2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/501

 

 

 

 

 

 

 

 

   2025        02         13                                     2025/ШЦТ/501

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,

Улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,

Хохирогч Б.А,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409 00000 0599 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын  сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, “***"ажилтай, ам бүл 2, *** тоотод оршин суух,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн *** дугаартай, Г.Б.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 03 дугаар сарын 31, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, *** тоот гэртээ хамтран амьдрагч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр түргэн тусламжийн авто машин дотор хохирогч Б.Агийн Iphone 13 Pro загварын гар утсыг устгаж, гэмтээсний улмаас 1.725.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 7, 48, 87-88, 101-102 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4477 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12 дахь тал/,

“***” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн СБ1-24-848 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-19 дэх тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 49-51 дэх тал/,

Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11299 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108-109 дэх тал/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 116 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 152 дахь тал/,

Яллагдагч Г.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 45, 90, 128-129 дэх тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Агийн гар утсыг үзэж, хардсаны улмаас маргалдаж улмаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” түүний хоолойг гараараа боож, толгойгоор нь газарт савж мөргүүлсний улмаас тархи доргилт, зүүн завжны салстын язрал, цус хуралт, дух, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтлийг санаатай учруулсан,

Мөн 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.Атай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний алимны салст, хүзүү, цээж, хоёр гарын шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

Мөн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, *** тоотод хохирогч Б.А нь яаралтай түргэн тусламж дуудаж, үзлэгээр ирсэн түргэн тусламжийн эмч нь Г.Б, хохирогч Б.А нарт эмнэлгийн тусламж үзүүлэхээр түргэн тусламжийн авто машин дотор явж байхад хохирогч Б.Атай маргалдаж, түүний Iphone 13 Pro загварын гар утсыг булаан авч, авто машины бариулд цохиж хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1.725.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Агийн гар утсыг үзэж, хардсаны улмаас маргалдаж улмаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” түүний хоолойг гараараа боож, толгойгоор нь газарт савж мөргүүлсний улмаас тархи доргилт, зүүн завжны салстын язрал, цус хуралт, дух, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтлийг санаатай учруулсан, мөн 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.Атай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний алимны салст, хүзүү, цээж, хоёр гарын шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан, мөн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, *** тоотод хохирогч Б.А нь яаралтай түргэн тусламж дуудаж, үзлэгээр ирсэн түргэн тусламжийн эмч нь Г.Б, хохирогч Б.А нарт эмнэлгийн тусламж үзүүлэхээр түргэн тусламжийн авто машин дотор явж байхад хохирогч Б.Атай маргалдаж, түүний Iphone 13 Pro загварын гар утсыг булаан авч, авто машины бариулд цохиж хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1.725.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогддог. Шүүгдэгч Г.Б нь үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан байх бөгөөд тухайн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан мөн түүний гар утсыг устгаж гэмтээсэн шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй гэдгийг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд төгссөн гэмт хэрэг байна. Шүүгдэгч Г.Бы үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Б.Ад учирсан хохирол, төлбөрийн тухайд баримтаар гар утасны төлбөрт 1.850.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирогч Б.А нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 160.000 төгрөгийн хөнгөлөлттэй үйлчилгээ авсан. Мөн тодосгогчгүй томографт үзүүлсэн 168.000 төгрөгийн төлбөрийг баримтаар нэхэмжилсэн. Уг төлбөрийг шүүгдэгч Г.Баас гаргуулж хохирогч Б.Ад олгуулах, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас Б.Ад үзүүлсэн 168.000 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Г.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Агийн сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь тогтоогдсон…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Яллагдагч Г.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт Т, Т гэх хоёр найз маань ирээд манайд юм ярьж суунгаа Cass, Боргио нэртэй пиво гурвуулаа уугаад удалгүй манай хоёр найз яваад би гэртээ Б.Агийн хамт үлдээд Б.Агийн хамт үргэлжлүүлэн 2, 2 пиво уугаад өмнөх өдөр нь бага зэрэг хоорондоо маргалдсан байсан тухайн үед учраа олсон байсан. Тэгсэн пиво уугаад сууж байгаад өмнөх оройны маргалдсан хэрүүлийг сөхөж дахин маргалдаж маргаан үүсэж миний нүүр амыг гараараа маажсан. Тэгэхээр нь би гарыг нь барихад зүүн гарын шуунаас шүдээрээ хазаад байхаар нь түлхээд орон доор унахаар нь дээрээс нь нүүр хэсэгт нь 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45, 128-129 дэх тал/ авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би найз залуутайгаа хамт 05 цагийн орчимд караокед ороод 8 цагийн орчимд гараад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах гэр лүүгээ яваад замаараа дэлгүүрээс ороод пиво аваад уугаад сууж байгаад намайг хардаад хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд миний хоолойноос боогоод толгойноос бариад газар луу саваад миний гарыг бас зүссэн. ... 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад Г.Бы хоёр найз нь ирээд том өрөөнд Г.Б найзтайгаа хамт уусан. Би нөгөө өрөөнд байж байгаад гарч ирээд хоёр пиво уугаад юм яриад сууж байхдаа Г.Бд би гэр лүүгээ харимаар байна гэхэд явуулахгүй гээд миний хоолойг боогоод жижиг өрөөний зурагт руугаа намайг түлхэж толгойгоор газар унгаагаад тухайн зурагт миний дээрээс унахдаа зүүн талын ташаа хэсэгт унасан. Мөн миний толгойтой үснээс үсдээд, гараараа хамар, уруул хэсэгт цохисон. Би цагдаа дуудах гэсэн миний утасыг булааж аваад өгөөгүй тэгсэн хажуу талын айл цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 101-102 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4477 дугаартай: “...Б.Агийн биед тархи доргилт, зүүн завжны салстын язрал, цус хуралт, дух баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү цээжинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11299 дугаартай: “...Б.Агийн биед уруулын салстад язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд хатгагдсан шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний алимын салст, хүзүү, цээж, хоёр гарын шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108-109 дэх тал/-ээр шүүгдэгч Г.Бы тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.

Хүндрүүлэх шинжийн хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол…” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Б болон хохирогч Б.А нар нь гэр бүлийн харилцаатай болох нь хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэрлэлтийн баталгаа байхгүй, хамт амьдраад 1 жил 6 сар орчим болж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дахь тал/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 116 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Агийн Iphone 13 Pro загварын гар утсыг устгаж, гэмтээн 1.725.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Яллагдагч Г.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Б.Агийн гар утсыг эвдэлсэн нь үнэн. Бид хоёр маргалдаад түргэний машин дотор явж байхад нь утсыг нь аваад эвдэлчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дэх тал/ авагдсан нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Түргэний тэргэнд явж байхад миний гар утсыг эвдэлсэн. Түргэний машины төмөрт цохиод эвдэлсэн. Түргэний машины төмөрт цохиод хагалсан. Одоо миний утас асахгүй байгаа. ...Миний гар утсыг түргэний машин дотор цүнхнээс ухаад булааж аваад түргэний машин дотор байх төмөр бариулд саваад ар өвөргүй хагалж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 87 дахь тал/,

“***” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн СБ1-24-848 дугаартай: “...Iphone 13 Pro загварын гар утас 1.725.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-19 дэх тал/,

Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр 12:26 цагт дуудлага мэдээлэл авч тус тоотод очиход хаалгаа тайлж өгөхгүй дуудлага мэдээллээр очсон цагдаагийн алба хаагчид тагтаар дамжин орж хаалгыг нь онгойлгосон. Тухайн тоотод ороход эрэгтэй нь зүүн шуундаа зүсэгдсэн эмэгтэй нь зодуулсан маягийн дагзаараа савж унасан өгүүлэмжтэй зүйл ярьж байсан иймд би хоёуланг нь авч явсан юм. ...Би тэр хоёрын хажууд буюу ард нь цуг суугаад явж байсан, тэгэхэд тэр хоёр хоорондоо муудалцаад хоёр талаас босож ирээд би дунд нь орж салгасан. Тэгэхэд нөгөө эмэгтэй нь миний утсыг булаагаад авчихлаа гээд орилоод байсан. Юм хуманд цохих үйлдлийг хараагүй, тэр хоёр маргалдаад хоорондоо барьцалдаж аваад байсан би дунд нь байсан. Тэгэхэд тоормос гишгээд бид гурав гурвуулаа урагшаа унасан юм. Тэгэхэд би өөрөө машин дотор байх дөрвөлжин хайрцгаа мөргөөд тэр хоёрыг анзаарах сөхөөгүй болсон. Ямар ч л байсан эмэгтэй нь миний утсыг булаагаад авчихлаа гээд орилоод байсан. Мөн Гэмтлийн эмнэлгийн гадаа оччихоод миний утсыг эвдэлчихлээ гээд уйлаад машинаас буухгүй байсан. ...Би үзлэгээ хийчхээд эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай юм байна гэж хэлээд хоёуланг нь аваад гарсан тэр үед бол гар утас анзаараагүй. Харин Гэмтлийн эмнэлгийн гадна очоод буулгахад эмэгтэй нь миний утсыг эвдэлчихлээ гээд уйлаад суугаад байсан. ...Эмнэлгийн машинд камер байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дахь тал/-ээр шүүгдэгч Г.Бы тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж дүгнэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…”, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…”, мөн зүйлийн 16.11 дэх хэсэгт “…гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй…”, мөн зүйлийн 16.13 дахь хэсэгт “…халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй…” гэж тус тус заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Агийн эрүүл мэндэд болон эд хөрөнгөд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Агийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хөнгөн зэргийн хохирол болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4477 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11299 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108-109 дэх тал/-ээр тус тус тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Агийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Агийн Iphone 13 Pro загварын гар утсыг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогчид 1.725.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “***” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн СБ1-24-848 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-19 дэх тал/-ээр тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Б.Агийн сэтгэцэд учирсан хор уршиг нь “Хоёрдугаар зэрэглэл”-д хамаарч байгаа болохыг Мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.М нь тогтоосон байх бөгөөд хохирогч нь уг сэтгэцэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тэмдэглэсэн /хх-ийн 49 дэх тал/ байна.

Хохирогч Б.Агийн сэтгэцэд учирсан хоёрдугаар зэргийн хор уршигт тооцсоныг шүүхээс хор уршгийг арилгахдаа Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дүгээр зүйлд “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ын хүснэгтэд “Хоёрдугаар  зэрэглэл”-д нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” хэмжээгээр тогтоож олгоно гэсний дагуу шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэмтлийн тоо, гэмтлээс үүссэн хор уршиг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо хохирогч Б.Ад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шийдвэрлэв.

Тодруулбал 660.000 × 12 = 7.920.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Ад олгохоор шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.

Хохирогч Б.А нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас 168.000 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан /хх-ийн 152 дахь тал/ байх бөгөөд хохирогч нь шүүхийн шатанд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ авсантай холбоотой буюу “***” эмнэлэгт үйлчлүүлсэн талаарх 168.000 төгрөгийн хохирол төлбөрийн баримт /хх-ийн 200 дахь тал/-ыг гаргаж өгсөн болно.

Шүүгдэгч Г.Б нь хохирол, төлбөрийг төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд дээрх хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй болно.

Иймд шүүгдэгч Г.Б нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 168.000 төгрөг, хохирогч Б.Ад 9.813.000 төгрөгийн төлөх төлбөртэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Бы хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Б.А нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдсан нь гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл болсон байна. Хувийн байдлын тухайд шүүгдэгч нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг бөгөөд “***”ажилтай. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Шүүгдэгч Г.Бд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүгдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 14 хоног цагдан хоригдсон. Уг цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Хохирогч Б.А нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлттэй холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Би оройн цагаар Хан-Уул дүүрэгт давхар ажил хийж байгааг минь харгалзан үзнэ үү...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 151 дэх тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт, хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг удаагийн эсхүл олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино…” гэж заасан зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бы нийт биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо шүүгдэгч Г.Бы Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд оршин суудаг байдлыг харгалзан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч Г.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /хх-ийн 144-147 дахь тал/ байх ба “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 131 дэх тал/-д “эрүүгийн хариуцлага хүлээж байна” гэх төлөвтэй байх бөгөөд Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Эын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолтод “...300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 263 цагийг биелүүлж 37 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй байна...” гэжээ.

Шүүгдэгч Г.Б нь уг ялыг бүрэн биелүүлсэн эсэх талаар тодруулах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна шүүн таслах ажиллагаа нь яллах дүгнэлтийн хүрээнд хязгаарлагддаг тул шүүгдэгчид зөвхөн энэ үйлдэлд нь эрүүгийн хариуцлага оногдуулах тухай саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бы цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцон, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Бы энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан ялаас хасаж, түүний эдлэх ялыг 1 жил 5 сар 16 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн  511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Баас нийт 9.981.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 168.000 төгрөгийг, хохирогч Б.Ад 9.813.000 төгрөгийг тус тус олгосугай

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ