Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/131

 

  

 

Б.П холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Болорзул,            

шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,   

хохирогч Н.Д өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

                                                                                                         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/933 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.П-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1909035110945 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

    Б.П, 1970 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Евро Ази” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй

 

    Шүүгдэгч Б.П нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэн Н.Д-н зөвшөөрөлгүйгээр дээрх хаягт байрлах байшингийн хаалганы цоожны голыг сольж нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, байшин доторх эд зүйлсийг нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү зөөх зэргээр дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

   Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.П үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

 Шүүгдэгч Б.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэв-Очирыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

шүүгдэгч Б.П нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.П гаргасан давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх нь прокурорын нэг талыг барьж хэргийг шалгасныг анхаарч үзээгүйн дээр мөрдөгч, прокурор нь хэргийг дутуу шалгасан талаар хохирогч гэх Д түүний өмгөөлөгчийн хэлсэнд огт дүгнэлт хийгээгүй.

Миний бие нь хохирогч Д нэгэн адил хууль ёсны өмчлөгч байтал Монгол улсын Үндсэн хуульд зааснаар хууль, шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх зарчмыг баримтлан үзэлгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэж миний биеийг гэм буруутай гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

Шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ энэхүү маргаан, үйл явдал үүсэх тухайн нөхцөл байдал, үүссэн шалтаг шалтгааныг тодруулах талаар мөрдөгч байцаалт, прокурорын шатанд шалгалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Газрын болон үл хөдлөхийн өмчлөх эрх хэрхэн бий болсоныг харгалзан үзэлгүйгээр цагдаагийн байгууллагад эхэлж гомдол гаргасан талын мэдүүлэгт хөтлөгдөж, хэрэг үүсгэж, шалгасан баримтад хөтлөгдөн хэргийг шийдвэрлэж буй нь учир дутагдалтай болно.

Зүй нь мөрдөгч, прокурор нь маргаан, үйл явдлыг үүсгэгч гол эзэн болох Цэцэгмаа нь Б.П, хохирогч Д-д үл хөдлөх хөрөнгийг буюу зуслангийн орон сууц худалдсан Саранчимэг нарыг нэгэн зэрэг нэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох боломжийг бий болгосон, 2 өмчлөгчөөс аль алинаас нь мөнгө авч, ашиг олсон нь залилсан үйлдэл мөн эсэхийг шударгаар шалгаж тогтоолгүйгээр Ц-г гэрчээр асуух төдийгөөр өнгөрсөн нь үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл хэргийн гол асуудал болсон орон сууцны өмчлөгчөөр яагаад 2 хүн бүртгэгдсэн, тэд яагаад өмчлөгчид болсон, хэн нь жинхэнэ өмчлөгч, оршин суугч вэ гэдэг талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл хоёр өөр өмчлөгч нь хуульд заасан үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэгдсэн талаар эрх бүхий байгууллагад мэдүүлж, холбогдох баримтуудыг гаргасан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь хууль зүйн ямар үйл баримт, факт болсон, аль бүртгэл нь хуульд нийцэж байгаа, ямар үндэслэлээр тухайн орон сууцыг хоёр өөр өмчлөгчийн нэр дээр бүртгэсэн, энэ байдалд хэн буруутай вэ гэдгийг шүүх харгалзан үзэлгүй Иргэний болон Эрхийн бүртгэлийн хуульд зааснаар яг адил эрхтэй 2 өмчлөгчийн нэг буюу зөвхөн намайг хохирогч гэх Д-г өмчлөх эрх бүхий этгээд гэдгийг мэдээгүйгээр өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө ашигласны төлөө цоож сольсон нь “Оршин суугчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан...” гэж буруутгаж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болоод байна.

Б.П надад холбогдуулан үйлдсэн 714 дугаартай яллах дүгнэлтэд бичигдсэн гэрч Ц.Уянга \бүртгэлийн ажилтан\ “...урьд нь бүртгэлтэй байсныг мэдэх боломж байхгүй, дээрх иргэний мэдүүлэгт гаргасан албан ёсны хаягаар мэдээллийн санд шүүлт хийхэд давхардал мэдээллийн сангаас гарч ирээгүй тул 2017 оны 12 дугаар сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон...” гэсэн мэдүүлгийг өгсөн. Харин нэг үл хөдлөх хөрөнгө дээр 2 гэрчилгээ гарсан байсныг би 2019 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхөд л сонссон юм. Харин сүүлд 2020 онд дүүргийн албанд дахин хүсэлт гаргаж үл хөдлөхийн гэрчилгээний түүхийг албан ёсоор өргөдөл гарган гаргуулж авсан бөгөөд энэ үед тус үл хөдлөхийг аль 2009 онд гэрчилгээ гаргуулчихаад бусдад зарсаныг нь мэдсэн юм. Энэ үед надаас авсан зээлийн барьцаанд байсан юм.

Улсын бүртгэлийн тухай хуулийн 19.3 дүгээр зүйлд зааснаар өргөдөл хүсэлт дээр үйл явдлын талаар тодорхой бичүүлээд мэдээллийн санд оруулсан дээрх хүсэлтийг Б.П-н Ү-2203016742 дугаартай хувийн хэрэгт тус тус хийж хавсаргасан... гэж тодорхой тайлбар өгсөн байсан. Мөн энэ байршил нь зуслангийн бүс учраас ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон хаягаар хайлт хийдэг. Би тухайн үед иргэн Б.П-н өөрийн регистрээр хайлт хийгээд авчирч өгсөн материалыг шалгаад ямар нэгэн давхцал илрээгүй тул үл хөдлөх гэрчилгээг гаргаж өгсөн...” гэжээ.

Улсын бүртгэлийн ажилтан нь Б.П миний нэр дээр гарсан гэрчилгээ нь хуурамч биш жинхэнэ гэж мэдүүлээд байхад байхад прокурор “...Б.П нь бусдын өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууц гэдгийг лавтай сайн мэдэж байсан...” гэж бүр төөрөлдөж, үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн нь би өөрийн орон сууцанд амьдарч байгаад 10 хоног хаа нэг тийш яваад эргэн ирэхэд хэн нэг нь гэрийн цоож солиод гэрт амьдарч байхтай адилтган үзэж хэргийг шийдвэрлэсэнтэй агаар нэг болжээ.

Тэгвэл өөрийнх нь гэрчилгээ ч хуурамч биш гэж эрх бүхий байгууллага нь тодорхойлсон учраас Б.П орон сууцыг өөрөө өмчлөх эрхтэй гэдгээ лавтай сайн мэдсэний үндсэн дээр хаалганы цоожийг сольсон гэх адилхан нөхцөл байдал байгааг прокурор ойлгохыг хүсэхгүйгээр шүүхэд хэргийг шилжүүлж, шүүх яллах дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь харамсалтай.

Нэгэнт эрх бүхий байгууллага хуульд заасны дагуу бүртгэж гэрчилгээ гаргаж өгсөн, түүнийгээ өөрсдөө нотолсон мэдүүлэг өгөөд байхад ямар үндэслэлээр Б.П миний цоож эвдсэн асуудлаар хөөцөлдөөд байгаа энэ прокурорууд яагаад нэг талыг бариад байна аа.. ? Тэгсэн атлаа дээрх мэдүүлгийг намайг яллах нотлох баримт болгоод байгааг юу гэж ойлгох вэ. Дээр нь тус үл хөдлөхийг дамжуулж зарсан, бэлэглэсэн гэх асуудлууд нь татварын болон иргэний хэд хэдэн хууль журмыг зөрчсөн нь баримтуудаар нотлогдоод байхад барьцаанд байгаа үл хөдлөхийг гуравдагч этгээдэд зарсан, шилжүүлсэн, мөн хэрэв үл хөдлөхийн гэрчилгээ байсан бол анхны эзэмшигч болох надтай анх гэрээ хийсэн Цнь мэдсээр байж С-г хууран мэхэлж, түүнд уг зуслангийн байрыг худалдсан, залилсан зэрэг олон асуудлууд байхад түүнийг анхаарч үзэлгүй ийм шийдвэр гаргаж буйд гомдолтой байна.

Энэ тохиолдолд Б.П миний тухайн газрыг өмчлөх гэрчилгээ гаргуулж авахад бүрдүүлж өгсөн Л.Ц байгуулсан гэрээнүүд, одоо яригдаж байгаа үл хөдлөхийн энэ гэрээний дагуу барьцаанд тавьсан асуудал, түүний дагуу байгуулсан эрх шилжүүлэх гэрээ зэрэгт хууль зүйн дүгнэлт хийж, хэрвээ энэ асуудал нь маргаантай бол аль гэрчилгээ хууль ёсных гэдгийг шүүх тогтоосны дараа гэм буруугийн асуудал яригдах ёстой гэж ойлгож байгаа. Хоёр өмчлөгч юугаараа нэг нь оршин суугч, нөгөө нь түүний эрхэд халдсан этгээд болж яллагдах болов. Хэн нь давуу эрх эдэлж буйг анхаарч үзсэнгүй, миний хувьд Д-г мөн адил миний зөвшөөрөлгүй оршин суугч гэж үзэж, цоожны голыг сольсонг шүүх дүгнэж үзсэнгүй.

 Миний бие нь 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ц нь зээлсэн мөнгөө төлж чадахгүй болсон тул гэрээг сунгах хүсэлт гаргаснаар гэрээг сунгасан. 2010 оны 4 сарын 15-ны өдөр Л.Ц-тай тохиролцон зээлийн болон барьцааны гэрээг дүгнэн дахин байгуулсан. Гэвч дахин уулзахад тэрээр мөнгөө өгч чадахгүй тул барьцаанд байгаа газраа үл хөдлөхийн хамт шилжүүлье, харин үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй тул 1 сарын дотор гаргаж өгнө гэж тохиролцон гэрээндээ гарын үсэг зурж баталгаажуулаад явсан. Ингээд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших, эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулж газрыг түүний дээрх үл хөдлөхийн хамт авсан бөгөөд Сүхбаатар дүүргийн засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тус тус баталгаажуулж авсан үйлдлийг хэн ч хууль бус гэж тогтоогоогүй байхад түүнийг өмчлөгч биш, өөр өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байгааг анхаарч өгнө үү.

Уг орон сууц Б.П, Н.Д нарын хоёулангийнх нь өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгосон, аль аль нь хуурамч биш, хүчин төгөлдөр гэж бүртгэсэн эрх бүхий байгууллага тодорхойлж мэдүүлээд байхад прокурор энэ байдлыг хэрэгсэхгүй, нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй, зөвхөн Н.Д-н гэрчилгээг үндэслэн уг үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлийнх гэж үзэн Б.П-г Н.Д-н байшингийн хаалганы цоожийг сольж нэвтэрсэн гэж буруутган яллагдагчаар татсаныг шүүх анхаарч үзэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны өмчлөгч иргэн миний эрх зүйн байдлыг нь дордуулж, Үндсэн хуульд заасан иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж маш их гомдолтой байна. Гэтэл хууль ёсны өмчлөгч миний бие нь тухайн цоожны гол сольж байх үедээ Дуламхандыг өмчлөх эрхийн гэрчилгээтэй талаар мэдээгүй, тэр бүү хэл Ц-д ч мөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ байсан талаар мэдээгүй байсанд шүүх дүгнэлт хийгээгүй нь хачирхалтай. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед Дуламханд өмчлөх эрхтэй талаар П-т хэлээгүй гэдгээ мэдүүлсээр байсан. Би ч бас Ц болон Д-д нарыг өмчлөх эрхтэй байсанг мэдээгүй гэдгийг мэдүүлсэн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байхад прокурор, шүүх зөрчиж Б.П, Н.Д нарт Улсын бүртгэлийн газраас нэг хаягт давхардуулан гэрчилгээ олгосон талаар тогтоолдоо дурьдсан мөртлөө уг давхардуулан олгосон үйлдлийг зөвхөн Б.П намайг буруутгах үндэслэл болгож хууль зөрчсөн байгаа нь нэг талыг барьсан шийдвэр гэж ойлгогдохоор байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/933 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, эрүү, иргэний хэргийн аль нь болохыг тогтоох, Цэцэгмаа нь өмчлөгчдийг залилсан эсэхийг тогтоох, хэргийг шударгаар шийдвэрлэх боломжийг олгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг анхан шатны шүүх буруу тайлбарласан гэж үзэж байна. Энэ хэрэг өмнө прокурорын шатанд хаагдаж байсан. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хаасан байхад нь Дуламханд нар гомдол гаргаж дахин сэргээж шалгасан. Б.П өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхийн тулд бүхий л боломжийг ашигласан. Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд “та нар надтай холбогдоно уу. Би өмчлөгч нь юм шүү. Надад өмчлөх эрхийн гэрчилгээ байна” гэсэн болов ч Д нарын хүмүүс холбогдоогүй. Бид нар өмчлөх эрхтэй юм шүү гэж хэлээгүй. 3 сарын турш чимээгүй байсан хэнээ 9 дүгээр сард цагдаад гомдол гаргасан. Хуулийн хэрэглээ зөв эсэхийг ярихын тулд хэдэн үйл баримтын талаар ярихгүй бол болохгүй. Б.П, Ц нар 2009 онд зээлийн гэрээ байгуулсан. Энэ зуслангийн газрыг байшинтай нь барьцаалж Б.П-с зээл авсан. 2010 онд зээлээ төлж чадаагүй учир хугацаа сунгасан. 2012 онд мөнгөө төлж чадахгүй юм байна. Байшин зуслангийн газар хоёрыг чамд шилжүүлж байна. Чи өмчлөгч нь бол гэж хэлээд газар өмчлөх эрх шилжүүлсэн. Байшингаа үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй чи өөрөө гэрчилгээг нь гаргуулж аваарай гэж хэлээд газар эзэмших эрхээ байшинтай нь хамт шилжүүлсэн. Үүнийг нь үндэслэж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. 2017 онд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авахад өөр өмчлөгч гарч ирээгүй. Ц нь 2011 онд С-т өмчлөх эрхийг шилжүүлээд С нь Дгэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Энэ талаар Ц нь Б.П-т хэлээгүй учир өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхийн тулд “энэ миний өмчлөлийн байр, байр суллаж өг, ирж юмаа ав” гэж шаардлага тавихад энэ хүмүүс холбогдоогүй. Тиймээс энэ хүн өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхийн тулд цоожны гол сольсон. Сольсноос хойш 3 сарын дараа цагдаад гомдол гаргасан. Анхан шатны шүүх тухайн үед байшин эзэнгүй байсан болохыг анхаараагүй. Түүнээс биш хүмүүс сууж байхад нь цоожны гол солиогүй. Эзэнгүй байшинд өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхээр орсныг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Энэ нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байна. Ц нь Б.П-т байшин газар шилжүүлсэн хэрнээ 2007 онд өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан гэдгээ хэлээгүй. Ц нь 2011 онд Саранчимэг рүү шилжүүлж үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. 2017 онд Б.П гэрчилгээгээ авахад ямар нэг давхардалгүй гэж гэрчилгээ гарсан. Энэ талаар Д мэдүүлэг өгсөн. Ц нь 2 хүнийг залилсан. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.    

 

Хохирогч Н.Д-н өмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Н.Д Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст “Б.П гэх хүн миний хууль ёсны өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авсан байна. Миний орон байрны цоожийг сольж хууль бусаар нэвтрэн орсон байна” гэсэн 2 бие даасан гэмт хэргийн гомдол гаргасан. Гэтэл мөрдөн байцаагч прокурор зөвхөн орон байранд нэвтэрсэн гэсэн гомдлын нэг хэсгийг шийдсэн. Н.Д 2015 онд С гэх хүнээс 65.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл 2015 онд Б.П гэх хүн гарч ирсэн. Хэрэг маргаан гарч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст уулзаж байсныг огт уулзаагүй гэж хэлж байна. Хавтас хэргийн 125 дугаар талд газрын албаны тодорхойлолт албан бичигт 2017 онд хаягжилт өөрчлөгдсөн гэсэн байгаа. Б.П энэ байдлыг ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинэ хаягжилтаар буюу үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гаргуулж авсан. Б.П энэ үл хөдлөх хөрөнгийг бий болгож бүтээн босгоход нэг ч хадаасны зардал гаргаагүй. Энэ үл хөдлөхөд Н.Д гэх хүн маргаан үүсгэж байгаа гэдгийг мэдэж байсан. Шинэ хаягжилт буюу 19 дүгээр хороо гэх хаягаар бүртгэлийн баримт шинээр бүрдүүлж уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд шинээр гэрчилгээ гаргуулж авсан. Энэ хаягжилтыг улсын бүртгэгч мэдэх боломжгүй байсан. Учир нь хороо өөрчлөгдсөн байсан. Б.П нь Ц гэх хүнээс зөвхөн газрыг 10.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд авсан байсан. Дээр нь байгаа үл хөдлөхийг өөрийн өмч мэт дураараа аашилж, зохиомол байдлыг зориуд бий болгож байна. Хохирогчийн зүгээс Б.П залилах гэмт хэрэг болон орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Гэтэл прокуророос орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.  

 

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Б.П-н өнөөдөр хэлэлцэж байгаа үйлдэл нь хэн шударга өмчлөгч болохыг яриагүй. Өөрийн үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн оршин суугч 2015 оноос тухайн зуслангийн байранд амьдарч байсан болохыг гэрч нар мэдүүлсэн. Энэ асуудал 2015 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Н.Д, Б.П, Цнар тухайн байрны маргаантай асуудлаар уулзаж байсан. Тухайн үед Б.П энэ байшин бусдын өмчлөлд байгаа талаар мэдэж байсан. Энд хэний өмчлөл болох талаар асуудал яригдаагүй. Харин орон байранд дураараа авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн Б.П-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Шүүгдэгч Б.П нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хуурай мухар 1 дүгээр гудамж, 198 тоот /Хуурай мухар /14121/ 12 дугаар хэсэг гудамж, 1203 тоот/-д оршин суугч иргэн Н.Д-н зөвшөөрөлгүйгээр дээрх хаягт байрлах байшингийн хаалганы цоожны голыг солин нэвтрэн орсон, улмаар байшин доторх эд зүйлсийг нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү зөөх зэргээр дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Д-н “....Манайх 2015 оноос одоог хүртэл байгаа. ...2015 ионд П гэх хүн ирээд энэ миний байшин, танайх нүү, манайх засвар хийх гэж байна гэж манай хүүхдүүдийг байхад ирсэн байсан. ...цагдаа хэлтэс дээр дуудагдаад ирэхэд Адьшаа, П, Цэцэгмаагийн нөхөр нар ирсэн, Ц-н нөхөр П хоёр хоорондоо маргалдаад байсан. П-т хандаад чи яагаад хүний байшин руу дураараа ордог юм бэ гэхэд П танд хамаагүй. Цэцэгмаа надаас 10 сая төгрөг зээлчёихээд өгөхгүй байгаа юм., тэгэхээр би энэ байшинг авна гэж байсан. ...Тэрнээс хойш 4 жилийн дараа манай байшин дээр 2016 оны 6 сард эзэнгүй байхад ирээд бичиг наагаад, манаачид үл хөдлөх хөрөнгийн гэричлгээний хуулбар өгөөд явсан байсан Удалгүй бас эзэнгүй байхад ирээд байшингийн цоожны гол солиод, доторхи тавилгуудын дээд давхарт нэг өрөөнд бүгдийг нь хураагаад явсан байсан. ...” мэдүүлэг /хх 57-59, 60-62/, 

хохирогч Н.Д-х тус хаяг дахь байшинд оршин суудаг болохыг нотолж буй гэрч В.М-н “...2016 оны үед байх П нь манай зуслан дээр ирээд тан нар гарцгаа, энэ миний байшин гээд ороод ирсэн. Тухайн үед Ц, А, П, манай ээж бид нар цагдаа дээр ирэхэд П, Ц хоёр хоорондоо 10 сая төгрөгний өглөг, авлагатай болоод энэ асуудлаа та хоёр шийд гээд бид нар явцгаасан. ... Тэгсэн гэнэт 2019 онд гарч ирээд цоожны гол солиод, хаалган дээр цаас наагаад, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихсан байсан. ...Над руу “...Хуурай мухарт ирж байрандаа орлоо шүү. Манаачийг байлцуулж байгаад цоожийг солилоо. Эд хогшлоо яаралтай авна уу...” гэсэн утгатай мэссэжийг над руу бичсэн. Би эргүүлээд утас руу нь залгахад утсаа авахгүй байхаар нь цагдаад хандсан. Өөр янз бүрийн утаснаас утас руу нь залгахаар авахгүй байсан. Би 9 дүгээр сарын 5-ны өдөр зуслангийн байшиндаа орой 20 цаг өнгөрч байхад очиход нэг хүн манай байшинг хүмүүст үзүүлэх гээд явж байхаар нь тэр хүнийх нь утсаар нь П руу яриадах гэж байгаад залгуулахад утсаа аваад яасан, нөгөө хүмүүсдээ үзүүлсэн үү гээд П урдаас нь ярьж байсан.Нөгөө хүн нь байрны эзэн нь ирчихсэн байна ш дээ гэсэн П чимээгүй болохоор нь би “хөөе, чи хаана байна, цагдаа дээр очиж уулзаач” гэхэд П утсаа шууд салгасан. ...” /хх 69-71/, гэрч Э.Ө-н “...биднийг байшиндаа их цэвэрлэгээ хийлгэхээр дүү нарыгаа явуулсан байхад П гэх хүн очоод дүү нарыг маань хөөж гаргаад скочдоод, яасан их хог тарьдаг юм гэж баахан загнаад мэдэгдэл гэсэн юм цаасан дээр бичиж наачихаад яваад өгсөн байсан. Дүү нар гайхаад өнгөрсөн ба бид нарт ирж хэлсэн юм. Тэрний дараахан энэ хүн манаачийн насанд хүрээгүй хүүхдийг байлгаж байгаад цоож сольдог хүн аваачаад цоожны гол солиулчихсан байсан. Тэрнийх нь дараа бид нар гэртээ орж чадахгүй байсан тул цоож онгойлгодог хүн дагуулж очоод орсон чинь тавилганаас бусад бидний хувцас, эд хогшлыг бүгдийг нь зөөж нэг өрөөнд хийж орхиод явсан байсан. ...” /хх 71, 83, 84/, гэрч Л.Ц-н   “..Би А гэх хүнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байшин 55 сая төгрөгөөр зарсан. А өөр хүнд зарсан байсан. П бид хоёр 10,10 сая төгрөг нийлүүлээд хамтарч бизнесс хийх гэж байгаад бүтээгүй, тэр мөнгө нь надад байсан. Тэр мөнгө нь хүү, алданги гэж өссөөр байгаад надаас 60 сая төгрөг нэхээд байгаа юм. ...2015 онд П надаас мөнгөө нэхэж цагдаад гомдол гаргаад би Эрүүгийн хуулийн 148.4 зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон. ...” /хх 72-74, 80-81, 94-96/, гэрч Я.С-н “...Х гэх хүний эхнэр Ц-н нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь байсныг 55 сая төгрөгөөр авсан. 2013 онд манай бага хүүхэд өвдөөд байхаар нь зуслангийн байшин зарах шийдвэр гаргаад 2014 онд Д-д 60 сая төгрөгөөр зарсан юм. ...” /хх 87-89/, гэрч Ц.Уянгын /хх 90-93/ гэх  мэдүүлгүүд,

 “...иргэн Н. Д /нэг иргэний өмч/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хуурай мухар 1 гудамж, 198 тоот хаягт байршилтай 130 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн бүртгэлийн Ү-2203016742 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов. ...” гэсэн 2015 оны 1 дүгээр сарын 23ны өдрийн 000385044 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хх 151/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Шүүгдэгч Б.П-н “...Бусдын оршин сууж буй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хуурай мухар 1 дүгээр гудамж, 198 тоот (Хуурай мухар /14121/ 12 дугаар хэсэг гудамжны 1203 тоот) байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр цоожийг нь онгойлгон нэвтэрч дураараа авирласан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “...Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох...” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан...” гэсэн шинжийг бүрэн агуулж байх тул анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Б.П-н үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-уудаас Б.П-н хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүнд торгох ялыг сонгон оногдуулж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ. 

Шүүгдэгч Б.П нь  “...мөрдөгч, прокурор нь хэргийг дутуу, нэг талыг барьж хэргийг шалгасан, би хохирогч гэх Дуламхандыг өмчлөх эрх бүхий этгээд гэдгийг мэдээгүйгээр өөрийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгөө ашигласны төлөө гэмт хэрэг хийсэн гэж үзлээ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.П-т холбогдох эрүүгийн 1909035110945 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, тус хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Б.П-т холбогдох хэргийг шүүх эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар “-ийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанд нийцжээ.

Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь Үндсэн хуульд заасан “Иргэний ...орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” гэсэн хүний халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхийг хамгаалж байгаа бөгөөд Б.П-н оршин суугч иргэний зөвшөөрөлгүйгээр, эзгүй үед цоожийг нь онгойлгуулан бусдын гэрт нэвтрэн орж, эд хөрөнгүүдийг нь зөөвөрлөн нэг өрөөнд бөөгнүүлэх, хаалганых нь цоожны голыг нь сольж оршин сууж буй хүнийг гэртээ орох боломжгүй болгож буй дураараа авирласан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Тус  орон байранд өөр хүмүүс оршин суун амьдарч байгаа болохыг Б.П мэддэг болох нь гэрч В.М-н “...Над руу “...Хуурай мухарт ирж байрандаа орлоо шүү. Манаачийг байлцуулж байгаад цоожийг солилоо. Эд хогшлоо яаралтай авна уу...” гэсэн утгатай мэссэжийг над руу бичсэн. Би эргүүлээд утас руу нь залгахад утсаа авахгүй байхаар нь цагдаад хандсан. ...” /1 хх 71/, Б.П-н өөрийнх нь “...хаалган дээр наасан бичгийг авч хаясан байхаар нь утас руу нь залгасан, та нар бичиг авсан байна гэсэн чинь тэр бичиг ямар хамаатай юм, чамайг ална шүү гэхээр нь би цоожны гол солилоо шүү гэж хэлчихээд голыг нь солиулсан. ...М гэж хүний утсыг манаач дээрээс нь аваад ярьж байсан. ...Би ороод тухайн айлын юмнуудыг нэг өрөөнд нь хураагаад...” гэсэн удаа дараагийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Прокуророос Б.П-г Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан энэхүү хэргийг шүүх эцэслэн хянан шийдвэрлэснээр иргэн Б.П-н үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаархи маргаанаа шийдвэрлүүлэх, Л.Ц-д холбогдуулан гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй.

Иймд шүүгдэгч Б.П-н “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/933 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Пүрэв-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                       Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ