Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2017/02688

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 30 өдөр Дугаар 181/ШШ2017/02688 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.З нэхэмжлэлтэй,

Хариуцагч: КБ ХХК

Хариуцагч: МК ХХК олбогдох,

 

“М” ХХК болон “К банк” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ......................... дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Б.З-ынөмчлөлийн 34, 35 тоот гаражуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У хариуцагч К банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, түүний өмгөөлөгч Г.Ч, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, П.С, гэрч Б.Э, Д.Т, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

К банк ХХК нь М Капитал ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанитай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулахдаа М ХХК нь 44А, Б, В, Г байрны зоорийн давхрын авто зогсоол тус бүрээр нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, “К банк” ХХК нь захиалагч Б.З миний хөрөнгөөр баригдаж, захиалагч нь эзэмшиж, ашиглаж эхэлсэн авто зогсоолыг мэдсээр атлаа хууль зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн зээлийн харилцаанд огт хамааралгүй иргэн миний эд хөрөнгийг надад огт мэдэгдэлгүйгээр барьцаалсан байна.

Иймд иргэн Б.Зминий бие “К банк” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний миний өмчлөлийн авто зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Үүнд:

Б.Зминий бие нь 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “М” ХХК-тай Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй .................... байрны зоорийн давхрын 34, 35 тоот авто зогсоолуудыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн төлсөн.

Улмаар “М” ХХК-аас авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Ингээд миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/01312 дугаар захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“М” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж, иргэн миний хөрөнгө оруулалтаар бий болсон авто зогсоолыг захиалагч Б.З-ыннэр дээр шилжүүлэлгүй, 90%-ийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр гаргуулжээ.

Улмаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “К банк” ХХК-тай Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн авто зогсоолуудыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д барьцааны гэрээнд барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх-ийн талаар тусгана, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид мэдэгдэнэ гэж заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн байна.

Харин “К банк” ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, 23.4-т эд хөрөнгийн тодорхойлолтонд иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ... эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтанд дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэн Б.З-ынэрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулжээ.

Иймд “М” ХХК болон “К банк” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, .................... дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Б.З-ынөмчлөлийн 34, 35 тоот авто зогсоолуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Знь 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр манай компанитай Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь ........................ байрны зоорийн давхарт байрлах 34, 35 тоот 2 ширхэг авто зогсоолыг захиалж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан бөгөөд авто зогсоолоо эзэмшиж ашиглаж байгаа болно.

Нэгэнт тухайн авто зогсоол нь иргэн Б.З-ынөмч хөрөнгөөр бий болсон тул түүний өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд өгсөн нэхэмжлэлийн дагуу манай компаниас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/01312 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компани хүндэтгэлтэй хандаж байгаа юм.

Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, ................хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд “М” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “К банк” ХХК-аас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч, орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15,0 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27,0 орчим тэрбум төгрөгийг төлсөн байдаг.

“М” ХХК нь “К банк” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээ, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............................ тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Үүний дараа 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г байгуулж, 1,560,966,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөх эргэн төлөлтийн хуваарийг баталсан бөгөөд энэхүү зээлийн гэрээгээр зээлийн барьцааны асуудал хэвээр буюу өөрөөр хэлбэл 205 автомашины гараж нийтэд нь барьцаалсан хэвээр байсан.

Харин “К банк” ХХК-ны шаардлагаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-г шинэчлэн байгуулж, авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр бүртгүүлэн “К банк” ХХК-д барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалах явцдаа ................ байрны 34, 35 тоот зогсоолыг иргэн Б.Зд мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Гэвч “К банк” ХХК нь зээлийн барьцаанд авто зогсоолуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон байдаг.

Учир нь тухайн авто зогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 дүгээр сард орон сууц болон авто зогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 дугаар сард улсын комисс хүлээн авсан хэдий ч/ иргэд 2009 оны 12 дугаар сараас тухайн байрандаа нүүн орж байр болон авто зогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд иргэн Б.Зтэдний нэгэн адил авто зогсоолоо ашиглаж байсан.

Уг хотхоны орон сууцуудад 2009 оны 9 дүгээр сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус, цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 дугаар сараас байранд оруулсан. Учир нь айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж, хугацаандаа байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон байсан.

Иймд нэхэмжлэгчийн “М” ХХК болон “К банк” ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 02-ний өдөр байгуулсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, ......................... дугаар байрны зоорийн давхарт байрлах 34, 35 тоот зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц, авто зогсоолыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэв.

 

Хариуцагч “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэргийн үйл баримтын талаар,

Капитрон банк нь “М” ХХКтай 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр T07/141 тоот зээлийн гэрээг байгуулж, 1,400,000 а.долларыг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн T07/141 тоот барьцааны зээлийн гэрээг байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд:

- Зээлээр санхүүжүүлэн барих таван блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт,

- 205 автомашины гараж,

- 3 өрөө орон сууц, гаражийн хамт

-Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК ийн бараа материалын үлдэгдэл.

Түүнчлэн 2010 оны 5 дугаар сарны 13-ны өдөр “М” ХХК ийн өмчлөлд 44АБВГ дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр T07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44АБВГ дүгээр байрны 1-205 тоот авто зогсоолыг тоот тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан.

Капитрон банк-ны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Капитрон банкны хувьд T07/141 тоот барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй гэдгийг харуулж байгаа юм.

Нэхэмжлэгч Б.Знэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг “М” ХХК нь К банк ХХК-тай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн маргаж буй авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр “М” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна, 18 дугаар зүйлийн 18.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж тус тус заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно. Тухайлбал, .................. тоот улсын бүртгэлийн дугаартай, 000106176 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо ...............байрын 34 тоот авто зогсоол, Ү-................... тоот улсын бүртгэлийн дугаартай 000107238 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 хороо ...................... байрын 35 тоот авто зогсоол.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т ...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ...-г хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Дээрх зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. К банк ХХК нь ....................... дугаар байрны 34, 35 тоот авто зогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь “М” ХХК нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Мөн “М” ХХК дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, бусад баримтад тус барилгын захиалагчаар “М” ХХК, гүйцэтгэгч компаниар Вилмар компани байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох “М” ХХК мөн байна гэж үзэж итгэх нэг үндэслэл болсон.

Дээрх авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан авто зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг болтол аваагүй байна.

Харин иргэн Б.Знь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/01312 тоот захирамжаар тус авто зогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас харахад “М” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 44АБВГ байрны 34, 35 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, К банк ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр T07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “М” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин иргэн Б.Знь дээрх барьцааны эрхээс хойно Иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх учир Капитрон банк нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т Зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, мөн хуулийн 23.4-т Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох Хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр .................. байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгын газар дээр нь очиж шалгасан байдаг.

Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн авто зогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учир нь улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан.

Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл бүрдээгүй байх учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч, “К банк” ХХК-ийн ахлах ажилтан Б.Э өгсөн мэдүүлэгтээ:

Би .......................байрны 20 тоотод оршин суудаг. 2010 оны 12 дугаар сарын эхээр нүүж орсон. “М” ХХК-аас орон сууцыг 2008 оны 3 дугаар сард хийсэн гэрээгээр 132,000,000 ам.доллараар худалдаж авсан.

Би төлбөрөө бэлэн, бэлэн бусаар төлсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Би 2008 онд гэрээ хийхдээ 2007 онд барьцаалагдсан байсныг мэдэж байсан. Зээлийн гэрээний асуудлыг би бүрэн мэдэж байсан. 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулах үед би зээлийн газрын захирал байсан тул мэдэж байсан гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч, “А С” ХХК-д ерөнхий инженерээр ажилладаг Д.Т өгсөн мэдүүлэгтээ:

“А С” ХХКнь Блью скай ХХК-ийн шугам сүлжээний ашиглалтад хяналт тавьдаг байсан. Анх 2009 оны 12 дугаар сараас айлууд орж эхэлсэн. 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын комисс ажилласан. Би 2009 оноос 2010 онд түр тушаалаар давхар “М” ХХК-д ажилладаг байсан болохоор энэ тухай мэдэж байна. 2010 оны 5 дугаар сард ажил ерөнхийдөө дууссан байсан. Б.З2010 оны эхээр орон сууцандаа орж байсныг санаж байна. Түүний орцонд 3-хан айл нүүж орсон учир би сайн санаж байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Знь хариуцагч “К банк” ХХК, “М” ХХК-уудад холбогдуулан “М” ХХК болон “К банк” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, .................... дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Б.З-ынөмчлөлийн 34, 35 тоот гаражуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн бол хариуцагч “К банк” ХХК нь нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх хэргийн баримтаар тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Знь 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “М” ХХК-тай Автомашины зогсоол захиалгаар бариулах нэртэй гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............................ байрны зоорийн давхрын 34, 35 гаражийг 1 бүрийг 5,000 ам.доллараар тооцон, нийт 10,000 ам.доллараар Б.Зд худалдах, Б.Знь 2008 оны 9 дүгээр сард багтаан 10,000 ам.долларыг төлөхөөр талууд тохиролцжээ. /хх-ийн14 хуу/

 

Гэрээний дагуу Б.Знь 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 10,000 ам.долларыг бэлнээр “М” ХХК-д төлсөн тул 2009 оны 12 дугаар сард орон сууцанд нүүж орсноосоо хойш гаражийг эзэмшиж, ашиглаж ирсэн, “М” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр .............байрны зоорийн давхрын 34, 35 тоот гаражуудын өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-.................., ............... дугаарт бүртгэгдэж, ..............., ............... дугаартай гэрчилгээ авсан байх бөгөөд улмаар тухайн гаражуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Б.З-ыннэхэмжлэлийн шаардлагыг “М” ХХК хүлээн зөвшөөрч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/01312 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор 34, 35 тоот гаражийн өмчлөгчөөр Б.Зтогтоогдсон гэж үзэх үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн15, 17-18, 67-68 хуу/

 

Түүнчлэн хэргийн баримтаар “М” ХХК-ийн захиалан бариулах 120 айлын орон сууц болон 205 гаражийн барилгын ажилд зориулж, 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээгээр “К банк” ХХК нь 1,400,000 ам.долларын зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай “М” ХХК-д олгож, зээлийн барьцаанд ирээдүйд бий болох хөрөнгийг буюу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Америк сургуулийн урд байрлах зээлээр санхүүжүүлэн барих 55%-ийн гүйцэтгэл бүхий 5 блок, 120 айлын орон сууц, барилга, газар, дэд бүтэц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ..................... байрны зоорийн давхарт байрлах 205 автомашины гараж, Б.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ........................ тоотод байрлах 3 орон өрөө сууцыг гаражийн хамт, мөн зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдлийг бариулсан ба үүнээс хойш талууд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот барьцааны гэрээг дахин хийж, бий болсон буюу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгүүдийг уг гэрээнд нэг бүрчлэн зааж оруулсан бөгөөд “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан энэ 205 гаражийн дотор хожим Б.З-ыгөмчлөгчөөр нь тогтоосон 34, 35 тоот гараж багтсан үйл баримт мөн тогтоогджээ. /хх-ийн 30-40, 90-92 хуу/

 

Тогтоогдсон үйл баримтад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч Б.Зболон хариуцагч “М” ХХК нарыг 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ-г байгуулж байх үед барилгын ажлын гүйцэтгэл аль хэдийнэ 55%-д хүрч, дуусаагүй барилгад 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, барилгын суурийн ажлын хамт гүйцэтгэгдэх гаражийн шалны будаг, тэмдэглэгээнээс бусад хэсэг нь бэлэн болсон буюу гэрээний зүйл ийнхүү биет байдлын болон эрхийн тодорхой шинж тэмдэгтэй хөрөнгө байснаас үзэхэд уг гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү агуулж байх тул шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ гэж үзлээ.

 

Харин “К банк” ХХК-ийн тухайд “М” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т нийцсэн, улмаар барьцаалагч барьцааг төгс болгон баталгаажуулах үүднээс бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ “М” ХХК-ийн нэр дээр гарсны хойно барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шинэчилж байгуулсан нь хуулийн дээрх заалтаас гадна мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцжээ.

 

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний салшгүй дагах эрх мөн тул барьцаагаар хангагдах зээлийн гэрээний шаардлага мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар дуусгавар болоогүй энэ тохиолдолд шүүх “К банк” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээ шинээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, харин барьцаагаар хангагдах шаардлага үүсэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

 

Дээрхээс үзвэл 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Б.Зболон “М” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө “К банк” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Б.З-аасзөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд шүүх “М” ХХК болон “К банк” ХХК-ийн хооронд шинэчилж хийгдсэн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээг хууль зөрчсөн болон зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Б.З-ыннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Б.З-ынтухайд барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг худалдан авах гэрээ хийсэн байх тул тэрээр худалдагчид буюу “М” ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрхтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үздэг.

 

Тэгэхээр барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан Б.Знь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан зохицуулалтын хүрээнд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардах бус харин зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг “М” ХХК-аас шаардах, эсхүл өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд ногдох хэмжээний үүргийг “М” ХХК-ийн өмнөөс “К банк” ХХК-д гүйцэтгэж, гарсан зардлаа “М” ХХК-аас шаардах, түүнчлэн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, үр дагаварыг “М” ХХК-аар арилгуулахаар шаардах зэргээр өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэй юм.

 

Энэ эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Б.З-аасхариуцагч “М” ХХК-д холбогдуулан дээрх шаардлагын аль нэгийг гаргахад энэ хэргийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул “М” ХХК болон “К банк” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ......................... дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Б.З-ынөмчлөлийн 34, 35 тоот гаражуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай Б.З-ыннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.З-аасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах, эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА