Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
Хэргийн индекс | 182/2016/01321/И |
Дугаар | 182/ШШ2019/00913 |
Огноо | 2019-05-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2019/00913
2019 оны 05 сарын 15 өдөр Дугаар 182/ШШ2019/00913 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “К” ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК -д холбогдох,
“Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээ”-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 24,025,000 төгрөг, төхөөрөмжид зориулагдсан картын үнэ 460,000 төгрөг, картын дэвсгэр дээрх бичилтийн үнэ 200,000 төгрөг, алданги 16,156,800 төгрөг, нийт 40,841,800 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“Гэрээний үлдэгдэл төлбөрт 8,288,600 төгрөг, алданги 4,144,300 төгрөг, нийт 12,432,900 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч Т.Жигмэддагвын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““К” ХХК нь “М” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13/135 тоот “Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч “М” ХХК нь 32,313,600 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүйгээр захиалагчид гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор нийлүүлж, ажлын 5 хоногийн дотор зохих шаардлагын түвшинд суурилуулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
Захиалагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гэрээ байгуулсан өдөр гэрээний үнийн дүнгийн 60 хувийн төлбөр болох 17,625,600 төгрөгийг төлсөн ба гэрээний 10 дугаар зүйлийн 10.5-д заасны дагуу тоног төхөөрөмж угсрахад зайлшгүй шаардлагатай зориулалтын суурь цементэн тавцан болон харуулын путикийг бид сарын дотор хийж гүйцэтгэсэн.
Гэтэл гэрээ байгуулснаас хойш сарын дараа, гэрээ ёсоор тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн байх ёстой тэр үед “М” ХХК-ийн захирал Б.Түвшинбаяр нь хүсэлт гаргасны дагуу 10 дугаар сарын 30-нд гэрээний 22 хувьтай тэнцэх төлбөр болох 6,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл “М” ХХК нь тухайн төхөөрөмжийг нийлүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Үүнд: Гэрээгээр нийлүүлэх тоног төхөөрөмжийг тохирсон хугацаанд нийлүүлээгүй, хугацаа хэтрүүлж нийлүүлэхдээ гэрээгээр тохирсон тоо хэмжээгээ дутаасан. “М” ХХК гэрээний дагуу нийлүүлэх 4 метрийн урттай 3 ширхэг зогсоолын хаалт нийлүүлэхээс 1 хаалт, дагалдах тоног төхөөрөмжийг нь дутаасан ба огт захиалаагүй байсан. Үүнийгээ захирал Б.Түвшинбаяр нь тайлбарлахдаа “захиалгадаа оруулаагүй мартсан байна лээ, дахин захиалъя” хэмээн 2014 оны хаврыг хүргэсэн.
Гэрээгээр талууд карт уншигч төхөөрөмжийг -45°с +65°с-д ажиллах чадвартай байхаар тохиролцсон. Гэтэл карт уншигч төхөөрөмж нь энэ шаардлагыг хангахгүй байсан.
“Баянзүрх их дэлгүүр”-ийн туслах зам нь урдаасаа болон хойноосоо хоёр чиглэлээр машин явах нийтийн батлагдсан эзэмшлийн газар юм. Гэтэл дараа нь авчирсан захиалгадаа оруулаагүй мартсан гэх 3 дахь зогсоолын хаалт, түүний төхөөрөмж нь карт уншигч, машин орж гарахад машины цаг бүртгэж талон хэвлэх боломжгүй, зөвхөн харуулын байрнаас онгойлгох системтэй хаалтыг нийлүүлсэн байсан.
2014 оны 04 дүгээр сарын 10-нд анх тоног төхөөрөмжийг угсран туршилт хийхэд доор дурьдсан доголдлууд үүссэн учраас хүлээж авах боломжгүй болсон.
Тухайлбал: Зогсоолын талбайд карт авч орсон машин картаа хүлээн авагч төхөөрөмжид хийж уншуулахад хариу үйлдэл үзүүлэхгүй, хаалт онгойхгүй байсан. Энэ нь карт хүлээн авагч төхөөрөмжийн тэжээлийн блок үйлдвэрийн гэмтэлтэй байсантай холбоотой бөгөөд үүний улмаас төхөөрөмжид хангахуйц хүчдэлийг өгч чадахгүй, карт уншигч нь ажиллахгүй байна гэсэн дүгнэлтийг “М” ХХК-ийн ажилтнууд хийж шинэ төхөөрөмж захиалахаар болсон.
Тоног төхөөрөмжийн бусад эд ангиуд (хаалтыг харуулын байрнаас энгийн байдлаар карт уншуулахгүйгээр зогсоолын хаалтыг нээх болон хаахад онгойхгүй эсвэл хаагдахгүй)-д алдаа зааж байсан гэх мэт.
Иймд 2014 оны 04 дүгээр сарын 10-нд анхны туршилт хийх явцад илэрсэн бүхий л алдаатай холбогдуулан “Баянзүрх их дэлгүүр”-ийн менежер Б.Болд “М” ХХК-ийн гүйцэтгэлийн Акт үйлдэх баримтуудтай танилцаад 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаар албан тоотоор “Гэрээт ажлын биелэлтийг хангаж, зөрчлийг бүрэн барагдуулах талаар” шаардлага хүргүүлж байлаа.
Дээрх доголдолтой карт хүлээн авагчийг тоног төхөөрөмжийг нийлүүлэгч тал шинээр төхөөрөмжид суурилуулж туршихад мөн л дараах алдаанууд зааж байсан.
Үүнд: Төлбөртэй зогсоолд хэрэглэгдэх айди /ID/ карт нь уншихгүй, буцаж гарч ирэхгүй төхөөрөмжиндөө үлддэг, мөн цагийн зогсоолын талон буюу баримт нь алдаатай хэд хэдэн машинд туршихад баримт нь гарч ирэхгүй саатах, ихэвчлэн алдаа зааж байсан.
Гэвч энэхүү доголдлын талаар “М” ХХК нь өнөөг хүртэл бодитой онош тогтоож албан ёсоор дүгнэлт гаргаагүй, ажилтнууд нь ирээд засаж чадалгүй төхөөрөмжийнхөө зарим хэсэг эд зүйлсээсээ аваад буцааж хийх, солих гэх мэтээр ирж байгаад сүүлдээ сураггүй болсон.
Удирдлагын гэх компьютерийг шалгуулахад тухайн програм хангамж бүхий төв удирдлагын (Делл /dell/-ийн офтиплекс /Optiflex/ 990) компьютер нь програм ажиллуулахад хангалтгүй, принтер болон бусад компьютер, мөн дотоод сүлжээнд холбогдох ямар ч боломжгүй,
-Dell ОРТIFLЕХ 990 компьютерийн хайрцагт ОРТIFLEX 790-ийн эх хавтан суурилуулсан байсан бөгөөд ОРТIFLEX 990 нь Q67 chipset-тэй байх ёстой боловч ОРТIFLEX 790 нь Q5 сhipset-тэй;
Мөн компьютерийн график карт хангалттай хэмжээнд хүрэхгүй, гэрээнд заасан үнийн дүнтэйгээ хэзээ ч дүйцэхгүй сэлбэг, програмтай талаар байна гэдгийг хэлсэн.
Ийнхүү нийлүүлэгч тал үйлдвэрийн гэмтэлтэй тоног төхөөрөмж ирүүлж, мөн бусад гэмтлүүдийг өөр ижил төрлийн хэрэглэгдэж байсан сэлбэгүүдээр орлуулсан, Хяналтын төв удирдлагын систем гэх 5,650,000 төгрөгийн компьютер нь хуучин, хоцорсон, үүнтэй уялдан өнөөг хүртэл тухайн төхөөрөмжүүдийг ашиглах боломжгүй болгож, гэрээний үүргийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн ба бидний зүгээс хариуцагч компанийг энэ алдаагаа засах, доголдлыг арилгах талаар нилээдгүй хугацаанд боломж олгосон боловч өнөөг хүртэл төхөөрөмжийн доголдлыг арилгаагүй тул манай компани нь гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д заалтын дагуу гэрээгээ цуцалж байгаа тухай 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 тоот, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 69 тоот мэдэгдэл, шаардлагуудыг хүргүүлж байсан.
Түүнээс гадна гэрээний хавсралт, төхөөрөмжийн үнийн саналын 7 дахь хэсгийн төлбөртэй зогсоолд хэрэглэгдэх 200 ширхэг ID картын үнэ 460,000 төгрөг, 2 талдаа хэвлэхэд 200,000 төгрөг, нийт 460,000 төгрөгийн үйлчилгээг “Медиа тех” компанийн өмнөөс манай компани нь тусгай хэвлэлийн компаниар хийлгүүлсэн билээ. Гэтэл дээрх машины цаг бүртгэх карт унших гол төхөөрөмжүүд нь өнөөг хүртэл ашиглагдах боломжгүй байгаагаас энэхүү карт нь ашиглагдахгүй байна.
Манай компанид ирүүлсэн “Стандартчилал, хэмжил зүйн газар”-ын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн албан тоотоор “М” ХХК нь Монгол улсын стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3.18, 9.1, 9.2, 16.4 дэх заалт болон 24.1.3-т заасны дагуу “...шинэ технологи, бүтээгдэхүүнийг олон улсын эсвэл гадаад орны стандартыг бүртгүүлэн, тохирлын гэрчилгээ авсны үндсэн дээр тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлж, ашиглах үүрэгтэй”-г ноцтой зөрчиж, “Стандартчилал, хэмжил зүйн газар”-т энэ төрлийн ямар ч бүтээгдэхүүнийг бүртгүүлээгүйг мэдсэн.
Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн “Жиньжэнь” хотын үйлдвэрлэгчтэй нь холбогдож талуудын гэрээгээр тохиролцсонтой адил карт уншигч, хаалтын төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, үнийн тарифыг авахад гэрээнд тусгагдсан нөхцөлүүдээс зөрүүтэй байсан нь бусдыг мэхэлж гэрээ хийсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Тухайлбал, карт уншигч төхөөрөмж нь тухайн үйлдвэрээс и-мэйлээр ирүүлсэн баримтад -25° +65° хэмд зөвхөн ажиллах боломжтой байжээ.
Ийнхүү хариуцагч “М” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь заалтуудыг зөрчиж тухайн үйлдвэрээс авсан эсэх нь тодорхойгүй, “Стандартчилал, хэмжил зүйн газар”-т шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүнээ бүртгүүлээгүй, баталгаагүй бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 13/135 тоот гэрээний үүргээ биелүүлэн биет байдлын болон эрхийн доголдолгүй тоног төхөөрөмж нийлүүлэх талаар удаа дараа албан шаардлага, мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл дээр дурьдсан асуудлуудыг эцэслэн шийдвэрлээгүй тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иймд гэрээний дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүн захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээг бүхэлд нь цуцалж, “М” ХХК-иас гэрээний төлбөрт төлсөн 24,025,000 төгрөг, төхөөрөмжид зориулагдсан тусгайлсан картын үнэ 460,000 төгрөг болон картын дэвсгэр дээрх бичилтийн үнэ 200,000 төгрөг, талуудын гэрээний 12.1, 12.5 дахь заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги болох 16,156,800 төгрөг, нийт 40,841,800 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч Б.Түвшинбаяр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “К” ХХК-ийн нэхэмжлэлд “...”М” ХХК-ийн захирал Б.Түвшинбаяр нь надад зайлшгүй шаардлагатай мөнгөний хэрэгцээ байна, танай төхөөрөмжүүдийг захиалсан удахгүй Монголд ирнэ, гэрээний төлбөрөөс нэмж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан тухай...” дурдсан байна.
Уг мөнгийг өөртөө бус, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр тухайн байгууллагын тоног төхөөрөмжтэй холбоотой зардлыг санхүүжүүлэх зорилгоор хүссэн бөгөөд тухайн үед уг тоног төхөөрөмжүүдийг захиалсан байсан бус тухайн үед орж ирсэн байсан болно.
Тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд дараах тайлбараар няцааж байна. Тоног төхөөрөмжийг тогтоосон хугацаанд суурилуулсан.
Нэхэмжлэлийн 1-д “... “М” ХХК гэрээний дагуу нийлүүлэх 4 метрийн урттай, 3 ширхэг зогсоолын хаалт нийлүүлэхээс 1 хаалт дагалдах тоног төхөөрөмжийг нь дутаасан ба огт захиалаагүй ба захиалгадаа оруулаагүй мартсан байна лээ дахин захиалъя..” гэсэн байна.
Бодит байдал дээр уг тоног төхөөрөмжийг 1 сарын дотор нийлүүлж угсарсан.
Нэхэмжлэлийн 2-т “...Гэрээгээр талууд карт уншигч төхөөрөмжийг 45°С +65°С-д ажиллах чадвартай байхаар тохиролцсон (гэрээний хавсралтын 1 дэх хэсэгт тусгагдсан карт уншигч төхөөрөмжүүд нь -40°С-д ажиллах нөхцөлтэй байсан) Гэтэл карт уншигч төхөөрөмж нь энэ шаардлагыг хангахгүй байсан...” гэсэн байна. Үүнд:
а.Ямар ч тоног төхөөрөмжид нэмэлт халаагч төхөөрөмж тавьдаг ба үүнийг бид зохих ёсны дагуу тавьж угсарсан.
Нэхэмжлэлийн 3-т “...“Баянзүрх их дэлгүүр”-ийн туслах зам нийтийн эзэмшлийн газар юм. Гэтэл дараа нь авчирсан захиалгадаа оруулаагүй мартсан гэх 3 дахь зогсоолын хаалт, түүний тоног төхөөрөмж нь карт уншигч, машин орж гарахад машины цаг бүртгэж талон хэвлэх боломжгүй, зөвхөн харуулын байрнаас онгойлгох системтэй хаалтыг нийлүүлсэн байсан. Энэ талаар анх гэрээ хийхийн өмнө захирал Б.Түвшинбаяртай машины цаг бүртгэх төхөөрөмж зайлшгүй нийлүүлэх талаар удаа дараа урьдчилан ярилцаж байсан..” гэсэн байна.
Үүнд: Баянзүрх их дэлгүүрийн туслах замыг нийтийн эзэмшлийн талбай гэж ярьж байсан удаагүй бөгөөд тус дэлгүүр нь 2 талдаа байрлах байгууллагуудтай ярилцаж тохиролцож шийдэх тухай ярьж байсан. Мөн тус 2 байгууллагатай ярилцаж тохиролцож чадаагүй бидний ажилд саад болж байсан тухай бид 2016 оны 01 дүгээр сарын 27-ны А16/014 тоот албан бичигтээ бид дурдаж байсан болно.
Ярилцаж тохиролцсоны дагуу 3 ширхэг автомат хаалт, 2 ширхэг орох гарах төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслүүдийн хамт нийлүүлэхээр гэрээ байгуулсны дагуу нийлүүлж угсарсан.
Нэхэмжлэлийн 3-т дурдсанчлан машины цаг бүртгэж, талон хэвлэх төхөөрөмжийн талаар гэрээнд тусгагдаагүй болно. Дутуу байсан гэх төхөөрөмж нь 2013 оны 09 дүгээр сарын 30-ны Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээ №13/135-н үнийн саналын №2-т байгаа 3 ширхэг хаалтын нэг нь юм.
Нэхэмжлэлийн 4-т: Зогсоолын талбайд карт авч орсон машин картаа хүлээн авагч төхөөрөмжид хийж уншуулахад хариу үйлдэл үзүүлэхгүй, хаалт онгойхгүй байсан гэж дурдсан байна. Уг гэмтлийг тэжээлийн блокийг сольж тавьснаар шийдвэрлэсэн.
Тоног төхөөрөмжийн бусад эд ангиудад алдаа зааж байсан тухай дурдсан нь худал болно.
Гэрээт ажлын биелэлтийг хангаж, зөрчлийг бүрэн барагдуулах талаар дурдсан байна. Тухайн ажлын даалгаврыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэн ажилд бэлэн болгосон.
Нэхэмжлэлийн 5-д дурдсан талаар хариу тайлбар: Төхөөрөмжийг суурилуулж дуусаад Б.Болдод хэвийн ажиллагааны үйл явцыг шалгуулж ажил хүлээлцэх акт үйлдээд Т.Жигмэддагва захирлаар гарын үсэг зуруулж тамгалуулна гэж хэлээд аваад явсан. Улмаар актыг баталгаажуулж өгөлгүй байсаар Т.Жигмэддагва ажил ихтэй байна, шүүх хуралтай байна эсвэл Япон улсад эмчилгээнд явсан гэх мэт шалтгаан тоочсоор 2014 оны 7-8 сарын үед Б.Болд нь ажлаасаа гарсан байсан.
Тоног төхөөрөмжийг ажилд оруулж 14-21 хоног ажиллуулах, энэ хугацаанд тухайн систем дээр ажиллах операторыг сургах байсан. Удаа дараа оператор гаргаж өгөхийг шаардсан боловч хүн бэлэн биш байна, хөрш 2 байгууллагатай тохиролцоонд хүрээгүй гэсээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
“М” ХХК нь өнөөг хүртэл бодитой онош тогтоож албан ёсоор дүгнэлт гаргаагүй, ажилтнууд нь ирээд засаж чадалгүй төхөөрөмжийнхөө зарим хэсэг эд зүйлсээсээ аваад буцааж хийх, солих гэх мэтээр ирж байгаад сүүлдээ сураггүй болсон гэдэг нь худал бөгөөд энэ хугацаанд бид гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн албан тоот өгөх зэргээр хандаж байсан.
Компьютер, програм хангамжийн талаар гаргасан гомдлын тухайд: Компьютер, програм хангамж ажиллуулах техникийн үзүүлэлт шаардлагыг хангалттай илүү хангасан компьютер, програм хангамж болохыг нотлох материалыг хүргүүлж байсан болно. Мөн 2013 онд Windows ХР үйлдлийн систем дэлхий нийтэд ашиглаж байсан ба одоо ч ашиглагдаж байгаа. Тухайн хяналтын компьютерийн програм хангамжийн ажиллах хүчин чадал нь үйлдвэрлэлийн шаардлагыг бүрэн хангаад зогсохгүй илүү хүчин чадалтайг нотлох баримтыг хавсаргав. 2014 оны 04 дүгээр сард тоног төхөөрөмжийг бүрэн ажиллуулж хүлээлгэн өгсөн боловч актыг зураагүй, хүлээн авахаас татгалзсан болон өөр ямар нэгэн тайлбар өгөөгүй байсаар 2014, 2015 оныг дуусгасан.
ID картын тухайд: Энэхүү карт нь үнийн саналд 2 талдаа зураг хэвлэх боломжтой ч зураг хэвлэх үнэ ороогүй зөвхөн ID картын үнэ болно. Зураг хэвлэхгүй ч байсан болох ба тухайн байгууллагын өөрийн үзэмжийн асуудал болно. “ID” картыг төхөөрөмжид таниулж ажиллагаанд оруулж бэлэн болгон хүлээлгэн өгсөн ба одоо ашиглах, эс ашиглах нь тухайн байгууллагын асуудал юм.
Карт уншигч төхөөрөмжийн үйлдвэрийн техникийн үзүүлэлтийн талаар дурдахад нэмэлт халаагч тавьж суурилуулдаг болохыг дээр дурдсан билээ.
Бид бэлтгэн нийлүүлэгч байгууллагаасаа уг тоног төхөөрөмжийг худалдан авсан талаарх нотолгоо байгаа. Стандарт, Хэмжил Зүйн газраас тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд MNS стандартын гэрчилгээ, тохирлын тэмдэг заавал авах эсэх талаар хүсэлт гаргасан болно Бусад тайлбарууд:
“М” ХХК нь төлбөр барагдуулах талаар анх 2015 оны 12 дугаар сарын 23-нд мэдэгдлийг “К” ХХК-д өгч байсан. Үүний дараа “К” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны 02 тоот шаардлага нэмэх албан тоот өгсөн. Энэ шаардлагад дурдсан бүх зүйлийн хариу тайлбарыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны №16/014 тоот албан бичгээр мэдэгдсэн.
2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус төлбөр барагдуулах талаар албан бичгүүдийг “К” ХХК-д хүргүүлж байсан болно.
Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш ямар нэгэн тайлбар болон бичгийн хариу өгөхгүй байсаар 2016 оны 06 дугаар сарын 03-ны №69 тоот шаардлага гэгчээр (төлбөр барагдуулахаас илт зайлсхийсэн) ор үндэслэлгүй гүтгэсэн.
Иймд, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай компанийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохыг дээр дурдсан тайлбаруудаар баталж байна.” гэв.
Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч Б.Түвшинбаяр болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хугацаанд нь заасан газарт суурилуулсан бөгөөд “К” ХХК нь гадаах дэлгүүрийн орц гарцын асуудлаа бусад байгууллагуудтай тохиролцож чадаагүйн улмаас шийдвэрлээгүй хугацаа алдаж тоног төхөөрөмжийг хэвийн ажиллахад саад болж байсан. Бид “К” ХХК-д тоног төхөөрөмжийг суурилуулан хэвийн үйл ажиллагаанд оруулан хүлээлгэн өгөх оролдлогыг олон удаа хийсэн боловч ерөнхий захирал Т.Жигмэддагва нь уг асуудлыг манай байгууллагыг төлөөлөн н.Болд гэдэг хүн хариуцаж байгаа болохоор түүнд хүлээлгэн өг гэсний дагуу хүлээлцэх актыг үйлдэн н.Болдод гарын үсэг зуруулахаар өгсөн боловч өнөөдрийг хүртэл бидэнд нэг хувийг буцаан өгөөгүй ба н.Болд нь ажлаасаа гарсан байсныг олж мэдсэн.
Тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа баталгаат хугацаа дуусахаас өмнө төхөөрөмжид бага зэргийн саатал гарч байсан ба түүнийг бид цаг хугацаанд нь засварлаж ажиллагаанд бэлэн болгож байсныг дурдаж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу захиалагч тал болох “К” ХХК нь тоног төхөөрөмж хэвийн үйл ажиллагаанд орсон, цаашид маргах зүйлгүй гэсэн шалтгаанаар төлбөрөө төлөөд явж байсан ба дэлгүүрийн эрхлэгч н.Болд, ажлаас гарснаас хойш төлбөрөө төлөлгүй удааж гэнэт шүүхэд манай байгууллагыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан болно.
Манай байгууллагын зүгээс удаа дараа албан бичиг, амаар төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулахыг шаардаж байсан бөгөөд захирал Т.Жигмэддагва нь янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлсхийж байсныг бид хуулийн байгууллагаар шалгуулна хэмээн мэдэгдэж байсныг дурьдаж байна.
Иймд “К” ХХК-аас 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 13-135 дугаар гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2, гэрээний нэмэлт өөрчлөлтөд тус тус зааснаар гэрээгээр тохиролцсон 32,313,600 төгрөгийн тоног төхөөрөмж, суурилуулалтын ажлын үлдэгдэл төлбөр 8,288,600 төгрөг, уг үлдэгдэл төлбөрийн алданги 4,144,300 /2016 оны 12 сарын 08 өдрийн байдлаар, 1136 хоногоор/ төгрөг, нийт 12,432,900 төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч “К” ХХК-ийн төлөөлөгч Т.Жигмэддагва сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Захиалагч талын Баянзүрх их дэлгүүрийн гаднах машины урсгалыг шийдвэрлэх асуудал нь 2 талын зэргэлдээх байгууллагуудаас огт хамааралгүй, өөрийн эзэмшлийн талбайд суурилуулж байгаа асуудал юм.
Мөн хариуцагч тал тоног төхөөрөмжийг суурилуулж хүлээлгэн өгөх оролдлогыг захиалагч тал болох “К” ХХК-ийн захирал Т.Жигмэддагва надад албан ёсоор хүлээлгэн өгөх талаар нэг ч удаа асуудал тавьж байгаагүй, нэг ч удаа ирж уулзаагүй, ялангуяа Баянзүрх их дэлгүүрийн менежер Б.Болд нь талуудын гэрээнд ямарваа нэгэн байдлаар оролцоогүй нь тухайн төхөөрөмжийг хүлээн авах ч эрхгүй этгээд бөгөөд Б.Болд нь “2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Медиа тех” компанийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийн карт уншигч нь картаа хүлээн авахгүй, уншихгүй, компьютерт суурилсан програм нь алдаа заан ажиллахгүй талаар” албан шаардлага бичүүлж “Медиа тех” компанид хүргүүлж байсан.
Захиалагч тал тухайн төхөөрөмжийг албан ёсоор хүлээж аваагүй тул тэдгээр компанийн эрх гэдэг байдлаар энэхүү асуудалд эмзэглэж хандаагүй, харин ч Иргэний хуулийн тодорхой заалтын хүрээнд “М” ХХК-ийн хүлээлгэн өгөөгүй төхөөрөмжийг гадны аливаа эрсдэлээс сэргийлж карт уншигч төхөөрөмжийг агуулахдаа хүртэл хадгалсан.
“К” ХХК нь тоног төхөөрөмж хэвийн үйл ажиллагаанд орсон, цаашид маргах зүйлгүй гэсэн шалтгаанаар төлбөрөө төлөөд явж байсан хэмээн ёс зүйгүй худал зүйлийг дурьджээ.
Ийнхүү “М” ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 13/135 тоот гэрээний дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс уг төхөөрөмжийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон бөгөөд энэ талаар удаа дараа албан шаардлага, мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч сураггүй алга болж өнөөг хүртэл дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 4 дүгээр зүйлийн 4.4, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан “Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээ”-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 24,025,000 төгрөг, төхөөрөмжид зориулагдсан картын үнэ 460,000 төгрөг, картын дэвсгэр дээрх бичилтийн үнэ 200,000 төгрөг, алданги 16,156,800 төгрөг, нийт 40,841,800 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шаардлагаа тодруулж “Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 24,025,000 төгрөг, төхөөрөмжид зориулагдсан картын үнэ 460,000 төгрөг, картын дэвсгэр дээрх бичилтийн үнэ 200,000 төгрөг, алданги 12,345,000 төгрөг, нийт 37,030,000 төгрөг гаргуулах” гэж тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “К” ХХК-д холбогдуулан “Гэрээний үлдэгдэл төлбөрт 8,288,600 төгрөг, алданги 4,144,300 төгрөг, нийт 12,432,900 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Нэхэмжлэгч “К” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “М” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13/135 дугаартай “Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах” гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр худалдагч тал болох “М” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандун мужийн Жиньжэнь хотод үйлдвэрлэгдсэн “Төлбөртэй зогсоолын иж бүрэн систем тоног төхөөрөмж”-ийг худалдан авагч “К” ХХК-д 30 хоногийн дотор нийлүүлж, ажлын 5 хоногийн дотор зохих шаардлагын түвшинд хийж суурилуулж хүлээлгэн өгөх, худалдан авагч нь гэрээний үнэд 32,313,600 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13/135 дугаартай “Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах” гэрээ, түүний хавсралтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 8-13 дугаар тал/
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “К” ХХК нь “М” ХХК-д гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.а-д заасны дагуу 17,625,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 6,400,000 төгрөг, нийт 24,025,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн төлбөрийн даалгавраар тогтоогдож байх бөгөөд урьдчилгаанд төлсөн төлбөрийн талаар зохигчид маргаагүй байна. /хх-ийн 15-16 дугаар тал/
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Медиа тех ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхийн болон биет байдлын доголдолтой эд хөрөнгийг хугацаа хэтрүүлж нийлүүлсэн учраас гэрээнээс татгалзаж, мөн эд хөрөнгийг нийлүүлэхдээ эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, тээвэрлэх нөхцөл журам болон баталгаат хугацааны талаар үйлдвэрлэгчээс өгсөн үнэн зөв мэдээллийг өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй, уг гэрээгээр төлсөн 24,025,000 төгрөг, төхөөрөмжид зориулж захиалсан тусгай картын үнэ 460,000 төгрөг, картын дэвсгэр дээрх бичилтийн үнэ 200,000 төгрөг, алданги 12,345,000 төгрөг, нийт 37,030,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Бодит байдал дээр тоног төхөөрөмжийг 1 сарын дотор нийлүүлж угсарсан. Ямар ч тоног төхөөрөмжид нэмэлт халаагч төхөөрөмж тавьдаг ба үүнийг бид зохих ёсны дагуу тавьж угсарсан.
3 ширхэг автомат хаалт, 2 ширхэг орох гарах төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслүүдийн хамт нийлүүлэхээр гэрээ байгуулсны дагуу нийлүүлж угсарсан, ...машины цаг бүртгэж, талон хэвлэх төхөөрөмжийн талаар гэрээнд тусгагдаагүй, дутуу байсан гэх төхөөрөмж нь гэрээний үнийн саналын №2-т байгаа 3 ширхэг хаалтын нэг нь юм.
картаа хүлээн авагч төхөөрөмжид хийж уншуулахад хариу үйлдэл үзүүлэхгүй, хаалт онгойхгүй байсан уг гэмтлийг тэжээлийн блокийг сольж тавьснаар шийдвэрлэсэн.
Төхөөрөмжийг суурилуулж дуусаад Б.Болдод хэвийн ажиллагааны үйл явцыг шалгуулж ажил хүлээлцэх акт үйлдээд Т.Жигмэддагва захирлаар гарын үсэг зуруулж тамгалуулна гэж хэлээд аваад явсан. Улмаар актыг баталгаажуулж өгөөгүй. Тухайн систем дээр ажиллах операторыг сургах талаар удаа дараа оператор гаргаж өгөхийг шаардсан боловч хүн бэлэн биш байна, хөрш 2 байгууллагатай тохиролцоонд хүрээгүй гэсээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Сураггүй болсон гэдэг нь худал бөгөөд энэ хугацаанд бид гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн албан тоот өгөх зэргээр хандаж байсан.
Компьютер, програм хангамж ажиллуулах техникийн үзүүлэлт шаардлагыг хангалттай илүү хангасан компьютер, програм хангамж болохыг нотлох материалыг хүргүүлж байсан болно.
“ID” картыг төхөөрөмжид таниулж ажиллагаанд оруулж бэлэн болгон хүлээлгэн өгсөн ба одоо ашиглах, эс ашиглах нь тухайн байгууллагын асуудал юм.
Иймд, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай компанийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн...” гэж маргажээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно.” гэж заасан ба талууд гэрээний 5.1-д “Гүйцэтгэгч тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэд нийлүүлнэ”, 8.2.а-д “Гүйцэтгэгч тоног төхөөрөмжийг захиалагчийн заасан газарт суурилуулж, ажилд бэлэн болгосон бөгөөд талууд үүргийн гүйцэтгэл хүлээлцсэн акт үйлдэж, гарын үсэг зурснаар тоног төхөөрөмжийн өмчлөх эрх нь захиалагчид шилжинэ” гэж заасны дагуу дээрх үүргийг хариуцагч “М” ХХК нь гэрээнд заасны дагуу биелүүлээгүй, актаар хүлээлгэж өгсөн байдал баримтаар тогтоогдохгүй байна. /хх-ийн 9 дүгээр тал/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1-д “Тоног төхөөрөмжийг хэмжих нэгж: Иж бүрдэл”, 2.2-т “тоног төхөөрөмжийн нийт хэмжээ: Төлбөртэй авто зогсоолын системийн төхөөрөмжийн 1 иж бүрдэл”, 3.1-д “тоног төхөөрөмжийн төрөл зүйл нь хавсралт 1-д засаан байна, 3.2-т гүйцэтгэх ажлын жагсаалтыг хавсралт 2-т заасан байна” гэжээ.
Хариуцагч “М” ХХК гэрээ байгуулахаас өмнө 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн төлбөртэй зогсоолын төхөөрөмжийн үнийн саналыг хүргүүлсэн байх бөгөөд зогсоолд орох болон гарах төхөөрөмж, зогсоолын автомат хаалт нь үнийн саналд дурдсанаар -40-+55 хэм гэж тодорхойлсон бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт 1-д заасан тоног төхөөрөмж нь дээрх үнийн саналд дурдсан тоног төхөөрөмжийг худалдахаар талууд тохиролцжээ. /хх-ийн 12, 14 дүгээр тал/
Өөрөөр хэлбэл талууд гэрээндээ тоног төхөөрөмжийн чанарын талаар тухайлан заасан байх бөгөөд чанарын хувьд шаардлага хангаагүй тохиолдолд биет байдлын доголдолтой гэж тооцогдоно.
Төлбөртэй авто зогсоолын иж бүрэн систем тоног төхөөрөмж гэж худалдсан дээрх тоног төхөөрөмжийг тухайн зориулалтаар нь ашиглах боломжгүй байгаа тохиолдолд доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ.
Уг нөхцөл байдал нь хэрэгт үзлэгээр авагдсан “Шенжен сентурифеэр индастри” ХХК нь “К” ХХК-д хүргүүлсэн и-мэйлээр SJS-PS003A загварын зогсоолын авто хаалтын үндсэн удирдлагын техникийн үзүүлэлт нь -25 хэмээс +65 хэм гэж тодорхойлсон байх бөгөөд хариуцагч “М” ХХК-ийн үнийн саналд дээрх тоног төхөөрөмжийг -40 хэмээс +55 хэм гэж тодорхойлжээ. /хх-ийн 14, 189-190 дүгээр тал/
Өөрөөр хэлбэл төлбөртэй авто зогсоолын иж бүрэн систем тоног төхөөрөмжийн хавсралтад заасан тоног төхөөрөмж нь -40 хэмээс +65 хэм ажиллахгүй, харин -25 хэмээс +65 хэмд ажиллах техникийн үзүүлэлттэй байх бөгөөд уг төхөөрөмжийн хувьд доголдолтой эд хөрөнгө үзэхээр байна.
Маргаж буй тоног төхөөрөмж нь гэрээнд зааснаас чанарын хувьд доголдолтой буюу биет байдлын хувьд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.1-д заасан биет байдлын доголдолтой хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн гомдол үндэслэлтэй байна.
Худалдагч болох “М” ХХК нь худалдаж буй тоног төхөөрөмжийн талаар үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагч “К” ХХК-д өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч “М” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “М” ХХК нь өөрийн худалдсан тоног төхөөрөмжийг суурилуулснаас хойш хэд хэдэн удаа засварлаж өгч байсан нь тогтоогдсон тул хариуцагчийн худалдсан төхөөрөмж биет байдлын доголдолтой байжээ. Худалдах-худалдан авах гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг зориулалтаар нь ашиглах боломжгүй буюу эвдрэлтэй байгаа нь хариуцагч доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзэх үндэслэл болох юм.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрхийг худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.
Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоо буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд “М” ХХК нь гэрээний 1.1-д худалдагч нь гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор тоног төхөөрөмжийг нийлүүлж, ажлын 5 хоногийн дотор суурилуулж хүлээлгэн өгөх, 5.1-д гүйцэтгэгч тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэд нийлүүлнэ, 8.2.а-д гүйцэтгэгч тоног төхөөрөмжийг захиалагчийн заасан газарт суурилуулж, ажилд бэлэн болгож, талууд үүргийн гүйцэтгэл хүлээлцсэн акт үйлдэж, гарын үсэг зурах үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 8 дугаар тал/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч болох “М” ХХК нь гэрээнд заасан дээрх хугацаанд тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлэх, суурилуулах үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалж буюу гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжлэгч “К” ХХК нь мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан “К” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, “М” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А16/014 тоот албан бичгүүд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 23-25, 194-195 дугаар тал/
Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “К” ХХК нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 256 дугаар зүйлийн 256.3-т “Гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь, дагалдах эд хөрөнгө нь доголдолтой бол гагцхүү тэр хэсгээр нь гэрээг цуцалж болно” гэж заажээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “М” ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй, суурилуулаагүйтэй холбогдуулан гэрээнээс татгалзаж, мөн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 24,025,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
Өөрөө хэлбэл хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь гэрээ болон хуульд нийцжээ.
Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгч “К” ХХК нь өөрт байгаа төдбөртэй авто зогсоолын тоног төхөөрөмжийг “М” ХХК-д буцааж өгөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13/135 тоот гэрээнээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр алданги 12,345,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “К” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Учир нь алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хувьд гэрээний үүргээ хугацаа хэтрүүлж биелүүлсэн, зохих ёсоор биелүүлээгүйгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд төлөхөөр талуудын гэрээгээр тохиролцсон нэмэлт үүрэг тул гэрээнээсээ татгалзаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсэхгүй юм.
Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1.-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3.-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, хохирол нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.
Тэрээр хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүйгээс ID картыг “М” ХХК-ийн өмнөөс “К” ХХК дээрх картыг 460,000 төгрөгөөр хэвлүүлсэн, карт дээр бичилт хийлгэсэн зардал 200,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийг түүний өмнөөс гүйцэтгэсэн, мөн гэрээнд заагаагүй зүйлийг гүйцэтгэсэн нь тодорхойгүй нэхэмжлэгчээс ямар зардал гарсан, эд хөрөнгийн ямар алдагдал хүлээсэн, зайлшгүй орох байсан хэдий хэмжээний орлого ороогүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын хохиролд 660,000 төгрөг нэхэмжилсэн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагч “М” ХХК-иас 24,025,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 13,005,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
2.Хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч “М” ХХК нь гэрээний дагуу тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулсны үлдэгдэл төлбөр 8,288,600 төгрөгийг хугацаандаа төлөөгүйн алданги 4,144,300 төгрөгийн хамт, нийт 12,432,900 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг боловч хавтаст хэрэгт цугларсан баримтад хүлээлгэж өгсөн баримт байхгүй, манай талын гаргасан тайлбараар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь хангалттай няцаагдаж байна гэж үзэж байгаа. Уг төхөөрөмжийн гэрчилгээ, зааварчилга, хаанаас оруулж ирсэн талаарх баримт, хүлээлгэж өгсөн акт байхгүй учраас сөрөг нэхэмжлэл нь үгүйсгэгдэж байна гэж маргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоног төхөөрөмжийг чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүйгээр захиалагчийн өмчлөлд шилжүүлэх бөгөөд, захиалагч нь түүнийг хүлээн авч гэрээнд заасан төлбөрийг төлнө”, 8.2-т “Тоног төхөөрөмжийн өмчлөх эрх нь дор дурдсанаар захиалагчид шилжинэ. а/Гүйцэтгэгч тоног төхөөрөмжийг захиалагчийн заасан газарт суурилуулж, ажилд бэлэн болгосон бөгөөд талууд үүргийн гүйцэтгэл хүлээлцсэн акт үйлдэж, гарын үсэг зурснаар” гэж тохиролцжээ.
2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах” гэрээ буюу худалдах-худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч “К” ХХК-ийг татгалзсаныг хууль зүйн үндэслэлтэй болохыг тогтоосон.
Түүнчлэн хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч “К” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж тоног төхөөрөмжийг хугацаанд нь заасан газарт нь суурилуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэг гэрээнээс татгалзсанаар дуусгавар болсон тул хариуцагч “М” ХХК гэрээний үүрэг 8,288,600 төгрөг, алданги 4,144,300 төгрөгийг шаардах эрхгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “К” ХХК-д холбогдуулан “Гэрээний үлдэгдэл төлбөрт 8,288,600 төгрөг, алданги 4,144,300 төгрөг, нийт 12,432,900 төгрөг гаргуулах” тухай хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “М” ХХК-иас 24,025,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,005,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “К” ХХК-д холбогдох “Гэрээний үлдэгдэл төлбөрт 8,288,600 төгрөг, алданги 4,144,300 төгрөг, нийт 12,432,900 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362,159 төгрөг, хариуцагч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 278,075 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ксения” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС