| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алтанхундага,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э-ийн М-д холбогдох эрүүгийн 2538000000079 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Э-ны М , 1988 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн А суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн А сумын байгаль хамгаалагч ажилтай, Хөвсгөл аймгийн ......... сумын .............. дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн ................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Э.М нь Хөвсгөл аймгийн А сумын байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас үл таних хүнээс зөвшөөрөлгүй, гарал үүслийн бичиггүй худалдан авсан гэх 1 ширхэг тарваганд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой №0008435 дугаартай “Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих эрхийн бичиг”-ийг Н.У-д нөхөн олгож Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох зөрчил оногдуулахаас зайлсхийх давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.М нь Хөвсгөл аймгийн А сумын байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас үл таних хүнээс зөвшөөрөлгүй, гарал үүслийн бичиггүй худалдан авсан гэх 1 ширхэг тарваганд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой №0008435 дугаартай “Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих эрхийн бичиг”-ийг Н.У-д нөхөн олгож Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох зөрчил оногдуулахаас зайлсхийх давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1486 дугаартай “Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” албан бичиг, (хх-ийн 11-р тал), гэрч Д.Д-ийн мэдүүлэг (хх-ийн 27-28-р тал), гэрч Б.Н-ын мэдүүлэг ( хх-ийн 37-38-р тал), гэрч С.А-ийн мэдүүлэг (хх-ийн 33-34-р тал), гэрч Г.Б-ийн мэдүүлэг (хх-ийн 41-42-р тал), Н.Угийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 72-76 дугаар хуудас), Зөрчлийн 2402000659 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл ( хх-ийн 123-126 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй.
Нөгөө талаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.
Мөн шүүгдэгч Э.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд Э.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаандаа оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаандаа оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э-ны М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ны М-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.М-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.М-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ