Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/00832

 

 

 

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/00832

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.М /РД:............./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.О /РД:............./-д холбогдох

8,000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч З.О нь зээлдүүлэгч Г.М надаас 2012 оны 12 сарын 12-ны өдөр 88000 ам.доллар зээлсэн бөгөөд тэрээр авсан зээлээ эргүүлэн төлөөгүй, зээл төлөх үүргээ биелүүлээгүй. Миний зүгээс түүнийг авсан зээлээ бүрэн төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, түүнд зээлийн өр төлбөрөө төлөх нэмэлт хугацаа боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй юм. Ингээд би 2015 оны 9 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 32946 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягг оршин суудаггүй хэмээх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин З.О нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 37 гудамж, 445 тоот хаягт оршин суудаг болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн Г.Мын нэхэмжлэлтэй Д.О-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл З.О нь тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 5 сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо дээрх хаягт суудаг болохоо хэлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, З.Оээс зээлийн өр төлбөрт 8,000 ам.доллар гаргуулан нэхэмжлэгч Г.М надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Мын нэхэмжлэлтэй, иргэн З.Од холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн З.О нь иргэн Г.Маас 2012 оны 12 сарын 12-ны өдөр 8,000 ам.долларыг ямар нэг хүү, алданги, торгууль тооцох нөхцөлгүйгээр зээлсэн бөгөөд уг төлбөрийг нэхэмжлэгч Г.Мын нэр дээрх Төрийн банкны .................. тоот дансанд 2013 оны 1 сарын 22-ны өдөр 8,200 ам.доллар болгож төлсөн болно. Иймд иргэн З.О нь иргэн Г.Мт ямар нэг өр төлбөргүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэсэн бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд анх гаргасан хариу тайлбарт дурдсан 8,200 ам.долларыг шүүх өөр этгээдийн төлбөр болохыг тогтоож шийдвэрлэсэн тул дээрх тайлбараасаа татгалзаж байгаа ба харин хариуцагч З.О нь нэхэмжлэгч Г.Мын Төрийн банкин дахь дансанд 2012 оны 12 сарын 28-ны өдөр 2,280,000 төгрөгийг шилжүүлсэн, Я.Алтанцэцэг нэрээр нэхэмжлэгчийн дансанд 2013 оны 1 сарын 30-ны өдөр 1,468,000 төгрөг, 2013 оны 8 сарын 7-ны өдөр 1,100,000 төгрөг, 2013 оны 8 сарын 8-ны өдөр 1,250,000 төгрөг, 2013 оны 8 сарын 9-ний өдөр 910,000 төгрөг, 2013 оны 8 сарын 13-ны өдөр 1,050,000 төгрөг, 2013 оны 8 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2013 оны 8 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2013 оны 8 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 11,058,000 төгрөгийг төлсөн бөгөөд тухайн үеийн ханшаараа дээрх төлбөр нь 8,000 ам.доллартой тэнцэх тул зээлийг буцаан төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч З.Од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2012 оны 12 сарын 12-ны өдөр Г.М болон З.О нарын хооронд Оюунгэрэлд (8000) найман мянган ам.долларыг бэлнээр өгөв. Зээлийн гэрээг нөхөж хийхээр болов. 2012 оны 12 сарын 12. (8000) $ хүлээн авсан өгсөн Г.М Оюунгэрэл гэсэн агуулга бүхий баримт /хх-67 тал/ үйлдэгдсэн байх ба уг баримтыг үйлдэж Г.М нь З.Од 8,000 ам.долларыг зээлдүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг, хариуцагч 8,000 ам.долларыг зээлж авсан гэдэгтээ маргадаггүй.

Дээр дурдсан тохиролцооны дагуу талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад заасан зээлийн гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч 8,000 ам.долларыг нэхэмжлэгчээс зээлсэн гэх үйл баримтад маргадаггүй боловч зээлсэн 8,000 ам.долларыг 2013 оны 1 сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн Төрийн банкин дахь дансанд 8,200 ам.доллар болгон шилжүүлсэн тул өр төлбөргүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргаж байсан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь дээр дурдсан 8,200 ам.долларыг шүүх өөр этгээдийн төлбөр болохыг тогтоож шийдвэрлэсэн гэх үндэслэлээр дээрх тайлбараасаа татгалзаж, харин хариуцагч З.О нь нэхэмжлэгч Г.Мын Төрийн банкин дахь дансанд 2012 оны 12 сарын 28-ны өдөр 2,280,000 төгрөгийг шилжүүлсэн, Я.Алтанцэцэг нэрээр нэхэмжлэгчийн дансанд 2013 оны 1 сарын 30-ны өдөр 1,468,000 төгрөг, 2013 оны 8 сарын 7-ны өдөр 1,100,000 төгрөг, 2013 оны 8 сарын 8-ны өдөр 1,250,000 төгрөг, 2013 оны 8 сарын 9-ний өдөр 910,000 төгрөг, 2013 оны 8 сарын 13-ны өдөр 1,050,000 төгрөг, 2013 оны 8 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2013 оны 8 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2013 оны 8 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 11,058,000 төгрөгийг төлсөн бөгөөд тухайн үеийн ханшаараа дээрх төлбөр нь 8,000 ам.доллартой тэнцэх тул зээлийг буцаан төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Г.Мын Төрийн банкин дахь дансны хуулга /хх-117-122 тал/-аар дээр дурдсан төлбөрүүд нэхэмжлэгчийн дансанд шилжсэн болох нь тогтоогдож байна.

Алтанцэцэг нэрээр төлөгдсөн төлбөрийг З.Оийн зээлийн төлбөрт төлсөн төлбөр гэж тайлбарлаж буй үндэслэлээ хариуцагчийн төлөөлөгч нь Я.Алтанцэцэг шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө уг төлбөрийг З.Оийн төлбөрт төлсөн гэдгээ шүүхэд мэдүүлсэн гэж тайлбарлаж байна.

Я.Алтанцэцэг нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 8,000 ам.долларын зээлийн талаар мэдэх эсэхийг асуусан асуултад Мэднэ. Манай Оюун эгч Г.М гуайгаас мөнгө зээлдэг байсан. Оюун эгчийн зээлсэн мөнгийг З.О эгч авсан гэж, маргаж буй 8,000 ам.доллар нь Оюуны зээлсэн мөнгө үү, З.Оийн зээлсэн мөнгө үү гэсэн асуултад Оюун эгчийн зээлсэн мөнгө гэж, та хэдэн төгрөгийг данс руу хийж байсан бэ гэсэн асуултад Би 2013 оны 8,9 сард Г.М гуайн данс руу хийж дуусгасан гэж, энэ мөнгийг хэнээс авч хийсэн бэ гэсэн асуултад Оюунаас авч хийсэн гэж хариулсан болон хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Оюун, Д.Чулуунбаатар нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 6 дугаартай тэмдэглэл /хх-138-147 тал/ дахь Я.Алтанцэцэгээс гэрчийн мэдүүлэг авсан хэсгийн Тэр хэн хэний хооронд байгуулагдсан, ямар гэрээний үндсэн дээр үүссэн хохирол төлөх гээд яваад байгаа юм гэх асуултад гэрч 2009 оны 1 сарын 29-нд байгуулагдсан Д.Оюун, Д.Чулуунбаатар нартай холбоотой зээлийн гэрээ гэж, Мягмарын зээлийн хүүг төлж байсан уу гэх асуултад гэрч Төлж байсан. Хамгийн сүүлд 2013 оны 12 сарын 28-нд 800,000 төгрөг төлсөн гэж тус тус хариулсан байна.

Алтанцэцэг нэрээр нэхэмжлэгч Г.Мын дансанд төлөгдсөн төлбөрүүдийг З.Оийн зээлийн төлбөр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, гэрч дээр дурдсан төлбөрийг Оюун гэж хүнээс авч Г.Мын дансанд шилжүүлж байсан талаараа шүүхэд мэдүүлсэн, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 6 дугаартай тэмдэглэлээс Я.Алтанцэцэг нь Д.Оюун, Д.Чулуунбаатар нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө мөн л Д.Оюун, Д.Чулуунбаатар нартай холбоотой зээлийн гэрээний дагуу Г.Мт 2013 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл төлбөр шилжүүлж байсан талаараа мэдүүлсэн байдал зэргээс үзэхэд Г.Мын Төрийн банкин дахь дансанд Я.Алтанцэцэг нэрээр шилжсэн 2013 оны 1 сарын 30-ны өдөр 1,468,000 төгрөг, 2013 оны 8 сарын 7-ны өдөр 1,100,000 төгрөг, 2013 оны 8 сарын 8-ны өдөр 1,250,000 төгрөг, 2013 оны 8 сарын 9-ний өдөр 910,000 төгрөг, 2013 оны 8 сарын 13-ны өдөр 1,050,000 төгрөг, 2013 оны 8 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2013 оны 8 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2013 оны 8 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийн төлбөрийг З.Оийн зээлийн төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь З.О нь нэхэмжлэгч Г.Мын Төрийн банкин дахь дансанд 2012 оны 12 сарын 28-ны өдөр 2,280,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан, хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгаар мөн өдөр Оюунгэрэл нэрээр нэхэмжлэгчийн дансанд 2,280,000 төгрөг шилжсэн үйл баримт тогтоогдож байх боловч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 6 дугаартай тэмдэглэл дахь З.Оээс гэрчийн мэдүүлэг авсан хэсгийн Г.М гэж хүнээс мөнгө зээлсэн талаар өөрөө мэддэг юм байна. Сүүлд 2012 оны 5 сард хийсэн зээлийн гэрээн дээр Оюунгэрэл хүлээж авлаа гэсэн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байна. Энэ зээлийн гэрээг та мэдэх үү гэх асуултад гэрч Энэ мөнгийг би өөрөө очиж авч байсан гэж, Зээлийн төлбөрийг та нар цуг төлсөн үү гэх асуултад гэрч 2009 оны 1 сараас мөнгө зээлээд 2 сараас төлөөд явсан байгаа. 2013 оны 12 сар хүртэл төлсөн тэрнээс хойш бол төлөөгүй гэж хариулсан байна.

Өөрөөр хэлбэл 2012 оны 5 сард хийсэн зээлийн гэрээний төлбөрт 2012 оны 12 сарын 28-ны өдөр төлсөн 2,280,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нь уг 2,280,000 төгрөгийн төлбөрийг Г.Мтай өөрийн нэрээр байгуулсан 2012 оны 12 сарын 12-ны өдрийн гэрээний дагуу төлсөн төлбөр гэдгийг өөр бусад байдлаар нотлоогүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч З.Оээс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 8 сарын 7-ны өдрийн ам.долларын ханш болох 2,456.17 төгрөгөөр тооцон 8,000 ам доллар буюу 19,640,360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мт олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2015 оны 9 сарын 28-ны өдөр хариуцагчийг Д.Оюунгэрэл гэж тодорхойлон 8,000 ам.доллар гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 15-ны өдрийн 32946 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-6,7 тал/-аар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэн мөн зүйлийн 79.7 дахь заалтад зааснаар хугацааг дахин шинээр тоолж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтыг баримтлан хариуцагч З.Оээс 8,000 ам доллар буюу 19,640,360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мт олгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Маас 2017 оны 8 сарын 7-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,200 төгрөгийн 256,197 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч З.Оээс 256,197 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Мт олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР