| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
2025 02 19 2025/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,
улсын яллагч М.Бамбадорж,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-т холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406053960118 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ............... дүүргийн 00 дүгээр хороо, Товчоо 0-00 тоотод оршин суух,
-урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 2024/ШЦТ/828 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Н-н О /РД:КК00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь архи ууж согтуурсан үедээ 0000 оны 00 дугаар сарын 00-ны шөнө Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр “..........” сургуулийн орчимд хохирогч Ж.Ж-тай маргалдаж хавсарч унагаан, нүүрэн тус хэсэгт нь гараараа цохин зодож, түүний биед баруун дээд 3-р шүдний булгарал, завжинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, зүүн чихний дэлбэн, ар хөхлөгт цус хуралт, зүүн чамархай, дух, хоншоор, зүүн эгэм хэсэг, нуруу, баруун шуунд зулгаралт, баруун тохойнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
1. Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн хийсэн гэмт хэрэгт чин сэтгэлээсээ гэмшиж байна. Ээждээ хэлсэн, хоёулаа амьдардаг, ээжийгээ өрөвдөж байна. Би цаашдаа зөв амьдрахаа амлая. Хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
2. хохирогч Ж.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ажлаа тараад Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүхээ худалдааны төвийн гадна өөрийн найз А-тэй тааралдаад хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд буцаад гэрлүүгээ 21 цагийн орчимд явган ганцаараа явж байсан ба сургуулийн баруун талын гудамжаар ороод явж байтал хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй 10 орчим залуучууд зогсож байсан. Намайг “хөөе” гэж дуудаад би хэсэг юм ярьж байгаад явтал 2 залуу миний ардаас хөөж ирээд хавсарч унагаад зодсон, хохирогч Ж.Ж-ы дахин өгсөн “...Тухайн өдөр тэдгээр залуусын О гэдэг залуу намайг араас дэгээдэж унагаагаад миний нүүр рүү гараараа 3 удаа цохиод, дээрээс хөлөөрөө дэвсээд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-17 дахь тал);
3. Гэрч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ботаникт бид нар очоод Ш-н ах гэх хүнтэй уулзаад байж байтал Ш гудамжинд шээгээд зогсож байтал нэг хөгшин ах хажуугаар явж байхдаа “адуу шиг шээдийн бэ” гэж хэлтэл Ш ах гэх хүн цаанаас “чамд ямар хамаатай юм бэ зайл” гэж хэлээд, тэр ахтай хэрэлдсэн. Хэрэлдэж байтал О тухайн хөгшин ах руу гүйж очоод нүүр ам руу нь цохиж зодож байгаад буцаад ирсэн. Тухайн ах тэнд орилоод байж байхад нь Ш-н ах гэх хүн надад хандаж “чи эрүүл юм чинь чи очоод тэр ахыг явуулчих” гэж хэлэхээр нь би тэр ах дээр явж очоод уучлалт гуйгаад “манай найз согтуу байгаа юм аа" гэж хэлтэл тухайн хөгшин ахын амнаас нь цус гарч байсан. Би буцаж ирээд О-тай уулзаад “чи энэ ахын нүүр ам руу яах гэж цохьсон юм бэ хамар амнаас нь цус гараад байна” гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм бэ” гэж уурлаад дахиад тэр ах дээр очоод зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
4. Насанд хүрээгүй гэрч М.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сургуулийн хажууд үулзаад байж байтал Х ах унтчихсан, үлдсэн хэд нь архи согтууруулах ундаа хэрэглэж байтал нэг хөгшин ах явж байгаад М-г ямар адуу шиг шээдэг юм бэ гэж хэлчихээд явсан. Гэтэл О араас нь гүйж очоод тэр ахын нүүр рүү нь цохиод буцаж ирээд байж байтал Х ах очиж уулзаад буцаж ирээд чи арай аймар цохичихсон байна ш дээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29 дэх тал),
5. “үл таних хүмүүс зодсон” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),
6. Мөрдөгчийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмэдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 44-51 дэх тал),
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №10295 дугаартай ...Ж.Ж-ы биед баруун дээд 3-р шүдний булгарал, завжинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, зүүн чихний дэлбэн, ар хөхлөгт цус хуралт, зүүн чамархай, дух, хоншоор, зүүн эгэм хэсэг, нуруу, баруун шуунд зулгаралт, баруун тохойнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой, Дээрх гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоодлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 39-41 дэх тал),
8. Хохирогч Ж.Ж-ы “...Н.О миний хохирлыг барагдуулсан тул би сэтгэл санааны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршиг, эд зүйл нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 96 дахь тал), шүүгдэгч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-92 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Н.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Н.О нь хохирогч Ж.Ж-д учирсан хохирлыг төлж барагдуулсан, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоолыг мэдэгдэхэд татгалзаагүй байх тул шүүгдэгч Н.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэгт 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР