Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 206

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энхтуяа,

хохирогч П.Цэнгэл,

шүүгдэгч У.Эрхэмбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт У.Эрхэмбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010409 дүгээр хэргийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7-37б тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн зүүн талд байрлах нийтийн байранд түр оршин суух, ял шийтгэлгүй, Хөө овогт Улаанхүүгийн Эрхэмбаяр /РД:МА79011503/.

У.Эрхэмбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 8 дугаар байрны хойд талын автомашины зогсоол дээр байрлуулсан иргэн П.Цэнгэлийн эзэмшлийн 64-55 УНВ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн хөх өнгийн автомашины зүүн урд крило, зүүн урд болон хойд хаалга, зүүн хойд крило, багажны хаалга, хойд гупер зэрэг эд ангийг чулуугаар зурж, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж бусдад 526000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.  

Хохирогч П.Цэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 2 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед байрны гадаа зогсоол дээр машинаа тавьсан. Өглөө нь машиныг зурсан байхыг мэдсэн. Байрны камер шүүж үзээд У.Эрхэмбаяр байхыг хараад цагдаад мэдэгдсэн. Машинаа 420 000 төгрөгөөр засуулсан. 400 000 төгрөг өгчих гэхэд боломжгүй гээд таг болсон. Уучлалт гуйж болдоггүй юм болов уу гэж бодож байна. Би өрөвдөж байна. Энэ эмэгтэйг ял авахуулах санаа байхгүй, хохирол мөнгөө нэхэмжлэхгүй гэв.

 

201726010409 дүгээр эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч П.Цэнгэлийн: 2017 оны 02 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 8 дугаар байрны ард байрлах авомашины ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 64-55 УНВ улсын дугаартай Тоёота приус маркийн цэнхэр өнгийн автомашинаа байрлуулаад гэртээ орсон. 03-ны өглөө 06 цаг 40 минутад ажилдаа явах гээд машин дээрээ очиход миний машины зүүн урд крыло, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, зүүн хойд крыло, багажны хаалга, хойд гуперийг зурж гэмтээсэн байсан. 7 дугаар байрны камерийн бичлэг шүүж үзэхэд автомашины ил зогсоол дээр эмэгтэй хүний дүрс байсан. Уг эмэгтэй халааснаасаа нэг зүйл гаргаж миний машиныг зурж байгаа бичлэг байсан. Сайн хартал Эрхэмбаяр байсан. Эрхэмбаяр гэх эмэгтэйг би 2013 оноос хойш нэр, зүсийг нь мэдэх болсон бөгөөд уг эмэгтэй манай нөхөртэй холбоотой байсан. Харин одоо бол Эрхэмбаяр манай нөхөр Баярсайхантай холбоогүй. 2013 онд Эрхэмбаяр гэх эмэгтэй манай нөхөртэй уулздаг байсан юм байна лээ. 2013 онд нөхөр Баярсайхан Эрхэмбаяртай манай гэрт нэг биш удаа байж байсан. Тэрнээс хойш гэр бүлийн маргаан гарах болсон. Эрхэмбаяр манай гэрт ирээд хаалга нүдэхээр нь би цагдаад мэдэгддэг байсан. Үүнд надад өс санан миний машиныг ингэж зурсан байх гэж бодож байна. 2013 онд Эрхэмбаяр надтай манай гэрийн гадаа таарч чулуу шидэж, миний толгойн дагз хэсэгт оносон. Тэгээд би цагдаад мэдэгдэж, Эрхэмбаяр надаас уучлалт гуйгаад байхаар нь би гомдлоо татаад энэ асуудлыг цагдаагаар шалгуулахгүй гэж өөрөө хүсэлт гаргаж байсан. ...Надад 498000 төгрөгийн хохирол учирсан, мөн үнэлгээ хийлгэхэд 28000 төгрөг тушаасан, нийт 526000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-27-28/,

Гэрч А.Баярсайханы: ...Би Эрхэмбаяртай анх 2009 онд танилцаж, түүнээс хойш уулздаг болсон. Эрхэмбаяр бид хоёрын харилцааг манай эхнэр 2013 онд мэдсэн. Би Эрхэмбаярт уулзахаа болъё гэж хэлдэг байсан ч надаас салахгүй байсаар өдийг хүрсэн. Манай эхнэрийн машиныг Эрхэмбаяр 2017 оны 02 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө байрны гадаа зогсож байхад зурж гэмтээснийг маргааш нь мэдсэн. Эрхэмбаярын санаа нь бол намайг эхнэрээс салгах санаа зорилготой байдаг, тэр уурандаа л зурж гэмтээсэн байх. Эрхэмбаяртай би одоо уулздаггүй, хааяа утсаар ярьдаг. Эрхэмбаяр намайг эхнэрээсээ салчих гэж хэлж байсан. Би үгүй гэхээр уурладаг байсан. Ийм асуудлаар 2013 онд Эрхэмбаяр эхнэртэй маргалдан, зодолдож эхнэрийн биед хөнгөн гэмтэл учруулж цагдаад шалгагдаж байгаад эхнэр гомдол саналгүй гээд хааж байсан гэх мэдүүлэг /хх-30/,

Хяналтын камерийн бичлэгт 2017.02.22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: ...02 цаг 31 минут 46 секундэд зогсоолын урдуур өвлийн цайвар өнгийн урт малгайтай куртиктай, дээрээ бөмбөлөг мэт цацагтай цайвар өнгийн чихтэй малгайтай, хар өнгийн өмд, бараан гуталтай эмэгтэй хүн өнгөрч гарах бөгөөд 02 цаг 32 минут 48 секундэд ...автомашин эгнэн зогссон зогсоолын урдуур алхаж явсаар наад талаасаа 6 дахь машины хажуугаар тойрон 6 дахь машины ард зогсож куртикны халааснаас гараа гарган тухайн машины ар хэсэгт гараараа хүрч машиныг тойрч явсаар урд хаалганы орчим мөн адил гараараа хүрч зам уруу гарна. Уг үйл явдал 02 цаг 33 минут 12 секунд хүртэл үргэлжилнэ.

02 цаг 33 минут 55 секундэд буцаж ирэн 6 дахь машины дэргэд дахин ирж доош 4 орчим секунд сууж байснаа босож цааш алхав... гэжээ /хх-23-24/,    

 Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-21/,

У.Эрхэмбаярын сэжигтнээр өгсөн: ...Би шөнө 02 цаг болох гэж байхад гэрээс гараад Баярсайханы амьдардаг Москва хороолол руу алхаад очсон. Тухайн үед би Баярсайхантай маргалдаад ууртай байсан. Тэр уурандаа Цэнгэл, Баярсайхан хоёрын унадаг хөх өнгийн Приус маркийн машиныг чулуугаар зурах санаа зорилго агуулаад гэрээсээ гарсан. Газраас тийм ч том биш мохоо үзүүртэй чулуу аваад ...Тоёота приус маркийн автомашины ард талын гупер, жолоочийн эсрэг хойд урд хаалга, крылог зурсан. Буцаж ирээд дахин зурсан. Чулууг тэр хавьд хаясан байх яг сайн санахгүй байна. Би Баярсайхантай 2009 онд танилцаж, уулзаж учраад өдийг хүрсэн. Баярсайхан бид хоёр холбоотой байдгийг түүний эхнэр Цэнгэл мэддэг эсэхийг би сайн хэлж мэдэхгүй байна. Одоо Баярсайхан бид хоёрт холбоо байхгүй. ...Би 64-55 УНВ улсын дугаартай Тоёота приус маркийн хөх өнгийн машиныг зурснаа хүлээн зөвшөөрч байна. 2013 онд би Баярсайханы эхнэр Цэнгэлтэй маргалдаж Цэнгэлийн биед хөнгөн гэмтэл гараад шалгагдаж байгаад хэрэг хэрэгсэхгүй болсон... гэх мэдүүлэг /хх-46-48/,

У.Эрхэмбаярын яллагдагчаар өгсөн: Надад сонсгосон ялыг би ойлгож байна, хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. П.Цэнгэлийн автомашинд учирсан хохирлыг барагдуулахгүй. Надад одоо мөнгө байхгүй, боломжгүй. Би одоогоор тогтсон ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа гэх мэдүүлэг /хх-50-51, 52/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.02.16-ны өдрийн 151 дүгээр дүгнэлтэд: 1. У.Эрхэмбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна. 2. У.Эрхэмбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна. 3. У.Эрхэмбаяр нь хийж буй үйлдлийнхээ хор уршиг болон үр дагаварыг ойлгон сэтгэл санаагаа удирдах чадвартай байна гэжээ /хх-39-40/,

Вендо ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 2017.02.06-ны өдрийн 64-55 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн тайланд: ...Уг автомашин нь гадны нөлөөнөөс зүүн урд крыло халцарч зурагдсан, зүүн урд хаалга халцарч зурагдсан, зүүн хойд хаалга халцарч зурагдсан, зүүн хойд крыло халцарч зурагдсан, багажны хаалга халцарч зурагдсан, хойд гуфер халцарч зурагдсан байдалтай байна. Шууд зардал 435 000 төгрөг, шууд бус зардал 63 000 төгрөг, нийт 498 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон гэжээ  /хх-15-16/,

гэрч С.Даваажаргалын мэдүүлэг /хх-33/, гэрч С.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-35/, гэрч Б.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-36-37/, У.Эрхэмбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, хорооны тодорхойлолт /хх-60/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 825 дугаар тогтоол /хх-65/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д ...шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, 36 дугаар зүйлийн 36.3.3-т өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж тус тус заасны дагуу шүүгдэгч У.Эрхэмбаяр өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгч томилуулахгүй хэмээн өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийг заавал оролцуулах үндэслэл тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч У.Эрхэмбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 8 дугаар байрны хойд талын тээврийн хэрэгслийн зогсоолд байрлуулсан байсан иргэн П.Цэнгэлийн эзэмшлийн 64-55 УНВ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийн зүүн урд крыло, зүүн урд, хойд хаалга, зүүн хойд крыло, багажны хаалга, хойд гуфер зэрэг эд ангийг чулуугаар зурж, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна

Иймд шүүгдэгч У.Эрхэмбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй буюу гэм хорыг арилаагүй гэж үзэн түүнд хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч П.Цэнгэлд гэмт хэргийн улмаас 526000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, тухайн хохирлыг шүүгдэгч У.Эрхэмбаяр нөхөн төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Цэнгэл Гэмтсэн тээврийн хэрэгслээ 420000 төгрөгөөр засуулсан, У.Эрхэмбаяраас 400000 төгрөг өг гэхэд өгөөгүй, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо түүнээс нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээд ...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно гэж заасныг үндэслэн  шүүгдэгч У.Эрхэмбаярыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна гэж дүгнэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, У.Эрхэмбаяр урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөө овогт Улаанхүүгийн Эрхэмбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч У.Эрхэмбаярт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар У.Эрхэмбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, У.Эрхэмбаяр урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд У.Эрхэмбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Эрхэмбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Л.БААТАР