Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 122/ШШ/2022/0009

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 08 өдөр    Дугаар 122/ШШ/2022/0009                   Баруун-Урт сум

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн иргэн *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох,

           

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.  

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч У.Болдхүү /онлайн/, нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд анх Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн маргаж байна.

 

2. Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар Эрдэнэцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

 

3. Маргаан бүхий акт болох Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар “2018 оны ажлын үнэлгээгээр “Хангалтгүй” үнэлэгдэж сахилга бат, ёс зүйн зөрчил гаргасан” гэх үндэслэлээр *******ийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас нь халжээ.

 

4. Нэхэмжлэгч *******ээс Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 147/ШЗ2019/00957 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчээс дээрх шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасныг Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 147/ШЗ2020/01206 дугаар шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

6. ******* нь “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан.

 

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие Цэдэнбал овогтой Болорчимэг нь цэцэрлэгийн дуу хөгжмийн багш мэргэжилтэй бөгөөд 2013 оноос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1 дүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргын Б/44 дугаартай захирамжаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Ажил үүргээ гүйцэтгэж байтал Улаанбаатар хотод амьдарч байсан миний охин болох Э.Номинзул нь 2019 оны 01 дүгээр сараас хөл, гар нь өвдөн, бие нь гэнэт өвдөж эхэлсэн бөгөөд би тухайн үед Эрдэнэцагаан сумын Засаг даргаар ажиллаж байсан Ө.Батсайханд хандан 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл захиргааны чөлөө авч Улаанбаатар хот руу явсан. Ингээд охиноо улсын 1 дүгээр эмнэлэгт нарийн шинжилгээнүүд өгүүлэхэд цусны хүнд хэлбэрийн өвчний СКВ онош гарсан. Тус өвчин нь өөрийн дархлаа, цусны эсүүдийг идэж гэмтээдэг маш хүнд өвчин бөгөөд эцсийн шатандаа орсон байна гэсэн хариу гарсан. Ингэж өөрийн охиноо хүнд өвчинд оношлогдож, ар гэрийн асаргаа сувилгаа хэрэгтэй үед Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас холбогдож Б/07 захирамжийн талаар мэдэгдэж, намайг ажлаас халсан талаар хэлсэн. Ингээд би захирамжийг 3 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан боловч хүнд өвчинд оношлогдсон охин минь эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэхээр болж, бусдын асаргаанд орсон байсан бөгөөд сэтгэл санааны хүнд байдалд байсны улмаас тухайн захирамжид гомдол гаргаж, шүүхэд хандаж чадаагүй. Ингээд охин минь 6 дугаар сараас өөрөө алхаж явах тэнхэлтэй болсон бөгөөд би Сүхбаатар аймагт ирж аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 7 дугаар сард хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт өгөхөд татгалзсан хариу өгсөн. Үүний дараа мөн тус аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт өгөхөд мөн татгалзсан. Ингээд би Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2019 онд, 2021 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдад хандахад миний асуудлыг шийдэж өгч ажилтай болгоно уу гэсэн чиглэл өгсөн ч гэсэн аймгийн Засаг дарга миний асуудлыг шийдэж өгөөгүй. Мөн өнөөг хүртэл би Хүний эрхийн комисс, Авлигатай тэмцэх газарт хандаад явж байгаа. Энэ хугацаанд охин маань 2020 оноос бие нь дахин муудаж эмнэлэгт хэвтэн би сахиж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 23-нд нас барсан. Ингэж намайг ар гэрийн зовлонтой, асуудалтай байхад аймгийн Засаг дарга Б/07 дугаартай захирамж гаргасан нь дараах үндэслэлээр илт хууль бус болно.

          Нэгдүгээрт, тус захиргааны акт буюу Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-ийг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн байгаа. Гэтэл яг ямар үндэслэлээр намайг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Аймгийн боловсролын газрын даргаас намайг 2018 оны ажлын тайлангаараа муу үнэлгээ авсан гэсэн тайлбар байдаг. Гэтэл тэр тайланг дүгнэсэн дүгнэлтийг нь ч надад өгөөгүй, яаж, хэрхэн юуг дүгнэж ийм дүгнэлт гарсан нь ч тодорхойгүй. Өөрөөр хэлбэл би 2018 оны 7 дугаар сард цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 8 дугаар сард ажлаа хүлээлцэж авсан байхад 2018 оны тайланг муу гэж дүгнэх ямар ч боломжгүй. Дараагийн үндэслэл болгосон 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн байдаг. Гэтэл надад сахилгын зөрчил гаргасан удаа нэг ч байхгүй. Өөрөөр хэлбэл ******* миний бие сахилгын зөрчил гаргаж, түүнд арга хэмжээ авсан тохиолдол нэг ч байхгүй. Ийм байтал захиргааны байгууллага намайг ямар ч үндэслэлгүйгээр халсан. Мөн аймгийн Засаг дарга Б/07 дугаартай захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан миний оролцогчийн хувьд эдлэх эрхийг хангаагүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг хангаж, сонсох ажиллагаа хийгээгүй.

Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэсэн байдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг захиргааны чөлөөтэй байх хугацаанд халж болохгүй байтал намайг захиргааны чөлөөтэй (14 хоног) байх хугацаанд ажлаас халсан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд өмнөх ажил алба нь хэвээр хадгалагдана гэж заасан байхад намайг өмнөх ажилд ч буцаан аваагүй, энэ талаар шийдэж өгөөгүй.

Дээрх үндэслэлүүдээр миний хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, миний эрх ашиг сонирхолд халдах ямар ч үндэслэл байгаагүй байхад Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/07 дугаар захирамж гаргаж, намайг ажлаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус акт бөгөөд захиргааны байгууллага нь тухайн актыг гаргахдаа захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим болох Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 Хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэснийг тус тус зөрчсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2. 106.3.4 дэх хэсгүүдийг үндэслэн Сүхбаатар аймгийн аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих ёсоор бичилт хийлгэхийг Сүхбаатар аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны Б/07 дугаар захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байдаг.

Хуулийн дээрх зүйл заалтууд нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлах тохиолдолд хэрэглэгдэх заалт байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “ажил олгогчийн зүгээс ажилтныг томилсон даруйд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна”, 24.3-д “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасныг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг, сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэдгийг харуулж байна. 

Нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар хот руу охиноо үзүүлэх, эмчлүүлэх зорилгоор сумын Засаг даргаас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 10 хоногийн чөлөө авсан байдаг. Аймгийн Засаг даргын Б/07 дугаар захирамж гарсан өдөр ******* нь захиргааны чөлөөтэй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа үед ажилтны ажлын байр нь хэвээр хадгалагдах” ёстой бөгөөд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж заасан байхад аймгийн Засаг дарга нь *******ийг ажлаас халсан нь мөн нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүйг харуулж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.” гэж заасны дагуу *******ийн нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болно.

Дээрх үндэслэлээр *******ийн хууль ёсны эрх, ашиг, сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй нөхцөлд түүнийг ажлаас халсан аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж буй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

8. Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цэдэнбалын Болорчимэгийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/44 дүгээр захирамжаар томилсон байдаг. Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичигт ******* нь Эрдэнэцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албыг 2018 оны 08 дугаар сараас өнөөг хүртэл 5 сарын хугацаанд орлон гүйцэтгэж ажиллалаа. “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу манай газраас явуулсан 2 удаагийн шалгалтад орсон боловч тэнцсэнгүй. Боловсрол, соёл, урлагийн газраас ажлын чиглэл, зөвлөмжийг бусад цэцэрлэгүүдийн адил тогтмол өгч, дэмжин ажиллаж байсан ч арга барилын өөрчлөлт, ажлын ахиц, дэвшил гарсангүй. *******ийн удирдаж буй байгууллагад ажлын хариуцлага, сахилга бат, ёс зүйн зөрчлүүд гарсаар байна. Манай газраас жил бүр өөрийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд тоон болон чанарын үнэлгээ хийдэг бөгөөд 2018 оны үнэлгээгээр Эрдэнэцагаан сумын 1 дүгээр цэцэрлэг нь 53,92 буюу “Хангалтгүй” үнэлэгдэж байгаа тул цаашид *******ийг тус цэцэрлэгийн эрхлэгчийн албыг үргэлжлүүлэн гүйцэтгэх чадваргүй гэж дүгнэгдсэн байдаг.

Мөн аймгийн Засаг даргатай байгуулсан сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/604 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үнэлгээгээр ******* нь 49.4 буюу F үнэлэгдэж байсан байна.

Аймгийн боловсролын газраас 2018 оны 12 дугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх тоон болон чанарын шалгуур үзүүлэлтийн дагуу бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд үнэлгээ өгсөн байдаг. Энэ үнэлгээнд бэлдэх, тайланг хэрхэн бичих талаар боловсролын газраас зөвлөмж чиглэл өгсөөр байтал *******ийн хувьд мэдлэг, ур чадвар дутаж хариуцлагагүй тайланг ирүүлсэн байдаг.

Боловсролын газраас 2018 оны ажлыг дүгнэж 2019 оны 01 дүгээр сард болсон бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын цугларалтаар байгууллага бүрийн үнэлгээг танилцуулж ажилласан. Эрдэнэцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч *******ийн үнэлгээг сумын Засаг дарга болон өөрт нь хүргүүлж танилцуулж ажилласан байдаг.

Эрдэнэцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд байгууллагын алба хаагч нараас ажлын хариуцлага, сахилга бат, ёс зүйн зөрчлүүд удаа дараа гарсаар байдаг байсан нь удирдах арга барил байхгүй, мэдлэг боловсрол, ур чадвар муу болох нь харагдаж байна.

Иймээс аймгийн Засаг даргын зүгээс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б/07 дугаартай захирамжийг гаргасан байдаг.

Уг захирамжийг гаргахаас өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхзаяа нь *******т Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, тэмдэглэл хөтөлж, санал хүсэлтийг нь авч, гарын үсэг зуруулсан байдаг.

******* нь сонсох ажиллагаа явуулснаас хойш хүүхэд өвчтэй, үзүүлэх шаардлагатай гэсэн ар гэрийн гачигдлаар захиргааны чөлөө удаа дараа авсан байдаг. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сумын Засаг даргад бичсэн өргөдөлдөө 10 хоногийн чөлөө хүсэж шийдвэрлүүлсэн байх бөгөөд 03 дугаар сарын 13-ны өдөр чөлөөний хугацаа дуусгавар болсон байна. Иймд Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай захирамж захиргааны чөлөөтэй байгаагүй үед гарсан нь харагдаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд өмнөх ажил алба нь хэвээр хадгалагдана гэж заасан байхад намайг өмнөх ажилд ч буцаан аваагүй, энэ талаар шийдэж өгөөгүй гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна” гэж заасан.

*******ийг ажлаас халах шийдвэр гаргах үед өөрийн хүсэлт, ар гэрийн гачигдал зэргийг харгалзан үзэж уг цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар томилуулахаар аймгийн удирдлага, Боловсролын газрын даргын зүгээс удаа дараа албан бичгээр үүрэг чиглэл хүргүүлсэн байхад ******* өөрөө очдоггүй байсан.

Иймд аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай захирамжид гомдол гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэл гаргасан, мөн *******т холбогдуулан гарсан захиргааны акт нь илт хууль бус акт биш байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичигт ******* нь Эрдэнэцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албыг 2018 оны 08 дугаар сараас өнөөг хүртэл 5 сарын хугацаанд орлон гүйцэтгэж ажиллалаа. “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу манай газраас явуулсан 2 удаагийн шалгалтад орсон боловч тэнцсэнгүй. Боловсрол соёл урлагийн газраас ажлын чиглэл, зөвлөмжийг бусад цэцэрлэгүүдийн адил тогтмол өгч, дэмжин ажиллаж байсан ч арга барилын өөрчлөлт, ажлын ахиц, дэвшил гарсангүй. *******ийн удирдаж буй байгууллагад ажлын хариуцлага, сахилга бат, ёс зүйн зөрчлүүд гарсаар байна. Манай газраас жил бүр өөрийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд тоон болон чанарын үнэлгээ хийдэг бөгөөд 2018 оны үнэлгээгээр Эрдэнэцагаан сумын 1 дүгээр цэцэрлэг нь 53,92 буюу “Хангалтгүй” үнэлэгдэж байгаа тул цаашид *******ийг тус цэцэрлэгийн эрхлэгчийн албыг үргэлжлүүлэн гүйцэтгэх чадваргүй гэж дүгнэгдсэн байдаг.

Мөн 2018 оны үр дүнгийн гэрээний үнэлгээгээр ******* нь 49.4 буюу F үнэлэгдсэн. Тухайн үнэлгээнүүдийг сумын Засаг дарга болон *******т танилцуулж, хүргүүлж ажиллаж байсан.

Дээрх байдлыг үндэслээд аймгийн Засаг даргын Б/07 дугаар захирамж гарсан. Захирамж гарахаас өмнө сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан.

*******ийн өөрийн хүсэлт, ар гэрийн гачигдал зэргийг харгалзан үзэж уг цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар томилуулахаар аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга, Боловсролын газрын даргын зүгээс удаа дараа албан бичгээр үүрэг чиглэл хүргүүлж байсан боловч ******* өөрөө очдоггүй байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны чөлөөтэй байх хугацаанд ажлаас халсан захирамж гаргасан гэж маргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Цэцэрлэгийн эрхлэгчид чөлөө олгох эрх сумын Засаг даргад байхгүй. Түүнийг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг даргад чөлөө олгох эрх нь байсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч У.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтуудыг харахаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан харагдаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан байсан. Яагаад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа илүү дэлгэрэнгүй тайлбарлах ёстой. Хуульд үндэслэх зарчмын агуулга нь хуулиар эрх олгогдсон тохиолдолд захиргааны байгууллага үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг тухай ойлголт. Хуулиар олгосон тодорхой хүрээ хязгаарын дотор шийдвэр гаргах эрх хэмжээний талаар яригддаг. Аймгийн Засаг даргад Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх эрхийг олгосон байгаа. Нэгэнт хуулиар эрх нь олгогдсон байхад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-г ярих боломжгүй. Харин Б/07 дугаар захирамж нь маргаан бүхий акт байж болох юм. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг барьж нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны Б/07 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан  илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 40.1.2, 40.1.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын зургаадугаар зүйл, аймгийн Засаг даргын 2018 оны А/604 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үнэлгээ, Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 09 тоот дүгнэлтийг үндэслэн  “2018 оны ажлын үнэлгээгээр “Хангалтгүй” үнэлэгдэж сахилга бат, ёс зүйн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр *******ийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас нь халжээ.  

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... нэгдүгээрт, аймгийн Засаг даргын 2019 оны Б/07 дугаар захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд эдгээр заалтууд нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлах тохиолдолд л хэрэглэгдэх учиртай. Ажил олгогчийн зүгээс *******тэй хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг байгуулаагүй байж дээрх хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг, сонирхолд халдах үндэслэл байгаагүй гэдгийг харуулж байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгч нь Улаанбаатар хот руу охиноо эмчлүүлэх зорилгоор сумын Засаг даргаас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс мөн сарын 13-ны өдрийг хүртэл 10 хоногийн чөлөө авсан байх хугацаанд буюу захиргааны чөлөөтэй байх хугацаанд нь түүнийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг зөрчсөн. Дээрх үндэслэлээр *******ийн хууль ёсны эрх, ашиг, сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй нөхцөлд түүнийг ажлаас халсан аймгийн Засаг даргын Б/07 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна ...” гэж, харин хариуцагчаас “ ... аймгийн Засаг даргатай байгуулсан сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийн үнэлгээгээр ******* нь 49.4 буюу “F үнэлэгдсэн, түүнчлэн Боловсрол, соёл, урлагийн газраас хийсэн 2018 оны тоон болон чанарын үнэлгээгээр Эрдэнэцагаан сумын 1 дүгээр цэцэрлэг нь 53.92 буюу “Хангалтгүй” үнэлэгдэж *******ийг тус цэцэрлэгийн эрхлэгчийн албыг үргэлжлүүлэн гүйцэтгэх чадваргүй гэсэн дүгнэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сумын Засаг даргад бичсэн өргөдөлдөө 10 хоногийн чөлөө хүсэж шийдвэрлүүлсэн байх бөгөөд 03 дугаар сарын 13-ны өдөр чөлөөний хугацаа дуусгавар болсон тул захиргааны чөлөөтэй байх үед ажлаас халсан захирамж гаргасан гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Аймгийн Засаг дарга нь захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулсан ба хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Б/07 дугаар захирамжийг гаргасан тул илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заажээ.

5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтнаас “хуульд үндэслэх” зарчмыг зөрчиж гаргасан шийдвэрийг хамааруулан ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно.

6. Тодруулбал, “хуульд үндэслэх” зарчмын агуулга нь иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах эрхийг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар олгосон байх, зөвхөн хуульд заасан үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байхыг захиргаанаас шаардана.  

7. Өөрөөр хэлбэл захиргаанд хуулиар эрх олгогдоогүй байхад, түүнчлэн хуульд заасан үндэслэлээс өөр үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргасан тохиолдолд уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарч илт хууль бус захиргааны акт болно.

8.  Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”[2] гэж зааснаас үзвэл сумын цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх шийдвэр гаргах эрх нь аймгийн Засаг даргад хуулиар олгогдсон байна.  

9. Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын 2019 оны Б/07 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтын хууль зүйн үндэслэл дээр маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.

10. Учир нь нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай.

11. Нэхэмжлэгчээс маргаж буй дээрх процессын хууль хэрэглээний асуудал нь “захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах бөгөөд “... ажил олгогч нэхэмжлэгч *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ..., нэхэмжлэгчийг захиргааны чөлөөтэй байх хугацаанд ажлаас халсан захирамж гаргасан ...” гэх тайлбар нь маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.

12. Нэхэмжлэгч *******ээс гаргасан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж[3] байгааг энд дурдах нь зүйтэй.

13. Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй бөгөөд хариуцагч аймгийн Засаг дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж, хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байх тул маргаан бүхий актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

14. Нэхэмжлэгч *******ээс “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд, уг шаардлагын үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамт дүгнэгдэх учиртай.

15. Тодруулбал, маргаан бүхий Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар акт “илт хууль бус” болох нь тогтоогдохгүй байх тул “урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

16. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

17. Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрс нөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНХАНД

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 120 дугаар тал

[2] Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Энэ хуулийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

[3] Хэргийн 8-9 дүгээр тал