| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 195/2025/0304/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/368 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
улсын яллагч М.Анхбаяр,
хохирогч О.Б,
шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас И**** овогт З.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001621 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр А**** аймгийн Х*** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-*, эцэг, эх, * дүүгийн хамт амьдардаг, Ч**** дүүргийн *** дугаар хороо, Х***** *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлсэн
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 879 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ял оногдуулсан ба уг торгуулийн ял өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, И**** ургийн овогтой З.Э /РД: АК*******/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч 3.Э нь 2024 оны 10 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг В бааранд хохирогч О.Бтэй маргалдан, улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа алгадаж, гар утсаараа түүний дух хэсэгт цохиж, түүний эрүүл мэндэд духанд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э мэдүүлэхдээ: “...Би зодчихоод ирье гэж хэлээгүй. О.Б гэх хүн бол миний найзын хамаатны дүү, тухайн үед нөхөртэй нь хамт явж байсан. Би очоод юм ярих гэтэл маргаан болсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгчид чамд ямар хамаатай юм гэж хэлж байгаагүй. Би ахтайгаа юм яриад сууж байхад ирээд намайг алгадахаар нь яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд чи эгчийнхээ нөхөртэй явалдахаасаа ичихгүй байна уу гэж хэлээд алгадаад ширээн дээр байсан зүйлээр дух руу нь цохиод цус гарсан. Би түрүүлж хэрүүл маргаан үүсгээгүй. Намайг сууж байхад ирээд алгадсан, Би 271,500 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би ээжийгээ асардаг тул хэрэг гарсны дараа ажилдаа яваагүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч О.Бийн өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны шилжих шөнө В бааранд өөрийн танил болох Х гэх ахын хамт юм яриад сууж байхад Х ахын өмнө хамт амьдарч байгаад салсан найз охин нь Д гэх эгч хоёр 3 найзын хамт тухайн бааранд явж байгаад бид хоёртой таарсан. Би Д эгчтэй мэнд мэдэж уулзчихаад Х ахтай ширээний хойно юм яриад сууж байхад Д эгчтэй хамт явж байсан З гэх нэртэй эгч гэнэт над руу ирээд намайг нэг удаа гараараа алагдахад Х ах чи яаж байгаа юм бэ гээд дундуур ороход чи энэ янхнаа өмөөрлөө, чи эгчийнхээ нөхөртэй явалдахаасаа ичихгүй байна уу гэж хэлээд нэг юмаар миний дух хэсэг рүү цохичихсон. Тэгээд би ариун цэврийн өрөө ороод толгойгоо харахад миний баруун хөмсөгний дээд талд зүсэгдчихсэн байсан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би З гэх хүнийг танихгүй. Тухайн үед Цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн. Намайг тэр З гэж дуудаж байсан эгч нэг удаа гараараа алагадсан бас бааранд байсан хүмүүс тухайн эмэгтэйг гар утсаараа намайг цохисон гэж хэлсэн. Намайг З гэх эмэгтэйд цохиулж байхад Х ах байсан бас хажуу талын ширээн дээр танихгүй залуус байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Д.Хн өгсөн:
“...Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны орой Б**** дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В гэх нэртэй бааранд дүү Б-ийн хамтаар орж үйлчлүүлсэн юм. Тухайн бааранд сууж байтал дүү Болорцэцэг нь таньдаг хүн таарчихлаа гэж хэлээд уулзчихаад ирье гэж хэлээд явчихаад ирсэн ба ирээд надад тантай цуг амьдарч байсан Д гэх эмэгтэйтэй таарлаа гэж хэлсэн. Удалгүй Д найзынхаа хамтаар ирсэн бөгөөд тухайн найз манай дүү Б-ийг надтай хардаад чи энд юугаа хийж явж байгаа юм гээд гар утсаа Б-ийн нүүр рүү шидчихсэн ба араас нь нэмээд алгадчихсан. Тэгээд би тухайн маргааныг салгаад Б-ийг ариун цэврийн өрөө рүү авч орсон ба толгой нь хагарчихсан байсан би Б-ийг гэмтлийн эмнэлэг дагуулж яваад оёдол тавиулсан. Тухайн маргааныг Дгийн найз гэх эмэгтэй үүсгэсэн бөгөөд намайг дүүтэй маань андуурч хардаж уг маргаан үүсэж Б-ийн биед халдсан. Б-ийн биед Дгийн найз З гэх эмэгтэй халдсан түүнээс өөр хэн нэгэн халдаагүй. Тухайн 2 эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тухайн газар хяналтын камер байсан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13191 тоот: “...1. О.Бийн биед духанд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч 3.Э нь 2024 оны 10 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Б**** дүүргийн *** дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг В бааранд хохирогч О.Бтэй маргалдан, улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа алгадаж, гар утсаараа түүний дух хэсэгт цохиж, түүний эрүүл мэндэд духанд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч З.Эг Эрүүгийн хуулийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх
дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч 3.Э нь 2024 оны 10 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Б***** дүүргийн *** дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг В бааранд хохирогч О.Бтэй маргалдан, улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа алгадаж, гар утсаараа түүний дух хэсэгт цохиж, түүний эрүүл мэндэд духанд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч О.Бийн өгсөн: ...Д эгчтэй хамт явж байсан З гэх нэртэй эгч гэнэт над руу ирээд намайг нэг удаа гараараа алагдахад Х ах чи яаж байгаа юм бэ гээд дундуур ороход чи энэ янхнаа өмөөрлөө, чи эгчийнхээ нөхөртэй явалдахаасаа ичихгүй байна уу гэж хэлээд нэг юмаар миний дух хэсэг рүү цохичихсон. Тэгээд би ариун цэврийн өрөө ороод толгойгоо харахад миний баруун хөмсөгний дээд талд зүсэгдчихсэн байсан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би З гэх хүнийг танихгүй. Тухайн үед Цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн. Намайг тэр З гэж дуудаж байсан эгч нэг удаа гараараа алагдсан бас бааранд байсан хүмүүс тухайн эмэгтэйг гар утсаараа намайг цохисон гэж хэлсэн. Намайг З гэх эмэгтэйд цохиулж байхад Х ах байсан бас хажуу талын ширээн дээр танихгүй залуус байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Д.Хн өгсөн:
“...Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны орой Б**** дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В гэх нэртэй бааранд дүү Б-ийн хамтаар орж үйлчлүүлсэн юм. Тухайн бааранд сууж байтал дүү Болорцэцэг нь таньдаг хүн таарчихлаа гэж хэлээд уулзчихаад ирье гэж хэлээд явчихаад ирсэн ба ирээд надад тантай цуг амьдарч байсан Д гэх эмэгтэйтэй таарлаа гэж хэлсэн. Удалгүй Д найзынхаа хамтаар ирсэн бөгөөд тухайн найз манай дүү Б-ийг надтай хардаад чи энд юугаа хийж явж байгаа юм гээд гар утсаа Б-ийн нүүр рүү шидчихсэн ба араас нь нэмээд алгадчихсан. Тэгээд би тухайн маргааныг салгаад Б-ийг ариун цэврийн өрөө рүү авч орсон ба толгой нь хагарчихсан байсан ба би Б-ийг гэмтлийн эмнэлэг дагуулж яваад оёдол тавиулсан. Тухайн маргааныг Дгийн найз гэх эмэгтэй үүсгэсэн бөгөөд намайг дүүтэй маань андуурч хардаж уг маргаан үүсэж Б-ийн биед халдсан. Б-ийн биед Дгийн найз З гэх эмэгтэй халдсан түүнээс өөр хэн нэгэн халдаагүй. Тухайн 2 эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тухайн газар хяналтын камер байсан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13191 тоот: “...1. О.Бийн биед духанд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.
Түүнчлэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ өөрөөр хэлбэл хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байхыг шаардаж байдаг.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч З.Э нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч О.Бт эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 227,594 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд, баримтаар учирсан эмчилгээний зардалд 270,500 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч З.Эгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 227,594 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 270,500 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бт олгуулахаар шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас авч үзэхэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэг нь хохирогч О.Бийн сэтгэцэд хохирол хор уршиг учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн хохирогч цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Улсын яллагч: “...Шүүгдэгч З.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс хохирогч О.Бт баримтаар гаргаж өгсөн 271,500 төгрөг, Сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах, Эрүүл мэндийн даатгалын санд 227,590 төгрөгийг тус тус гаргуулах саналыг гаргаж байна...” гэх саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Эд 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И*** овогт З.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эд 520 /таван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Эд оногдуулсан 520 /таван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай..
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эгаас 227,594 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, 270,500 төгрөгийг гаргуулж хохирогч О.Бт тус тус олгосугай.
Хохирогч О.Б нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч З.Эгаас Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ