Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2462

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/02264 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Г, Н.Г нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 755 649 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ч.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батцэнгэл

Хариуцагч: Н.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Г нь Хас банктай 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1510005993 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 110 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 365 хоногийн 25.2 хувийн хүүтэй авсан. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2204020128 дугаартай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Доржийн гудамж, 18-2 байрны 17 тоот, 99 мкв 3 өрөө орон сууц, 2222 УНБ улсын дугаартай Chevrolet Camaro маркийн суудлын автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл 56 694 517 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 29 647 983 төгрөгийг төлсөн. Ч.Гийн Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 53 305 486 төгрөг байгаа. Хэдийгээр үндсэн зээл, хүү төлж байгаа боловч зээлийн гол нөхцөл болох эргэн төлөлтийн хуваарь ноцтой зөрчигдөж байгаа. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Банкны зүгээс Ч.Гээс зээлийн төлбөрийг удаа дараа шаардаж байсан. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 1510005993 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 53 305 483 төгрөг, хуримтлагдсан хүү 30 380 585 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 769 580 төгрөг, нийт 87 755 649 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Ч.Г, Н.Г нараас гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлийн үнийн дүнтэй санал нэг байна. Одоогийн байдлаар 87 755 649 төгрөгийг миний бие болон манай дүү төлөх чадваргүй. н.Мэндбаярыг хариуцагчаар татах боломжгүй бол үл хөдлөх хөрөнгөөр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Н.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Ч.Гтэй адил саналтай байна, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Г, Н.Г нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 87 755 649 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Ү-2204020128 улсын бүртгэлийн дугаартай, 000072302 тоот гэрчилгээний дугаартай, иргэн П.Мэндбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 18/2 дугаар байр, 17 тоот 99 м.кв 3 өрөө орон сууц болон 22-22 УНД улсын дугаартай,Chevrolet Camaro маркийн суудлын автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 666 928 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 666 928 төгрөг гаргуулж Х ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Г давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх хариуцагч Ч.Г, Н.Г нараас зээлийн гэрээний үүрэгт 87 755 649 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, барьцаа хөрөнгө болох иргэн П.Мэндбаярын үл хөдлөх эд хөрөнгө, автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох П.Мэндбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийн оролцогч биш этгээдийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхэнд халдаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитойгоор үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ч.Г, Н.Г нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 755 649 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.Г, Н.Г нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №1510005993-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” авагдсан байх ба уг гэрээг барьцаалагчийг төлөөлж тус банкны 51 дүгээр тооцооны төвийн захирал Ж.Мягмаржав, барьцаалуулагчийг төлөөлж П.Мэндбаяр нар байгуулсан байна. /хх 18-20/

 

Дээрх “Баталгаат ипотекийн гэрээ”-нд барьцаалуулагч талыг төлөөлж зурсан гарын үсэг иргэн П.Мэндбаярынх бус Ч.Г гарын үсэг зурсан нь гэрээний хүчин төгөлдөр байдал эргэлзээтэй гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр баталгаат ипотекийн гэрээнд заасан үл хөдлөх барьцаа хөрөнгө болох иргэн П.Мэндбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204020128 дугаартай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж, 18/2 дугаар байр, 17 тоот, 99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Түүнчлэн хэргийн 66-67 дугаар талд хариуцагч Н.Г өөс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор иргэн П.Мэндбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулах талаарх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хамтран хариуцагчийг татан оролцуулах эсэх нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэдэг бөгөөд нэхэмжлэгч талаас түүнийг хамтран хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан нь зөв боловч тухайн маргаанд П.Мэндбаярын өмчлөх эрх хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсэх боломжтойг тодруулах зайлшгүй ач холбогдолтой байжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэсэн хуулийн заалтыг шүүх анхаараагүй байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх хуралдаанаас залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2018/02264 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ч.Гээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666 928 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН