| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0059/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/74 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ийн Г-д холбогдох эрүүгийн .............................. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овгийн Э-ийн Г, 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Т суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ................ сумын ........ дүгээр багт оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ....................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.Г нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын .................гэх газарт байх Ч.О-ын гэрээс 109 кг борцыг 1 килограммыг нь 60,000 төгрөгөөр тооцож, нийт 6.540.000 төгрөгөөр худалдан авна, мөнгийг нь зарж байгаад өгнө гэж хуурч, 109 кг борцыг өөртөө шилжүүлэн авч, 6,540,000 төгрөгийн хохирол учруулж “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би 3 дугаар сард хатаагүй борц худалдаж авч байсан. Тэгээд бага, багаар нь зарсан учраас мөнгийг нь үрээд дуусчихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2438004140034 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.О-ын хохирогчоор өгсөн:
”... 2023 оны 12 дугаар сарын үеэр Т сумын .................гэх газар гэртээ байж байтал машин нь асахаа байсан гэж шөнө манай гэрт нэг залуу орж ирээд эхнэр, хүүхдүүд болон хөгшин настай хүмүүс яваа гэхээр нь мотоциклоо өгч явуулаад эхнэр хүүхэд болон өндөр настай 2 хөгшин зэрэг хүмүүсийг цувуулж зөөн гэрт авчираад машинаа янзалж 3 хоносон юм. Би тухайн үед үхрийн борц хийж байсан юм. Г нь “би урд том тэрэг барьдаг юм. Тэнд борц маш өндөр үнэтэй байдаг юм, та борцоо зарахаар бол надад өгөөрэй” гэж байсан. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Г над руу 85191948 дугаарын утсаар залгаад “таны борц хатаа юу би худалдаж авах гэсэн юм” гэхээр нь хатаж байна гэхэд маргааш нь манай гэрт мотоцикльтой ирж үнэ ханш судалж байгаад 1 кг борцыг 60,000 төгрөгөөр бодож 109 кг борц мотоциклоор 2 удаа ачаад мөнгийг нь дараа өгнө гээд аваад явсан. Хэд хоногийн дараа утсаар холбогдоход “Мөрөн сум руу оруулж байна” гэж ярьсан. Ахин хэд хоногийн дараа холбогдоход “Улаанбаатар хот руу оруулж байна” гэж яриад борлуулж байгаад мөнгийг нь явуулна гэсэн юм. Сүүлд 04 дүгээр сарын дундуур холбогдоход “борцоо зарсан. Гэхдээ мөнгөө авч чадахаа байгаад хулхидууллаа, удахгүй мөнгийг чинь өгчих байх” гэж хэлээд тэгээд л утсаа авахаа байсан юм. Манай эхнэр утсаа авахаа байхаар нь мессэж бичихэд өгнө, болно, бүтнэ гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүртэл мөнгийг маань өгөлгүй залилсан юм. 1 кг борцыг 60,000 төгрөгөөр бодож 109 кг өгсөн. Нийт 6,540,000 төгрөг болж байгаа юм. ...Надад борцны мөнгө өгнө гэж 6 сар гаруй худлаа ярьж байгаа асуудалд гомдолтой байна. 6,540,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч О.Б-ний өгсөн: “....2023 оны 12 сарын эхээр байх Т сумын 3 дугаар баг манай гэрийн ойрхон машин нь эвдрээд манай гэрт ирэхэд харсан. Дараа нь 2024 оны 03 дугаар сарын эхээр аав О бид хоёрыг гэрт байж байхад манайхаас үхрийн борц худалдаж авах гэж ганцаараа ирсэн. Э.Г гэдэг хүн үхрийн борц авах гэж манайд ирээд мөнгө байхгүй борцоо зараад мөнгийг нь өгнө гэж хэлээд манай гэрээс 109 кг үхрийн борц аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Б.Хөхөөгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-924-11468 дугаартай “...109 кг үхрийн борцны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 6,540,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 30-36 дугаар тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Э.Г-ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 48 дугаар тал/
Жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 49 дүгээр тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 50 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 51 дүгээр тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар тал/
Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны дугаартай №90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар хувь /хх-ийн 53-56 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Г-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
2.Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Г нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын .................гэх газарт байх Ч.О-ын гэрээс 109 кг борцыг 1 килограммыг нь 60,000 төгрөгөөр тооцож, нийт 6.540.000 төгрөгөөр худалдан авна, мөнгийг нь зарж байгаад өгнө гэж хуурч, 109 кг борцыг өөртөө шилжүүлэн авч, 6,540,000 төгрөгийн хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-25 дугаар тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээч Б.Хөхөөгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-924-11468 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Э.Г-ын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын ...... дугаар баг Тариат гэх газарт байх Ч.О ын гэрээс 109 кг борцыг 1 килограммыг нь 60,000 төгрөгөөр тооцож, нийт 6.540.000 төгрөгөөр худалдан авна, мөнгийг нь зарж байгаад өгнө гэж 109 кг борцыг өөртөө шилжүүлэн авч, мөнгийг нь төлөөгүй үйлдэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан авах санаа зорилгын шинжтэй ба тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Э.Гын гэм буруутай үйлдэлд тохиржээ.
Иймээс шүүх шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн тул шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Г-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүх шүүгдэгч Э.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг удирдлага болгож, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй хувийн байдал зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Э.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.О-д 6,450,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-оос 6,450,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.О-д олгож шийдвэрлэв.
4. Бусад асуудал:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Э-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Г-ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Э.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Г-оос 6,540,000 (зургаан сая таван зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.О (.......................)-д олгосугай.
5. 2438************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ