад хүн чинь яагаад юм ярихгүй байгаа юм бэ гэж асуутал тасарчихсан байгаа, өмдөндөө баагаад, шээсэн байгаа гэхээр нь “...эгч нь охиныг нь дуудчихъя...” гэж хэлсэн. Тэр залуу гэрт нь оруулаад явсан. Би түүний охин руу залгаж “...Аав чинь согтуу гэртээ ирлээ, дөнгөж сая нэг залуу түргэний машинаар хүргүүлж ирээд гэрт нь оруулчихаад явлаа, хүрээд ир...” гэж хэлтэл орой 22 цаг өнгөрч байхад 2 залуу ирээд “...Манай аав нас барсан байна...” гэж хэлээд уйлаад болсон зүйлийн талаар асуухаар нь би бүгдийг нь хэлсэн. 20 цаг өнгөрч байхад манай хашааны гадаа машин ирж зогсох чимээ гараад удалгүй хөдлөөд явж байгаа сонсогдсон. Гэтэл нөгөө залуу хашааны хаалгыг онгойлгож орж ирээд цонх цохиод “танай урд айлын ахыг түргэний машинаар авч ирлээ” гэхээр нь 103-ын машин ирээд явсан гэдгийг мэдсэн. Түүнээс бол хараагүй. Тэр залуу надад хэлэхдээ “өглөө манай гэрт 10.000 төгрөгтэй орж ирээд хамт архи уусан” гэж байсан. Мөн талийгаачийн гараас та барь даа гэхээр нь би барьж үзсэн чинь хүйтэн байхаар нь наад хүн чинь даарсан байна гэж хэлсэн. Талийгаач Чимэдцэдэнтэй өглөө уулзахад биед ил харагдах шарх сорви байгаагүй. Талийгаачийг оруулж ирсэн залуу амандаа үглээд “тэр муугаас болж байгаа юм” гээд байсан. ...” /1хх 53-55/,

гэрч Ү.Баяржавхлангийн “...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа тараад гэр рүүгээ явж байтал Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус хорооны урд талын халуун усны хуучин байшингийн хажууд зам дээр доороо цагаан өнгийн зузаан даавуу дэвссэн, ойролцоогоор 60 орчим настай эрэгтэй хүн хэвтэж байхаар нь би хараад аав шиг минь хүн байна гэж бодоод сэрээх гээд “босоорой” гээд дуудсан чинь тэр хүн нүдээ нээгээд над руу харсан, юу ч хэлэлгүйгээр буцаад унтсан. Тэгэхээр нь би 19 цаг 44 минутын орчимд цагдаагийн 102 дугаар руу “настай согтуу хүн хэвтэж байна” гэх дуудлагыг өгсөн. Тэр хүн баруун талаараа хараад хэвтсэн байдалтай, цагаан өнгийн сорочкитой, жанжин малгайтай, хар өнгийн өмд гуталтай, нилээн согтуу, өөрийгөө удирдах чадваргүй хүн шиг хэвтэж байсан. Мөн доор нь байсан хөнжил шиг зүйл нь баас болсон байсан. Намайг уг хүн рүү анх очиж байхад тэр хүний хэвтэж байсан газрын замын эсрэг талд байдаг хашааны Жожо гэж дууддаг Бадамцэдэн гэдэг ах нарийн гудамжаар орж ирээд гэр рүүгээ шууд орсон. Б ах согтуу байсан, би зүс таних учир “сайн уу ах аа” гэж мэндлэхэд над руу хараад юм хэлэлгүй шууд орсон. ...” /1хх 57/,

гэрч Э.Э “...дуудлагын дагуу цагдаа жолооч Энхбаярын хамтаар очиж шалгасан. 7 дугаар хорооны урд талд байдаг халуун усны газрын хажууд шаргал өнгийн хөнжлөөр биеэ ороосон 45-50 орчим насны хүн байна гэж хараад очиход уг хүн нэрээ хэлэхгүй, ойлгомжгүй зүйл яриад хальт өнгийж хараад байсан. Их согтуу байсан. Тэр хүний ам хамраас бөөлжис шиг шар өнгийн зүйл гарсан байсан. 103-т дуудлага өгсөн. ...103-ын эмч, Б хамтаар нөгөө согтуу хүнийг машиндаа суулгаад аваад явсан. Гэтэл орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15-309 тоотод согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлага дээр очоод материалжуулан шалгаж байхад “Ачит-10”-аас тус дүүргийн 7 дугаар хороо, Керамикийн 1-8 тоотод хүн нас барсан байна гэсэн дуудлага давхцаж орж ирэхээр нь ...очиход 103-ын эмч Машбатад хүлээлгэж өгсөн хүн байсан. Ингээд би Чимэдцэдэнтэй хамт архи уусан гэх Б, Д нарын хаягаар 7 дугаар хороо, Баянхошууны 8-6 тоот хашаанд байшинд нь ороход хүн байхгүй байсан. Тэгэхээр нь дээд давхар руу гарсан шат байхаар нь дээшээ гарч үзэхэд Б, Д хоёр дээврийн өрөөний буланд нуугдсан байдалтай сууж байсан. ...” /1хх 59/,

гэрч Н.Э “...байрны урд зам дээр согтуу эрэгтэй хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирэхээр нь очиход 40-50 орчим насны согтуу эрэгтэй хүн хөнжлөөр биеэ ороосон байдалтай хэвтэж байсан. Офицер Эрдэнэчулуун бид хоёр сэрээхэд толгойгоо өндийлгөж хараад ойлгогдохгүй зүйл яриад байсан. 103 руу дуудлага өгөөд байж байтал цэнхэр өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн куртка, өмдтэй 30 гаруй насны залуу цаад гудамжнаас гарч ирээд “би наад хүнийг чинь танина, наад хүн чинь энэ хажуу талын айл руу 2 шил архи барьж орсон, би орж архи уух гэсэн чинь айлын эзэн зодох гээд байхаар нь явсан гэж хэлсэн. Батгэрэлийн заасан хаяг буюу тус дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8-6 тоот айлын хашааг нүдсэн боловч хүн гарч ирэхгүй, хаалгаа тайлахгүй байж байтал 103-ын машин ирээд М гэх эмч газар хөнжилтэй хэвтэж байсан хүний нүд рүү гэрэл тусгаж үзэж байгаад “бид аваад явчихъя” гэтэл Батгэрэл “би гэрийг нь мэднэ” гэхэд эмч М Б-г нөгөө согтуу хүнтэй хамт суулгаад аваад явсан. Гэтэл орой 23 цагийн үед...Ачит-10-аас тус дүүргийн 7 дугаар хороо, Керамикийн 1-8 тоотод хүн нас барсан гэсэн дуудлага ирэхээр нь очиход бидний өмнө 103-т хүлээлгэж өгсөн хүн байсан. Б-н заасан хаягийг дараа нь байшин руу нь ороод өрөөнүүдийг нь шалгахад хүн байгаагүй. Тэгээд гарах гэтэл офицер Э дээр юм дугараад байна гэхээр нь бид дээд давхрын мансартын өрөөг шалгахад Б, Д гэсэн хоёр хүн байсныг Ачит-10-т өгсөн боловч согтуу байна гээд эрүүлжүүлсэн. ...” /1хх 61/,

гэрч Т.М “...дуудлагыг зохицуулагчаас хүлээн аваад 20 цаг 15 минутын орчим ирэхэд эргүүлийн 2 цагдаа, 40 орчим настай эрэгтэй хүн, цагаан саарал өнгийн хиртэй хөнжил дээр согтуу байдалтай, зүүн хажуу талаараа хэвтсэн, жанжин малгайтай, цайвар өнгийн сорочкитой, бараан өнгийн өмдтэй, бор өнгийн тэлээтэй, тэлээ нь суларсан, өмдний дээд товч нь тайлагдсан, асуусан асуултад хариулж чадахгүй, өвдөлтийг мэдэрч ёолж байсан, хүүхэн хараа хоёр талд хэвийн хүн байсан. Тэр хүний амнаас их архи үнэртэж байхаар нь би даарна гээд шууд эмнэлгийн машинд цагдаа болон хамт явсан хүнтэй нь хамжаад оруулсан. ...би нөгөө жанжин малгайтай хүний даралт, пульс, хүүхэн хараа, зүрхийг нь чагнаад амьсгалыг нь тоолоход хэвийн байсан. Бас хүзүүний хөшинг илэрсэн. Тэр хүнээс өмхий үнэртэж байсан. Би гар хөлд нь хугарал, мултрал байгаа эсэхийг шалгахаар цамцыг нь сөхөж цээжийг нь үзэхэд шарх байгаагүй. Яг үзлэг хийгээд дуусахад хамт явсан залуу нь гарч ирээд “гэр нь цоожтой байна, түлхүүр нь надад байхгүй, наад хүнийг чинь би аваад үлдье, та нар яв” гэхээр нь би жолоочийн хамт нөгөө хүнийг машинаас өргөж буулгаад хашааны үүдэнд суулгаж, нөгөө хүнтэй хамт үлдээгээд дараагийн дуудлагадаа явсан. Тухайн үед харанхуй байсан болохоор нүүр, бие дээр нь жижиг шарх байсныг үгүйсгэхгүй, харин анхаарал татахаар шарх сорви байгаагүй. ...” /1хх 62-63/,

гэрч П.Р “...газарт муу хөнжил дээр 50 гаруй насны эрэгтэй хүн их согтуу байдалтай хэвтэж байсан. Машбат эмч гэрэл гаргаж хүүхэн хараа зэргийг нь үзэж байснаа “наад хүн чинь даарчихна, машинд оруулъя” гээд дамжлаад машинд оруултал найз нь гэх эрэгтэй хүн би наад хүний чинь гэрийн хаягийг мэднэ, архи уугаад тасарсан юм, гэрт нь хүргээд өгчих гэхээр нь нөгөө хүнийг суулгаад гэрийнх нь үүдэнд ирэхэд хамт явсан найз нь би гэрийнх нь хаалгыг онгойлгоодхъё гээд буусан. Гэтэл эмч М нөгөө хүний биед үзлэг хийгээд зүрхийг нь чагнаад амин үзүүлэлтийг нь үзэхэд хэвийн байна гэж  байсан. Хамт явсан найз нь гарч ирээд “гэр нь цоожтой байна, наад хүнийг чинь би аваад үлдээд гэрт нь оруулчихъя” гэхээр нь бид хашааны үүдэнд нөгөө согтуу хүнээ буулгаад дараагийн яаралтай дуудлагадаа явсан. ...” /2хх 216/,

гэрч Ө.Б “...21 цаг 20 минутын үед гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байхад 7 дугаар хорооны халуун усны хажууд Ч ах доороо хөнжил дэвссэн байдалтай ямар ч ухаангүй газар хэвтэж байсан,  хажууд нь цагдаагийн албан хаагчид байсан. Цагдаа нар түргэн дуудсан байсан. Түргэний эмч нь Ч ахыг үзээд түргэний машинд оруулахад би хамт орсон. Түргэний эмч гэрт нь хүргэж өгнө гээд би гэрийг нь заагаад Ч ахын гэрийн гадаа ирж буулгасан ба дараагийн дуудлагадаа явлаа гээд явсан. Ч ахыг сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь хашаа руу нь ороод хажуу айлын эмэгтэйг дуудаад “энэ хүнийг гэр рүү нь оруулаад өгөөч” гэхэд “өргөж дийлэхгүй” гэсэн. Би хоёр суга доогуур нь гараа оруулж байгаад чирээд гэр рүү нь оруулаад хөнжлөөр хучаад хажуу айлын эмэгтэйд нь “явлаа шүү” гэж хэлээд явсан. ...” /1хх 64-65/,  “...орой 20-21 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орох гээд Б-н гудамжаар явж байтал халуун усны хажуу талын зам дээр Ч ах хөнжил дээр согтуу хэвтэж байсан, цагдаа нар ирсэн байсан. Би очоод “наад өвөөг чинь танина, гэрийг нь мэднэ” гэж хэлсэн. Цагдаа нар түргэн дуудсан байсан. Удалгүй 103-ын машин ирээд, эрэгтэй эмч Ч ахыг гар чийдэн тусгаж харчихаад манайх аваад явна гээд нэг их сайн үзээгүй. Ч гуайг эмнэлгийн машинд оруулаад машины шалан дээр суулгасан. Тэгээд цагдаа нар яваад өгтөл 103-ын эмч “та энэ хүний гэрийг мэднэ биз дээ, гэрт нь хүргээд өгье, гэрийг нь заагаад өг” гэхээр нь би зааж өгсөн. Түргэний эмч уурлаад надтай хамт Ч гуайг хашааны үүдэнд буулгаж үлдээгээд дараагийн дуудлагадаа яараад байна гээд явсан. Би Ч ахыг сэрээх гэсэн боловч огт сэрэхгүй байхаар нь хашаа руу ороод хажуу байшингийн цонхыг нүдэхэд нэг эгч гараад ирэхээр нь Ч ахыг түргэний машин хашааны үүдэнд буулгаад явлаа, хоёулаа хамжаад ахыг гэрт оруулчхъя гэхэд “эгч нь бие муутай, өргөж даахгүй” гэхээр нь Ч ахын хоёр сугаар нь гараа оруулаад бөгсөн биеэр нь газар шүргүүлээд чирээд гэрт нь оруулсан. Ч ахын хувцсуудыг тайлаад газар хэвтүүлж дээгүүр нь хөнжил нөмрөөд гараад явсан. ...” /1хх 67, 2хх 219-220/,

гэрч Т.А “...Бид хашаанд нь архи уугаад удалгүй бүгд Б-н байшингийн цонхоор орсон. Жанжин малгайтай өвгөнийг цонхоор дамжилж оруулсан. Тэгээд архи ууж байхад матрас дээр жанжин малгайтай өвгөн унтсан. Би удалгүй тэндээс гараад явсан. ...” /1хх 69/,

шүүгдэгч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, ийм хэрэг хийгээгүй. Миний гаргасан алдаа гэвэл бие зассан байхад нь гэрээс гаргасанд л байгаа. Би тэр хүнийг цохиж зодоогүй. Тухайн үед жанжин малгайтай өвөө /амь хохирогч/-г Д-тэй үлдээгээд дэлгүүр гараад тамхи, хиам, талх аваад ирэхэд өвөө бие зассан байсан. Тэгэхээр нь би цэвэрлэх гэтэл ах нь гэртээ хариад цэвэрлэчихье, намайг гадагшаа гаргаад тавьчих гэхээр нь баасан хөнжил дээр нь тавиад хөнжлийн дөрвөн булангаас Д бид хоёр хамжаад цонхоор гаргаад хашаанд суулгасан. Өвөө “намайг бүр хашааны гадаа гаргачих” гэхээр нь өвөөгийн цээжнээс өргөөд явахад Д хөлийг нь алдчихаар нь би нэг хөлийг нь чирээд халуун усны зам дагуу хөнжил дээр нь хэвтүүлсэн. Тэгээд Д-н хамт гэр рүүгээ орсон. Жанжин малгайтай өвөө /амь хохирогч/ уг нь нээх их уугаагүй, ухаантай байсан. Манайд зүгээр орж ирсэн, хүнд зодуулсан гэх зүйл яриагүй. Тэр орой Д бид хоёрыг манай байшингийн дээвэр дээр байхад цагдаа нар ирээд биднийг авч яваад эрүүлжүүлсэн. ...” /2хх 16-17/, “...Тухайн өдөр Ч ах Д бид гурав манайд үлдсэн байхад би гэрээс гараад хүнсний дэлгүүр ороод хиам, талх, тамхи аваад буцаж гэртээ ирэхэд Д надад хэлэхдээ Ч өвөө матрас дээр баасан байна гэхээр нь би өвөө дээр очоод “босооч, та баасан байна” гэж хэлчихээд өрөөнөөс гараад шээчихээд буцаад архи уусан өрөө рүү ороход матрасны ард Д зогсчихсон байсан. Ч өвөөгийн гэдэс рүү нь нэг удаа өшиглөөд, баруун гарааараа толгойных нь зүүн шанаа орчим нэг удаа цохиход өвөө матрас руу хойшоо хэвтэж харагдсан. Тэгэхээр нь би очоод Д-г “чи болиоч, наадах чинь настай хүн байгаа биз дээ” гээд холдуулаад Ч ахын гараас татаж босгоход “ямар муухай хүн бэ, өвөөгөө гаргаад өгчих” гэхээр нь би Д-тэй хамжиж байгаад Ч өвөөг цонхоороо гаргаад уг цонхны урд талд байх цементны тэнд Ч ахад нэг хундага архи хийж өгсөн чинь уучихаад “намайг гудамжинд гаргаад орхичих” гээд өөрөө явж чадахгүй байхаар нь Д бид хоёр баастай хөнжил дээр өвөөг дамжилж гаргаад замын нөгөө талд халуун усны тэнд үлдээгээд гэр рүүгээ орсон. ...” /2хх 224-225/,

шүүгдэгч Ш.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Бид Б-н хашаан дотор нэг шил архи уугаад дуустал гадаа цас хаялаад шороогоор шуураад байхаар нь Б бид жанжин малгайтай өвөөг цонхоор дамжилж оруулсан. Б-н хаалгыг нураагаад орох боломжгүй байсан болохоор бүгд цонхоор ороод архи уусан. Архи бараг дуусахад А, Б хоёр гараад явсан. Байшинд Б, жанжин малгатай өвөө бид гурав үлдсэн. Тэгээд Б бид хоёрыг үлдсэн архиа ууж байхад жанжин малгайтай өвгөн матрас дээр хэвтэж байснаа унтаад өгөхөөр нь Б хөнжил тавьж өгсөн. Удалгүй өмхий үнэртэхээр нь би очоод хөнжлийг нь сөхөөд үзэхэд өмдөө өвдөг хүртлээ шувтлаад, өмдөндөө баасан байхаар нь би босооч гээд баруун дал дээр нь нэг удаа алгадсан. Босохгүй байхаар нь нурууны баруун доод хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би өвгөний баруун гараас нь татаад босгож байтал Б ирээд “өө пизда чинь баачихсан байна” гээд дагз руу нь нэг удаа алгадаад миний гараас мултраад өвгөн газар сөхрөөд суусан чинь Б аймхай цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Цээжний аймхайн доод хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөхөд хэг гээд дуугарсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ болиоч” гээд Б-н хамт өвгөнийг хөнжилд нь боогоод халуун усны наад талын зам дагуу хөнжилтэй нь тавиад гэртээ орсон. Матрас баас болсон байхаар нь дээвэр дээр нь гараад унтаж байтал цагдаа нар ирээд бид хоёрыг авч яваад эрүүлжүүлсэн. ...өмдөндөө баасан болохоор нь Б бид хоёр өвгөнийг цохиж өшиглөсөн юм. ...” /2хх 26-29/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 958 дугаартай “...1. Талийгаач Д.Ч-н цогцост хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн, зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун мөр, дал, бүсэлхий, хоёр талын өгзөг, зүүн ташаа, дух, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун тохой, шуу, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

2. Талийгаач нь элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдар, элэгний архаг үрэвсэл өвчтэй байна.

3. Химийн шинжилгээгээр цусанд 2.9 промилли, хэвлийн бүлэнд 3.2 промилли спирт илэрсэн ба талийгаач нь гэмтэл авах үедээ хүнд зэргийн, нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.

...5. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ. .../

Шинжээч томилж нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд тавигдсан асуултын хариулт:

1. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ.

2. Талийгаачид учирсан биеийн гадна хэсгийн гэмтлүүдээс баруун мөр, дал, бүсэлхий, хоёр талын өгзөг хэсгийн зулгаралт нь том талбай хамарсан учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун мөр, дал, бүсэлхий, хоёр талын өгзөг, зүүн ташаа, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт нь талийгаачийг нас барахын өмнөхөн үүссэн шинэ гэмтэл байна. Духны зулгаралт нь 1-2 хоногийн дотор, баруун тохой, шуу, зүүн тохойн цус хуралт нь 3-аас дээш хоногийн өмнө үүссэн байхаар байна. Эдгээр гэмтэл нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй.

3. Хэвлийн битүү гэмтэл элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлийн үед эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломж байхыг үгүйсгэхгүй.

4. Хэвлийн битүү гэмтлийг аваад үйлдэл хөдөлгөөн хийх, амьд байх боломжтой. Талийгаачийн хувьд дээрх гэмтлийг аваад богино хугацаанд нас барсан байна.

5. Химийн шинжилгээгээр цусанд 2.9 промилли, хэвлийн бүлэнд 3.2 промилли спирт илэрсэн ба талийгаач нь гэмтэл авах үедээ хүнд зэргийн, нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.

6. Хэвлийн битүү гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэвлий рүү цохих, өшиглөх үед үүснэ. Унах, доргих үед үүсэхгүй.

7. Зүүн 6 дугаар хавирганы хугарал нь шинэ гэмтэл байх бөгөөд                                                                                                                                            гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 106-114/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 766 дугаартай “...1. 2020-4-19-ний 20:15 цагт Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын эмч Т.М нь талийгаачийн биед үзлэг хийсэн байх ба талийгаач нь зовиураа хэлэх чадваргүй, согтуу, үзлэгээр биеийн байдал тогтвортой, ямар нэгэн гэмтлийн шинж тэмдэг илрээгүй байсан байна. Иймд түргэн тусламжийн эмч нь журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

...3. Талийгаачийн биед үүссэн элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

4. Талийгаач нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны 04:10 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 5-7 цаг болсон байжээ.

5. Элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдар нь олдмол өвчин болно.

6. Дээрх хавдар нь элэгний эсээс гаралтай 2 дугаар үе шатдаа байсан хорт хавдар байна. Дээрх өвчнөөр талийгаач эмнэлгийн хяналтад байсан эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.

7. Элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлүүд нь өөр өөр байрлалтай буюу элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал нь хэвлийн баруун дээд хэсэгт, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал нь хэвлийн баруун доод хэсэгт байрлалтай учир тус тусдаа үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

8. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн хэвлийн хөндийгөөс 700 мл орчим шингэн, 770 мл орчим бүлэгнэсэн, нийт 1.470 мл цус гарчээ. Цус алдалт хэдий хугацаанд үргэлжилснийг нарийвчлан тогтоох боломжгүй.

9. Талийгаачийн баруун бөөр ташаа, нурууны баруун доод хэсэгт хүч үйлчлэхэд элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтэл үүсэхгүй. Хэвлийн урд талаас хүч үйлчилсэн үед үүснэ.

10. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

11. Бусад гэмтэл гэдэгт талийгаачийн биеийн гадна хэсгийн зүүн ташаа, дух, зүүн нүдний гадна доод хэсгийн зулгарал, баруун тохой, шуу, зүүн тохойн цус хуралт гэмтлүүдийг хамааруулж дүгнэсэн болно.

12. Баруун мөр, дал, бүсэлхий, хоёр талын өгзөг хэсгийн зулгаралт нь нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой ба иймд тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн ташаа, дух, зүүн нүдний гадна доод хэсгийн зулгаралт, баруун тохой, шуу, зүүн тохойн цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн дүгнэлт /1хх 121-125/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2379 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хөнжил дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

            -Шаргал өнгийн хөнжил дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

            -Цагаан эрээн өнгийн цамц, хөндлөн хөх өнгийн судалтай цамц, хөх эрээн өнгийн дотуур өмд, хар өнгийн өмд, бор өнгийн тэлээ, хар өнгийн хос гутал, цэнхэр өнгийн жанжин малгайн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт /1хх 179-180/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020 дугаартай “...Хүрэмний 22х14 см гогдолт шинээр гарсан, харин бусад гогдолт, цооролтууд хуучин гарсан байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэлт зургийн үзүүлэлт /1хх 203-210/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын 2020 оны 4 дүгээр сарын сарын 23-ны өдрийн 20201 дугаартай “...Шинжилгээнд хар хүрэн хүрэм, хар өмдний салтайнд гарсан ханзралтууд шинээр гарсан байна. Бор шаргал хүрэм, хар өмдөнд гарсан гогодолт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 225-229/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Амь хохирогч Д.Ч нь хэрэг болох цаг хугацаанд өөрөө бие даан босож чадахгүй хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байсан болох нь:

гэрч Т.А-н “...Бид хашаанд нь архи уугаад удалгүй бүгд Б-н байшингийн цонхоор орсон. Жанжин малгайтай өвгөнийг цонхоор дамжилж оруулсан. Тэгээд архи ууж байхад матрас дээр жанжин малгайтай өвгөн унтсан. ...” /1хх 69/,

шүүгдэгч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...өвөө бие зассан байсан. Тэгэхээр нь би цэвэрлэх гэтэл ах нь гэртээ хариад цэвэрлэчихье, намайг гадагшаа гаргаад тавьчих гэхээр нь баасан хөнжил дээр нь тавиад хөнжлийн дөрвөн булангаас Д бид хоёр хамжаад цонхоор гаргаад...” /2хх 16-17/, “...Д надад хэлэхдээ Ч өвөө матрас дээр баасан байна гэхээр нь би өвөө дээр очоод “босооч, та баасан байна” гэж хэлчихээд өрөөнөөс гараад шээчихээд буцаад архи уусан өрөө рүү ороход матрасны ард Д зогсчихсон байсан. Ч өвөөгийн гэдэс рүү нь нэг удаа өшиглөөд, баруун гараараа толгойных нь зүүн шанаа орчим нэг удаа цохиход өвөө матрас руу хойшоо хэвтэж харагдсан. ...өөрөө явж чадахгүй байхаар нь Д бид хоёр баастай хөнжил дээр өвөөг дамжилж гаргаад замын нөгөө талд халуун усны тэнд үлдээгээд гэр рүүгээ орсон. ...” /2хх 224-225/,

шүүгдэгч Ш.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...өмхий үнэртэхээр нь би очоод хөнжлийг нь сөхөөд үзэхэд өмдөө өвдөг хүртлээ шувтлаад, өмдөндөө баасан байхаар нь би босооч гээд баруун дал дээр нь нэг удаа алгадсан. Босохгүй байхаар нь нурууны баруун доод хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би өвгөний баруун гараас нь татаад босгож байтал Б ирээд “өө пизда чинь баачихсан байна” гээд дагз руу нь нэг удаа алгадаад миний гараас мултраад өвгөн газар сөхрөөд суусан чинь Б аймхай цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Цээжний аймхайн доод хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөхөд хэг гээд дуугарсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ болиоч” гээд Б-н хамт өвгөнийг хөнжилд нь боогоод халуун усны наад талын зам дагуу хөнжилтэй нь тавиад гэртээ орсон. ...” /2хх 26-29/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 958 дугаартай “...Химийн шинжилгээгээр цусанд 2.9 промилли, хэвлийн бүлэнд 3.2 промилли спирт илэрсэн ба талийгаач нь гэмтэл авах үедээ хүнд зэргийн, нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. ...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр;

 

шүүгдэгч Н.Б, Ш.Д нар амь хохирогч Д.Ч урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч “...бүлэглэн...” зодож алсан болох нь бие биенийхээ үйлдлийг гэрчилж, хохирогч Д.Ч хамтран зодсон болохоо мэдүүлсэн:

яллагдагч Н.Б-н “...өрөө рүү ороход матрасны ард Д зогсчихсон байсан. Ч өвөөгийн гэдэс рүү нь нэг удаа өшиглөөд, баруун гарааараа толгойных нь зүүн шанаа орчим нэг удаа цохиход өвөө матрас руу хойшоо хэвтэж харагдсан. ...” /2хх 224-225/,

яллагдагч Ш.Д-н “...би очоод хөнжлийг нь сөхөөд үзэхэд өмдөө өвдөг хүртлээ шувтлаад, өмдөндөө баасан байхаар нь би босооч гээд баруун дал дээр нь нэг удаа алгадсан. Босохгүй байхаар нь нурууны баруун доод хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би өвгөний баруун гараас нь татаад босгож байтал Б ирээд “өө пизда чинь баачихсан байна” гээд дагз руу нь нэг удаа алгадаад миний гараас мултраад өвгөн газар сөхрөөд суусан чинь Б аймхай цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Цээжний аймхайн доод хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөхөд хэг гээд дуугарсан. ...өмдөндөө баасан болохоор нь Б бид хоёр өвгөнийг цохиж өшиглөсөн юм. ...” /2хх 26-29/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 958 дугаартай “...Талийгаач Д.Ч-н цогцост хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн, зүүн 6 дугаар хавирганы хугарал, баруун мөр, дал, бүсэлхий, хоёр талын өгзөг, зүүн ташаа, дух, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун тохой, шуу, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ. ...Хэвлийн битүү гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр хэвлий рүү цохих, өшиглөх үед үүснэ. Унах, доргих үед үүсэхгүй. ...” /1хх 106-114/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 766 дугаартай “...Талийгаачийн биед үүссэн элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. ...Элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтлүүд нь өөр өөр байрлалтай буюу элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал нь хэвлийн баруун дээд хэсэгт, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал нь хэвлийн баруун доод хэсэгт байрлалтай учир тус тусдаа үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...баруун бөөр ташаа, нурууны баруун доод хэсэгт хүч үйлчлэхэд элэгний зүүн дэлбэнгийн элэгний эсийн гаралтай хорт хавдрын задрал, нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархайн урагдал гэмтэл үүсэхгүй. Хэвлийн урд талаас хүч үйлчилсэн үед үүснэ. ...” /1хх 121-125/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б, Ш.Д нарын “...Д.Ч-н биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан эрх чөлөөнд нь халдаж алсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, ...мэдсээр байж;”, 2.11 дэх заалтад заасан “...бүлэглэн;” гэсэн хүндрүүлэх шинжтэй гэж дүгнэж зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад “...арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялаас 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар Ш.Д-г шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

Харин шүүгдэгч нарын бусдын амьд явах эрхийн эсрэг хийсэн үйлдэл болох хохирогчийг зодсон үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүнд халдсан хандлага, арга адилхан байхад оногдуулсан ял нь хэтэрхий ялгамжтай байгаа, шүүгдэгч Н.Б-н анх удаа хорих ял биечлэн эдлэх болсон зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад “...арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялаас 15 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлэн өөрчилж Н.Б-д 13 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

 Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх төдийгүй давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-н эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг “нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэж өөрчлөхөд мөн зүйл, хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасныг зөрчихгүй юм.  

                 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иймд шүүгдэгч Н.Б-н “...олон тооны шарх, сорвийг хэн үүсгэсэн талаар шалгуулах хүсэлтэй байна...”, шүүгдэгч Ш.Д-н “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. ...” , шүүгдэгч Ш.Д-н өмгөөлөгч Ж.Ганболдын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Д-г цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Н.Б-д холбогдох хэсэгт ял болон түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг тус тус оруулан, бусад заалтыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх дүгнэлээ.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/1010 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Н.Б 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...шүүгдэгч Н.Б-г 13 /арван гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, ...” гэснийг “...шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бадамцэдэн, шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ

              ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ