Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2461

 

 

 

 

 

 

 

 

 

Э.С  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02020 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.С  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.О д холбогдох

 

Бөмбөлөг цэцэрлэгийн Ре-8253943, 1117249286 тоот тамга, 143006/0134 нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний эх хувийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Лхамсүрэн, Ж.Иманмагзам

Хариуцагч: Д.О

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Цацралтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.О  нь 2017 оны 08 дугаар сарын сүүлээр надтай ирж уулзан 11-р хороололд 389 м.кв газар худалдах санал тавьсан. Бид уг 389 м.кв газрыг нь сонирхон үзээд тухайн газрыг Боловсрол сургалт байгууллагын эрхийн 0002154 тоот тусгай зөвшөөрлийн хамт 139 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 9 000 000 төгрөг өгсөн. Уг газар нь доогуураа 4 ширхэг төвийн магистрал шугам татагдсан барилга барих боломжгүй, гэхдээ би өөрийн зардлаар шугамуудыг зөөвөрлөн барилгажих талбайгаас гаргуулахаар холбогдох байгууллага, ажил гүйцэтгэлийн компанитай тохиролцсон, гарах зардлуудыг би төлнө гэж хэлээд Дулааны Зүүн Түгээх Төвийн ерөнхий инженер н.Дэлгэрсайхан гэх хүнийг дуудан ирүүлж бидэнтэй уулзуулсан. Н.Дэлгэрсайхан ярихдаа уг газар дээрхи төвийн хажуугийн авто замын талбайг эвдлэн зөөвөрлөж болно, ажлын болон материалын зардал 81 000 000 төгрөг болно, би төрийн албаны хүн учраас өөрийн таньдаг дүүгийнхээ компаниар ажлуудыг хийлгэж өгье, санаа зоволтгүй гээд “Төгс мандал сутай” ХХК-ийн захирал Б.Мөнх-ялалтыг /98119545/ дуудан манай компаний инженер н.Насанбат /95351450/, инженер н.Ганболд /99101799/, захирал Н.Уранчимэг /99118797/ нартай уулзуулан харилцан тохиролцож уг ажлыг 81 000 000 төгрөгт гүйцэтгэхээр болсон. Бид “Төгс мандал сутай” ХХК-тай ярилцаж Д.О д төлөх 139 000 000 төгрөгөөс дулааны шугамны 81 000 000 төгрөгийг “Төгс мандал сутай” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон юм. Ингээд Э.С  Бөмбөлөг цэцэрлэгийн эрхлэгч Д.О тай 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээг, 2017 оны 09 дүгээр сарын 14-нд Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэн гэрээнүүдийг харилцан тохиролцон хийсэн. Гэрээгээр цэцэрлэгийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх, газар эзэмших эрхээ 139 000 000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр тооцоог шилжүүлэхдээ дулааны болон усны төвийн шугамны зардлын үнэ 81 000 000 төгрөгийг ажил эхлэх урин дулаан болохоор “Төгс мандал сутай” ХХК-д олгохоор хасаж тооцон, үлдэгдэл төлбөр болох 49 000 000 төгрөгөөс 9 000 000 төгрөгийг бэлнээр Д.О д өгсөн. 40 000 000 төгрөгийг Д.О д Бөмбөлөг цэцэрлэгийн Хаан банкны 5028657129 тоот дансанд шилжүүлсэн ба одоо 9 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өгч тамга, газрын гэрчилгээ, гэрээгээ авах гэсэн боловч Д.О  хууль бусаар эзэмшиж өнөөдрийг болтол авчирч өгөхгүй байна. Иймд Д.О ын хууль бус өмчлөлөөс гэрээний дагуу 000300964 тоот газрын гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон Бөмбөлөг цэцэрлэгийн тамга тэмдгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд Э.С  гэдэг хүнийг огт таньдаггүй бөгөөд н.Төмөрбаатар гэж надтай нэг компанид ажилладаг байсан хүн танай цэцэрлэгийг бариулах хөрөнгө оруулагч байна гээд н.Уранчимэг гэдэг хүнтэй уулзуулсан юм. Тэгээд н.Уранчимэг гэдэг хүнтэй уулзахад танай цэцэрлэгийн хувьд олон жил ажилласан, цэцэрлэгийн барилгаа барихад бүх бичиг баримт нь бэлэн болсон байна. Нэгэнт ийм сайхан гэгээлэг, бэлэн ажилд хөрөнгө оруулж туслахад таатай байна гэдгээ амлаж, манай охины нэрээр гэрээнүүдийг хийчих, тэгээд дараа нь цэцэрлэгээ бариулаад буцааж бичиг баримтаа аваарай, энэ олон жилийн хөдөлмөрийг нь үнэлж танайд туслахаар шийдлээ гэж намайг төөрөгдүүлж, эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсныг далимдуулж нэхэмжлэл гаргасанд маш их гомдож, харамсаж байна.

Анхнаасаа н.Уранчимэг надад чи миний хэлснээр гэрээ хийж байж л манай компаниас мөнгө гарна, тэгээд цэцэрлэгийн барилгыг чинь барьсны дараа бүх бичиг баримтыг чинь буцааж танай нэр рүү шилжүүлнэ, чамд туслах ийм л боломж надад байна, тэгээд цэцэрлэгт гарсан хөрөнгө оруулалтын мөнгөн дээр 10 хувь ч юм уу, сэтгэлээрээ нэмж өгнө биз гэж байсан юм. Мөн би танай бичиг баримтыг шилжүүлэхгүйгээр тусалмаар байна, гэвч би өөрөө хуулийн байгууллагаар олон асуудалтай учраас ингэж шилжүүлж байж л манайхан надад итгэж, танай цэцэрлэгийн барилгыг барьж өгч чадна. н.Төмөрөө чамайг надад хамт ажилладаг байсан, маш сайн хүн гэж магтдаг байсан учраас л тусалъя гэж байсан. Иймд бодит байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 122 дугаар зүйлийн 122.2, 106 дугаар зүйлийн 106.1, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О аас Бөмбөлөг цэцэрлэгийн Ре-8253943, 1117249286 тоот тамга, 143006/0134 нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний эх хувийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.С д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.О  давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “Бөмбөлөг” цэцэрлэгийн эрхлэгч Д.О  болон Э.С  нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, “Искорка” ХХК-ийн захирал Д.О  болон Э.С  нарын хооронд байгуулсан цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ, “Бөмбөлөг” цэцэрлэгийн эрхлэгч Д.О  болон Э.С  нарын хооронд байгуулсан Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээнүүдийг үндэслэсэн байхад дан ганц Д.О  гэх иргэнийг хариуцагчаар татан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэхь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.С  нь хариуцагч Д.О д холбогдуулан Бөмбөлөг цэцэрлэгийн Ре-8253943, 1117249286 тоот тамга, 143006/0134 нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний эх хувийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заажээ.

Хариуцагч Д.О  нь анхнаасаа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэж мэтгэлцэж, үүнтэй холбоотойгоор талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэр бүхий 11 этгээдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх, нэр бүхий 11 этгээдүүдийн овог, оршин суух хаяг, утасны дугаар зэрэг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийх шаардлагатай мэдээллүүдийг тодорхой тусгаагүй гэж дүгнэн хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

            Хэргийн 109 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд гэрчээр асуулгах нэр бүхий этгээдүүдтэй холбогдох утасны дугааруудыг бичиж өгсөн байхад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2018/05554 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүйгээс талуудын хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй гэж үзэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.О аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН