Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 122/ШШ/2022/0008

 

  

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Баясгалан, шүүгч Н.Балжмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн *******, 2 дугаар багийн иргэн ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор *******, улсын байцаагч, дотоод аудитор ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай” төрийн хяналт шалгалтын маргааныг хянан хэлэлцэв.        

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, хариуцагч Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор *******, улсын байцаагч, дотоод аудитор *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч *******, ******* нараас Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор *******, улсын байцаагч, дотоод аудитор ******* нарт холбогдуулан “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах” –аар маргаж байна.
  2. Хариуцагч нь “анхан шатны баримтгүй зарцуулсан” гэх үндэслэлээр 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 31-01/08 актаар 1427,3 мянган төгрөгийг, 31-01/09 дүгээр актаар 5681,2 мянган төгрөгийг Эрүүл мэндийн газрын дарга *******гаар төлүүлэхээр шийдвэрлэжээ. 
  3. Нэхэмжлэгч ******* нь уг актыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасан ба Сангийн сайд гомдлын дагуу актыг хянаад 31-01/08, 31-01/09 дүгээр актуудыг хүчингүй болгож, актад дурдсан зөрчлийн төлбөрийг хариуцах этгээдийг зөв тодорхойлсны үндсэн дээр дахин акт гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг үндэслэн хариуцагч нь дахин акт гаргаж 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 31-01/46 дугаар актаар 1427,3 мянган төгрөгийг, 31-01/47 дугаар актаар 5861,2 мянган төгрөгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга *******, нягтлан бодогч ******* нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
  4. Нэхэмжлэгч дээрх актуудыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасан байх ба Сангийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13-2/169 тоот албан бичгээр хариу ирүүлжээ.

Нэхэмжлэгч нар нь 2022 оны 01 сарын 19-ний өдөр маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шатахууныг анхан шатны баримт болох шаардах хуудсаар эхэлж олгодог бөгөөд дундаас нь ганц нэг дутуу баримт байсан ч, огт байхгүй, баримтгүй зүйл байхгүй. 2018 онд “Тэмүүлэл өргөө” ХХК нь e-barimt-ын нэгдсэн системд бүртгэгдээгүй байсан. “Номин тав трейд” ХХК-тай холбоотой зөрчилд 2019 онд Төрийн аудитын газрын албан шаардлага авсан, зөрчлийг давтан гаргаагүй байсан зэрэг талаар тайлбар өгсөн ч байцаагчийн дүгнэлтдээ авч үзээгүй. Мөн албан томилолтыг шатахууны зарцуулалт болгонд байх ёстой гэж үзэж байгаа нь өрөөсгөл юм. Зарим үед ажлын өдөртөө багтаагаад сумдад ажиллах, томилолттой төслийн сургалтад хамрагдах зэрэгт байгууллага томилолт олгохгүй байх тохиолдол гардаг. Улсын байцаагч нь шатахууны актдаа хавсралт үйлдэж өгөөгүй учраас давхацсан гэж үзэж байна.

            Эрүүл мэндийн газрын дарга ******* нь 2021 оны 10 дугаар сарын 18-нд ажилдаа орсны дараа баримтуудыг шалган улсын байцаагчдын дутуу үзсэн баримтуудыг гарган, тайлбар нотлох баримтууд гаргаж өгсөөр байтал хүлээж авахгүй 31-01/08, 31-01/09 тоот актуудын дугаарыг өөрчлөн төлбөрийг хувь тэнцүүлэн шууд тавьж байгаа нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

   6.Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018-2020 он хүртэл Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан. Санхүү хяналт аудитын албанаас 2018-2020 оны санхүүгийн хяналт шалгалтыг хийсэн. Тухайн үед би ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09 гэсэн 2 акт гарсан байсан. Би ажлаасаа чөлөөлөгдсөн байсан учир тайлбар болон баримт материал гаргаж өгөх боломж байгаагүй. Надтай холбогдуулан гаргасан 2 актын талаар Сангийн сайдад гомдол гаргасан. Сангийн сайдаас 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09 гэсэн актуудыг хүчингүй болгосон. 2021 оны 11 сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон. Би ажилдаа томилогдсон байсан учир дахин хяналт шалгалт хийх байх гэж бодсон. *******ын хувьд өөрийн тайлбар баримтуудыг гаргаж өгсөн байсан. Хариуцагч ******* надтай ярихдаа санхүүгийн дотоод аудитын хороо хуралдаж сангийн сайдын хүчингүй болгосон 2 актыг үндэслэлтэй гэж дүгнэсэн гэсэн. Санхүү хяналт, аудитын албанд бичгээр тайлбараа гаргаж өгсөн. Тайлбар гаргасан байхад дахин шалгалт хийгээгүй. Санхүүгийн хяналтын байцаагч нар хэд хэдэн хууль зөрчсөн гэж үзэж байна. 2017 онд гарсан Санхүүгийн стандартад, удирдамжид заасны дагуу бүрэн төгс хийх үүрэгтэй гэж заасан.  2018-2020 оны хооронд 3 хүн Эрүүл мэндийн газар даргаар ажилласан байдаг. Өмнөх дарга нарын зөрчлийг огт үзээгүй, зөвхөн миний ажиллаж байсан хугацааны баримтыг шалгасан.  Сүүлд гарсан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 актуудад хэн хэзээ, хаашаа явсан талаар тодорхойгүй бөөн дүнгээр бичигдсэн. Уг актуудад хавсралт байхгүй байсан. Хавсралт байхгүй байсан учир надад тайлбар гаргах боломж байгаагүй. Хариуцагч нар өмнө шүүх хуралдаанд оролцож байхдаа намайг хуурамчаар баримт бүрдүүлсэн гэж гүтгэсэн. Би хуурамч баримт бүрдүүлээгүй гэдгийг улсын байцаагч нарын 2021 оны 6 сарын 23-ны өдөр хуулбарлан авч хуулбар үнэн тэмдэг даруулж Сангийн сайд руу явуулсан баримтууд хавтаст хэрэгт байгаа. Намайг төсвийн мөнгө идсэн эсэх талаар Прокурорын байгууллагад шалгуулахаар өгсөн. Прокуророос “Номин тав Тред” ХХК-д шилжүүлсэн 2,000,000 төгрөгийн баримтуудыг тухайн тухайн компанийн ажилчдаас асуугаад хуурамч биш гэдгийг нотолсон. Мөн “Тэмүүл өргөө” компани нь тухай үед e-barimt олгодог аж ахуйн нэгж биш байсан. Тухайн үед зарлагын баримт өгч байсан үнэн гэдгийг нотолсон. Эдгээр баримтууд хуурамч биш гэдгийг нотолчхоод байхад хариуцагч талаас хуурамч баримт бүрдүүлсэн гэж яриад  байгаа. Засгийн газрын 2015 оны 24 дугаар тогтоолын “Төрийн сангийн үйл ажиллагааны тухай” хавсралтын 1.2.10 дугаар зүйлд “Хяналтын хуудас гэж төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийн үндэслэх баримтын нэгдсэн товчоо буюу жагсаалт байх бөгөөд Төрийн сан тухайн байгууллагын гүйлгээг хийхдээ ямар баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг нотлох баримт болно” гэж заасан. Байгууллагын баримтуудын бүх гүйлгээний дор хяналтын хуудас байгаа. Мөн хавсралтын 7.8 дугаар зүйлд “Тухайн байгууллага журмын 7.5-д заасан төлбөрийн болон бэлэн мөнгөний хүсэлтийг үндэслэх баримтын эх хувь, хяналтын хуудасны хамт ирүүлэх үүргийг хүлээнэ. Үндэслэх баримтад: Урсгал зардалтай холбоотой гүйлгээ хийх тохиолдолд төсвийн захирагчийн тушаал, төсвийн задаргааг баталсан хавсралт, баталгаажуулсан цалингийн жагсаалт, товчоо, ажил, үйлчилгээ гүйцэтгэх, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой үнэлгээний хорооны шийдвэр, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, бараа, ажил, үйлчилгээ хүлээн авсан акт, нэхэмжлэх, бараа материалын орлого, зарлагын баримт, өр төлбөр байгааг нотолсон тооцоо нийлсэн акт, жижиг мөнгөн сангийн тайлан, банк дахь бэлэн мөнгөний дансны хуулга, хөрөнгийн зардалтай холбоотой гүйлгээ хийх тохиолдолд хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдсэн дансны хуулга болон бусад бичиг баримт хамаарна. Үндэслэх баримтын мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн байгууллага хариуцна” гэж заасан. Бид нарын өгсөн баримтуудад зарлагын болон хяналтын баримтууд байгаа. Бид нар сарын эхэнд орсон мөнгийг Ник ХХК-д шилжүүлж талон авдаг. Жолооч нар шаардах хуудсаа бичээд, дарга нь гарын үсэг зураад, замын хуудсанд дээр тамга дарсны дараа нярваас талон авдаг. Жишээ 2019 оны 04 сарын 29-ний өдөр ямар ч баримт байхгүй гэдэг. Жолоочийн замын хуудас, жолоочийн шаардах хуудас байсаар байхад томилолтын хуудастай явах ёстой гээд төлбөр тавина гэсэн. Би 06 сарын 03-ны өдөр Сүхбатаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, мэргэжилтэн нартай Дархан-Уул аймаг явсан. Цаанаасаа надад томилолт гэж өгсөн. Шатахуун нь байгууллагаас гарсан. Жолоочийн авсан томилолтын хуудас, удирдамж болон бусад баримтууд байгаа. 2021 оны 06 сарын 26-ны өдөр би вакцин тээвэрлэсэн машинд нь даагдаж ирсэн болохоос би өөрөө томилолтоор яваагүй. Би тухайн үед эрүүл мэндийн удирдлагаар сурч байсан. Вакцин татаж ирсэн баримт нь хавтаст хэрэгт байгаа. 31-01/47 дугаар актын хариу тайлбар өгөх боломж байхгүй байсан учир нь актад хавсралт байхгүй бөөн дүнгээр нь бичсэн байсан. Би улсын байцаагчийн шалгалт хийж акт үйлдсэний улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. Өөр газар ажилд оръё гэхээр санхүүгийн зөрчилтэй учир ажлаас халагдсан гэж төрийн албаны зөвлөлд бүртгэгдсэн. Эхний 2 акт нь зөвхөн надтай холбоотой гарсан. Санхүүгийн үйл ажиллагаа хэзээ ч нэг хүн дээр явдаггүй. Дараа нь эхний 2 актынхаа зөвхөн дугаарыг нь өөрчлөөд нягтлантай чинь хуваагаад акт гаргалаа гэсэн. Дахиж шалгалт хийх ёстой гэв.

   7. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүү хяналт, аудитын алба нь 2021 оны 03 дугаар сард манай байгууллагын 2018-2020 онуудын санхүүгийн хяналт шалгалт хийсэн. Өмнө нь 2018 оны 08 дугаар сард манай байгууллагын өмнөх онуудын санхүүгийн баримтуудыг шалгаж байсан. Манай байгууллагын санхүүгийн баримт жил болгон төрийн аудитаар дүгнэлтээр баталгаажиж явдаг. Санхүү хяналт аудитын байгууллагаас хавсралт өгөөгүй, 2019 онд 2,500,000, 2020 онд 1,500,000 төгрөгийн акт тавигдсан байсан. Би тухайн үед уг актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарыг хүргүүлсэн. Анх гардаг 2 акт нь  *******д холбогдуулан гарсан байсан. 2021 оны 07 дугаар сард уг 2 актыг Сангийн яам хүчингүй болгосон байсан. Үүнээс хойш  манай байгууллагад дахиж шалгалт ирээгүй. 2021 онд хүчингүй болсон 2 актын дугаар өөрчлөгдөж ирсэн. Сангийн яамнаас 2 хүнд хувь тэнцүүлэн ногдуул гэсэн. *******аас томилолтой холбоотой актыг би төлөх юм уу гэж асуухад тиймээ, бүгдийг нь хуваа гэсэн гэж хэлсэн. Хариуцагч нар өмнөх шүүх хурал дээр хуурамч баримт бүрдүүлсэн гэж гүтгэсэн. Бид нар 2020 оны шатахуунтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Уг баримт хуурамч биш гэдэг нь хариуцагч Сангийн яам руу баримтууд явуулах гэсэн юм бүх баримтууд дээр хуулбар үнэн дараад явуул гэж хэлсэн. Би 2021 оны 06 сарын 23-ны өдөр хуулбар үнэн тэмдэг дараад өгсөн. Баримтыг өгөхөд дугаарлаагүй байсан. 2021 оны 08 сард намайг амарч байхад няравыг дуудаж бүх булан дээр нь дугаарлуулсан байсан. Хариуцагч Эрүүл мэндийн газрын шатахууны зардлын зарлагыг түүгээд авсан байсан. Эрүүл мэндийн газраар дамжаад сумд руу явуулсан шатахууны баримтууд байгаа. Сумд руу явуулсан зарлагыг огт тооцоогүй. Шатахууны баримтыг хуурамчаар үйлдэх боломжгүй тухайн сумын шатахуун авсан e-barimt  байгаа.  Мөн өөрсдийн өгсөн баримтуудаар тогтоогдож байгаа.

2019 оны шатахууны зардалд акт  тавихдаа зарлагаа машин машинаар түүж гаргачхаад, харьцуулахдаа зөвхөн орлогоор харьцуулсан. Орлого зарлагын зөрүү гэдэг нь хэтрэлт, хэмнэлт, үлдэгдэл байдаг. Орлого зарлагын зөрүүг акт гэж үзэхгүй байна. Баримтад үндэслээгүй шууд тоо нь дээр үндэслэж акт гаргасан гэж үзэж  байна. 2018 онд төрийн байгууллагууд e-barimt нэхдэггүй байсан. 2019 оноос e-barimtiig санхүүгийн баримт бичигт хавсарга гэсэн чиглэл өгч байсан. Анхан шатын баримт огт байхгүй гэж бичсэн байсан. Огт байхгүй гэдэг би зүгээр гүйлгээ гаргасан гэсэн үг. 2014 оноос төрийн сангийн гүйлгээ хяналтын хуудсаар баталгааждаг болсон. Ямар баримтууд байгаа талаар хяналтын хуудсанд дурдагдаг. Нэхэмжлэл, зарлагын баримтуудыг үндэслэж гүйлгээ хийсэн байгаа. “Тэмүүлэл өргөө” аж ахуйн нэгж нь 2018 оны 06 сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2020 оноос e-barimt системд бүртгэгдсэн гэв.

           8. Хариуцагч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны нэгдсэн  төлөвлөгөөний  дагуу албаны даргын баталсан удирдамжийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын 2018-2020 оны үйл ажиллагаанд тус албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч *******, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч ******* нар хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар нийт 162612.8 мянган төгрөгийн зөрчил илэрснээс 7898.6 мянган төгрөгийн зөрчилд нөхөн төлбөрийн 3 салбар акт тогтоож, 154714.2 мянган төгрөгийн зөрчилд 1 албан шаардлага өгсөн юм. 3 салбар актаас 790.1 мянган төгрөгийн актыг барагдуулж, 7248.5 мянган төгрөгийн 2 салбар актыг хүлээн зөвшөөрөөгүй.

Төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг анхан шатны баримт бүрдүүлэх,  журналд бичих, дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, ажил, гүйлгээний мэдээ гаргах, санхүүгийн тайлан гаргах гэсэн дарааллаар гүйцэтгэнэ” гэж, мөн зүйлийн 14.4 дэх хэсэгт “аж ахуйн бүх ажил, гүйлгээ, бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, бүх өр төлбөр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, бүх орлого, бүх зардлыг заавал бүртгэнэ гэж тус тус заасан байдаг.

Гэтэл жолоочийн замын хуудсанд “... дарга ******* томилолтоор явахад зарцуулсан” гэж бичиж, шатахуун зарцуулсан бөгөөд томилолтоор явж байгаа тохиолдолд Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолд зааснаар зарцуулсан шатахууны зарцуулалтын тооцоог томилолтын удирдамж,  томилолтын илтгэх хуудсанд заавал хавсаргах ёстой атал албан үүргээ гүйцэтгэсэн гэх нэг ч баримт байгаагүй. Мөн жолоочийн замын хуудасны тооцоотой зарцуулсан шатахууны талон, зарцуулалтын тайлантай тулгахад жолоочийн замын хуудсанд тайлагнаагүй 2019, 2020 онд нийт 4115.3 мянган төгрөгийн шатахууныг анхан шатны баримтгүй зарцуулсан байсан. Мөн 2018 оны жилийн эцэст Сүхбаатар аймаг дахь Номин дэлгүүр рүү 2000.0 төгрөгийг шилжүүлсэн үүнээс 934.3 мянган төгрөгийг хүнсний материал авсан гэсэн төлбөрийн баримттай, үлдсэн 1065.7 мянган төгрөг нь юунд зарцуулсан нь тодорхойгүй анхан шатны баримт огт байхгүй байсан юм.

Хяналт шалгалтын явцад *******тай утсаар холбогдон гарсан асуудлуудын талаар хэлж, баримтуудаа тулган үзэх талаар ярихад ковидын ойрын хавьтал тул очих боломжгүй гэсэн тул утсаар танилцуулсан. Харин нягтлан бодогч *******ын хамт баримтуудыг нэг бүрчлэн тулган шалгасан бөгөөд ******* нь бичгээр гаргасан тайлбартаа “... сарын эцэст шатахууны зарцуулалтыг тулгаагүйгээс зарцуулалт дутуу орхигдсон байна ...” гэдэг тайлбарыг өгсөн. Тухайн үед баримтуудаа тулган дээрх мөнгөн дүнтэй зардлуудыг анхан шатны баримтгүй зарцуулсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн, мөн 2 акт нь хавсралт тус бүрээр гарсныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.4 дэх заалтуудыг үндэслэн сонсох ажиллагаа хийж, Дотоод аудитын дүрмийн 6.3.1 дэх заалтад заасан эрхийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг үндэслэл болгон 1427.3 мянган төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  31-01/08 тоот актаар, 5681.2 мянган төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/09 тоот актаар тус тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан *******гаар төлүүлэхээр тогтоосон. ******* нь дээрх 2 актыг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны байгууллагад хандаж, үүнтэй холбогдуулан Сангийн сайдын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн *******гийн гаргасан гомдлын дагуу “....Улсын ахлах байцаагчийн 31-01/08, 31-01/09 тоот актуудыг хүчингүй болгож, актад дурдсан зөрчлийн төлбөрийг хариуцах этгээдийг зөв тодорхойлсны үндсэн дээр дахин акт гаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн 13-2/3737 дугаар албан тоот ирүүлсэн юм.

Тус алба нь Сангийн сайдын 2019 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан Дотоод аудитын хорооны дүрмийн дагуу аймгийн Дотоод аудитын хороогоор тухай бүр хяналт шалгалт, дотоод аудит хийсэн шалгалтын дүнгүүдийг хэлэлцүүлдэг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу Эрүүл мэндийн газрын 2018-2020 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг  хэлэлцүүлж, хорооны гишүүд нь хорооны дүрмийн 4.1.2 дахь заалтад заасны дагуу  Сангийн сайдын 13-2/3737 дугаар албан бичгийг хэрэгжүүлэхийг тус албанд үүрэг болгож шийдвэрлэсэн.

Үүний дагуу 2021.05.03-ны өдрийн 31-01/08 тоот актыг 2021.11.19-ний өдрийн 31-01/46 тоот актаар,  2021.05.03-ны өдрийн 31-01/09 тоот актыг  2021.11.19-ний өдрийн 31-01/47 тоот актаар тус тус хариуцагчийг өөрчлөн *******, ******* нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан болно.

******* нь тус 2 актыг хүлээн зөвшөөрөхгүй Сангийн сайдад гомдол гаргасан, гомдлыг хянаж үзээд Сангийн сайдын 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 13-02/169 дугаартай албан тоотоор 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актууд нь үндэслэл бүхий байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5 дахь заалтыг үндэслэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн  юм.

Дээрх 2 актыг тогтоохоос өмнө нягтлан бодогч ******* нь бүх баримтуудаа тулган, гарсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан атал  *******г 11 дүгээр сард Эрүүл мэндийн газрын даргаар дахин томилогдсон хугацаанд анхан шатны баримт байсан гэж хуурамчаар баримт бүрдүүлэн тайлбар гаргасан нь Нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба, аймгийн Төрийн Аудитын газар нь хуульд заасан тус тусын чиг үүрэгтэй, бие даасан статустай байгууллага. Иймд өөрсдийн чиг үүргийн хүрээнд дээрх 2 актыг тогтоосон болно гэжээ.

9.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн хяналт, аудитын алба нь Сангийн сайдын баталсан стандартын дагуу тухайн байгууллагын санхүүгийн үндсэн баримтад тулгуурлан хяналт шалгалт хийдэг.  Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газарт 100 гаруй сая төгрөгийн зөрчил гарсан. Хяналт шалгалтын хугацаанд нягтлан, нярав нарыг дуудаад бүх баримтуудыг тулгаж баталгаажуулж байсан. ******* бид нарын хажууд сууж байгаад актад дурдагдсан бүх зардлуудыг өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр түүж бичиж тулгасан. Улсын байцаагчтай гаргасан тооцоололтой таарч байна. Үүнтэй холбоотой анхан шатны баримт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч тухайн үед бичгээр тайлбар өгсөн. Нярав нь манай байгууллагад шатахуун замбараагүй зарцуулагддаг үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Бид дахиж ийм зөрчил гаргахгүй гэж хэлсэн. Танилцуулга болон албан шаардлага дээр гарын үсгээ зурсан. Тухайн үед ******* нь өөр газар ажил хийж байсан. Таныг ажиллаж байх хугацаанд дараах зөрчлүүд гарч байгаа тул та ирж баримтуудаа үзээрэй гэж хэлсэн боловч нэг ч удаа ирээгүй. ******* шүүх хуралдаан болоход хэдэн хуудас баримт гаргаж өгсөн. Уг баримт нь өмнө шалгахад огт байгаагүй баримтууд байсан. Анхан шатны баримтууд тухайн цаг хугацаанд архивлагдсан байх ёстой. Гэтэл үдэгдэж, цэгцлээгүй хэдэн цаас бариад түүнийгээ нотлох баримт гээд байгааг ойлгохгүй байгаа. Сангийн сайдаас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг дахиж хянаж үзээд үндэслэлтэй акт байна гэж үзсэн. 1,500,000  төгрөгийн баримт огт байгаагүй. 2019 оны баримтууд мөн огт байгаагүй. ******* нь санхүүгийн баримтыг аудитын дүгнэлттэй хольж яриад байна. Жолоочийн замын хуудсанд ******* дарга томилолтоор Улаанбаатар хот явсан гэж бичсэн байсан. Томилолтоор ямар ажлаар, хаашаа явсан талаар ямар ч баримт байгаагүй. Томилолтоор явсан бол ажлын тайлан, илтгэх хуудас байх ёстой. Төсвөөс гарч байгаа мөнгө албаны үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тодорхойгүй байгаа учраас бид нар актын мөнгөн дүнгээр улсад хохирол учирсан гэж үзэж акт тогтоосон гэв.

10. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь нэг хүн рүү чиглэсэн шалгалт гэж ярьж байна. Бид нар шалгалт хийхдээ дүрэм, журам, стандартын хүрээнд шалгалт хийдэг. Хэн нэгэн албан тушаалтныг буруутгах гэж, хэн нэгний ажлын байрыг хадгалах гэж хяналт шалгалт хийгээгүй. Бид нар Төрийн албаны тухай хуулийн дагуу тангараг өргөсөн албан хаагчид учраас үнэн шударгаар шалгалт хийсэн гэж үзэж байна.  2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг шууд 2 хуваагаад тавихаар болсон гэж огт хэлээгүй, ******* нь гуйвуулж ярьж байна. Сангийн сайдаас эзэн холбогдогчийг нь олж тогтоо гэсэн шийдвэр ирсэн. Хяналт шалгалт явцад ******* хариу тайлбар ирүүлсэн учраас *******д холбогдуулан эхний акт гарсан байгаа. Би *******д шууд 2 хуваагаад акт гарч байгаа гэж хэлээгүй, 2 дугаар гарын үсэг та зурж байгаа тул танаас өөр хариуцах хүн байхгүй гэж хэлж байсан гэв.

11. Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд “нэхэмжлэл үндэслэлтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

12. Шүүх хэрэгт авагдсан анхан шатны баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13.Нэхэмжлэгч *******, ******* нараас Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор *******, улсын байцаагч, дотоод аудитор ******* нарт холбогдуулан “Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            14.Маргаан бүхий Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46 тоот актаар ******* 2019,2020 онуудад Улаанбаатар хотод руу албан ажлаар явахдаа шатахуун зарцуулсан гэх боловч томилолтын удирдамж, томилолтын хуудасгүй, албан ажлаар явсан эсэх нь тодорхойгүй гэж үзэж 1427.3 мянган төгрөгийг,

            31-01/47 дугаар актаар “Номин тав трейд” ХХК руу 2000.0 мянган төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын баримтгүй шилжүүлсэн, зарим хэсэг нь юунд зарцуулсан нь тодорхойгүй, бараа материалын орлогод аваагүй, шууд бичиг хэргийн зардлаар илэрхийлсэн, шатахууны зарцуулалтын баримт, жолоочийн тооцооны хуудасгүй, зарцуулалтын тайланд тусгаагүй зэрэг анхан шатны баримтгүйгээр төсвийн хөрөнгө зарцуулсан гэж үзэж 5681.2 мянган төгрөгийг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга *******, нягтлан бодогч ******* нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            15. Хариуцагч талаас Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу удирдамжийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын 2018-2020 оны үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчилд буюу 2018.12.21-нд “Номин тав трейд” ХХК руу 2 сая төгрөг шилжүүлсэн ба НӨАТ-ын баримтаар баталгаажаагүй, үүнээс 1.065.900 төгрөг юунд зарцуулсан нь тодорхойгүй, 2018.12.25-нд “Тэмүүлэл өргөө” ХХК-д 640.0 төгрөг шилжүүлсэн ба НӨАТ-ын баримтаар баталгаажаагүй, үүнээс 140.0 төгрөг бичиг хэргийн зардалд шууд илэрхийлсэн, 500.0 төгрөг  анхан шатны баримт огт байхгүй, шатахууны зарцуулалтыг жолоочийн тооцооны хуудастай тулган шалгахад 2019 онд 2517.8 мянган төгрөг, 2020 онд 1597.5 мянган төгрөгийн шатахууныг жолоочийн тооцооны хуудасгүй, жолоочийн тооцооны хуудсыг албан томилолттой тулган шалгахад дарга ******* 2019.04.29, 2019.06.03, 2020.06.26-ны өдөр тус тус Улаанбаатар хотод ажиллахад зарцуулсан гэх боловч томилолтын удирдамж, томилолтын хуудасгүй, ямар ажлаар явсан нь тодорхойгүй 2019 онд 934.2 мянган төгрөг, 2020 онд 493.1 мянган төгрөг тус тус зарцуулсан гэж, нэхэмжлэгч талаас актуудыг тавихдаа манай санхүүгийн баримтуудыг дахиж нягталж шалгаж үзээгүй, зөрчлүүдийг хэнд хамааралтайгаар нь ялгаж салгаагүй, актын хавсралт гаргаагүй,  жолоочийн замын хуудас, жолоочийн шаардах хуудас байсаар байхад томилолтын хуудастай явах ёстой гээд төлбөр тавьсан, 2019 оны шатахууны зардалд акт  тавихдаа зарлагаа машин машинаар түүж гаргаад, харьцуулахдаа зөвхөн орлогоор харьцуулсан, орлого зарлагын зөрүү гэдэг нь хэтрэлт, хэмнэлт, үлдэгдэл байдаг, орлого зарлагын зөрүүг акт гэж үзэхгүй байна, баримтад үндэслээгүй шууд тоо нь дээр үндэслэсэн, актад сумдын шатахууны тооцоо ороогүй гэж  маргаж байна.    

            16. Нэхэмжлэгч *******гийн гомдлоор Сангийн сайд Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09 дугаар актуудыг хянаад хүчингүй болгож шийдвэрлэснээр тухайн актын үйлчлэл зогсож, эрх зүйн үр дагаваргүй болсон тул шүүхээс дахин хүчингүй болгох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09 дугаар актуудыг хүчингүй болгох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            17. Нэхэмжлэгчийн гомдлоор Сангийн сайд Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хянасан тухай 2022 оны 01 дүгээр сарын  12-ны өдрийн 13-2/169 тоот албан бичгээр өгсөн хариундаа: “Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга *******, нягтлан бодогч ******* нар нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин анхан шатны баримтгүй зарцуулсан 5681.2 мянган төгрөгийн хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоосон” ... актууд нь үндэслэл бүхий байх  тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5 дахь заалтыг үндэслэн хэвээр үлдээж шийдвэрлэв гэж хоёр актаар тогтоосон мөнгөн дүнгээс /31-01/46 актаар 1427.3 мянган төгрөгийн, 31-01/47 дугаар актаар 5681.2 мянган төгрөгийн нийт төлбөр 7,108,500 төгрөг/ зөрүүтэйгээр дүгнэж, зөвхөн 5681.2 мянган төгрөгийн төлбөрийг хэвээр нь үлдээсэн гэж ойлгогдохоор байна. Хариуцагчийн актын мөнгөн дүнгээр төсөвт хохирол учирсан гэж үзэж төлбөр тавьсныг хянаад дээд шатны байгууллага төлбөрийн хэмжээг актаас зөрүүтэй байдлаар дүгнэсэн байхад манай хоёр актыг Сангийн сайд хянаад хэвээр нь баталсан гэж маргаж байгаа нь эргэлзээтэй байна.    

            18. Хэрэгт авагдсан анхан шатны баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэвэл: 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “Номин тав трейд” ХХК руу 2,000,000 сая төгрөг шилжүүлсэн нь тухайн онд аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн баримт нь заавал e-barimt-аар баталгаажих шаардлага тавьдаггүй байсантай холбоотойгоор e-barimt-аар баталгаажаагүй, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Тэмүүлэл өргөө” ХХК руу 640,000 төгрөг шилжүүлсэн нь тухайн компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгодоггүй байсан, мөн 2019, 2020 онд ажиллаж байсан жолооч нар Эрүүл мэндийн газрын дарга *******тай хамт явсан, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоор дамжаад Дархан-Уул аймаг руу томилолтоор явсан, сургалтад суусан хүмүүс нь цаанаасаа томилолтоо аваад бүсийн сургалтад оролцсон, 4 хоног ажилласан томилолтын мөнгө болон буудлын мөнгө олгосон, Эрүүл мэндийн газар нь 2020 оны 06 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотоос вакцин, эмнэлгийн хэрэгсэл татсан, мөн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түвшинширээ, Уулбаян сумдын Эрүүл мэндийн төвийн явуулын амбулаториор шинжилгээ авсан, урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн шатахууны зардлыг Эрүүл мэндийн газар нь анхан шатны баримтуудыг үндэслэн төлсөн  үйл баримт тогтоогдож байна.

            19.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргаж өгсөн хэрэгт авагдсан анхан шатны баримтуудыг цаг хугацааны хувьд нөхөн бүрдүүлэх боломжгүй учир шүүх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад: 

1 дүгээр хавтаст хэргийн хх-183-р тал “Номин тав” ХХК-н 2,000,000 төгрөгийн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, гар тайлан, хх-184-р тал “Тэмүүлэл өртөө” ХХК-ийн 500,000 ₮, 140,000 төгрөгийн барааны нэхэмжлэх, зарлагын баримтууд   80 дугаар талд авагдсан Эрүүл мэндийн газрын 2019 оны 04 дүгээр сарын шатахууны зарцуулалтын баримтад 2021-04-29-ны өдөр Улаанбаатар хот руу 400,000 төгрөг, 81 дүгээр талд 2021.06.03-нд Улаанбаатар хот руу 540,000 төгрөг, 88 дугаар хуудасны ар талд 2020.06.26-нд Улаанбаатар хот руу 450,000 төгрөгийн талон зарцуулсан,томилолттой холбоотой актад хаашаа явсан нь мэдэгдэхгүй зарцуулсан гэх боловч томилолтын бүртгэлд хх-94-р хуудасны ар талд 2019 оны 06 дугаар сарын 04-08 нд жолооч Наранбаатар Дарханд томилолтоор ажилласан гэж  бүртгэгдэж, /хх-142/ тал “Хүрд-нарлаг” ХХК-д буудлын 58,000 төгрөг төлсөн баримт, мөн тус байгууллага 2020 оны 06 дугаар сарын 26-нд вакцин, эмнэлгийн хэрэгсэл татаж авсан гэдэг нь /хх-194 тал/ вакцин хүлээн авсан тухай мэдээлэх хуудас, ХӨСҮТ-ийн вакцины хуудас /хх-28/, захиалгын хуудас /хх-29/ тогтоогдсон,  Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түвшинширээ, Уулбаян сумын Эрүүл мэндийн төвийн явуулын амбулаториор шинжилгээ авсан, урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн ажлын шатахууны зардлын хх-198-229-р талд авагдсан анхан шатны баримтууд, 2020 оны 07 сарын шатахууны тайлан хх-196-р тал, 2020 оны 07 сарын шатахууны талоны зарцуулалт хх-197-р тал , 2020 оны 09 сарын шатах хослох материалын тайлан хх-216-р тал, 1 дүгээр хавтаст хэргийн хх-117-121 талд авагдсан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтуудаар хариуцагч улсын байцаагчийн анхан шатны баримт байхгүй учир төрийн үйл ажиллагаанд зарцуулсан эсэх нь тодорхойгүй учраас актын мөнгөн дүнгээр улсад хохирол учирсан гэж үзэж акт тогтоосон гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна. 

            20.Иргэдийн төлөөлөгч *******ын дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн болно.

            21.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог  ойлгохоор заасан тул зарим нэгэн анхан шатны баримт дутуу бүрдүүлснээр тухайн гүйлгээг бүхэлд нь үгүйсгэж тэр хэмжээгээр төсөвт хохирол учирсан гэж үзэх боломжгүй.

           22.Дээрх үндэслэлүүдээр улсын байцаагчдыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д заасан “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” үүргээ  хангалттай биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн хуулийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ” гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31-01/08, 31-01/09 дугаар актуудыг хүчингүй болгох хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.12.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 31-01/46, 31-01/47 дугаар актуудыг хүчингүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас 70.200 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БАЯРЦОГТ

                                                  ШҮҮГЧ                          Г.БАЯСГАЛАН

                                                  ШҮҮГЧ                          Н.БАЛЖМАА