Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 122/ШШ/2022/0005

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: ******* ХХК-ийн гомдолтой,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч *******,       

Гомдлын шаардлага: “Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн “*******” ХХК-д шийтгэл оногдуулсан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0043111 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагатай зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.  

 Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат, хариуцагч  Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч ******* нар оролцов.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч  ******* ХХК нь Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043111 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

2. Хариуцагч нь Сүхбаатар аймгийн прокурорын газраас харьяаллын дагуу шилжүүлсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Оргил супермаркет /******* ХХК/ нь Онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахаар иргэдэд үйлчлүүлдэг лангуундаа байрлуулсан байна гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан зөрчил гаргасан гэж үзээд ******* ХХК-д 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. Татварын улсын байцаагч нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2230000047 тоот зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0043111 тоот шийтгэлийн хуудсаар 10000 нэгжтэй тэнцэх  10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. ******* ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.

4. Гомдол гаргагч ******* ХХК нь Татварын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0043111 тоот шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

2022.02.01-нд Дорнод аймгаас манай эхнэрийн найз дэлгүүртээ хэдэн ширхэг виски зараад өгөөч гэж гуйж байсан. Уг вискиг дэлгүүртээ лангуунд өрөөд тухайн өдөр face хаягтаа байршуулж зар тавьсан. Зар тавиад удаагүй байтал эргүүлийн цагдаа ирээд 13 ширхэг вискиг тэр өдөр хураан авсан. Би өөрөө дэлгүүрийн дотоод ажилд оролцдоггүй, манай эхнэр хариуцаж ажиллуулдаг. Онцгой албан татварын акцгүй архи худалдан борлуулж болдог үгүйг би мэдэхгүй. Татварын байцаагч акцгүй архи зарснаа хүлээн зөвшөөрч байна уу гэхэд нь тийм гэж гарын үсэг зурсан. Худалдаж борлуулсан зүйл бол байхгүй. 13 ширхэг виски ирээд л зар тавиад хураагдсан. Манай дэлгүүр нэг ч ширхэг архи виски зараагүй учир 10.000.000 төгрөгийн шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани банканд 210.000.000 төгрөгийн зээлтэй, 3 жилийн хугацаатай сар бүр 9.000.000 төгрөг төлдөг. Үндсэн 3 ажилтантай, сар бүр 2 сая төгрөгийн цалин өгдөг, мөн татварын алба болон нийгмийн даатгалд жилд 3-4 сая орчим төгрөг төлдөг. Иймд  Татварын байцаагчийн тавьсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Дорнод аймагт байдаг манай нэг найз хэдэн шил виски зараад өг гэж гуйсан. Акцгүй архи, согтууруулах ундаа зарж борлуулж болохгүй гэдгийг мэддэггүй, хүнд тус болоод зараад өгье гээд facebook  дээрээ тавьсан. Тэгээд цагдаа ирээд энэ үйлдэл чинь Зөрчлийн тухай хуулиар 10 сая төгрөгийн торгуультай гэж хэлсэн. Тэр 13 ширхэг вискиг зарж борлуулсан зүйл бол байхгүй. Иймд 10.000.000 төгрөгийн торгуулийг төлөх боломжгүй байна.

5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд гомдол гаргагч ******* ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Бид бүхэн онцгой албан татварын акцгүй архи байсан талаар маргахгүй. Цагдаагийн байгууллагаас үзлэг шалгалт хийгээд хураан авсан баримт нь хавтаст хэрэгт байгаа. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т дэх заалт нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн эсхүл худалдсан, эсхүл борлуулсан гэж байгаа. Гомдол гаргагч нь албан татварын тэмдэггүй 13 ширхэг архийг лангуун дээрээ байрлуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хуулийн агуулгыг хархаар худалдсан эсхүл борлуулсан гэсэн төгс үйлдэл байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтын хүрээнд байх ёстой. Лангуун дээр 13 шил архи байсан. Үүнээс хэд нь зарагдсан гэхээр нэг ч зарагдаагүй байгаа. Үүнээс үзэхэд согтууруулах ундаа борлогдсон гэсэн үйлдэл тогтоогдохгүй байна. Эрх бүхий албан тушаалтны хувьд энэ худалдан борлуулсан гэдгийг нотлох баримтаар нотлох ёстой байсан. Цагдаагийн байгууллага худалдсан борлуулсан гэдгийг нотлоогүй. Онцгой албан татварын тэмдэггүй архи лангуун дээрээ байрлуулсан байсан гэж үзээд хураан авч тэмдэглэл үйлдсэн байна. Иймд татварын улсын байцаагчийн онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсныг нотлоогүй байж  шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гомдол гаргагч хууль эрх зүйн мэдлэггүй учраас тэмдэггүй архи зарсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн ч дэлгүүрийн үйл ажиллагаанд оролцдоггүй учир борлуулсан эсэхийг мэдэхгүй байгаа. Энэ компани 210.000.00 төгрөгийн зээлтэй, сар болгон 9.000.000 төгрөгийн зээл, ажилчдадаа сар болгон 2.000.000 төгрөгийн цалин, нэмэгдсэн өртгийн албан татвар, ус дулаан, нийгмийн даатгал төлдөг. Ийм нөхцөлд татварын байцаагч аж ахуй нэгж байгууллагаа дэмжээд нотлогдохгүй асуудлаар торгохгүй байх боломж байсан. Зарсан борлуулсан гэдэг нь лангуун дээрээс аваад касс дээр бичүүлээд и баримт авснаар л нотлогдоно. Энэ зөрчлийн тухайд зарсан, борлуулсан асуудал нотлогдоогүй, энэ талаар хавтаст хэрэгт ямар ч баримт авагдаагүй. Ийм учраас гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг дэмжиж байгаа учир татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч албан тушаалтай, цагдаагийн дэслэгч Э.Пүрэвдоржоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Оргил” миний маркет нь “Татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан борлуулахаар иргэдэд үйлчилдэг лангуунд байрлуулсан байна” гэх гомдлыг хүлээн авч хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлж тэмдэглэл үйлдэж, эд зүйл хураан авч, холбогдогчоос мэдүүлэг авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын нэгдсэн санд бүртгүүл, Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Манилцэцэгийн 2022.01.26-ны өдрийн 01 тоот тогтоолоор харьяаллын дагуу Сүхбаатар аймгийн татварын хэлтэст шилжиж ирсэн.

Хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч ******* миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-т заасны дагуу гомдол, мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

******* ХХК нь “тэмдэггүй архи, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно” гэсэн Онцгой албан татварын тухай хуулийг зөрчсөн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа.

Үүнд: Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэслэгч Э.Батцэнгэл 2022.01.21-ний өдөр тусгай зөвшөөрөл арга хэмжээний хүрээнд эргүүлийн үүрэг гүйцэтгэх үед ******* ХХК-ийн “Оргил” мини маркет онцгой албан татварын тэмдэггүй нэр бүхий согтууруулах ундааг худалдан борлуулж байсныг илрүүлж, татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулж байсныг илрүүлж, татварын тэмдэггүй согтууруулах ундааг хураан авсан тэмдэглэл үйлдсэн байна.

Холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батболд болон түүний эхнэр ******* нар мэдүүлэгтээ үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрдөг ба ямар нэгэн байдлаар маргадаггүй.

Тухайн үйлдэлд 2022.01.28-ны өдөр 2230000047 дугаар авсан ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дуусгаад Сүхбаатар аймгийн прокурорын газарт хянуулахаар хүргүүлсэн ба зөрчлийн хэргийн хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Манилцэцэг хяналт тавьж Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомж зөрчсөн ажиллагаа байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан.

Иймд ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Батболдын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн талаас гаргасан энэ зөрчил бол 2022 оны 01 сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагаас эргүүлийн үүрэг гүйцэтгэж  байсан Пүрэвдорж гэдэг цагдаа дэслэгч эргүүлийн үүрэг гүйцэтгэж  яваад ******* ХХК-ийн Оргил мини маркет дэлгүүрт хянан шалгалт хийсэн байсан. Ингээд тухайн дэлгүүр нь онцгой албан татварын тухай хууль болон онцгой албан татварын тэмдгийн тухай хуулиар хориглосон бараа болон согтууруулах ундааг өөрийн facebook хаяг дээр байршуулсан. Мөн иргэдэд худалдаалдаг дэлгүүрийнхээ лангуун дээр байрлуулсан зөрчлийг үйлдсэн байсан. Үүнийг газар дээр нь шалгаад зөрчлийг илрүүлээд эрх бүхий албан  тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн гэж үзэж тэмдэглэл үйлдсэн байсан. Энэ тэмдэглэлээр ч тогтоогдож байгаа.

Мөн онцгой албан татварын тухай хуулийн тэмдэггүй буюу наалтгүй 13 ширхэг согтууруулах ундааны зүйлийг хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан үзлэг хийж хураан авсан. Энэ тухай тэмдэглэл үйлдсэн ба баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Аж ахуйн нэгжийн хууль ёсны төлөөлөгч буюу Батболд, өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Алтансувд нар нь энэ талаар мэдүүлэг өгсөн ба зөрчил гаргасан болох нь хангалттай нотлогдож байгаа.

Иймээс эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр нь хууль ёсны дагуу гэж үзэж байгаа. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд нь Зөрчлийн хэрэгт хяналт тавьдаг прокурор нь хяналт тавьсан. Энэ зөрчлийн хэрэгт зөрчлийн тухай хууль болон зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн ямар нэгэн зөрчил байхгүй, прокурорын зүгээс дүгнэлт бичигдээгүй эрх бүхий албан тушаалтанд ирсэн байгаа.  

Иймээс зөрчил гаргагчийн гомдол нь үндэслэлгүй, Эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь хууль ёсны гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ ******* ” ХХК-ийн захирал Д.Батболд нь шүүхэд хандан Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******ын 2022 оны 02 дугаар сарын 11-ний “зөрчилд шийтгэл оногдуулах тухай ” 0043111 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн  шаардлагатай гомдол гаргасан байдаг ба энэ шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

Гомдлын шаардлагын хүрээнд маргааны зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна гэж үзлээ.

Учир нь татварын улсын байцаагчийн  шийтгэлийн хуудас нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т “ оролцогч нь энэ хуулийн . . . 6.12 /татварын улсын байцаагч /-ын шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ ” гэсэн байх тул Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж, хэлэлцэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

  1. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, оролцогчдын тайлбарыг үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 6 сар хүртэл хугацаагаар  түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
  2. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Оргил мини маркет нь татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулахаар иргэдэд үйлчилдэг лангуунд байрлуулсан байна гэх гомдлыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Э.Пүрэвдорж нь хүлээн авч тэмдэггүй гэх 13 шил архийг хураан авч, холбогдогчоос мэдүүлэг авч ажиллагаа хийсэн зөрчлийн материалыг Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Манилцэцэг нь  2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот тогтоолоор харъяаллын дагуу Сүхбаатар аймгийн Татварын хэлтэст шилжүүлжээ.
  3. Татварын улсын байцаагч Х.Бат-Очир нь дээрх материалыг хүлээж аваад Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний / 10000000 / төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

2.2 Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн агуулгаас харахад  тэмдэггүй согтууруулах ундаа ... худалдсан, борлуулсан байх нөхцөл тавигдаж байх ба уг үйл баримт нь нотлох баримтаар нотлогдсон байх хуулийн шаардлага тавигдаж байна.

2.3  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан ба татварын улсын байцаагч нь зөрчил гаргагчийг  онцгой албан татварын тэмдэггүй архи худалдсан, борлуулсан үйл баримтыг нягтлан шалгах ажиллагаа хийгээгүй,  нотлох баримтаар тогтоогоогүй нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн хуриуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******ын  2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0043111 дугаар шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болохыг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  5. Хэргийн оролцогч, өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, өмгөөлөгч 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ЭРДЭНЭТУЯА