| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0329/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/474 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар,
шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлэгийнхэн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2503000000002 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1971 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, Говь-Алтай аймагт төрсөн, 54 настай, дээд боловсролтой, хэвлэлийн технологич мэргэжилтэй, “******* ******* ” -т жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Чулуутын 1 дүгээр гудамж, 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дэлэгийнхэн овогт *******ын *******, регистрийн дугаар /Ш371092113/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ч.******* нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бичилийн замд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 08 цаг 10 минутын орчимд “******* *******” маркийн ******* УАО улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Н.*******ийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5а-д заасныг зөрчин осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр ч-25 чиглэлд явж байсан. Хохирогчийн биеэ авч чаддаггүй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн тул гэмшиж байна. Би хохирол төлбөрт сүүлд 8,000,000 төгрөг төлсөн гэв.
Хоёр. Эрүүгийн 2503000000002 дугаартай хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоогдсон акт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,
Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Хохирогч Н.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ******* ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ий мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 27 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1000425 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 33-39 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 12 дугаар өдрийн 13-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Бямбадэмбэрэлийн гаргасан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2087 дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 66 дахь тал/, дээрх төлбөр төлөгдсөн баримт /хавтаст хэргийн 67 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 70-72 дахь тал/, хохирол төлсөн баримт
Хохирогч Н.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 16 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 17 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 18 дахь тал/, тээврийн хэрэгсэлийг лавлагаа /хавтаст хэргийн 19 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дахь тал/, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой баримт зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******д холбогдох хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ч.******* нь “******* Тээвэр ” -тай 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр жолоочоор Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байна.
Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус үйлдвэрийн газрын эзэмшлийн “******* well” маркийн ******* УАО улсын дугаартай нийтийн тээврийн /автобус/ хэрэгслийг жолоодон Ч25 чиглэл буюу Баянгол дүүргийн эцсийн зогсоол “Дүүхээ дэлгүүр”-ийн буудлаас Сүхбаатар дүүргийн “Тоосгоны үйлдвэр”-ийн эцсийн буудал чиглэлд ажил үүргээ гүйцэтгэж явжээ.
Тэрээр “******* well” маркийн ******* УАО улсын дугаартай нийтийн тээврийн /автобус/ хэрэгслийг жолоодон Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бичилийн зам 2024 оны 11 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчимд буух үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч хохирогч Н.*******ийн хөлийн өлмийг дайрч эрүүл мэндэд нь “баруун шагайн дотор хашлага ясны зөрүүгүй хугарал, зүүн тавхайд шарх” бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5а,б,в,г,д-д заасан заалтуудыг зөрчин осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоогдсон акт, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,
Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Хохирогч Н.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 32 дугаар тойрогт байдаг найзындаа очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэг мэдэхэд Тэнгис кино театрын урд явж байгаад автобусанд суусан шиг санагдаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед Наран голын автобусны буудал дээр буулгахаар нь би автобусаны жолоочид хандан “би Их наран орох юм, чи намайг доошоо дөхүүлээд өгөөч” гэхэд “одоо буу” гэж хэлээд намайг буулгасан. Би автобуснаас буугаад урд хаалгыг нь налаад байж байхад автобус урагшаа хөдлөхөд урд талын дугуй нь миний 2 хөлний өлмий дээгүүр гараад би газар унаад миний хөл дээгүүр гарчихлаа гэж хэлэхэд буцаж ухраад миний 2 хөлний өлмий дээгүүр буцаад гарсан. Би урд талын хаалганы хажуу талд зогсож байсан. Гомдолтой байна, эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна. ...Надад одоогоор 1,500,000 төгрөгийн хохирол учирсан байгаа...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ******* ******* -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ий мөрдөн байцаалтад өгсөн: Тухайн өдөр хамт байгаагүй учраас би юу болсон талаар мэдэхгүй. Манай жолооч Ч.******* надад хэлэхдээ “2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг 20 минутын үед ******* Тээврийн нэгтгэл -ийн эзэмшлийн ******* ******* маркийн ******* УАО дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Бичилийн автобусны буудал өнгөрөөд буух гээд автобусны дотор талын цэвэрлэгээ хийж байхад хүмүүс ордог урд талын хаалган дээр эмэгтэй хүн ирээд зогсохоор нь Хорооллын эцэс хүртэл яваад цаашаа явахгүй гэж хэлсэн, тэгээд цаашаа явсан. Удалгүй автобусаа жолоодож цааш хөдлөхөд хүн орилохоор нь буугаад харахад тухайн эмэгтэй хүн замын брожурны хажууд хэвтэж байсан. Тэгээд би очоод “та зүгээр үү” гэж хэлэхэд архи согтууруулах ундааны зүйл тухайн хүнээс үнэртэж байсан. Хажуугаар явж байсан эмэгтэй “наад хүн нь автобусны арын дугуйнд мөргүүлчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд би хажуугаар явж байсан хүнийг гуйгаад дамжлаад автобус дотор оруулж тухайн хүнээс “эмнэлэг рүү явах уу” гэж хэлэхэд “намайг зүгээр Их Наранд аваачаад өг” гэж хэлэхээр нь би шууд цаашаа явж Их нарангийн уулзвар дээр буулгаад өөрт байсан мөнгөө өгөөд таксинд суулгаад явуулсан” гэж хэлсэн. ...Тухайн тээврийн хэрэгслийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 625,493,880 төгрөгөөр авсан. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Хэрвээ манай жолооч буруутай нь тогтоогдвол манай байгууллага нь даатгалаас хохирлыг төлж барагдуулна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 27 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: Бичлэгийн 0:00:23 секундэд ******* ******* маркийн ******* УАО улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийн урд талын хаалганы гадна хэсэгт хохирогч Н.******* хаалга тогшиж байгаа байдалтай харагдав. ...Тухайн тээврийн хэрэгслийн урд талын хаалганы гадна хэсэгт зогсож байсан хохирогч Н.******* тухайн чиглэлийн тээврийн хэрэгсэл урагшаа хөдлөөд явахад газар унаж байгаа харагдав...гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1000425 дугаартай дүгнэлтэд: ******* ******* маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь теиникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Дээрх тээврийн хэрэгсэлд улирал цаг агаарын тухайн нөхцөлд тохирсон тэмдэглэгээтэй дугуйгүй. Уг тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байхгүй, зам тээврийн ослоос өмнө ашиглалтын үед дээрх дугуйг хэрэглэсэн. Дээрх тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийг Швейд улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 12.9кН, баруун талдаа 14.4кН, зөрүү нь 9.1% (стандарт <20%), 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 12.8кН, баруун талдаа 10.7кН, зөрүү нь 25.6%, (стандарт <30%) автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Дээрх тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй дээрх системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой. Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 43100сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 54300сd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 16800сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 10000cd (стандарт 10000-225000сd), тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Дээрх тээврийн хэрэгсэл нь 2023, 2024 онд техникийн хяналтын үзлэгт орсон гэх /хавтаст хэргийн 33-39 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 12 дугаар өдрийн 13-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.*******ийн биед баруун шагайн дотор хашлага ясны зөрүүгүй хугарал, зүүн тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Бямбадэмбэрэлийн гаргасан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2087 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд: Явган зорчигч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Жолооч Ч.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 3.5-т зааснаар “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн оос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;
Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ.
д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна гэх /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 66 дахь тал/, дээрх төлбөр төлөгдсөн баримт /хавтаст хэргийн 67 дахь тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 70-72 дахь тал/, хохирол төлсөн баримт
Хохирогч Н.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цаг 20 минутын үед ******* Тээврийн нэгтгэл -ийн эзэмшлийн ******* well маркийн ******* УАО дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Бичилийн автобусны буудал өнгөрөөд буух гээд автобусны дотор талын цэвэрлэгээ хийж байхад хүмүүс ордог урд талын хаалган дээр эмэгтэй хүн ирээд зогсохоор нь”би бууж байна, хүн авахгүй” гэж хэлээд жолооныхоо ард суугаад машины зүүн толиндоо хараад машин байхгүй байхаар нь тухайн хүнийг цаашаа явсан байх гэж бодоод нэгдүгээр эгнээнээс дугаар эгнээ рүү дараад цаашаа явахад хүн орилохоор нь буугаад харахад тухайн эмэгтэй хүн замын брожурны хажууд хэвтэж байсан. Тэгээд би очоод “та зүгээр үү” гэж хэлэхэд архи согтууруулах ундааны зүйл тухайн хүнээс үнэртэж байсан. Хажуугаар явж байсан эмэгтэй “наад хүн нь автобусны арын дугуйнд мөргүүлчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд би хажуугаар явж байсан хүнийг гуйгаад дамжлаад автобус дотор оруулж тухайн хүнээс “эмнэлэг рүү явах уу” гэж хэлэхэд “намайг зүгээр Их Наранд аваачаад өг” гэж хэлэхээр нь би шууд цаашаа явж Их нарангийн уулзвар дээр буулгаж өгөөд өөрт байсан 18,000 төгрөгийг өгөөд буусан. Би СU дэлгүүрийн баримтны цаас нь дээр өөрийнхөө утасны дугаарыг бичээд янз бүрийн юм болбол намайг дуудаарай гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг баримтууд авагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж, дээрх гэмт хэргүүдийн үндсэн шинжийг тус тус заажээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлж, жолоочийн лавлагаа мэдээллээр Ч.******* нь 1997 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №11328 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй болсон байх ба тэрээр “******* ******* ” эзэмшлийн “******* well” маркийн ******* УАО дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй.
Хохирогч Н.*******ийн биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 12 дугаар өдрийн 13-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...баруун шагайн дотор хашлага ясны зөрүүгүй хугарал, зүүн тавхайд шарх гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Ч.******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 3.5-д зааснаар “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн оос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан ын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ч.*******г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нар гэм буруу болон хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.*******гийн дээрх үйлдлүүдэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 73 дахь тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг нэмж нэгтгэн 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь өөрийн хийсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Хохирогчтой байнга холбоотой байж бодит хохирол болон сэтгэл санааны хохирол төлбөрт нийт 8,522,000 төгрөг төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар 55 настай, 5 жилийн дараа тэтгэвэртээ гарах иргэн. Миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинж чанартай болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Ч.******* нь “******* ******* ” -ийн эзэмшлийн “******* well” маркийн ******* УАО дугаартай чиглэлийн /нийтийн/ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигчийн хөлийг дайрч, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн хэдий ч ослын газрыг зориуд орхиж зугтаасан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч Ч.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр 54 настай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн амь амьдардаг болон “******* ******* ” -т хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр чиглэлийн /нийтийн/ тээврийн жолоочоор ажилладаг, тогтмол орлоготой хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр ял, тус тус оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.******* нь “******* ******* ” -т хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нийтийн тээврийн жолооч ажилладаг ба түүний орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан 3,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас:
3.1. Хохирогч Н.*******ийн биед: Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 12 дугаар өдрийн 13-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...баруун шагайн дотор хашлага ясны зөрүүгүй хугарал, зүүн тавхайд шарх” бүхий хүндэвтэр /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ гэмтэл тогтоогдсон.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 522.150 төгрөг зарцуулсан талаарх баримт /хавтаст хэргийн 70-72 дахь тал/ гаргаж өгсөн ба шүүгдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 522.150 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 8.000.000 төгрөг, нийт 8.522.150 төгрөгийг,
Эрүүл мэндийн даатгалаар /хавтаст хэргийн 66 дахь тал/-ээр 1,376,540 төгрөгийн хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээ авсан талаарх баримт /хавтаст хэргийн 67 дахь тал/ авагдсан ба шүүгдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын Төрийн сан дахь 1009000020080 тоот дансанд 1,376,540 төгрөгийг /хавтаст хэргийн 67 дахь тал/ тус тус нөхөн төлсөн байх тул шүүдэгч Ч.*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3.2. Хохирогч Н.*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 68 дахь тал/ авагджээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Хохирогч Н.*******ийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дэлэгийнхэн овогт *******ын *******г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр ялаар, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 8.522.150 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.376.540 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР