Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/132

 

 

 

Л.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1844 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2006013932150 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.М 1980 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт  төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, ганцаараа

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 243 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дүгээр зүйлд зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүнд 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийн хорих ялын заримыг буюу 1 сарыг нэмж бүгд 3 сар баривчлах ял шийтгүүлсэн,

Л.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 дугаар байрны 2 дугаар орцны 00 тоот жижүүрийн өрөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.С-г зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар “...цээж, хэвлий, хамар, уруулын зүүн хэсэг болон баруун, зүүн гарын бугалга, шуу ба сарвуу, баруун, зүүн өгзөг, зүүн хөлийн гуя, шилбэ рүү хатгаж улмаар эрүүл мэндэд нь цээж хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, уушиг болон ходоод, элэгний хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж ба хэвлийн хөндий дэх цус хуралдалд, цус алдалтын шок, цус алдалтын дараах цус багадалт, зүүн өгзөгний шулуун гэдэс рүү нэвтэрсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж хэвлийн өмнөд ба ар хэсгээр нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шархууд, хамар, уруулын зүүн хэсэг болон баруун, зүүн гарын бугалга, шуу ба сарвуу, баруун, зүүн өгзөг, зүүн хөлийн гуя, шилбэний олон тооны гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий...” хүнд хохирол санаатай учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-н “Самсунг А-30” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 454.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 

 Шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.М-т оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.М-н урьд цагдан хоригдсон 66 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Мөнхбаяраас /РД:Р380012710/ нийт 1.717.370 /нэг сая долоон зуун арван долоон мянга гурван зуун далан/ төгрөгийг гаргуулан 1.262.770 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга долоон зуун далан/ төгрөгийг хохирогч Б.С-д 454.600 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга зургаан зуун/ төгрөгийг хохирогч Ц.Г  тус тус олгож, хохирогч Б.Снь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.М нь гаргасан давж заалдах гомдолдоо: “...Энэхүү хэрэгт өөрийн буруу үйлдлээс түрхэн зуур маш том алдаа гаргаж өөрийн эрх чөлөөт амьдралаа алдсандаа маш ихээр харамсаж та бүхнээс болон хохирогч Б.С, Ц.Гнараас уучлалт гуйж байна.

Уг хэрэг болсноос хойш хохирогч С эмчилгээ дуусаад 10 гаруй хоногийн дараа бид хоёр дахиад орцны жижүүрийн ажлаа хийж, хамтран амьдарч байсан. Би өөрийн Хөвсгөл аймгийн Рашаант суманд байгаа өвөл, зуны хашаа байшингаа зарж хохирлоо төлөх талаар ярилцсан боловч хохирогч С гэртээ хариад ирэхдээ “ Хоёулаа хоёр гуравхан сая төгрөгөөр зараад дахин хямд олох хэцүү” гэсэн. Мөн гайгүй шийдүүлчихвэл хохирлоо ажил хийгээд төлнө гэсэн хэнэггүй бодол, өөрийн буруугаас болж хохирол, гомдлыг барагдуулсан бичиг данс, итгэл үзүүлэх юмгүй байж байгаад хохирогч Б.С сургууль орох болоод Хөвсгөл аймаг явж, би хоригдсон юм. Ингээд хэргийг хөнгөрүүлж үзэх ямар нэгэн баримтгүй хуралд орж, хамтран амьдарч байсан тухайгаа ч тайлбарлаж хэлээгүй, яах ч учраа ололгүй шүүх хуралдаанд орсон буюу өөрийн буруугаас болж эрх зүйн байдлаа маш ихээр дордуулсан. Анх өгсөн мэдүүлгээс өөр юу ч хэлж гуйж чадалгүй хэргээ шийдвэрлүүлсэн. Л.М би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж цагдаа, прокурор, шүүхийн байгууллага болон хохирогч Б.С, түүний ар гэрийнхэн, хохирогч Ц.Г нараас уучлалт гуйж байна. Би нэн даруй хохирлыг итгэл алдалгүй төлнө гэдгээ амлаж байна. Би очсон хорих ангид маш сайн ажиллаж, ар гэрийнхэнтэйгээ холбогдож байгаад цалин болон хашаа байшингаа зараад ч хамаагүй хохирол төлнө. ...эрх зүйн байдлыг минь харж үзэж, ял шийтгэлийг багасгаж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.  

прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.М-н хувьд хохирол төлөх боломжтой хугацаа өнгөрсөн. Хохирогч Б.С нь 1 сар гаран эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Л.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж байсан учир оногдуулсан ял шийтгэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Л.М холбогдох 2006013932150 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтоохол хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Л.М нь:

-архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28/5 дугаар байрны 2 дугаар орцны 00 тоот жижүүрийн өрөөнд хамтран амьдрагч Б.С-г архи уусанд нь дургүйцсэнээс нь болж маргалдаж, улмаар хутгаар Б.С-н цээж, хэвлий, хамар, уруулын зүүн хэсэг болон баруун, зүүн гарын бугалга, шуу ба сарвуу, баруун, зүүн өгзөг, зүүн хөлийн гуя, шилбэ рүү хатгаж “...цээж хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, уушиг болон ходоод, элэгний хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж ба хэвлийн хөндий дэх цус хуралдалд, цус алдалтын шок, цус алдалтын дараах цус багадалт, зүүн өгзөгний шулуун гэдэс рүү нэвтэрсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж хэвлийн өмнөд ба ар хэсгээр нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шархууд, хамар, уруулын зүүн хэсэг болон баруун, зүүн гарын бугалга, шуу ба сарвуу, баруун, зүүн өгзөг, зүүн хөлийн гуя, шилбэний олон тооны гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал...” гэсэн хүнд гэмтлийг санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.С-н “...би явлаа гэхэд ширээний дээд талын хутганы набор хийдэг савнаас хутга аваад миний зүүн гарны бугалга хэсэг рүү 2 удаа хутгалсан. Тэгэхээр нь би А гэх залууг чи найзыгаа аваачээ гэхэд “...эр эм хоёрын хооронд илжиг бүү жороол гэдгийн...” гэж хэлээд дөхөхгүй байсан. Тухайн үед би цусаа хараад ухаан алдсан. Тэрнээс цаашаа юу болсныг мэдэхгүй, би одоо хүртэл ямар хутгаар хутгалуулснаа санахгүй байна. ... Миний зүүн хонгонд нэг, баруун талын хонгонд хоёр, цээж, хэвлий, хоёр гарын бугалга, элэг, ходоод, уушиг гуравт хагалгаа хийлгэсэн. Миний хөхний орчимд зай завсаргүй олон газар хутгаар сийчсэн, мөн миний хамар, уруул хэсгийг сийчсэн. Намайг цэргийн төв эмнэлгийн эмч нар 40 гаруй газраа хутгалуулсан байна гэж хэлж байсан. ...Сэхээнд 8 хоног 9 өдөр байсан, 2 удаа хагалгаанд орсон. ...Намайг гэр рүүгээ явна гэж хэлсний төлөө хутгалсан. Өмнө нь намайг гэр рүүгээ явна гэхэд чамайг хаанаас ч хамаагүй олоод чамайг алчихаад өөрийгөө ална, чамайг жижиглэж хаяаад шатаасан байхад хэн ч олохгүй гэж хэлж байсан. ...Өмнө нь намайг зоддог байсан, гэхдээ би хэнд ч хэлдэггүй байсан. 2020 оны 02 дугаар сард зодохоор нь би цагдаад өргөдөл өгөөд 20 хоног баривчилгаанд явуулж байсан. ...Миний эмчилгээний зардал нийтдээ 3.520.500 төгрөгний хохирол одоогоор надад учирсан байна. Энэ бүх мөнгийг өөрийн болон төрсөн ээж Б-г Хөвсгөл аймаг руу явуулж тэтгэврийн 1.410.000 төгрөгний зээл авахуулж, төлбөрөө эмнэлэгт барагдуулсан. ...” /1 хх 36-44/,

гэрч Д.Э-н “...өнөөдөр өглөө 08 цаг өнгөрч байхад үл таних махлаг залуу ирээд нөгөө хоёр жижүүр чинь нэг нэгнээ хутгалаад, алах гэж байна. Би хамт унтаад сэрэхэд ийм зүйл болчихож гэж хэлж байсан. Би орохгүй гээд цагдаа дуудсан. ...” /1 хх 45/,

гэрч Ч.А-н “...Өглөө гэгээ орж байхад 07 цагийн үед байхаа эмэгтэй хүн орилоод байхаар нь би гайхаад хартал М-н эхнэрийн нүүр, цээж хэсэг цус болчихсон, би сайн харахад түүний цээжний зүрхэн талаас нь цус гараад байхаар нь би шууд гарч гүйхэд орцны гадаа нэг эгч байхаар нь эгчээ та цагдаа дуудаад өгөөч гэхэд эгчийн дүү чи энэ хажуу талын орцны жижүүр рүү ороод цагдаа дуудчих гэхээр нь би хажуу талын орцны жижүүр рүү ороход настайвтар ах, эгч хоёр байхаар нь танай хажуу талын жижүүр цус болсон байна гэхэд за тэгнээ наадуул чинь байнга архи уудаг, ийм юм болох гээд байсан гэсэн. ...” /1 хх 48-50/,

Л.М-н хэргээ хүлээн яллагдагчаар мэдүүлсэн: “...Манай эхнэр гар хүрээгүй байхад аллаа гээд орилж хашхираад байдаг. Би С-г арай гэж аргалж гэр лүүгээ оруулаад шөнө хүмүүс унтаж амарч байгаа, чи ингэж болохгүй гэхэд дахин маргалдаад нэг мэдэхэд түүний цээж орчимд хатгачихсан. ... Нэг мэдэхэд Б.С-н цээжин тус газар нь хутгалсан байсан. Б.С-н цээжнээс цус гарч байсан. Үүнийг Алтангэрэл хараад орцны жижүүр дээр очоод цагдаа дуудсан байсан. С-н цээжний зүүн мөр орчмоос нь цус гарч байх шиг байсан. Цусаараа нүүрээ арчсан байхаар нь нүүр нь цус болсон харагдаж байсан. Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг уншиж танилцлаа. Миний учруулсан гэмтэл мөн байна. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...”  /2 хх 80-84/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 550 дугаартай “1. Б.С-н биед цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушги болон ходоод, элэгний хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж ба хэвлийн хөндий дэх цус хуралдалт, цус алдалтын шок, цус алдалтын дараах цус багадалт, зүүн өгзөгний шулуун гэдэс рүү нэвтэрсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, хэвлийн өмнөд ба ар хэсгээр нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шархууд, хамар, уруулын зүүн хэсэг болон баруун, зүүн гарын бугалга, шуу ба сарвуу, баруун ба зүүн өгзөг, зүүн хөлийн гуя, шилбэний олон тооны гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушги болон ходоод, элэгний хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж ба хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар, зүүн өгзөгний шулуун гэдэс руу нэвтэрсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь дээрх журмын 3.1.14-т зааснаар тус тус учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” гэх дүгнэлт /1 хх 160-164/,

олон тооны гэмтлийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн Б.С-н өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн үзлэг, мэс заслын тэмдэглэл, сувилгааны тэмдэглэл /1 хх 63-158/,

хохирлын баримтууд /2хх 23-29/ зэргээр,

2. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Г-н “Самсунг А-30” загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 454,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Г-н “...Намайг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХААН” банкны орчим явж байхад миний араас хэн нэгэн ирж миний ярьж байсан гар утсыг шүүрээд зугтсан. Би эргэж тэр хүнийг хөөсөн. Би тэр хүний араас хөөгөөд хуучны 9 давхар байрны араар оруулаад гүйцэлгүй алдсан. Тэр хүн хар бараан хувцас өмссөн 165-170 см орчим өндөртэй эрэгтэй хүн байсан. ...” /2 хх 62-64/,

гэрч О.Ө-н: “...Би 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт КТМС-ийн арын автобусны буудал дээр сууж байсан чинь хар өнгийн куртиктэй, хар царайтай, намхан майга хөлтэй, богино халимаг үстэй. Ойролцоогоор 40-50 орчим насны бага зэргийн халамцуу эрэгтэй хүн ирээд миний хажууд суугаад ахын дүү гар утас авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн чинь чиний барьж байгаа гар утас ямар маркийн гар утас юм бэ гэж асуухаар нь би “Самсунг Нөт-5” маркийн гар утас гэж хэлсэн. Тэгтэл тэр ах өөрийнхөө утсаар нэг хүнтэй яриад байсан. Тэгээд тэр ах миний гар утсан дээр 40000 төгрөг аваад өөрийнхөө барьж байсан “Самсунг А-30” маркийн гар утсаа надад өгөхөөр болсон...” /2 хх 65-66/,

насанд хүрээгүй гэрч П.О-н “...Ө ах над руу залгаад гараад ир, нэг хүнээс гар утас авах гээд байна гэж хэлсэн. Ингээд би гараад очсон чинь халамцуу, хар масктай, хар малгайтай 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд би Баянцээлийн “ХААН” банкны АТМ-ээс би өөрийнхөө 5037752340 дугаарын данснаас 40000 төгрөг бэлнээр авч нөгөө гар утсаа зарах гэж байгаа хүнд өгсөн...” /2 хх 68/,

Л.М-н хэргээ хүлээн яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 10-даар яг өдрийг санахгүй байна. Би жаахан архи уучихсан байсан. Сансарт  явж байсан чинь урд согтуу хүн гар утсаараа яриад явж байсан. Тэгээд би хажуугаар зөрж өнгөрөхдөө гар утсыг булаагаад эргээд зугтаасан. Тэгээд тэр өдрөө би Сансарын клонк дээр нэг хүүхэд байхаар нь  булаасан гар утсаа үзүүлсэн, тэгсэн нөгөө хүүхэд зарах гэж байгаа юм уу гэхээр нь тийм гэж хэлээд нөгөө хүүхдээс нэг гар утсыг нь аваад дээр нь 40.000 төгрөг нэмж аваад булаасан утсаа өгсөн. ...би гар утсыг булаахдаа ганцаараа явсан...”  /2 хх 80-84/ гэх мэдүүлгүүд,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 45-50/,

гар утас зарсан “хүн Л.М мөн” болохыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2 хх 51-55/,

хохирогч Ц.Г-н алдсан “Самсунг А-30” загварын гар утсыг 454,600 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 71-72/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.            

Шүүгдэгч Л.М-н:

- согтуугаар амьдран суудаг гэртээ хамтран амьдрагч Б.С-тэй маргалдаж, хутгаар түүний бие махбодид олон тооны гэмтэл учруулан хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар (2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;...) үйлдсэн...”, 2.4-д заасан “...зэвсэг хэрэглэсэн;...” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг,

- хохирогч Ц.Г-н “Самсунг А-30” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр авч зугтааж 454,600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн 1 дэх хэсэгтзаасан “...Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.

Л.Мн үйлдлүүдийг зүйлчилсэн анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэл зөв ба Эрүүгийн хуулийг хууль зүйн үндэслэлтэй хэрэглэсэн байна.

Шүүхээс Л.М-т:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан хорих ялаас 9 жилийн хугацаагаар хорих ялыг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсан нь, мөн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тус тус түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн арга, үйлдсэн гэмт хэргийнх нь улмаас учирсан хохирол, хор уршигт болон гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон төдийгүй хэрэгт тогтоогдсон хувийн байдалд нь бүрэн тохирсон байна.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Мөн хохирогч Б.С, Ц.Г нарт учирсан хохирлын төлбөрийг хэрэгт байгаа баримтаар үндэслэлтэй тооцож, шүүгдэгч Л.М-с гаргуулан шийдвэрлэсэн байна.

Л.М-н үйлдлийн улмаас хохирогч Б.С-д учруулсан хүнд гэмтэл Б.С-н ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 550 дугаартай дүгнэлт /1 хх 160-164/-ээр тогтоогдсон тул хохирогч Б.Сарангэрэлийн гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэйг болохыг заасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.М-н гаргасан “...оногдуулсан ялын хэмжээг багасгаж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1844 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ