Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/64

 

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч Н.Энхтулга, шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Б.Тунгалагнаран нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409 03864 0026 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овгийн Д.У, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **д асрагч ажилтай, ам бүл зургаа, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянговь сумын ** гэх газар байнга оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

  Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

  Шүүгдэгч Д.У нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **ийн харьяа ** тоот өрөөнөөс хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “airpod pro 2” чихэвч “PP ohygen” зүрхний цохилт шалгадаг аппарат зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 695,880 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч, Ж овгийн Д.У нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **ийн харьяа **тоот өрөөнөөс хохирогч Б.Б-ийн эзэмшлийн “airpod pro 2” чихэвч “PP ohygen” зүрхний цохилт шалгадаг аппарат зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 695,880 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал), хохирогчоос гаргаж өгсөн хулгайд алдсан эд зүйлс байгаа байршлыг заасан гэрэл зургууд (хавтаст хэргийн 7-12 дахь тал), хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 21-23 дахь тал), гэрч Д.Ё-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), шүүгдэгч Д.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Түүнчлэн, шүүгдэгч Д.У нь шүүх хуралдаанд “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн гаднын нөлөө, дарамт шахалт байгаагүй, хэргийн материалтай бүрэн уншиж танилцсан, маргах зүйл байхгүй, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцсон, хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдсэн, цаашид давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг хүлээн зөвшөөрсөн...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

1.2.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.У нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд тэрээр өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.3.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.У-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох   “Аirpods pro 2”  маркийн чихэвчийг 600,000 төгрөгөөр, “PP Оhygen” зүрхний цохилт шалгадаг аппаратын 95,880 төгрөгөөр, нийт 695,880 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 695,880 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Д.У-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байхын дээр мөн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжгүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.У-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.4.     Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Д.У нь хохирогчтой харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,050,000 төгрөг төлсөн, хохирогч  Б.Б нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй талаар тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.   Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Прокурорын санал болгосон ба яллагдагч Д.У-ийн хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан хүрээ хязгаарын дотор байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэв. Харин прокурорын санал болгосон согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.У-т  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулах хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан санууллаа.

2.2.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ж овгийн Д.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Д.У-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.У-т  гурван сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.             

4.Шүүгдэгч Д.У-т  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.У нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.У-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА