| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/62 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *******2024 оны 03 дугаар сарын 15-ны үеэр хохирогч Х.Сийг зодож, улмаар биед нь дээд уруулд сорви бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн *******дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын дунд үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *****багт байх хашаан дотор Х.Сийг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь дээд уруулд сорви бүхий гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бы өгсөн: “...н.С гэх эгчийнд очиж 2, 3 ширхэг пиво уусан. Би моринд өвс өгөөд буцаад ирэхэд тэд нар хоорондоо муудалцсан байсан. Эгч нь н.С.Гийг яв гэж гэрээсээ хөөсөн байсан. Би хашаа руу нь ороход н.С.Г би чамайг алгадчих уу гээд байхаар нь алгад гэсэн 2, 3 удаа алгадсан. Би хүнтэй муудалцмааргүй байна гэж хэлсэн. Над руу агсраад байхаар нь би 2 цохисон...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нийн өгсөн: “...Манай төрсөн дүү болох С.Г нь Өмнөговь аймгийн *********суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайд ажиллаж байгаад 2024 оны 03 дугаар сарын эхээр Мөрөн суманд ирсэн. Манайд 2,3 хоногийн дараа манай гэрийн гадаа С.Г, үеэл дүү болох Э.Р, танихгүй эрэгтэй хүн болох Б.Н нар оройны 18 цагийн үед манай гэрт орж ирсэн. С.Г баар орно гээд хувцсаа солиод гарсан. Гарахдаа С.Г орой ирж танайд хононо шүү та хаалгаа онгойлгоорой гэсэн. Шөнийн 02 цагийн үед С.Г Э.Р эхнэрийн хамт, Б.Н нар согтуу орж ирсэн. Араас нь С.Гийн хуучин эхнэр болох Г.Э орж ирсэн. Манай гэрт бөөндөө үүр цайтал пиво ууцгаасан. Би унтах гээд өрөөндөө ортол Б.Н манай гэрээс гараад явсан. Удалгүй 5-10 минутын дараа Б.Н С.Гийг утсаар дуудаад гэрээс аваад гарсан. Удалгүй С.Г өөрийн эзэмшлийн утсаар над руу залгаад Б.Н намайг зодчихлоо та намайг Номин дэлгүүрийн үүдэн дээрээс ирээд аваач гэж залгасан, би Номин дэлгүүр дээр яваад очтол Э.Р, Г.Э 3 зогсож байсан. С.Гийн зүүн талын шанаа нь хавдсан, хамарнаас нь цус гарсан, хувцас нь урагдсан байдалтай байсан. Би дүүгээсээ юу болсон талаар асуутал Б.Н нь Э.Р, Г.Э хоёрыг хашааны гадаа үлдээгээд намайг дагуулж гэр лүү гээ ороод зодсон. Намайг гааздаж ална гээд зодоод байхаар нь би хашаа давж зугтаасан гэж хэлж байсан. .. буцаад Номин дэлгүүр дээр иртэл Б.Н зогсож байсан тэгэхээр нь би чи яагаад С.Гийг зодож байгаа юм гэж асуухад бид хоёр маргалдсан сүртэй зүйл болоогүй гэж хариулсан. .. С.Г маш муу байгаа хүний хэлж ярьж байгааг ойлгохгүй, цээжнээсээ доошоо мэдээгүй байна. .. Уг хэрэг хэзээ болсныг би сайн санахгүй байна. 2024 оны 03 дугаар сарын 14, 15-ны үед болсон. Би эмчилгээний бүх зардлаа гаргуулж авмаар байна. Маш их гомдолтой байна. Би шаардлагатай эм тариа эмчилгээг өөрөөсөө гаргаж байна. Өдөр бүр ойролцоогоор 30.000 төгрөгийн эм зарцуулж байгаа... ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Гэрч Х.С өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би хөдөө гэртээ байж байтал Б.Н ах над руу утсаар залгаад “Х.С хүнд зодуулчихсан юм шиг байна, хүрээд ир” гэж хэлсэн. Би Мөрөн суманд тухайн өдрөө орж ирээд Х.Стэй утсаар ярьж “чи хүнд зодуулчихсан юм биш үү” гэж асуухад “эгч гайгүй гайгүй” гэсэн хариулт өгөөд байсан. Би хариуд нь “чи яадаг ч байсан над дээр хүрч ирээд царай зүсээ харуул, бас өөрийг чинь зодсон залууг дагуулаад хүрээд ир гэхэд Х.С “бид хоёр хамт байна, одоо яваад очъё” гэсэн. Үдээс хойш Мөрөн сумын 1-38-15 тоот буюу манай хашааны гадаа тэр хоёр ирчихлээ гэхээр нь би гадаа гараад харахад Х.С, Э.Б нараас гадна үл таних нэг залуу буюу Э.Бы ах гэсэн хүн байсан. Би Х.Сийн царай зүсийг харахад уруул нь сэтрээд оюулсан, хүзүү нь боолгосон шинжтэй улайчихсан байсан. Би хувцсыг нь сөхөж харахад цээжийг нь сарлаад нуруу ууцыг нь хөх няц болтол нүдэж зодсон байсан. Би Э.Б гэх залууд хандаж “чи хүнийг ийм болтол зодоод байхдаа яадаг юм, арай дэндүү юм бэ” гэхэд дуугуй л зогсоод байсан. Би тэр гурвыг гэр лүүгээ дагуулж орсон. Энэ асуудлын талаар цагдаад хандана гэж хэлэхэд Э.Б гэх залуу надад хандаж би бугуйн цаг зүүж ял эдэлж байгаа, та өргөдөл гээд би асуудалд орох юм бол би шоронд явах гээд байна аа, та намайг нэг удаа аварчих, 2 сарын дараа миний ялын хугацаа дуусна” гэсэн. Бас тэр залуу “би Х.Сийн эмчилгээний бүх зардлыг төлөх болно” гэж хэлсэн, дээрээс нь Х.С өөрөө ч гэсэн “манай найзыг цагдаад өгч яах юм бэ эгч, наадах чинь шоронд явчих гээд байна ш дээ” гэсэн. Х.С, Э.Б нар өөрсдөө 2.500.000 төгрөгөөр тохиролцож байсан. Э.Б нь тухайн үед өөрийн гараар “Х.Сийг зодсон нь үнэн, хохирлыг нь төлж барагдуулна” гэсэн зүйлийг бичиж өгсөн, үүнийг нь би мөрдөгч танд гаргаж өгье. Ингээд тэд нар явцгаасан. Үүнээс хойш Э.Б гэх залуу хохирлоо барагдуулахгүй, худлаа зүйл яриад яваад байсан. Харин Х.С удалгүй Өмнөговь аймаг руу ажлаа хийхээр явсан. .. Х.С өөрөө шууд аймгийнхаа эмнэлэгт үзүүлэхээр наашаа ирсэн байсан. 7 сарын сүүлээр нэг орой яаралтайгаар эмнэлэгт хүргэгдэн очсон байсан. Улмаар *******эмчлүүлж байхад биеийн байдал дээрдээгүй, тааруу байсан тул эмч нар нь дагуулаад Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Х.С эмнэлэгт очсоноосоо хойш ярих чадваргүй, хүн танихгүй, өмнөх явдлаа санахгүй, утасны дугаар мэдэхгүй зэрэг байдлууд ажиглагдаж байгаа. Надтай уулзахаас 2-3 хоногийн өмнө л Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р багт буюу Э.Б гэх залуугийн хашаан дотор адууных нь зүчээн дотор зодуулсан гэсэн. Яаж байгаад зодуулсанг нь бол мэдэхгүй. Ямар ч байсан X С.Гийг Х.Нийн гэрээс нь дуудаж авч гараад аваад явсан гэсэн. Э.Б гэх залуу л Х.С дүүг маань зодсон гэсэн... Ямар ч байсан Х.Сийн уруул нь сэтэрч, хоёр шүд нь хөдөлсөн байсан. Нуруу хэсэг нь хөхрөлттэй, цээжин хэсэг нь маажуулсан бололтой, хүзүү нь бас боолгосон шинжтэй улайсан байсан. Э.Б гэх залуу шоронд явчихна шүү дээ гээд гуйгаад байсан, дээрээс нь дүү Х.С ч гэсэн өрөвдөөд, өөрөө цагдаад мэдэгдэх шаардлагагүй гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Х.Нийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын хэдний өдөр байсныг мартсан байна. Оройн 21 цагийн үед манай гэрт Х.С, Э.Б, Д.Э.Р гурав орж ирсэн. Х.С “гадуур гарчихаад ирье” гээд хувцсаа солиод манай гэрээс тэр гурав гараад явсан. Х.С нь угаасаа Мөрөн суманд ирэхээрээ манай гэрт байж байдаг юм. Тэгээд шөнө 02 цагийн үед баар хаачихлаа гээд хэдэн пиво бариад манай гэрт ирсэн. Дээрх гурав дээр нэмэгдээд Д.Э.Рын эхнэр хамт орж ирсэн. Тэр эмэгтэй хэсэг байж байгаад С.Г дуудсан. Удалгүй С.Гэрэлтяа гаднаас ганцаараа орж ирсэн. Бид нар хамтдаа пиво ууж суусан. Тухайн үед Д.Э.Рын эхнэр явлаа гээд явчихсан. 06 цаг өнгөрч байхад Э.Б гэр лүүгээ явлаа гэж гарснаа удалгүй буцаж орж ирээд л С.Гийг манайд очъё гээд дагуулаад явсан. С.Г.А, Д.Э.Р хоёр ч гэсэн хамт явсан. Явснаас нь хойш 30 минутын дараа Х.С над руу залгаад Э.Б намайг зодчихлоо, би хашааг нь даваад зугтаж явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 10-р хорооны Номин дэлгүүр дээр байж бай гэж хэлээд тэнд очиход Х.С, Д.Э.Р, С.Г гурав зогсож байсан. Би С.Гийг харахад уруул нь зүүн дээд хэсэгтээ сэтэрчихсэн, нүд нь бүлцийчихсэн хамар амнаас нь цус гарчихсан байсан. Яагаад чамайг зодож байгаа асуухад “Э.Б хашаа руугаа оронгуутаа хашааныхаа хаалгыг түгжээд гэртээ дөнгөж оруулаад учир зүггүй шууд зодоод эхэлсэн, надад юу ч хэлээгүй гэж ярьсан. Тэгээд би энэ гурвыг гэртээ буулгачихаад Э.Бтай уулзахаар түүний гэр рүү явсан. Хашааныхаа үүдэн дээр Э.Б зогсож байхаар нь би түүнээс ямар учраас миний дүүг зодож байгаа юм” гэж асуухад би С.Гтэй өөрөө учираа олчихно, одоо очиж уулзана” гээд манай гэрийн гадаа ирсэн. Тэд нар уулзацгаасан. Э.Б манай дүүд хандаж “хоёулаа тохиролцъё уруулыг чинь сэтэлсэн юм чинь найз нь эмчилгээний мөнгө төгрөгийг нь өгье би цагдаа дээр асуудалтайг чи мэдэж байгаа биз дээ, тохиролцъё” гээд байсан. Х.С уулзъя гээд тэд нар манайхаас яваад өгсөн. Үүнээс хойш би мэдэхгүй. Х.С над руу утсаар залгаад “Өмнөговьд ажил дээрээ байна, бөөр нуруу өвдөөд байна, миний ажил амрахаар та намайг хувийн эмнэлэгт хэвтүүлээд өгөөч” гэсэн зүйл ярьж байсан. Тэгснээ Х.С ажил дээрээсээ ирэлгүйгээр сунаж ажилласан. Ажлынх нь ахлах гэх хүн 2024 оны 07 дугаар сарын сүүлээр над руу утсаар залгаад энэ хүний бие муу байна, чөлөө өгөөд явуулсан, очсон уу” гэж асууж байсан. Х.С Мөрөн суманд ирсэн. Тэгээд бид хоёр эмнэлгээр явж эмчлүүлж эхэлсэн. Улаанбаатар хот руу бас эмчилгээнд яваад 3 хоногийн өмнө ирлээ. Хоёулаа гайгүй согтолттой юм шиг харагдаж байсан. Х.Сийг зодох үед хажууд нь бол би байгаагүй. Царайг нь харахад нүд нь бүлцийчихсэн, уруул нь сэтэрсэн ам, хамраас нь цус гарсан, нуруу нь хөхөрсөн байсан. Өөрөө л Э.Бд зодуулсан гэж хэлж байсан. Д.Э.Р, С.Г.А нар харсан байж магадгүй. Өөр хүн байгаагүй. Манай гэрт пиво ууж байхдаа лав тэр хоёр зүгээр байсан. Э.Б тохиролцъё гээд гуйгаад байсан. Х.С архаг хууч өвчин байхгүй. Одоо манай гэрт хэвтрийн байдалтай байгаа. Бэлхүүснээс доошоогоо мэдээ байхгүй босож явж чадахгүй байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Гэрч С.Г.Агийн өгсөн: “...С.Гийн төрсөн эгч Н.Лийн гэрт 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байхаа сайн санахгүй байна, шөнө 01 цагийн үед очсон. Очиход Н.Л, Э.Б, Э.Р С.Г Э.Рын хуучин салсан найз охин Лхам нийт 5 уулаа архи уугаад юм яриад сууж байсан. Би ороод ууж байсан архи пивоноос уугаад унтаад өгсөн. Гэнэт хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад машиндаа С.Гийг суулгаад аваад явсан удалгүй бид нар араас нь очиход С.Гийн уруул нь хавдсан гарч ирээд намайг Б.Н зодчихлоо гэж хэлсэн. Би тухайн 2 хүнийг зодолдож байхыг хараагүй. Уруул нь хавдсан байсан, цус гараад хатсан юм шиг харагдсан, өөр биед нь ил харагдах гэмтэл байгаагүй, биед нь хэн халдсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Гэрч М.Л өгсөн: “...С.Г одоогоор 10 дугаар хороонд гэрээр хэвтэн эмчлүүлж байгаа би 2,3 удаа очиж үзэхэд миний асуусан асуултанд хариулт бараг хариулж чадахгүй шахуу нилээн байж байгаад тийм, үгүй гэдэг хариултаар хэлж байсан. Зүрхний цохилт хэвийн бус түргэссэн байсан. Тэгээд төрсөн эгч нь бол ухаан санаан орж гараад дэмийрээд байгаа гэж байсан. .. Дараа нь би бас нэг удаа очиж үзэхэд юм асуухаар зарим асуултыг хариулж чадахгүй намайг хаан банкны ажилтан юм уу гээд ухаан санаа нь орж гараад байсан. Амин үзүүлэлт нь тогтвортой байсан. Байнга өвдөж байна гэж байна гэж ёолж байсан. .. Хавсарсан хэлбэрийн сүрьеэ, хоёр уушигны хурц хэлбэрийн тархмал сүрьеэгийн минэнгийт, сүрьеэгийн шалтгаант тархи нугасны эмгэгшил, хоёр хөлний чангарсан саажилт гэсэн оношуудаар эмчлэгдэж байгаа хүн. Мөрөнд 2024 оны 07 сард халдвартад хэвтэж байгаад Улаанбаатар хот руу явсан. Тухайн үедээ хүндрээд бас оношийг баталгаажуулж тодруулах гээд Улаанбаатар хот руу явсан байх. С.Г нь 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон бас байнгын асаргаанд байх хүний хурал гэж болдог тухайн хурлаар ороод байнгын өөр хүний асаргаанд байхаар тогтоолгосон. Тухайн иргэний тархинд эмгэгшил үүсч байгаа болохоор оюун санаа, ухаан нь орж гарах боломжтой..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13360 дугаартай: “... Х.Сийн биед дээд уруулд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Х.С нь сүрьеэ өвчтэй бөгөөд гэмтлийн холбоогүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 10-11 тал/,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний тодорхойлолтоор: “..Хашбатын С.Г хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 24 сараар тогтоож шийдвэрлэв..” гэх дүгнэлт /хх-ийн 80 тал/,
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дүгээр тушаалын арваннэгдүгээр хавсралтаар баталсан СТ-23А, СТ-32, СТ-1 дугаартай түргэн тусламжын дуудлагын хуудас, Х.Сийн өвчний түүх, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны төвийн эмч М.Б-ийн дүгнэлт /хх-ийн 99-144 тал/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.С 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн: ..Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай..” тогтоол /хх-ийн 148 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн: “..Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөг цагдаагийн дэслэгч Ц.Г би Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Х Мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх Мөрдөгчийн даалгавар явуусаны дагуу Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд оршин суудаг Д.Э.Р /утас: / дугаар иргэнээс гэрчийн эрх үүрэг тайлбарлаж хууль сануулж, баталгаа авч гэрчээс мэдүүлэг авах зорилгоор өөрийн дугаарын утсаар гэх дугаарын утас руу холбогдоход “дуудлага хүлээн авах боломжгүй байна" гэх хариу өгсөн ба гэрийн хаяг нь тодорхойгүй байсныг ба мөрдөгчийн даалгавар биелэгдэх боломжгүй байсныг тэмдэглэл бичив... гэх тэмдэглэл /хх-ийн 187-188 тал/,
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.С 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн: “.. эрүүгийн ********** дугаартай хэрэгт хохирогч Х.Сийн хууль ёсны төлөөлөгчөөр Х.Нийг тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н мэдүүлэг авах ажиллагаа явуулахдаа бичиг техникийн алдаа гаргасан байна. Х.Нээс авсан мэдүүлэг бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэг мөн болно...” гэх тайлбар /хх-ийн 189 тал/,
Шүүгдэгч Э.Бы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шиг санаж байна, Х.Сийн эгч Х.Нийн гэрт С.Г, Н.л, Г.А нар хамт архи согтуурулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд хэсэг сууж байгаад би морь тэжээдэг хашаа руу ганцаараа явсан. Тэгээд мориндоо өвс тавьж өгчихөөд эргээд ирсэн. Намайг эргээд иртэл тэд нар хоорондоо маргалдсан байдалтай байсан. Тэгээд машинаас буутал С.Г над дээр ирээд би чамайг алгадчихуу гээд 2 удаа алгадсан. Тэгээд би С.Гийг чи согтсон байна гээд машиндаа суулгаад 10-35-22 тоотод байх морь тэжээдэг хашаандаа цуг очсон. Тэгээд бид 2 юм яриад сууж байтал би чамайг зодно гээд цохих гээд байсан. Тэгэхээр нь би тайвшруулах гээд хэсэг байтал С.Г бүр тайвшрахгүй байхаар нь би гараараа уруул хэсэгт нь нэг удаа мөр хэсэгт нь нэг удаа цохьсон. Эмчилгээний зардалд гаргаж өгсөн зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан: “...Шүүгдэгч Э.Б нь *******10 дугаар багт 2024 оны 3 дугаар сарын 15-ны үеэр хохирогч Х.Сийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Э.Б нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.С.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна...” гэх дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн гаргасан: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нь энэ хуралдаанд ирсэн бол хохиролтой холбоотой мөнгө авчирсан байсан. Дансаар өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн бэ гэхээр эдгээр хүмүүсийн хооронд үл ойлголцох нөхцөл байдал үүссэн. Х.С сүрьеэ өвчний хүндрэлтэй учир уулзах боломж хязгаарлагдмал байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н Х.Сийн сүрьеэ өвчний хүндрэлийн хохирол төлбөртэй асуудлыг төл гэдэг. Тэхдээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон учир бэлэн мөнгө аваад ирсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө ирсэнгүй. Хохирол төлөх, өөрийнхөө үйлдэлд гэмшиж байгаа нөхцөл байдлын харгалзаж үзээд шүүх торгуулийн ял оногдуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н, гэрч Х.С, С.Г.А, М.Л нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13360 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бы гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 15-ны үеэр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *****багтбайх хашаан дотор Х.Сийг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь дээд уруулд сорви бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Сийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Бы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Бы хохирогч Х.Сийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б нь хохирогч Х.Сийн нүүрэн тус газар нь цохиж хохирогчийн биед дээд уруулд сорви бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13360 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Э.Бы гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Бы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13360 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулж авна..” гэх мэдүүлэг тайлбар өгсөн байх тул хохирогч Х.С болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Баас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч .....гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн хувийн байдал хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаа нөхцөл байдал зэрэг байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгж буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Хохирол төлөх, өөрийнхөө үйлдэлд гэмшиж байгаа нөхцөл байдлын харгалзаж үзээд шүүх торгуулийн ял оногдуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Торгуулийн ялыг 500 нэгжээр оногдуулж өгөөч. Миний үйлчлүүлэгч удаа дараа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон орж ирж байгаа боловч тухайн үеийн нөхцөл байдал буюу одоогоос олон жилийн өмнөх нөхцөл байдлуудыг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Ял эдэлж дууссаныг энэ хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлгүй байна..” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Э.Бы хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Э.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Э.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э.Б-с хохирогч Х.С болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН