| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/0032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/42 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/42
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Я.Урнаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:П.Я,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц,
Шүүгдэгч: Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ын Г-т холбогдох эрүүгийн 25350000000.. дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Увс аймгийн ............... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, .... мэргэжилтэй, ............... сумын ................ ажилтай, ам бүл ....... хамт амьдардаг, Увс аймгийн ............... сумын .....дүгээр багийн ....... тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Б овогт Д-ын Г-, (Регистрийн дугаар:................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г- нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний орой Увс аймгийн ............... сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...............” бааранд Н.Н-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр тус газарт хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь “үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Д.Г- нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний орой Увс аймгийн ............... сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...............” бааранд Н.Н-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Д.Г- нь хохирогч Н.Н-ийн эрүүл мэндэд учирсан хохиролд 750,000 төгрөгийг төлж барагдуулсан байна” гэх дүгнэлтийг гаргав.
2. Шүүгдэгч Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй миний буруу. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Б. Эрүүгийн 25350000000.. дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дахь тал);
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 13-15 дахь тал);
-Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 24 дэх тал);
-Хохирогч Н.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-31 дэх тал);
-Гэрч А.Ш-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал);
-Гэрч Н.П-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал);
-Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 44-50 дахь тал);
-Д.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал);
-Д.Г- нь хохирогч Н.Н-т учирсан хохирол төлж барагдуулж, нотариатаар гэрчлүүлсэн баримт (хавтаст хэргийн 79 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г- нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, Д.Г-т холбогдох эрүүгийн 25350000000.. дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
В. Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
-Шүүгдэгч Д.Г- нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний орой Увс аймгийн ............... сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “...............” бааранд Н.Н-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр тус газарт хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь “үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт тогтоогджээ.
2. Шүүгдэгч Д.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Н.Н-ийн эрүүл мэндэд үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгаралт, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын салстад зулгаралт, цус хуралт, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтлүүд учирсан байх бөгөөд үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам” -ын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарах, шинэ гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
3. Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дахь тал);
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 13-15 дахь тал);
-Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 24 дэх тал);
-Хохирогч Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие ............... сумын 12-р багт байрлах ........... төвийн В1 давхар үйл ажиллагаа явуулдаг ............... нэртэй бааранд 2024 оны 12-р сарын 11-ний орой 23 цагийн үед найзууд болох Г, Л, нарын хамт ороод 1 ширхэг 0,5 литрийн савлагаатай пиво уугаад хажуу ширээний таньдаг хүмүүсийн ширээ нь дээр очиж 2 хундага архи уусан юм. Тэгээд тухайн бааранд бүжиглэж байгаад 01 цаг 30 минутын үед 00-ын өрөө орох гээд явж байтал үл таних нэг залуу намайг ирж мөрлөчхөөд яагаад байна чи гэж хэлээд намайг дагуулаад 00-ын өрөөний хажуугийн хаалгаар гараад шатны хажууд зогсоод “чи ер нь яагаад байгаа писда вэ" гэж хэлэхээр нь “би чамайг яасан юм бэ” гэж хэлсэн чинь намайг заамдаж аваад миний зүүн хацар болон шанаа хэсэгт 3-4 удаа гараараа цохиход миний шүд унасан ба тухайн залууд би хандан миний шүд уначихлаа гэж хэлээд гар утсаа гаргаж ирсэн чинь утас булааж аваад би чамайг утсаар чинь л цохисон шүү гэж хэлээд гараад явчихсан. ... Миний үүдэн нэг шүд ёзоороороо хугарч унасан мөн доод уруул хавдсан юм. ...Тэгээд ............... сумын 3- р багт үйл ажиллагаа явуулдаг Болор шүдний эмнэлгээр авагдаагүй нэг ширхэг шүд хийлгэх үнэ 750,000 гэж байгаа ... Г- гэх залуу бүрэн төлж барагдуулсан юм. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-31 дэх тал);
-Гэрч А.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 12-ны шөнө би ........... төвийн В1 давхарт байрлах ............... бааранд хамгаалагчийнхаа ажлыг хийж байсан ба тухайн шөнө би 00-н өрөөний хажууд байх шат руу гарах хаалга онгорхой байхаар нь хартал тухайн газарт Д.Г- болон Н.Н- гэх залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай юм яриад зогсож байсан юм. Тэгээд би тэр хоёроос юу болоод байгаа талаар асуухад Д.Г- бид хоёр жоохон юм ярьчхаад гарна гэж хэлэхээр нь би буцаад явчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал);
- Гэрч Н.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед ............... сумын 12-р багт байрлах ........... төвийн В1 давхарт байрлах ............... нэртэй бааранд найзуудын хамт ороод 0,75 литрийн савлагаатай нэг шил архи уугаад бүжиглэж байгаад бүжгийн талбайд үл таних нэг залуутай санаандгүй шүргэлцээд дуу чимээнээс холдоод ярилцъя гээд 00-ын өрөөний хажуугийн шат руу гарах хаалгаар Д.Г- болон тухайн залуугийн хамт гараад би тухайн залууд хандан залуу жоохон соёлтой байгаарай гэж хэлэхэд тухайн залуу за уучлаарай гэж хэлэхээр нь бид хоёр гар бариад би тухайн газраас гараад явсан. Тэгээд Д.Г- тухайн залуугийн хамт үлдсэн юм. Намайг тухайн газарт байх үед ямар нэгэн зодоон болоогүй юм. Харин тухайн залуутай уулзаж байх үед ганцаараа байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал), шүүгдэгч Д.Г-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг.
Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2. Шүүгдэгч Д.Г- өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан үйлдэл хийсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г-ийн хохирогч Н.Н-ийг зодсон үйлдэл, түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд Д.Г- нь уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул хууль зүйн хувьд Д.Г-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Иймд прокуророос ирүүлсэн хэргийн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
5. Шүүгдэгч Д.Г- нь шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Н.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч Д.Г- нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь хохирогч Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд “...надаас уучлалт гуйж, надад учирсан хохиролд 750,000 төгрөгийг төлж барагдуулсан.Би сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхгүй...” гэх мэдүүлэг болон “...эмчилгээний төлбөр 750,000 төгрөг өгсөн” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэргээр нотлогдож байна. (Хавтаст хэргийн 31, 79 дэх тал),
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Г-оос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Д.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” дүгнэлтийг гаргав.
3. Шүүгдэгч Д.Г- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй миний буруу. Хийсэн үйлдлээ ухамсарлаж ойлгосон. Архи ууснаас энэ бүх зүйл болсон” гэх мэдүүлэг гаргасан болно.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Д.Г- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-ийг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 68, 70-77 дахь тал);
Шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирол, хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
-Шүүгдэгч Д.Г-ийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Увс аймаг, ............... сумын .... тодорхойлолт, Увс аймгийн ............... сумын .... дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 65-66, 82-83 дахь тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
-Шүүгдэгч Д.Г-ийн хувийн зан байдлын талаар гэрч М.Б, Л.Д нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 36-37, 38-39 дэх тал);
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
5. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
6. Шүүгдэгч Д.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Г- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.Г- нь гэмт хэргийн хор уршигт 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
5. Шүүгдэгч Д.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА